“ЗҮРХНИЙ УЛААНБААТАР” НИЙСЛЭЛИЙНХНИЙГ ЦЭВЭР АГААРТ ГАРГАВ

2015 оны 04 сарын 27

“Зун болчихож ээ. Энэ хүмүүс чинь сандаал, шилэн оймстой явж байна шүү дээ. Пээх ямар халуун өдөр вэ. Эгч ээ, ах аа энэ хэдэн төгрөгийн үнэтэй вэ” иймэрхүү яриануудыг мөн ч олон сонссон доо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд. Нар дээрээс төөнөж, агаарын температур +25 градус зааж байв. Улаанбаатар хотын иргэдийг урд зүгт олноор нь хандуулсан урин хаврын анхны баяр “Зүрхний Улаанбаатар-90” бүх нийтийн зугаалгыг өнгөрсөн бямба гаригт зохион байгуулсан нь энэ.

Нийслэлийн МАН-ын хороо үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан эл зугаалгад үр хүүхдээ дагуулсан аав ээжүүд, найз нөхдөөрөө, хамт олноороо хүрэлцэн ирж, нэг өдөр цэвэр агаарт эх орон, нийслэл хотоороо бахархан өнгөрүүллээ. 12.00 цагт Хүүхэлдэйн театр, явуулын циркийн үзүүлбэрээр эхэлсэн тус арга хэмжээний үеэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс цэцгийн үзэсгэлэн, худалдаа зохион байгуулж, үндэсний үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ “Хоёрыг нэгийн үнээр” уриа лоозонтой дэлгэжээ. Ус, ундаа, түргэн хоолноос гадна хамгийн их гүйлгээтэй бараа нь НВЦ ХХКийн “Баян” өндөг байв. Тэнд зугаалж явсан хүмүүст өндөгний ороомог үнэгүй хийж өгөн, нэг ширхэг өндгөө 200 төгрөгөөр борлуулж байлаа.

Мөн “Мон судар”-ынхан бүх номоо 10-20 хувиар хямдруулсан нь номын хорхойтнуудад содон бэлэг болсон. Хүүхэд багачуудыг хөгжөөх үлээдэг бөмбөлөг 3000, удирдлагатай машинаар гурван минут зугаалахад 5000, явуулын галт тэргэнд суухад 2500 төгрөг, мини парк гээд багачуудыг саатуулах тоглоом олон байв. Төлбөр нь арай л үнэтэй санагдсан. Гэхдээ зохион байгуулагчид хүүхдүүдэд хүүхэлдэйн киноны “баатруудтай” зургаа татуулах боломж олгосон нь тэдэнд үнэхээр сюрприз болж чадсан байх.

2-3 настай нь айж зугатаагаад, 5-6 настнууд нь “Өө дотор нь хүн байна шүү дээ” хэмээн голж байсан нь хөөрхөн. Энэ үеэр нэлээд хэдэн хүүхэд эцэг эхээсээ төөрч, тэднийг хөтлөгч нар тайзан дээр дагуулан гарч “Энэ хэний хүүхэд вэ. Ээж аав нь хэн бэ. Хүүхдээ аваарай” хэмээн микрофоноор зарлахад хүүхдээ авч буй ээж аавтай хэд хэд таарав. Спортын холбоодын үзүүлбэр, цэнгээнт болон “UB heart dance” бүжгийн тэмцээн, амьд хөгжмийн уралдаан зохион байгуулсан бөгөөд тэд энэ удаа бяцхан авьяастнуудаа ч марталгүй, хооронд нь өрсөлдүүлэхэд үнэхээр өхөөрдөм байлаа.

Бүтэн өдрийн турш үзэх харах зүйл ихтэй “Зүрхний Улаанбаатар-90” арга хэмжээний талаар хүмүүс ам сайтай байв. “Бааранд биш, гадаа бүжиглэж болдог юм байна. Спирт бус спорт” хэмээн залуус цэцэрлэгт хүрээлэнд авахуулсан фото зургаа фэйсбүүк хуудастаа оруулжээ. 21.30 цагт шоу арга хэмжээ эхэлсэн бол 22.30-23.00 цагт салют буудуулснаар уг арга хэмжээ өндөрлөсөн юм.

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА