Зургаан сартайгаас таван насны хүүхэдтэй бол УЛААНБУРХНЫ НЭМЭЛТ ВАКЦИН ТАРИУЛААРАЙ

2015 оны 05 сарын 08

Улаанбурхан туссан хүүхдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр өвчин газар аваад буйг эмч нар хэлж байна. Өчигдрийн байдлаар Улаанбаатар хот, 14 аймагт 410-аад хүн энэ өвчнөөр өвдөөд байгаа аж. Олон улсын стандартаар тухайн улсад ямар нэгэн халдварт өвчин гарсан үед шинж тэмдэг илэрч буй эхний 100 хүнээс сорьц авч, лабораторид оношлоод халдвар авсан нь батлагдвал цаашид сэжигтэй хүн бүрийг шинжлэх шаардлагагүй, уг өвчнөөр өвдсөн гэж үздэг юм байна. Иймд ХӨСҮТ-ийнхөн улаанбурхны шинж тэмдэг илэрсэн 3600-гаад хүнийг улаанбурхантсан гэж үзэн, стандартын дагуу эмчилж буй юм байна.

“Хэрвээ өвчин энэ байдлаар даамжирвал Улаанбаатар хот гэлтгүй орон нутагт ч байдал хэцүүдэх янзтай” хэмээн халдвартын эмч нар хэлэв. Өдөрт улаанбурхны шинж тэмдэг илэрсэн 200 хүүхэд ХӨСҮТ-д хандаж байгаагаас 60-70-ыг нь хэвтүүлэн эмчилж буй гэнэ. Тус төвийн 530 орон дээр 700 гаруй өвчтөн хэвтэж байгаагаас олонх нь улаанбурхантай хүүхдүүд аж. Тиймээс тэд уг өвчний тархалтыг таслан зогсоохоор энэ сарын 15-25-нд улаанбурхны нэмэлт дархлаажуулалтын аяныг орон даяар зохион байгуулах гэж байна. Үүнд зургаан сартайгаас таван нас 11 сартай бүх хүүхдийг хамруулна.

Өдгөө улсын хэмжээнд ийм насны 370 мянга гаруй хүүхэд байгаа аж. Хүүхдүүдэд шаардлагатай вакциныг ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангаас манайд ирүүлээд байна. Энэхүү нэмэлт дархлаажуулалтад өмнө нь улаанбурхны вакцин тариулсан, өчигдөр есөн сар хүрээд товлолын тариагаа хийлгэсэн байсан ч бүх хүүхэд хамрагдах ёстой. Өөрөөр хэлбэл, сүүлийн 1-2 сард улаанбурхан туссан хүүхдүүдээс бусад нь гэсэн үг. Учир нь өнөө жил дэгдэж буй улаанбурхны үүсгэгч нь мутацид орсон тул өмнө нь вакцин хийлгэсэн хүүхдүүдийн дархлаа үүнийг эсэргүүцэж чадахгүй байгаа юм байна. Энэ ажлыг зохион байгуулахтай холбоотойгоор ЭМСЯ, ДЭМБ, ХӨСҮТ, бүх аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн орлогч дарга, вакцин хариуцсан эмч нарт 2-3 өдрийн сургалт явуулж байна.

Уг сургалтад хамрагдсан мэргэжилтнүүд аймаг, орон нутгийнхаа эмч нарт мэдээлэл өгөх гэнэ. Уг вакциныг 10 хүн тунгаар савласан бөгөөд нэг савыг нь задалж, найруулснаас хойш зургаан цагийн дотор тарьж дуусгах ёстой аж. Үүнээс удвал устгах ёстой. Иймд эцэг эхчүүд хүүхдээ улаанбурхны нэмэлт дархлаажуулалтад идэвхтэй хамруулах, сувилагч нар вакцинаа аль болох хаягдал, хорогдолгүй тарих хэрэгтэйг ХӨСҮТ-өөс анхаарууллаа. Түр оршин суугаа, алслагдсан отор нүүдлийн нутагт буй, тодорхой хаяггүй, гэр оронгүй хүүхдүүдийг хороодын нийгмийн ажилтнууд эртнээс бэлтгэж, вакцинжуулалтад заавал хамруулахыг мөн сануулав. Цэцэрлэгийн хүүхдүүдийг анги дээр нь тарих аж.

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА