Улаан тарианы үе эргэн ирлээ (цуврал №-1)

2015 оны 04 сарын 28

“Намайг бага байхад манай хөдөө нутагт “Улаан тарианы хүүхнүүд” гэж нэг их гоё ганган амьтад байж билээ. Дэлийг нь засаж ширгээсэн агсам сэргэлэн морь унаж, гоё ганган торго дурдан дээл өмсөж, сам, зүү хатгасан тэр шаавай хэдэн бүсгүйчүүд үүр цүүрээр манай гэрийн хаяагаар дуу дуулж, салхи татуулан өнгөрдөг байлаа. Торгон савхин гутал ган дөрөөнд жийж, хүзүүгээрээ гангалан зангидсан эрээн пансан алчуураараа морин дэлэн дээр салхи хийсгэн манай нутгийн эгч нар  хоолой нийлүүлэн  дуулдаг байлаа” гэж Төрийн шагналт, зохиолч Б.Догмидын "Улаан тарианы хүүхнүүд" өгүүллэгт дүрсэлсэн байдаг. Шинэ юм гэдэг мартагдсан хуучныг хэлнэ гэдэг. 1921 онд Монгол Улс 500 орчим мянган хүн амтай байхад 50 хувь нь буюу хоёр хүн тутмын нэг нь тэмбүүтэй байсан тухай эмч нар ярьдаг. Тухайн үед орос эмнэлэг Монголд нээгдэж, орос, монгол эмч нар “Соёлын довтолгоон” өрнүүлж, бүгдийг нь албадан эмчилснээр улсын хэмжээнд тэмбүү өвчнийг бүр мөсөн устгасан тухай зарлаж байжээ. Энэ үед дэлхий нийт Монгол Улсыг мөхөж буй орон хэмээн зарлаж байсан удаатай гэнэ. Тэгвэл өнөөдөр албан байгууллагынхныг албадан оношилгоонд хамруулдаг байсан социализмын үеийг үгүйлж байна. “Хэрэв ингэхгүй л бол 1921 оны хавтгайрсан тэмбүү хаяанд ирчихлээ” хэмээн халаглацгааж байна, эмч нар.

ЭХЭМҮТ-д энэ онд төрөлхийн тэмбүүтэй таван хүүхэд төрсний гурав нь нас барсан гэсэн харамсалтай мэдээ байна. Улсын хэмжээнд гэхэд 21 хүүхэд ийм эмгэгтэй төрсөн байх юм. Тэд ямар нэгэн генийн гажигтай, эсвэл агаар, хөрсний бохирдлоос болоод ийм төрөөгүй. Эцэг эхийнхээ хайхрамжгүй, хэнэггүй байдлын золиос болоод бурхны орондоо буцаад заларчихлаа. “Сүүлийн жилүүдэд төрөхдөө л тэмбүүтэй мэндлэх нялхсын тоо эрс нэмэгдэх болсон. Сонгинохайрхан дүүрэгт л гэхэд жирэмсэн хоёр эмэгтэй тутмын нэг нь, гэр хороололд бие давхар гурван эмэгтэй тутмын нэг нь тэмбүүтэй байна. Одоо л дарж авахгүй бол улс орон маань мөхлийн ирмэгт очих нь” хэмээн эмч, мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна. Эдгээр эмч нарын нэрийг нь дурдчихвал тэд ажилгүй болно гэсэн. Үндэсний аюулгүй байдалд халтай иймэрхүү тоо баримт хэлж, олон нийтийг сандаргаж, айдаст автуулсан учраас ийм “шийтгэл” авах аж. Харин бид хэдий болтол хүний эрх ярьж, “арьсаа” хамгаалж суух вэ. Монголчууд бүгд хамаргүй болсон хойноо юу.

Тэмбүү өмнө нь огт байгаагүй, одоо л гэнэт эрчимтэй халдварлагдан тархаж буй хэрэг биш аж. Нийслэлийн зургаан дүүрэг, өвчлөл өндөртэй найман аймагт 2007-2015 онд “тэмбүү гэрт оношлох, төрөлхийн тэмбүүг бүрэн хязгаарлах, жирэмсэн эмэгтэйчүүдийг эрт илрүүлэн, эмчлэх Монгол Улсын мянганы хөгжлийн зорилт” хөтөлбөр хэрэгжүүлээд олон он үджээ. Мөн ДЭМБ, “Глобал” сангийн дэмжлэгээр “Нэг цэгийн үйлчилгээ” төсөл  хэрэгжүүлж байгаа юм билээ. Төсөл хэрэгжихээс өмнө тэмбүүгийн илрүүлэлт улсын хэмжээнд 10 хүрэхгүй хувьтай байсан бол өдгөө 60 гаруй хувьд хүрсэн байна. Тэмбүү байгаагүй биш, илрүүлэлт сайжирснаар ийм өвчтэй хүнийг олноор нь оношилж, эмчилгээнд хамруулж байгаа аж. Гэсэн ч нийтээр нь эмчилж чадахгүй, туйлдаж байгаа бололтой.

Тэмбүүгийн анхны шинж тэмдэг нь халдвар авсан хэсэгт гардаг хатуу яр. Халдвартай хүнтэй бэлгийн хавьталд орсноос хойш 10 хоногоос гурван сарын дараа ийм яр гардаг юм байна. Бэлгийн хавьталд орох үед нян ихэвчлэн бэлэг эрхтний салст бүрхэвчээр дамжин биед нэвтэрдэг тул эрчүүд тэмбүүгийн халдвар авсан бол тээрхий, шодойн дээр нь, харин эмэгтэйчүүд ихэвчлэн умайн хүзүү, үтрээний дотор талд нь гардаг тул халдвар авснаа мэдэхгүй байх нь бий гэнэ. Иймээс жирэмсэн эмэгтэй эхний гурван сарын дотор үзлэг, оношилгоонд заавал хамрагдаж, хамгийн түрүүнд тэмбүүгийн шинжилгээ өгөх шаардлагатай аж. Өдгөө тэмбүүгийн шинжилгээ өгөх гэж ХӨСҮТ явах шаардлагагүй болсон. Харьяа хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүд тэмбүүгийн шинжилгээ хийж байгаа. Мөн “Глобал” сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд манай улс тэмбүү өвчнийг хэдхэн минутын дотор оношилдог "хурдасгуур" гэх жижиг багажтай болсон. Хамгийн гол нь жирэмсэн эмэгтэйчүүд тэмбүүтэйгээ мэдчихээд эмчлүүлдэггүй гэж эмч, мэргэжилтнүүд  ярьж байсан. “Гэр бүлийн хамтын амьдралд нөлөөлнө, та нарт хамаагүй. Би өөрөө өөрийгөө мэдэж байна” гэх мэтээр уцаарладаг бол зарим нь “Дараа ирье” гээд ичиж зовсондоо ч тэр үү жирэмсний найман сартай үеийнхээ хяналтад ч оролгүй явсаар төрдөг байна. Энэ мэтчилэн хэнэггүй, хайнга байдлаасаа болоод тэмбүүтэй хүүхэд төрүүлдөг явдал бишгүй аж. Тэмбүүг анхдагч буюу төрөлхийн, хоёрдогч буюу олдмол гэж ангилахаас гадна гурван үе шат болгон хуваадаг юм байна. Эмчлүүлэлгүй явсаар халдвар авснаас хойш 3-15 жилийн дараа өвчний гуравдугаар үед шилждэг аж. Энэ үед арьс, яс, элэг (15 хувь), мэдрэл (6.5 хувь), зүрх, судасны өөрчлөлт (10 хувь)-дорж улмаар амь нас нь аюулд ордог юм байна. Тэмбүүгийн үүсгэгчийн амьдрах хамгийн таатай орчин нь тархи аж. Өвчин тэнд хүрэхэд л үхнэ.

Харин халдваравсан эмэгтэй эмчилгээ хийлгэлгүй явсаар эхний дөрвөн жилд хөл хүнд болбол ургийн 70 хувь нь халдвар авч, 35 хувь нь төрөлхийн тэмбүүтэй төрдөг байна. Төрөлхийн тэмбүүгийн хожуу шатанд ясанд ялангуяа шуу, шагай, өвдөг, бугуй, тохойн ясанд гажиг үүсгэдэг. Нүд, сонсголын эрхтэн, төв мэдрэлийн системийг гэмтээдэг, улмаар үхэлд хүргэдэг аж. Тиймээс жирэмсний эхний 12 долоо хоногт тэмбүү өвчнийг илрүүлж, эмчилгээ хийлгэвэл урагт халдварладаггүй эрүүл хүүхэд төрүүлдэг аж.

Жирэмсэн эмэгтэйчүүд олноороо тэмбүүтэй байгаа нь дан ганц тэднээс болоогүйг эмч нар хэлж буй. Тэмбүүг нийгмийн халдварт өвчин хэмээн тодорхойлдог. Өдгөө энэ нь нийгмийн онц аюулт өвчин болчихоод байгаа нь ядуурал, архидалт, биеэ үнэлэлт, бэлгийн замбараагүй харилцаанаас үүдэлтэйг албаны хүмүүс хэллээ. Гэр бүлтэй эмэгтэйчүүдийн олонх нь нөхрөөсөө энэ өвчнийг авсан нь судалгааны явцад тогтоогдсон байна. Тиймээс гэр бүлийн гишүүд бие биедээ үнэнч байж, аюулт өвчнөөс гэр бүлээ, ирээдүйд төрөх үрсээ хамгаалахыг эмч нар зөвлөв.

 

М.Чимгээ:Бид Н.Алтанхуяг сайдад нууцын зэрэглэлтэй бичгүүд өргөн барьж байсан

-Энэ онд тэмбүүтэй 181 хүн оношлогдсоноос 72 нь жирэмсэн эмэгтэй байсан-

Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээгээс зарим зүйлийг тодрууллаа. 

-Саяхан Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дэргэдэх Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх сургалт, оношилгоо, эмчилгээ, судалгаа, аргазүйн зохицуулах зөвлөлөөс “Тэмбүү өвчний тархалтыг бууруулахад бидний оролцоо” сэдэвт сургалт, уулзалт зохион байгуулсан. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Тэмбүү болон бэлгийн замын бусад өвчнийг эрт үед нь илрүүлэх, оношлох, эмчилгээнд хамруулах талаар салбар хоорондын мэргэжилтнүүдийн мэдлэгийг дээшлүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нарыг сургалтад хамруулсан. Тэмбүүтэй тэмцэхийн тулд иргэдийн бүртгэл судалгаанд онцгой анхаарч, хорооны эмзэг бүлгийн иргэдийг Өрхийн эрүүл мэндийн төвийн үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулах, жирэмсний хяналтыг 100 хувь болгох, тэмбүү гэхээс урагт халдварлах эрсдэлээс сэргийлэх, жирэмсэн эмэгтэйчүүд болон хосуудад “Нэг цэгийн үйлчилгээ”-ний хүртээмжийг сайжруулах, архидан согтуурах, биеэ үнэлэлэлтийг хязгаарлах, цэнгээний газар, зочид буудал, сауны үйл ажиллагаанд хяналт тавих нь зүйтэй гэж үзсэн.

-Тэмбүүгийн тархалт их байна гэж яриад байгаа хэрнээ эмч нар тоо баримтаа дэлгэхгүй юм. Тухайлбал, танай дүүргийн хэмжээнд өвчлөл ямар байна вэ? 

-Энэ онд тэмбүүтэй 181 хүн оношлогдсоноос 72 нь жирэмсэн эмэгтэй байсан. Энэ бол аймшигтай үзүүлэлт. Энэ өвчин цөөхөн монголчуудыг мөхөөх хэмжээнд хүрлээ. Манайх харьцангуй цөөн хүн амтай. Тэгэхээр Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тэмбүүтэйхүн үүнээс олон байгаа нь ойлгомжтой. Гэхдээ энэ бол зөвхөн шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн тоо. Цаана нь хэчнээн хүн байгааг таашгүй. Сүүлийн үед БЗХӨ гаарч байна. Сүрьеэ, тэмбүүг нийгмийн халдварт өвчин гэдэг. Хаана ядуурал байна, хаана ахуйн соёл муу байна, тэнд халдварт өвчин бугшдаг.

Хүн амын дундах цэргийн насны залуус, төрөх эмэгтэйчүүдийн эрүүл мэндээртухайн улсын эрүүл мэндийн үзүүлэлтийг тодорхойлдог. Гэтэл эрүүл байх ёстой, ээж болох гэж буй эмэгтэйчүүд тэмбүүтэй, бэлгийн замын бусад халдвартай байна. Энэ бол байж боломгүй зүйл. Би сүүлийн долоон жил цэрэг татлагад эмчээр ажилласан. Залуус эрүүл мэндээрээ тэнцэхгүй байна.Янз бүрийн суурь өвчтэй,элэгний төрөл бүрийн вирустэй, бие бялдар нь дорой байна. Гэх мэтчилэн эрүүл байх насан дээрээ залуус өвчтэй байгаа нь үнэхээр эмзэглэмээр.

Тоо баримтаа зарлахгүй байгаа нь үндэсний аюулгүй байдалд халтай учраас тэр. Тийм, ийм гээд хэлчихвэл маргааш нь гадаадаас бараа бүтээгдэхүүн орж ирэхээ болино, хил гааль хаах дээрээ тулна.Жуулчид ирэхгүй гэх мэтчилэн улс орны эдийн засагт ч сөргөөр нөлөөлдөг юм билээ.

-Жирэмсэн эмэгтэйчүүд тэмбүүтэй байна гэдэг үнэхээр эмзэглэмээр. Тэднийг албадан, нийтээр нь эмчлэх боломж байхгүй юу?

-Энэ л хамгийн хэцүү байна. Тэднийг хэзээ ирэх вэ гээд хүлээж суух цаг биш болжээ. Гэвч манайхан юм л болбол ардчилал, хүний эрх хэмээн цээжээ дэлддэг болсон. Бид тухайн хүнийг хүндэлж байна. Гэхдээ цаана нь байгаа халдвар аваагүй бусдын эрх ашгийг илүү хүндэтгэмээр байна. Одоо албадан, хүчээр ч болтугай эмчлэх цаг нь болсон. Нийтийг хамарсан, эрүүл мэндийн хөдөлгөөн өрнүүлж бүгдийг нь эмчлэх хэрэгтэй.  Бид Н.Алтанхуяг сайдад энэ талаар нууцын зэрэглэлтэй бичгүүд өргөн барьж байсан. Хөрөнгө мөнгө байхгүй гээд өөдөөс эдийн засгийн хямрал яриад, авч хэлэлцээгүй. Ирэх онд ч худлаа байх. Эдийн засгаараа хохирч болох ч монголчууд эрүүл мэндээрээ хохирч болохгүй.Хоёр хоног хоосон хонож болно, хоёр үеэрээ өвчтэй,үр удмаараа халдвартай төрмөөргүй байна.

Тэмбүү 100 хувь эмчлэгддэг өвчин.Сүрьеэг эмчлэхэд нэг жил зарцуулдаг бол тэмбүүгээс 21 хоногийн дотор ангижрах бүрэн боломжтой. Гэтэл эмчилж болдог өвчин ингэтлээ жолоогүй нэмэгдэж, тархан халдварлаж байгаад эмч хүний хувьд ихэд эмзэглэж байна. Бид эмчилж чадна. Эм, оношлуур нь байна. Хамгийн гол нь хөрөнгө, хүч алга.

 О.Бат-Ундрах. “Өнөөдөр” сонин

 Үргэлжлэлийг http://mongolnews.mn/1kiq

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.70.43.250 албадан эмчлээч ээ. Дээр үед сумнаас бөөн бөөнөөр нь ачиж ирууд л хэвтүүлж эмчлүүлдэг байсан

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА