Шуудангийн ажилтнууд орон даяар ажил хаялт зарлан, өлсөхөө мэдэгдэв

2015 оны 04 сарын 28

“Монгол шуудан” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батсайханыг халах тус компанийн ТУЗ болон Төрийн өмчийн хорооны шийдвэрийг эсэргүүцсэн шуудангийн ажилтнууд 19 дэх хоногтоо тайван суулт хийж буй. Гэтэл тэдэнд мэдэгдэлгүй ТУЗ болон ТӨХ-ныхон хуралдаж, өнгөрсөн баасан гаригт Ц.Батсайханыг ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсан албан бичиг дахин явуулсанд шуудангийн ажилтнууд бухимдан, өчигдөр хэвлэлийнхэнд хандав.

“Монгол шуудан” ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Л.Оюун “Шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад ТУЗ, ТӨХ нууцаар хуралдан, хууль бус үйлдэл хийж буйг бид эсэргүүцэж байна. Бидэнд юу ч хэлээгүй. Дээрээс нь ТУЗ-ийн таван хүнийг сольсон гэх яриа ч байна.

Шуудангийн салбарт сүүлийн 20 жил байгаагүй эдийн засгийн өсөлт, дэвшил авчирсан сайн менежерээ төр ажлаас нь халах гээд буйг цэвэр улстөрчидтэй холбон ойлгож байгаа. Шийдлийн Засгийн газар засаг бариутаа нэг ч хүнийг улс төрийн золиос болгон, ажлаас нь халж, сэлгэхгүй гэсэн яасан бэ, Ерөнхий сайд аа. Энэхүү хууль бус шийдвэр гаргаж буй ТӨХ-ны удирдлагуудад хариуцлага тооцож, шийдвэрийг нь нэн даруй цуцлахыг шаардаж байна.

Хэрвээ яаралтай арга хэмжээ авахгүй бол шуудангийн нийт ажилтан орон даяар ажил хаялт зарлан, өлсөхөө мэдэгдэж байна” гэлээ. Ц.Батсайхан нь “Монгол шуудан” компанийн Маркийн газрын даргаар найм, гүйцэтгэх захирлаар нь хоёр жил ажиллаж буй. Анхнаасаа энэ албанд томилогдохдоо хоёр жилийн гэрээтэй байсан бөгөөд энэ нь дуусгавар болсон юм байна.

Энэ хугацаанд түүний хийсэн ажлыг ТУЗ болон ТӨХ үнэлж, дүгнэн гэрээг нь сунгах эрх зүйн акт бий ч Ц.Батсайханыг үндэслэлгүйгээр “хөөж” буйд ажилтнууд нь эсэргүүцэж буй юм.

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА