МАРГААНГҮЙ, МАРТЧИХСАН ЮМ БАЙНА

2015 оны 05 сарын 05

Одоогоос хоёр жил хагасын өмнө Баянзүрх дүүргийн XXIII хорооноос сурвалжлага бэлтгэж, түүнийгээ “Мартагдсан хороо” хэмээн гарчиглаж билээ. Тэгэхэд хороо, өрхийн эмнэлэг, Цагдаагийн хэлтэс нь хоёр давхар умгар байшинд үйл ажиллагаа явуулдаг, хорооны 15 мянга гаруй оршин суугч нь халуун усны хоёрхон газарт хуваагдан үйлчлүүлдэг, гудамж, жалга бүрт нь хур хог овоорсон, зутруухан аж төрдөг байсан юм. Хүмүүс андахгүй дээ, Улиастайн автобусны буудлын шинэ, хуучин эцсийн ойр хавьд иймэрхүү дүр зурагтай байдгийг. Өнгөрсөн амралтын өдрөөр нэгэн танилындаа зочлохоор тэнд очтол өнөөх л гурван жил орчмын өмнөх төрх бахь байдгаараа угтав. Монголын нийслэлд 1935-1950 оны үед модоор барьсан 2-3 давхар орон сууц 17 байдаг бол ашиглалтын хугацаа нь дуусаж, акталсан 1180 орчим барилга бий.

Үүний 263 нь газар хөдлөлтөд тэсвэргүй, 44 нь өнөө маргаашгүй нурахад бэлэн гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байдаг. Эдгээрээс Улиастайн автобусны хуучин эцэс дэх “Арван цагаан” дахин төлөвлөлтөд багтаагүй, таг харанхуй, найдвар алсарсан барилга. Энэ хавиар өнгөрөхдөө сэтгэл эмзэглэж, дуугүй өнгөрч чадсангүй. Эл байрны оршин суугчид буух эзэн, буцах хаяггүй үнэхээр эзэнгүйджээ. Нийтийн байрнуудын зовлон нэг. Халуун, хүйтэн усны шугамгүй, дотроо ариун цэврийн өрөөгүй учир түүнээс гарах үр дүнг ярих нь илүүц. Угсраа байрласан, хоёр давхар, 10 цагаан нийтийн байр модоор барьсан учир гал түймэр гарахад нүд ирмэхийн зуур үнс болох эрсдэлтэй. Байрнуудын голд хур хог овоорчээ. Хогийг нь ачилгүй гурван сар болж буй гэнэ. Хүүхдийн тоглоомын талбай, хөгшид нарлах газаргүйгээс нялхас нь хог хаяж, угаадас асгасан газар тоглох.

Тэр хавиар явж өнгөрөхөд л тийм гэхийн аргагүй үнэрт нь огиудас хүрнэ. Өвөл гудамжиндаа асгасан угаадас, ялгадас нь урь орохоор гэссэн бололтой. Жорлонд орсон мэт санагдсаныг нуух юун. Харин энд амьдардаг иргэд үүндээ дассан уу гэвэл бас тийм биш. Хэнбугай нь ч нялх үрсээ ийм газар өсөж өндийхийг нь харахыг хүсэх билээ. 1957 онд барьсан эдгээр байшинд хүн амьдарч болохгүй, аюултай гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргаад уджээ. Арван байшинд 120 орчим айл амьдардаг юм байна. Анх Баянзүрх дүүргийн X хороонд харьяалагддаг байсан бол хожим тус дүүрэг XXIII хороо бий болгож, тэнд хамааралтай болсон гэнэ. “Ирээдүйн гарц” ТББ “10 цагаан” байрыг хорооныхноос илүүтэй “халамжилж” хогийн цэгт нь блокоор хашаа босгож, уг байрыг нурааж, шинэ байр барих талаар хөл хүрэх газраа хүртэл явсан гэх.

Төвлөрсөн шугамд холбосон, орчин үеийн орон сууцтай, хүүхдээ салхилуулах тоглоомын талбайтай, үйлчилгээний төвүүдтэй болгоё гэж олон жил ярьж, хөөцөлдсөн ч дэмжээд, шийдсэн нь нэгээхэн ч үгүй. Ямар сайндаа л “10 байрны бүлэг” гэж байгуулаад, ТББ-ынхантай хамтарч хурал хийж, хотын дарга болон холбогдох хүмүүст хүсэлт тавьсан ч тоож байгаа хүн нэг ч алга гэдгээ тус байрны оршин суугчид учирлаж байсан. Итгэх найдах хүнгүй, эзэнгүй мал шиг суух болсон тэд УИХ-ын болон орон нутгийн сонгууль хүлээж суудаг ажилтай болж. Гэсэн ч “10 цагаан”-ыг орон сууц болгоно хэмээн амлаж, оршин суугчдын саналыг худалдаж авдаг улстөрчдөд нэгэнтээ итгэл алдарчээ. “Зарим байр нь шатгүй, үсэрч буудаг. Коридортоо хүнд, хөнгөнөөр бие засаж, тэр нь жорлон болчихсон, хүн харахаас ч нүд халтирмаар.

Энэ хавийн бүх айл энүүхэнд хогоо асгана. Бидэн шиг хогийн цэгтэйгээ хамт амьдарч байгаа хүмүүс Улаанбаатарт байхгүй л болов уу” хэмээн тус байрны оршин суугч А.Зул ярьсан. Сар бүр цахилгааны төлбөр дээр нь хогны мөнгө хураадаг болсноос хойш тохижилтынхон ажлаа хийхээ больсон. 2-3 сар болж байж хог ачдаг. Тэгэхдээ бүр бүгдийг нь бус, хагас хугасыг нь ачсан болоод нүд хуурдаг тухай тэд ярина лээ. Үнэхээр л ийм газар хүн яаж амьдардаг байна аа гэж бодогдохоор. Баянзүрх дүүргийнхэн өөрсдийгөө хамгийн тохижилттой, цэвэрхэн, хоггүй гэх зэргээр сурталчилдаг. Тэгвэл цаана нь хогон дунд нохойноос ч дор амьдарч буй иргэдээ яагаад хайхрахгүй байна вэ. Хайхрахгүйдээ биш, харин Баянзүрх дүүргийн удирдлагууд XXIII хороогоо мартчихсан юм биш үү.

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА