ИРЭЭДҮЙН НОБЕЛИЙН ШАГНАЛТНУУДЫГ энд бэлдэж байна

2015 оны 05 сарын 07

Одоо үед хоёр өрөө байраа зараад олсон мөнгөө нийгмийн сайн сайхны төлөө зарцуулдаг хүн хэр олон бол. Ойрын үед би лав ийм зүйл сонсоогүй юм байна. Хүмүүнлэгийн үйлстнүүд байгаа бүхнээрээ бусдын төлөө гар сунгадаг ч дөрвөн хүүхэдтэй жирийн нэгэн багш эмэгтэй ийм зориг гаргасан гэж бодохоор түүнээр эрхгүй бахархав. Тэрбээр хүүхдүүдэд хувцас хунар, чихэр жимс авч өгөөгүй. Харин тэдэнд оюуны “талх” барьж өгсөн. Энэ нь “Нобелийн шагналтнууд” хэмээх гоё нэртэй номын сан юм. С.Батцэцэг 2008 онд МУБИС-ийг англи хэлний багш мэргэжлээр төгсөөд таван жил хөтөч хийсэн юм билээ. Том хүүгээ сургуульд ордог жил буюу 2012 онд түүнд номын сан байгуулах санаа төржээ. “Хүүхдүүдэд сурах орчин, “Яагаад” гэдэг асуултын хариултыг олох боломж нь тун цөөхөн байгааг хүүгээ сурагч болоход нь анзаарсан. Хотын төвд хүүхдүүдэд сурах орчин хангалттай ч захын хороололд энэ нь хомс. Аав ээж нь өдрийн цагаар ажилтай. Хүүхдүүд хичээлээ тараад нэгнийгээ буруу зүйлд уруу татан, гэмт хэрэгт холбогдож, компьютер тоглоомонд донтож байна.

Тиймээс би хүүхдүүдэд хэрэгтэй ямар ажил хийвэл илүү үр дүнтэй байх талаар эцэг эхчүүдээс судалгаа авсан юм. Тэгтэл олонх нь “Номын сан байгуулбал зүгээр. Хүүхдүүд хамтдаа уншина, бас бүтээнэ” гэсний дагуу багачуудыг номын шинэ өргөөтэй болгосон доо” гэж С.Батцэцэг эрхлэгч ярив.  Биднийг өнгөрсөн мягмар гаригт тус номын санд зочлоход С.Батцэцэг хүүхдүүдээр уншсан номынх нь талаар яриулж байв. Тэр зүгээр нэг номын сан байгуулаад зогсоогүй. Багачуудыг хэрхэн номонд дурлуулахаа мэддэг, түүгээр дамжуулан гадаад ертөнцтэй харилцах, ямар ч хүнтэй үг хэлээ олоод явчих чадвартай болгох гэж хичээж байгаа нь илт. Хүүхэд бүр уншсан номоо тэмдэглэж, багшдаа дүр, утга агуулга, үзэл санааг нь өөрсдийнхөөрөө тайлбарлаж өгдөг юм билээ. “Хүүхдүүдэд ном унших сэдэл өгөхийн тулд эхлээд нимгэн, цөөн хуудастай ном санал болгодог. Таван ном уншиж, тэмдэглэсэн, бас түүнийгээ “хамгаалсан” уншигчдадаа “Ирээдүйн Нобелийн шагналтан” гэсэн тэмдэг өгдөг. Ийм таван тэмдэг авсан хүүхдүүдийг урамшуулж, Хүүхэлдэйн театрт жүжиг үзэх эрхээр шагнадаг.

Түүнчлэн “Миний уншсан ном” гар зургийн болон минутын уншлагын уралдаан, шилдэг, уран тод уншигч, хичээнгүй бичигтэн шалгаруулж, АХА тэмцээн хүртэл зохион байгуулдаг. Ингэснээр хүүхдүүд номонд улам “хорхойсож”, мэдлэг нь ч дээшилдэг” хэмээн номын сангийн эрхлэгч маань хэлнэ лээ. Бусад номын санд багш байхгүй. Юун уралдаан тэмцээн, уншсан номоо тэмдэглэх. Харин энд тэс өөр. Хүүхэд бүр эрхлэгчийгээ “Багш аа” гэж дууддаг. Тус номын сан бидний хэлж заншсанаар Жуковын хөшөөний ард талын 42 дугаар байрны нэгдүгээр давхарт байрладаг. Эднийхээр алслагдсан хороодын 200 гаруй сурагч байнга үйлчлүүлдэг гэсэн.


Анх 50 номтой байсан бол өдгөө олон түмний дэмжлэг, өөрийнх нь хичээл зүтгэлээр энэ нь арвижиж, зүсэн зүйлийн 712 ширхэг номтой болжээ. Хүүхдүүд 2000 төгрөгөөр нэг удаа карт нээлгээд л хүссэн номоо унших боломжтой. “Манай багш мундаг. Биднийг гэрийн даалгавар хийхэд хүртэл тусалдаг. Ном хэрхэн зөв унших, юуг нь өөртөө тусгаж авахыг хэлж өгдөг. Энд бид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, харилцан ярилцаж, хамтран шийддэг” хэмээн “Нобелийн шагналтнууд” номын сангийн уншигч хүүхдүүд ярьсан. Яагаад номын сангаа ийн нэрийдсэний учрыг лавлахад “2005 онд танай “Өнөөдөр” сонины нэгэн булангаас “Монгол хүн Нобелийн шагнал хүртлээ” гэсэн мэдээ олж уншсан юм.

Сонины тэр жижигхэн тасархай миний сонирхлыг ихэд татсан. Физикийн салбарт Нобелийн шагналыг Венийн Цөмийн энергийн агентлагийн гурван хүнд өгсөн байдаг. Тус багийн ахлагч Ч.Жаргал гэх Өвөрхангайн уугуул эрдэмтэн анх манай улсаас Нобель хүртсэн байсан. Харамсалтай нь тэрбээр Монголдоо амьдардаггүй. Эх орондоо ажлаа хэвийн хийгээд явах орчин нөхцөл, технологи нь байхгүйгээс тэр хүн судалгаа, шинжилгээгээ гадаадад явуулж, өөр орны төлөө хүчин зүтгэж байна. Тэгвэл бид яагаад эх орондоо Нобелийн шагналтан бэлтгэж болохгүй гэж гэсэн гэгээн мөрөөдөл, хүсэл, зорилго өвөртөлсөн юм. Манай хүүхдүүд тийм болж чадна гэж итгэдэг. Тиймээс ийм нэр өгсөн” гэж тайлбарлав. С.Батцэцэг эрхлэгч дайчин, бас мөрөөдлөө зорилго болгож чаддаг, түүнийгээ биелүүлэхийн төлөө хөдөлмөрлөдөг нь надад ихэд таалагдсан.

Тэрбээр хүүхдүүдээ илүү чадвартай болгохын тулд байраа өргөтгөж, номын сангийнхаа үйл ажиллагааг тэлэх гэж буй юм байна. Одоо байгаагаас нь хэд дахин том, 150 ам метр талбай бүхий номын сангийнхаа шинэ байрны дотор талыг нь засаж байгаа гэнэ. Өөрийнх нь бас нэгэн зорилго нь байраа худалдаж авах. Гэхдээ одоохондоо түүнд 450 сая төгрөг байхгүй учраас сардаа түрээсэнд гурван сая төгрөг төлж, үйлчилгээгээ явуулахаар болсон гэнэ. Номын сан ямар ч ашиггүй. Бизнесмен ч гурван сая төгрөгийн түрээс төлөөд үйлчилгээ явуулахад бэрх цагт тэрбээр хүүхдүүдийн төлөө, хэн нэгэн улстөрч, төрийн албан хаагчийн гаргаагүй зориг гаргаж зүрхэлжээ. Бас болоогүй ээ, номын сангийнхаа шинэ байрны нээлтэд Нобелийн Энхтайваны төлөөх шагнал хүртсэн гадаадын эрдэмтэн урьж, оролцуулахаар тохиролцоод байгаа аж.

Эднийх хүүхдүүдэд эх орон, цэнхэр гаригаа хайрлан, хамгаалах, хүний төлөө гэсэн сэтгэл, зүтгэл төлөвшүүлэхээс гадна эдийн засгийн мэдлэгтэй болгоход тусалдаг. Саяхан ХААН банктай хамтран мөнгөний үнэ цэнэ, хэрхэн олох, зөв захиран зарцуулах, хуримтлуулах талаар сургалт зохион байгуулжээ. Уншигч хүүхдүүддээ тус банкинд хад галамжийн данс нээлгэж, хүүхдүүд өөрсдөө мөнгөө хурааж, хуримтлал үүсгэх аж. Ингэхдээ ээж ааваасаа авсан мөнгөнөөсөө илүүтэй өөрсдөө хөдөлмөрлөж, олсноо “ирээдүйдээ” хадгалах гэнэ. “Манай хүүхдүүд номын сандаа цагийн 500 төгрөгийн ажил хийдэг. Номнуудаа цэгцэлж, урагдсаныг нь нааж, арчиж зүлгэх гэх зэргээр. Ингэж авсан хөлсөө дансандаа хийнэ. Түүнээс гадна ахлах ангид ороод зуныхаа амралтаар ажил хийнэ.

Ингэж явсаар ажил хийж олсон мөнгөнөөсөө багагүй хувийг хадгалж, хуримтлуулж сургах зорилготой юм. 18 нас хүртлээ өөрийнхөө цуглуулсан хөрөнгөдөө гар хүрэх “эрхгүй”. Тэд ингэж амлаж, банктай гэрээ хийсэн. Дараачийн удаа эдийн засагч урьж, лекц сонсгоно” хэмээн ярьсан нь түүний бусдын төлөөх чин сэтгэлийг харуулах биз ээ. Түүнээс гадна тэрбээр Хүүхдийн номын ордон, Уран зургийн галерей, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Туяатай хамтран, сард нэг удаа хадцэцэрлэг үүдээр явж “Би сургуульд орохоороо ном уншдаг болно” аялал зохион байгуулдаг аж. Хүүхдүүдийг галерей үзүүлэн, номын сандаа авчирч, үлгэр ярьж өгөөд баатруудыг нь зуруулдаг юм байна. Харин Д.Туяа жүжигчин “Яагаад” болон хүүхдийн бусад дуугаа дуулж, багачуудыг баясгадаг гэнэ.

Мэдээж иймэрхүү үйл ажиллагаа явуулахад, байраа өөрийн болгох зэрэгт мөнгө зайлшгүй хэрэгтэй. Одоогоор өөрийн орон сууцаа зарж, гэр хороололд хашаа байшин худалдаж авсан, нөхрийнхөө уран бүтээл (зураач)-ийг зарж, олсон орлогоороо энэ бүхнийг болгож буй ч зорилгоо биелүүлэхэд энэ нь хаанаа ч хүрэхгүй нь ойлгомжтой. Тиймээс Японы Хүүхдийг ивээх сан, БНХАУын хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас тусламж хүсэхэд тэд бүх талаар тусалж, дэмжихээ илэрхийлээд байгаа аж. Харийн хүмүүс түүнийг дэмжиж байхад бид юугаар дутах билээ. Хэрвээ түүнд мөнгө болон ном хандивлахыг хүсвэл ХААН банкны 5031187474, Хасбанкны 5001179269 дансанд хандаж болох нь. С.Батцэцэг эрхлэгчийн үг, аяа өөрөө бичсэн “Нобелийн шагналтнууд” хүүхдийн номын сангийн сүлд дууны үгээр сурвалжлагаа өндөрлөе. Номын цагаан буян дэлгэрэх болтугай. ...Энэ амьдрал гэдэг чинь Энгүй дэлгээтэй сайхан ном юм уу? Эргээд бидэнд ухаарал өгдөг Эрхэм үнэнч хуудас нь юм уу? Бид ирээдүйн Нобелийн шагналтнууд Бид ирээдүйн Нобелийн шагналтнууд...

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.21.113.158 гайхалтай

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА