ЛИЛИ НАРИТА: КҮНФҮГЭЭ ХӨӨГӨӨД УУЛАНД ГАРЧ, ДАЯАНЧЛАХЫГ ХҮСДЭГ

2015 оны 04 сарын 29

Бид күнфү, у-шу, каратэ, тэквондо гэхээр л хэн нэгэн хорон санаатны өгзгийг өшиглөж, тэнгэрт нисэж дүүлэн, зодолддог мэтээр ойлгодог ч ачир дээрээ энэ нь тийм биш. Аливаа улс орон өөр өөрийн бие хамгаалах урлагтай. Эдгээрийг монголчуудын бие хамгаалах аргаас эхтэй ч гэж ярьдаг. Тэгвэл БНХАУ, Япон зэрэг дэлхийн олон улс зодооны урлагийг алж хядах гэж биш, амьдралынхаа нэгэн хэвшил болгон авч явдаг.

Өөрөөр хэлбэл, тэд бие хамгаалах урлагаар хичээллэвэл амьдрал, оюун санаа, бие бялдар, эрүүл мэндэд тустайг мэддэг. Тэдний нэг “Хэрвээ төгс ертөнц гэж байгаад тэр нь надад боломж олгодогсон бол күнфүгээ хөөгөөд ууланд гарч, даяанчлан амьдрахыг хүсдэг. Гэвч амьдрал надад ийм боломж олгохгүйг би мэднэ” хэмээн ярих нь Лили Наритаг энэ урлагт зүрх сэтгэлээ зориулсныг гэрчлэх биз ээ. Тэрбээр күнфү заах эрхтэй анхны монгол хүн юм. Түүнийг залуус буландаа урилаа.

-Күнфүгээр яагаад хичээллэх болсон юм бэ?

-2008 онд ахлах сургуулиа төгсөөд БНХАУ-ын Шаньдун мужийн Чиндао хотын их сургуульд бизнесийн чиглэлээр сурсан юм. Үүнийхээ хажуугаар чөлөөт цагаараа күнфүгээр хичээллэж эхэлсэн. Анхандаа энэ нь надад хятад хэл сурах нэг хөшүүрэг болж байлаа. Сүүлдээ бүр “амт”-нд нь орж, мэргэжлийн хүмүүстэй хамт бэлтгэл хийдэг болсон. Бид багшийгаа шифү гэж ярьдаг л даа. Миний багш их мундаг хүн. Күнфү дотроо олон урсгал чиглэлтэй. Вүдан, бидний мэдэх шаолин, тай чи чуан гэх мэт. Хятадад вүдан стилийн мастер наймхан үлдсэний нэг нь Шү Чэнг Эн буюу миний багш байгаа юм. Одоо 70 хүрэх гэж буй хэрнээ үсэрч, дэвхцээд л байж байгаа. Найз маань намайг түүнтэй танилцуулсан. Түүнээс хойш долоо хоногийн таван өдөр 3-4 цагаар дасгал хийдэг боллоо. Хүмүүс күнфүг кинон дээр гардаг шиг үсэрч, харайж, зодолддог гэж ойлгодог. Гэвч үнэндээ өмнөдийн хүчирхэг гүрний иргэд нь яагаад ийм хөдөлмөрч, эрүүл саруул, урт насалдгийн нууц нь, бүх филисофи нь күнфүгийн, тай чи чуан, ушугийн дасгалуудад нуугдаж байдаг юм болов уу гэж боддог.


Күнфүгээр хичээллэхийн тулд 3-4 настайгаасаа дасгал хийж эхэлдэг юм билээ. Би хэдийнэ оройтсон байсан. Гэхдээ надтай хамт хичээллэсэн бүх оюутан шантарч, эцэст нь би ганцаараа үлдсэн. Хятадын 5000 жилийн түүхтэй энэ агуу соёлтой танилцах нь ч надад сонирхолтой санагдаж байлаа. Хоёр жил уйгагүй хичээллэсний дүнд энд тэндхийн уралдаан тэмцээнд оролцож, өөрийнхөө хэмжээнд амжилт гаргаж эхэлсэн. Сургуулийнхаа хүндэт самбарт “гарсан” анхны монгол оюутан болж байлаа. Янз бүрийн хотуудаар үзүүлэн тоглолт хийнэ. Тэгэхэд монгол оюутнууд сонирхоод “хичээллэе” гэдэг ч 3-4 сар болоод л хаячихдаг байсан. Энэ бүхнээсээ маш их урамшдаг байсан. Хамгийн сүүлд 2011 онд Хонконгод болсон “Wushu championship”-д оролцоод, күнфүгээ бусдад зааж сургах эрхтэй багш болсон. 2013 онд “China wushu association”-аас гишүүнчлэлийн сертификатыг маань явуулсанд миний хувьд нэр төрийн хэрэг болсон шүү.

-Бие хамгаалах урлагаар хичээллэх нь маш олон талын ашигтай гэдэг ч күнфү бусдаасаа юугаараа онцлогтой вэ?

-БНХАУ-д бизнесийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалчихаад 2012 онд Япон улсын Хоккайда мужийн Саппоро хотын Олон улсын их сургуульд мастерын зэрэг хамгаалж, 2013 онд Монголд ирсэн. Нийслэлийн ЗДТГ-ын дэргэдэх Ботаникийн асрамжийн газрын хүүхдүүдэд зургаан сар гаруй күнфү заав аа. Эхэндээ үгэнд орохгүй, тэдэнтэй харилцахад хэцүү байсан ч үр дүн нь маш сайн гарсан. Асрамжийн газрын багш “Манай хүүхдүүд маш их өөрчлөгдсөн. Тэвчээртэй, нэгнийгээ хайрлаж, хүндэлдэг, хамгаалдаг болсон” гэж хэлсэн. Күнфү хүнийг бие бялдрын болоод оюун санааны хувьд өв тэгш байхад нь тусалдаг, амьдрах урлаг юм. Тухайн хүний оюун санаа, амьсгал, өөрөө өөрийгөө чагнах зэргээр арай дотогш нь чиглүүлдгээрээ онцлогтой юм уу даа.

-Танай багш вүдан урсгалын мастер гэсэн. Тэгэхээр та ч бас түүгээр хичээллэдэг болж таарах нь. Муугаар бодоход ямар нэгэн байдлаар халдлагад өртлөө гэхэд сурсан зүйлээрээ өөрийгөө хамгаалахыг зөвшөөрдөг үү?

-Үгүй. Боксчин, каратэч, тэквондоч зэрэг мэргэжлийн тамирчдыг тэмцээн, бэлтгэлийн бус цагаар хүн цохиж, гэмтээхийг хориглодогтой яг адил. Шаньдун уулын хүмүүсийн амьдралынх нь үндсэн хэв маяг вүдан урсгал л даа. Энэ урсгал нь олон мянган жилийн түүхтэй, бусдаасаа илүү алдартай. Бидний сайн мэдэх Жэки Чаны гол дүрд нь тоглосон “Согтуу мастер” гэдэг киноны зодоонтой хэсгүүдийг энэ стилиэр хийсэн байдаг. Орчуулбал, хоосон чанар, хий талдаа гэсэн үг. Биеийнхээ энерциэр эсрэг талдаа нөлөөлдөг. Яг үүн шигээ зодолдоно. Гэвч XXI зуунд кинон дээр гардаг шиг учиргүй зодолдоод байхаа больсон учраас энэ урлагийг бясалгал хэлбэрээр хөгжүүлэх болсон. Америк, Европын орнуудад күнфү хүч түрэн орж ирж байна.

-Та күнфү заах эрхтэй. Үүнийхээ үр дүнг хэрхэн гаргах гэж байна вэ?

-Монголын у-шугийн холбооноос хамтарч ажиллах санал тавьсан. Гэхдээ хэрхэн хамтрахаа шийдээгүй байгаа. Сүүлийн хоёр жил ажил албаа зохицуулах, хувьдаа бизнес эрхлэх гээд күнфүгийн бэлтгэлээ нэлээд цалгардуулсан. Ирэх сарын дундуур багш дээрээ очиж, бэлтгэлээ базаана. Учир нь Наадмын дараа күнфүгийн дугуйлан нээхээр төлөвлөж байна.

-Төлбөр нь хэр байх вэ. Дугуйлан байнгын хичээллэх үү. Танаас өөр багш бий юү?

-Байнгын ажиллагаатай байлгана гэж бодож байгаа. Гэхдээ юманд ам гарах хэцүү. Заахын хувьд надаас өөр хүн байхгүй. Гэхдээ үүнд шаналах хэрэггүй. Хэдэн сарын дараа мундаг шавьтай болоод хамтарч ажиллана. Нэг дэвжээний багш шавь нараа бэлдээд, тэр нь цаашаа явдаг жишиг байдаг л даа. Эхний удаа хүүхдүүд, насанд хүрэгчдэд, хүсвэл өндөр настнуудыг хамруулж ч болно. Учир зүггүй зэвсгийн эрдэмд суралцаад, хүн алж талах хэрэг биш. Зөвхөн таны эрүүл мэндийн төлөө гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Төлбөрийн тухайд багштайгаа ярилцаж, шийдэх байх. Яагаад гэвэл энэ миний бизнес, ашиг олох талбар биш. Гэхдээ байр, цахилгааны зардлаа төлөхийн тулд багахан хэмжээний мөнгө авна.

-Монголчуудын зарим нь хятад хүмүүст дургүй байдаг шүү дээ. Таныг күнфү заана гэхээр хэрхэн хүлээж авах бол гэж бодож байсан уу?

-Анхандаа эмээдэг байсан. Хятадын соёлыг сурталчлаад гэх болов уу, хэн нэгэнд зодуулчих вий, сургууль нээлээ гэхэд цонхыг маань хагалчихаж магадгүй гэж хүртэл бодож байсан. Манайхан жаахан сонин сэтгэхүйтэй. Хятад гэхээр л үстэй толгой нь арзайгаад л “Муусайн хужаа” гэж дайрдаг. Гэтэл тэд маш энгийн, хөдөлмөрч хүмүүс байдаг. Би Хятадаас оймс оруулж ирэх гээгүй. Агуу гүрний түүх, соёлоос жаахан ч гэсэн мэдсэн сурснаа монголчуудынхаа эрүүл мэндийн төлөө зориулъя гэсэн хүсэлтэй. Хэдийгээр би хар хувцас өмсөөд, хас тэмдэг цээжиндээ хадчихаад “Эх орноо аваръя” гэж орилж чадахгүй ч миний хийж буй зүйл ард түмнийхээ эрүүл амьдралын төлөө юм байна гэдгийг ойлгосон. Жудо, каратэ, эсвэл айкидо күнфү байх нь сонин биш, нэг нэгнээ хүндэлж, хамгаалж, хайрлаж сурах нь хамгийн чухал. Гэхдээ миний уулзаж байсан бүх хүмүүс “Хүүе ээ, ямар гоё юм бэ. Би күнфүгээр хичээллэмээр байна. Аав ээжийгээ ч гэсэн” гэж хэлдэг. Тэгэхээр нэг үеэ бодвол ойлгодог болсон юм билээ.

-Таныг жинхэнэ сэлмээр дасгал, сургуулилалтаа хийдэг гэж сонссон?

-Олон хэрэглэгдэхүүнээр дадлага хийх ёстой. Миний хувьд гурван зүйл ашиглаж амжсан. Богино, урт сэлэм, морины сүүлээр. Энэ бол сургуулилалт хийхэд нэг ёсны аксесуар болдог гэсэн үг. Хүмүүс жад, сэлэм, мончоок, стикер зэрэг янз бүрийн зэмсгээр дасгал хийдэг. Күнфү анх үүсэхдээ зодооны буюу хүн алдаг, өөрийгөө хамгаалдаг урлаг байлаа. Одоо бол тийм биш, хүнийг хэзээ ч уйдаадаггүй. Түүнээс улбаалаад хөгжим, яруу найраг, дуу, шүлэг, ханз, уран бичлэг, хувцас, бээжин опера зэрэг нь бүгд күнфү юм.

-Күнфү, гэр бүлийн бизнесээс гадна та хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцдог. Үүний талаар яриагаа үргэлжлүүлэх үү?

-Бололгүй яах вэ. Би ажлаа цаг, минутаар төлөвлөдөг. Дээрхээс гадна найзынхаа компани, “НТН” телевизэд давхар ажилладаг учраас төлөвлөгөөгүй бол би өнгөрлөө л гэсэн үг. “Ротари интернэшнл” нь дэлхийд хамгийн анх нийгмийн сайн сайхны төлөө үүсгэн байгуулагдсан төрийн бус байгууллага юм. 200 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг. Монголд 20, миний ажилладаг “Цэцээ гүн” ротаракт клуб байгуулагдаад 15 жил болж буй. Манайд ийм клуб одоогоор ес байгаа. 2014 онд Монгол дахь ротаракт клубүүдийг хариуцсан ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан. Одоогоор манай ерөнхийлөгч Германд байгаа учраас түүнийг түр орлож байна. Гэхдээ бид өөрсдийгөө ерөнхийлөгч, дарга цэрэг гэж ангилдаггүй.

Би бол ротарактор. Хэнд, хаана, хэзээ бидний хэрэг гарна. Тэнд бид байдаг. Төрийн, ашгийн, шашны бус уг байгууллагад ес дэх жилдээ ажиллаж байгаа. 2006 онд анх дауны синдромтой хүүхдүүдийг нийгэмшүүлэх чиглэлээр олон ажил хийж байсан. Голдуу асрамжийн газруудад ажиллана. Нийгмийн сайн сайхны төлөө олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хамгийн сүүлд буюу 2014 онд “Хүн бүр сурах хэрэгтэй” төсөл хэрэгжүүлж, судалгаа явуулсны үндсэн дээр амьдралын боломж муутай хэрнээ сурлага сайтай оюутнуудын сургалтын төлбөрийг төлсөн. Бид мөнгө олж болох бүх л аргыг ашиглана. Гэхдээ шударгаар санхүүжилтээ бүрдүүлдэг. Хандив цуглуулах, ивээн тэтгэгч олох гэх мэт.

-Олон газраар явж байсны хувьд залуучуудыгаа ямар байгаасай гэж хүсэж байна вэ?

-Би, чи ч биш. Нийгэм тэр чигтээ залуусыг шүүмжилж байна. “Залхуу байна” гэж байгаа нь ортой. Гэхдээ би тэднийг буруутгадаггүй. Европ, америк, япончууд гээд гадаад хүүхдүүд 10 жилийн сургуулиасаа нийгэмшиж сурдаг. Үүрэг, хариуцлагаа ухамсарлаж эхэлдэг. “Чиний хийж буй зүйл бусдыг сайн, эсвэл муу зүйл рүү татдаг” гэдгийг яс маханд нь ойлгуулж байна. Тэднийг зун өөр оронд амраадаг, ажил хийлгэдэг. Нийгэм нь тэр чигтээ залуучуудаа багаас нь бэлддэг. Гэтэл биднийг хэн ч, юунд ч сургаагүй. Тэгсэн хэрнээ нийтээр нь залхуу гэдэг. Тэд мэдэхгүй, арга барилаа олж чадахгүй байна.

Гэр бүлийн хариуцлага энэ тэрийг ярих ч юм биш. Аав ээж нь үлгэр дуурайл зөв үзүүлэхгүй нөхцөлд бид хаанаас, хэнээс гэр бүлийн хүмүүжил олж авах билээ. Бусдын аав ээжтэй хамт амьдарч байж ойлгох юм уу, үгүй шүү дээ. Тэгэхээр цаад системд нь л байна уу гэж боддог. Манай монгол залуус чадвартай, авьяастай, юунд ч хөрвөж чаддаг сэтгэлгээтэй. Гэм нь маш амархан шантардаг, жаахан залхуу. Өөрийнхөө төлөө хөдөлмөрлө, сур, бас тууштай хичээх хэрэгтэй.

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
39.65.147.191 Utas ene teriin bichij boldoggui yum uu kunfy ih goe tevcheertei uhaantai huniig dotrooson ih saihan amhalan taivan ih goe unheer sonirhodon hundee madh goe
202.126.91.88 202.126.91.88 bi hairu sonshiig hvsch bn tainaar kunfu zaalguulah gesiin bolj ogvol dugaaran vldeegech minii dugaar 80339119
202.126.91.88 sain bnuu bi bvir har bagaasa күнгфү -г surhiig hvsdeg kinoogn ih vzdeg bailaa chamd amjilt hvsii odoo bi 21te kunfu surj chadah bolwuu
202.70.44.116 sonin ner ve
112.72.13.62 Та юу гэж бодож байна ...hjtaduud hereeggyi eee .kun fu bol demiiiiiiiiii
202.70.38.29 Мундаг бүсгүй

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА