Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг шалгах ажлыг шуурхай эхлүүлэхээ мэдэгдэв

2015 оны 04 сарын 27

Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос ШӨХТГ-т удаа дараа гомдол гаргасны дагуу Т.Аюурсайхан дарга тус холбооны удирдлагууд болон брокер, дилерийн 15 компанийн төлөөллийг өнгөрөгч баасан гаригт хүлээн авч уулзлаа. Тэд “Хөрөнгийн бирж татвар, хураамж, шимтгэлийнхээ хэмжээг хэт өндөр үнэлж, үнэт цаасны арилжааны компаниудын нэр хүндэд халддаг, үйлчилгээ үзүүлэхээс үндэслэлгүйгээр татгалздаг” хэмээгээд үүнийг нь шалгаж өгөхийг ШӨХТГ-аас хүслээ.

Үнэт цаасны арилжааны компаниуд өөр төрлийн бизнес эрхлэх нь хориотой бөгөөд томоохон банкууд брокер дилерийн компани байгуулан, хөрөнгийн зах зээлд хүч түрэн орж ирэх болжээ. Ингэснээр 20 гаруй жил ажиллаж буй компаниудад шударга бус өрсөлдөөн бий болгож буй талаар ч тэд хэлэв. “Хөрөнгийн биржийн арилжаа жилээс жилд багасаж, брокер, диллерийн компаниуд алдагдалтай ажиллан, үнэт цаасны зах зээл уналтад орсон.

Энэхүү зах зээлийг хөгжүүлэх, хамгаалах талаар хамтарч ажиллах санал тавьж байна” гэсний дагуу ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан компаниудын саналыг хүлээн авч, үүсээд буй нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх арга зам хайх, үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх, үүнд шударга өрсөлдөөн бий болгох нөхцөл бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа хэлэв.

Мөн “Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа, эсэхийг шалгах ажлыг шуурхай эхлүүлнэ” гэлээ.

О.УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА