ҮЛ ҮЗЭГДЭГЧИЙГ ҮЙЛДВЭРЛЭГЧ

2015 оны 04 сарын 27

Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй ч харин түүнийгээ биелүүлсний дараа хөрөнгөтэй болдог юм шиг ээ. Д.Сайханхүү багаасаа л инженер болохыг мөрөөдөж, түүнийхээ төлөө зүтгэсэн, хөдөлмөрлөсөн. Бас чадсан. Тэрбээр энэ мэргэжлийг сонгох болсон нь учиртай. Д.Сайханхүүгийн аав С.Дагвадорж энэ насны амьдралаа станцтай холбож, Монголын эрчим хүчний салбарын хагас зууны түүхийг бичилцсэн гавьяатай хүн. Ээж Л.Навчаа нь 1970 онд Политехникийн дээд сургууль төгсөөд “ДЦС II”- оос ажлын гараагаа эхлүүлж байсан бол “ДЦС IV”-т 40 гаруй жил ажиллаад тэтгэвэртээ гарчээ.

Гэсэн ч зүгээр суулгүй өдгөө станцынхаа Ахмадын хорооны даргаар ажиллаж буй юм билээ. Эрчим хүчний анхны гавьяат (аж үйлдвэрийн) ажилтан аав, хүнд хүчир гэж тээршаалгүй насаараа станцад ажилласан инженер ээж нь түүнийг хүн ардаа халуун дулаан, гэрэлтэй гэгээтэй амьдруулах үйлсэд ханцуй шамлахад хүргэсэн гэж хэлж болно. Нүдэнд үзэгдэж, гарт баригддаггүй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “ДЦС IV” ТӨХК-ийн Үйлдвэрлэлийн албаны ашиглалтын инженер Д.Сайханхүүгийн нэг өдрийг 2015 оны дөрөвдүгээр сарын 21-ний мягмар гаригт сурвалжиллаа.

07.00 цагт Саяхныг хүртэл эрчим хүчээ хэмнэх ойлголтгүй явлаа, би. Халууцлаа гээд өвлийн хүйтэнд цонхоо нээнэ. Эзгүй өрөөнийхөө гэрэл, ажлын ширээнийхээ чийдэнг тэр бүр унтраахгүй. Зарим үед компьютерээ ч цахилгаанаас нь салгахаа мартана. Гэхдээ Д.Сайханхүү инженерийн “ачаар” цахилгаан, дулааныг хэрхэн үйлдвэрлэж, дамжуулж, түгээдгийг, хэр олон хүний хүч, хөрөнгө, хөдөлмөрөөр бид хананаасаа халуун ус авч, гэрэлтэй гэгээтэй, халуун дулаан амьдардгийг мэдэж авсан. Хэмнэх хэрэгтэйг ч ойлгосон. Д.Сайханхүүг хамт олон нь “Сайханаа инженер ээ” хэмээн дуудна. Түүнтэй бид 07.00 цагт гэрт нь уулзахаар болзов. Тэднийх Баянгол дүүргийн V хороо, X хороолол, “Эрэл” хотхоны 47Б байранд амьдардаг.


Цахилгаан шат байдаггүй учраас зургаан давхар руу зурагчинтайгаа мацлаа. Сайханаа инженерийн гэргий Д.Жавзмаа биднийг найрсгаар угтан авч, хамтдаа өглөөний цайгаа уунгаа зарим зүйлийн талаар ярилцаж амжив. Орон сууцанд амьдардаг гэхээр нь хоёроос гурван өрөөтэй, жирийн л нэгэн айл байна гэж бодсон маань бишдэв бололтой. Хоёр давхар, давхар бүртээ ариун цэврийн өрөө, шүршүүр, хүүхдийн, унтлагын, чийрэгжүүлэх гээд нийт найман өрөөтэй юм байна. Байраа хэрхэн амины орон сууц шиг тохижуулсныг нь сонирхлоо. Сайханаа инженер, Жавмзаа хоёр уг байрыг гурван өрөө байхад нь 11 орчим жилийн өмнө худалдаж авчээ.

Уг хотхоны зургаан давхар байрууд нь мансардтай юм билээ. Тиймээс тэд “Эрэл” кампанийнхантай ярьж байгаад байрныхаа яг дээд хэсгийг нь худалдаж авснаар гэрээ хаус болгох мэргэн санаа төрсөн гэнэ. Гэхдээ одоо болтол тэд байраа бүрэн засаж дуусгаагүй, үлдсэн хоёр өрөөгөө удахгүй “ашиглалтад” оруулна гэж ярьж байсан. Юм болгоныг бэлэнчилж, анхнаасаа бүгдийг төгс байлгах гэж хичээдэг залуусын хажууд тэднээс үлгэр дуурайл авмаар санагдсан шүү. Байгаа үедээ бага багаар, байхгүйдээ зогсоосоор тэд арваад жилийг байраа засаж, тохижуулахад зарцуулсан гэхээр бас л уйгагүй хөдөлмөр. Цахилгаан, сантехникийнхээ бүхий л асуудлыг Сайханаа инженер өөрөө шийдсэн бол гэрээ хэрхэн өнгө үзэмжтэй, загварлаг болгох аргыг гэргий нь бодож олсон байна.

Тэднийх голдуу эко (модон) тавилгатай, өнгө нь хоорондоо зохицсон. Гэр нь тэр чигтээ классик загвартай аж. Энэ бүхнийг хийх нь Д.Жавзмаад тийм ч хэцүү байгаагүй. Учир нь тэрбээр ШУТИС-ийн үйлдвэрлэлийн дизайнер мэргэжил эзэмшсэн анхны хүмүүсийн нэг аж. Д.Сайханхүү, Д.Жавзмаа хоёр 16 жил жаргал, зовлонгоо хамтдаа туулан, өдий хүрчээ. 13 насны зөрүүтэй хоёр хөөрхөн охинтой. 15 нас хүрч яваа том охин С.Ану-Үжин нь бидний хэлж заншсанаар “Орос 3”-т сурдаг. Харин багыгаа ээж, аав нь “Олон жилийн зайтай төрсөн, хэнз юм” хэмээн эрхлүүлнэ гэж жигтэйхэн. Бага охин Гэгээн нь хоёр нас гарантай. Түүнийг аав ээж, эгч нь “хөөрхөн Гэгээнээ” гэж дуудна. Охин ч ингэж дуудуулах хачин дуртай. “Миний охин чинь Нэгдүгээр сургуулийн 1А ангийн хөөрхөн Гэгээнээ, тийм ээ” гэж ээж нь хошуу дэвсэнэ.

07.30 цагт Энэ мэт хөөрөлдсөөр бид ажил албандаа “мордохоор” болов. 2008 онд тэд “Prius-20” маркийн автомашин авч байсан бол саяхан “30” болгон сайжруулжээ. “Шатахуун бага зарцуулдаг, утаа ялгаруулдаггүй, эко тэрэг болохоор “Prius”-ийн үнэнч хэрэглэгч” хэмээн Д.Сайханхүү машинаа тодотгов. Түүний эхнэр Д.Жавзмаа нийслэлийн Улаан загалмайн нийгэмлэгт аргазүйчээр 13 дахь жилдээ ажиллаж буй юм билээ. Бага охиноо төрүүлэхээр жирэмсний амралтаа авсан тул өглөө бүр ханиа ажилд нь хүргэж, орой нь авдаг гэнэ. Бага охин Гэгээнээгээ улсын цэцэрлэгт хамруулж чадаагүй тул гэрийнхээ ойролцоо хувийн цэцэрлэгт явуулдаг. Тиймээс Гэгээнээ ээжтэйгээ хамт өглөө бүр аавыгаа албанд нь хүргэж өгдөг “ажилтай”.

07.50 цагт бид “ДЦС IV” ТӨХК дээр ирэв. Д.Сайханхүү инженер ажлын өрөөгөө танилцуулаад хувцсаа сольж өмсөн, бидэнд аюулгүйн хантааз, хамгаалалтын каск өмсгөв. “Би өнөөдөр та хоёрыг аюулгүй байлгах үүрэгтэй” гэв. Тус станцад 400 орчим инженер техникийн ажилтан байдгаас 16 нь Үйлдвэрлэлийн албанд ажилладаг юм билээ. Тэрбээр ээлжийн инженерүүдийг бэлтгэх, удирдан зохион байгуулж, зөвлөгөө өгөх, хянах үүрэгтэй. Биднийг очиход станц 8900 тонн ус шахаж, цагт 330 орчим мВт цахилгаан үйлдвэрлэж байв. Тэрбээр өглөө бүр урьд шөнө ээлжинд гарсан инженерийнхээ бичсэн рапорттай танилцаж, ямар нэгэн саатал доголдол гарсан, эсэхийг шалгадаг аж. Нэг зөрчил гарсныг эс тооцвол станц харьцангуй тайван хоносон бололтой. Тэрбээр 12 жил ээлжийн инженер хийсэн тул тэднийхээ ажлын ачаалал, хариуцлага зэргийг сайн ойлгоно. “Аливаа ажлыг амжилттай, сайн гүйцэтгэхийн тулд багаар ажиллах нь маш чухал” гэж тэрбээр хэлсэн.


08.00 цагт Ажилдаа гарахад бэлэн болов. Станцын Үйлдвэрлэлийн албаны даргын баталсан Эргэлт, шалгалтын таван маршрут байдаг аж. Хуваарийн дагуу инженерүүд долоо хоногт нэг удаа эргэлтээр явна. Энэ удаа манай инженерийн ээлж таарч, гуравдугаар маршрутаар буюу Зуухан болон Турбин цехийн 21, 24, 31 дүгээр тэмдэгтээр явж, шалгалт хийхээр болов. Уншигчдадаа товчхон мэдээлэхэд “ДЦС IV” ТӨХК 30 гаруй жилийн “настай”. Төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний 70, Улаанбаатар хотын дулааны 65 хувийг дангаараа хангадаг улсын онцгой объект. Жирийн хүн цех рүү нь байтугай, хашаагаар нь шагайх хориотой. Ажилтнууд нь 24 цагийн турш ээлжээр өдөр, шөнөгүй ажилладаг. Станц найман зуух, долоон турбинтэй.

Түүгээрээ цахилгаан, дулаан үйлдвэрлэдэг. 1996-1997 онд зуухнууд болон бусад техник хэрэгслээ шинэчилснээр үйл ажиллагаа нь тогтворжиж, эрчим хүчний салбарт тэргүүлэх байраа хадгалсаар ирсэн. Тус станц өдөрт 12 сая кВт/ц цахилгаан, 15 мянган Гкал дулаан (өвөл), зундаа 8-9 сая кВт/ц эрчим хүч, 5-6 мянган Гкал дулаан үйлдвэрлэж байна. Найман зуух, долоон турбины хавхлага, хаалт, бүдүүн, нарийн шугам, хоолойнууд, дээш доош явах зориулалттай нарийн төмөр шатнууд гээд яг л аалзны тор шиг сүлжилдсэн, асар том байгууламжаар Д.Сайханхүү инженер биднийг дагуулан явав. Хоорондоо ярьж ч болохгүй хэнгэрэг хагарам чанга дуу чимээг яая даа гэж явтал гал дунд ороод ирэв үү гэлтэй энд тэндээс төөнөх нь тэдний ажлын нөхцөл хэр хүнд болохыг харуулна.


Бид мэтийн жирийн хүн тэнд удаан байхын эцэс үгүй. Бие тэр чигтээ хөлөрч, дээрээс нэг юм унаад ирэх вий гэсэн айдастайгаар 40-өөд минут цехээр явав. Гурван давхрын өндөртэй тэнцэхүйц нарийн төмөр шатаар дээш гарахад үнэхээр эвгүй юм билээ. Бид хоёрыг явж ядан байх зуур инженер маань сармагчин шиг л аль хэдийнэ сүлжээд, сүлжээд л алга болчихно. Толгой эргүүлэм, төөрдөг байшин шиг тэр газрын хаана нь юу байдгийг тэрбээр арван хуруу шигээ андахгүй. Биднийг эргэлтээр явж байхад хэд хэдэн хоолой үлээлт өгч (Мэргэжлийн хэллэг нь энэ. Миний харснаар хоолойнуудын жийргэвч суларсан мэт даралттай уур, ус савсаж байв. Тэр нь их хэмжээнийх биш) байв. Тэр болгоныг инженер засварын хэлтэстээ мэдээлж зөрчил, саатлыг арилгуулдаг юм билээ.

09.00 цагт Эргүүлээ дуусган, Ээлжийн инженерүүдийн өрөө (ДИС)-нд орж ирэв. Ажилдаа гарах гэж буй станцын ажилчид (засварчин, гагнуурчид) аюулгүй ажиллагааны заавар бичиж, ажлаа эхлүүлэх зөвшөөрлийг тухайн өдөр гарч буй ээлжийн инженерээс авдаг юм байна. Ээлжийн инженер Ж.Энхцогт дугаарлан зогсох хүмүүсийн бичиг цаастай танилцан, гарын үсэг зурж харагдсан. Дотор ярих боломжгүй байсан тул Турбин болон Зуухан цехэд ямар нэгэн гэмтэл, саатал гарсан, эсэхийг Д.Сайханхүү инженерээс тодруулахад “Маршрутын дагуу 21, 24, 31 дүгээр тэмдэгтээр явлаа.

Нийт найман гэмтэл, зөрчил гарсны зургаа нь уур, усны үлээлт, үлдсэн нь төмрийн хог гэх мэтчилэн цэвэрлэгээтэй холбоотой асуудал байна. Уур, усны үлээлт үүсгэх олон шалтгаан бий. Горимын ачааллаас болж уур, усны даралт өөрчлөгдөх, цахилгааны ачааллыг өдөр, шөнө гэхчилэн ихэсгэж багасгахад даралт тодорхой хэмжээгээр хэлбэлздэг. Үүнээс болоод иймэрхүү жижиг гэмтлүүд гарна л даа. Мөн шугам, хоолойнууд хуучирвал багахан зэргийн хэлбэлзлээс болоод л уур, ус савсах жишээтэй” гэж ярилаа.

09.10 цагт Баянголын ам буюу “Найрамдал” зуслан тийш томоохон бүтээн байгуулалт хийж буйтай холбоотойгоор тэр хавийн газрыг “тэжээх” сүлжээний шугам, хоолойг станцынхан тавьж буй юм байна. Уг шугамыг холбох явцад асуудал гарсан бололтой. Учир явдлыг сийрүүлбэл, уг шугамыг холбох явцад хөргөлтийн усны нэг хоолой тээглэчихээд буй гэнэ. Түүнийг тасалж, трассыг нь өөрчилнө. Ингэж гэмээнэ Баянголын амыг ус, дулаанаар хангах боломж бүрдэх аж. Энэ ажлыг хийхийн тулд хөргөлтийн усыг тасалж, тухайн үед ямар нэгэн байдлаар осол, гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж, өмнө нь туршихаар болсон нь энэ. Туршилтыг тэрбээр инженер, техникийн ажилтнуудтайгаа хамтран зохион байгуулав.

Энэ удаа ямар нэгэн шугам, хоолой тасалж, тайрахгүй зөвхөн хөргөлтийн усны шугам хоолойнуудыг хэсэгчлэн хаах юм. Үүнийгээ ДИС-ийн өрөөнөөс удирдан зохион байгуулж, бусадтайгаа холбогдон, уур, усны даралт бусад үзүүлэлтийг нэгд нэгэнгүй тэмдэглэж байв. “Нэм, хас, нээ, хаа, зогсоо” гэсэн командуудыг нь л ойлгохоос бусдыг нь би хэрхэн мэдэх билээ. Мэргэжлийн нэр томьёогоор хоорондоо харилцдаг учраас тэр. Туршилт хоёр цаг орчим үргэлжилсэн. Эхний цагт нь бэлтгэж, дараа нь туршилтаа хийж, цаг орчим харзнана лээ. Д.Сайханхүү инженер биднийг дагуулан өнөөх саад болоод буй хоолойг үзүүлэв. 800 мм-ийн диаметртэй бүдүүн хоолой татах явцад нэг нарийнхан шугам урд нь “хөндөлссөн” нь харагдав. “Энэ бүдүүн хоолойны чиглэлийг өөрчилбөл замд нь түүнээс ч олон жижиг магистрал шугам тааралдана. Тиймээс нэг нарийн шугамын трассыг өөрчлөх нь илүү хялбар. Хөрөнгө, хүч, хугацаа ч хэмнэнэ” гэсэн юм. Хэрвээ энэ туршилт бүтэлгүйтвэл станцаа хэсэгчлэн зогсоож, засвар үйлчилгээгээ хийх юм байна.

11.20 цагт Туршилт хийж дуусаад станцын горимыг хэвийн үйл ажиллагаанд шилжүүлэв. Эднийх өмнө нь станцаа бүрэн зогсоож (станцынхан ноль зогсолт гэж ярьдаг) техник, үйлчилгээгээ хийдэг байсан бол өдгөө хэсэгчлэн зогсоодог горимд шилжсэн байна. Энэ программыг Үйлдвэрлэлийн албаныхан гаргадаг. Өөрөөр хэлбэл, долоо, наймдугаар зуухыг тав, зургадугаар генератортой нь үлдээгээд бусдынх нь үйл ажиллагааг автоматаар зогсооно гэсэн үг. Д.Сайханхүү “Тэжээлийн усны 800 мм-ийн диаметртэй хоолой тавьж буйтай холбоотойгоор НОБ-ын сорохын нэгдүгээр шугамыг таслах шаардлага гарсан. Өөрөөр хэлбэл, тухайн шугамын монтажийг өөрчлөх юм. Программын дагуу бид хаалтуудаа онгойлгоод, тоноглолуудаа зогсоосон. Зуух, турбины генераторуудын төмрийн халуун, холхивчийн температур зэрэгт өөрчлөлт гарсангүй. Даралт бага зэрэг унасан. Тиймээс энэ ажлыг хийх боломжтой гэж дүгнэлээ. Үүнийгээ гүйцэтгэгч компанийн хурал дээр маргааш танилцуулна. Засварын ажил эхлүүлэх командыг ерөнхий инженер өгдөг. Шугамын маршрутыг өөрчлөхийн тулд бүтэн өдөр болно. Ус тасалсны дараа шугамын ус юүлэгдэх гэж хоёр цаг орчим болох байх. Хэрвээ туршилт хийх явцад машинуудын генераторуудын зэс төмрийн халуун ихэсдэг ч юм уу, эсвэл зуухнуудын хөдөлгүүр, холхивч, тэжээлийн усны насосууд халаад байвал энэ ажлыг хийлгэхгүй. Зун ачаалал багасах үеэр засвар, үйлчилгээгээ хий гээд хойшлуулах байлаа” гэв.

12.00 цагт “ДЦС IV” ТӨХК 1500 орчим ажилтантай учраас 11.30-13.00 цагт ээлжээр үдийн хоолоо идэцгээдэг. Хоолоо авах гэж дугаарлан зогсох хүмүүс зуслан, эсвэл цэргийн хуаранг санагдуулж байв. Ажилтнууд нь талонаар хоолоо авна. Үнэ нь маш хямд. Шөлнүүд нь 2000 төгрөг хүрэхгүй бол хоёрдугаар хоол нь 2-3 мянган төгрөгт багтчихна. Амт, чанар нь ч дажгүй юм билээ.

12.30 цагт Хоолны цагаар хэсэг эмч орж ирэв. Эднийх жилд нэг удаа ажилтнуудаа үзлэг, шинжилгээнд хамруулдаг аж. Энэ оны үзлэгээ одоо хийж буй гэнэ. Тус станц нь дотроо эмнэлэгтэй. Нэг их, ээлжийн таван бага эмч, нэг сувилагч 24 цагаар станцынхны эрүүл мэндийн манаанд зогсдог. Их эмч С.Удвал “Гуравдугаар сарын 13-23-нд станцын ажилтнуудад элэг, цөсний үйл ажиллагаа, цусан дахь өөх тосны хэмжээ, хелико бактери, өндөгний дэлгэрэнгүй шинжилгээ хийсэн. Үүний дараа ажилтнуудын шинжилгээний хариунд үндэслэн Баянгол Эрүүл мэндийн төвөөс эмч нарын баг авчирч, ЭХО-д харуулж байна. Элэг, цөс, зүрх, судасны, мэдрэлийн, чих, хамар, хоолойн гээд нийт зургаан эмч ирсэн.

Одоогоор 700 гаруй хүнийг үзлэгт хамруулаад байна. Шинжилгээгээр тэдний олонхийнх нь элэг, цөс өөрчлөлтэй гарсан. Мөн цус нь өтгөрсөн, сонсгол муудсан, мэдрэлийн эмгэгүүд илэрч байна. Манайхны ажлын байр хэвийн бус нөхцөлтэй учраас мэргэжлээс шалтгаалсан өвчин элбэг. Турбин цех гэхэд 95 децибел дуу чимээтэй, тоосжилтын хэмжээ жилээс жилд багасаж буй ч Түлш дамжуулах цехэд 20-21 шоо мг хэмжээтэй байгаа нь сонсгол муудах, тоосны гаралтай бронхиттэй болох шалтгаан болж буй. Мөн хүнд юм өргөх, цехүүд хооронд температурын зөрүү их байдгаас ажилтнуудын ууц нуруу өвдөж, тулгуур эрхтэн нь гэмтдэг” гэсэн юм. Сайханаа инженер биднийг очихын өмнөх өдөр үзлэг, шинжилгээндээ хамрагдсан байв. “Шинжилгээний хариу ноднин жилийнхээсээ өөрчлөгдөөгүй, хэвийн гарсан” гэв.

13.00 цагт Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженерээр удирдуулсан мэргэжлийн зэрэг олгох комисст Д.Сайханхүү багтдаг. Долоо хоног бүрийн мягмар гаригийн 13.00-15.00 цагт комиссынхон цехүүдийн ажилтнуудаас шалгалт авч, үнэлгээ дүгнэлт өгнө. Энэ өдөр Турбин цехэд ээлжийн дарга, ахлах машинист, туслах тоноглолын машинист болох гэсэн дөрөв, Зуухан цехээс гурван хүн зэрэг ахиулах шалгалт өгөв. Ажилтнууд шалгалтын комиссынхны гаргасан асуултын дагуу бэлдэж, комиссынхон үүнийг нь шалгалтын үеэр лавшруулан асуудаг юм билээ. Гайгүй бэлдсэн, мэдлэгтэй нь хоёр удаа шалгалт өгөөд тэнцчихдэг бол зарим нь бүдрэн, олонтаа буцдаг аж.

Машинистууд сургуулиа төсгөж ирээд шууд энэ албан тушаалд томилогдох боломжгүй. Дор хаяж гурван жил туслах машинистаар ажиллаад зэргээ ахиулдаг гэнэ. Албад чиглэл тус бүрээр шалгалт авдаг бол Хяналтын алба бүх хэлтсийн ажилтнууд техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм хэр мэдэж буйг нь дүгнэнэ. Шалгуулж буй хүмүүсийн зарим нь нэгнээсээ будаа идэн, гар утсаараа ном, гарын авлаганы зургийг нь авсан бололтой, түүнээсээ харах гэж байгаад зэмлүүлж байсан нь оюутан ахуйг минь санагдуулав. Хяналтын албаныхнаас нэг нь над руу ирснээ “Чи түрүүнээс хойш юу хийгээд наанаа суугаад байгаа хүүхэд вэ. Алив журналаа аваад ир, шалгалтаа өг” гэж хэлээд хэсэг хөгжилдөөд авцгаасан.

15.30 цагт Өдөр бүрийн энэ цагт ээлжийн болон бусад инженер, техникийн ажилтнууд шуурхай хуралдана. Түүнээс гарсан заавар, шийдвэрийн дагуу инженерүүдэд ажил хуваарилдаг аж. Энэ удаа Д.Сайханхүү инженер шуурхайд суусангүй. Дархан-Уул аймгийн Дулааны цахилган станцын 50 жилийн ойг угтсан тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн шуурхай ажиллагааны ажилтнуудын дунд зохион байгуулж буй ажил, мэргэжлийн тэмцээнд тэрбээр багаа удирдан, энэ сарын 23-нд Дархан луу явахаар болжээ. Энэ дагуу багийнхантайгаа уулзаж, мэндчилгээ, асуулт, хариултын тэмцээндээ хэрхэн бэлдэж буйг нь шалгаж, хувцсаа хэрхэн ижилсүүлэх талаар ярилцав. Тэд “Номин талст” хамтлагийн “Хотын гудамжинд шөнө болдоггүй” дуугаар мэргэжил нэгт нөхдөдөө мэндчилгээ дэвшүүлэхээр болжээ. “Энэ нь хот үргэлж гэрэлтэй, станцад ямар нэгэн саатал гарахгүй байхыг бэлгэдэж байгаа” хэмээн хошигноцгоож байсан. Дашрамд өгүүлэхэд, энэ сарын 24-нд болсон уг тэмцээнд 24 баг өрсөлдсөнөөс тэднийх аваргын цом өргөсөн юм билээ.

16.10 цагт Станц цагт 371 мВт цахилгаан нийлүүлж байх үед шуурхай хурал өндөрлөж, манай инженер ажилд “дайчлагдав”. “Зуухан цехийн 300 дугаар хаалт хэт халсан, Эргэлтийн усны 1400- 1600 руу шилждэг хэсэгт хоолой хагарсан. Очиж, үзээд шалтгааныг нь тогтоо” гэсэн даалгаврын дагуу бид Зуухан цех рүү явав. Өглөө орж ирснээ бодвол дуу чимээ нь улам нэмэгдчихсэн юм шиг л санагдсан. Нөгөө 300 дугаар хаалтад ирээд сайтар шалгаж үзсэнийхээ дараа хагарсан хоолой руу явлаа. Газар доорх бүдүүн хоолойны “бөөрнөөс” ус олгойдож байв.

Д.Сайханхүү түүнийг үзэж, шалтгааныг нь тогтоон, хэрхэн засах талаар бусадтайгаа хамтран шийдвэр гаргана. “Эргэлтийн усны 1200 мм-ийн шугамын оёдол 20 см хэмжээтэй задарсан тул ус тасалж, засна. Өнөөдөртөө энэ ажлыг хийхгүй байх. Ийм бүдүүн шугамын усыг юүлэх гэж бүтэн өдөр болдог. Тиймээс хэзээ ус тасалж, засахыг ерөнхий инженер шийднэ. Нэлээдгүй асуудалтай” гэсэн юм.

17.20 цагт “Ойрын хэдэн долоо хоногт ажлаасаа цагтаа бууж байгаа. Ер нь бол 19.00- 20.00, заримдаа 23.00 цаг хүртэл ажиллана шүү дээ. Бид бүгдээрээ л ингэж ажилладаг. Станцад ажлын цаг дуусна гэж байхгүй” гэсээр манай сурвалжлагын баатар ажлын хувцсаа солив. Энэ хооронд түүний эхнэр Д.Жавзмаа биднийг тосохоор хэдийнэ ирчихсэн байв. Ээлжийн ажилтнууд бөөн бөөнөөрөө сугадалцан автобусандаа сууцгааж харагдана. “Эхнэр ажилтай байвал автобусандаа суучихна. Заримдаа нэгэндээ дайгдаад, болдог юм аа” гэж тэр хэлэв. Харих замд нь Д.Сайханхүү, түүний гэргийгээс зарим зүйлийг тодруулсан юм. Өдөржин хамт байсан хэрнээ Сайханаа инженертэй тухтай ч ярьж амжаагүй юм билээ. Тэрбээр “ДЦС IV” ТӨХК-ийн Дулаан хянах хэмжүүр автоматик цехэд анх засварчнаар ажилд орсноосоо хойш тус цехийнхээ ээлжийн дарга, 1999 оноос ээлжийн инженер, ашиглалтын инженер зэрэг алба эрхэлж, станцад 19 дэх жилдээ ажиллаж буй юм байна.

Тэр эхээс дөрвүүлээ, айлын гурав дахь хүүхэд. Том ах нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн донорын асуудал хариуцсан эмч, доктор Д.Баян-Өндөр. Эгч нь мөн томоохон эмнэлгийн эмэгтэйчүүдийн их эмч. Харин бага нь Д.Сайханхүүгээс 13 дүү. Өдгөө Турк улсад биологи, генетикийн чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар суралцаж буй аж. Тэрбээр эцэг эхээрээ маш их бахархдаг гэж хэлсэн. Ээж Л.Навчаа “ДЦС IV”-ийн анхны ажилтнуудынх нь нэг бол аав нь БНМАУ-ын аж үйлдвэрийн анхны гавьяат инженер.

Аав ээж нь хоёул ажлын гараагаа “ДЦС II” ТӨХК-иас эхэлжээ. Тус станцыг хятадууд барьсныг уншигчид мэдэх буй за. 1961 онд хоёр орны харилцаа муудаж, тэд станцыг орхин нутаг буцахад түүний аав С.Дагвадорж тэргүүтэй ажилтнууд нь хятад ханзаар бичсэн схем, эрлентэйгээ л үлдсэн гэнэ лээ. Түүний аав 70 хүртлээ “ДЦС IV”-т ажиллаж байгаад 2008 онд тэтгэвэртээ гарсныхаа дараа буюу 2012 онд өвчний улмаас таалал төгсжээ. “Аав, ээж минь хөдөлмөрч улс. Хүүхдүүдээ ч зөв хүмүүжүүлсэн гэж би боддог. Би тэднийхээ мэргэжлийг өвөлсөн. Одоо харин мэргэжлээ үр хүүхдэдээ өвлүүлэхийг хичээдэг. Гэхдээ хүүтэй болвол шүү дээ (инээв). Охидоо станц руу оруулна гэхээс халгаад байдаг юм. Нөхцөл нь хүнд шүү дээ” гэж Д.Сайханхүү ярив.

18.00 цагт Биднийг гэрт нь ирэх үеэр том охин С.Ану-Үжин нь дүүгээ цэцэрлэгээс нь аваад ирж таарав. Өглөө ажил, албандаа явцгаадаг Монголын нэгэн гэр бүл ийн цуглацгаав. Уг нь хоёр охин ээж ааваасаа урьтаад гэртээ ирчих ёстой байж л дээ. Гэгээнээ охины “маршрут”-аас болоод хэсэг саатсан бололтой. Тэрбээр өглөө гэрээсээ гарахдаа гэр-дэлгүүр-цэцэрлэг. Орой тарахдаа цэцэрлэг-дэлгүүр-гэр гэсэн “замаар” явж ирдэг гэнэ. Аав нь нэг удаа охиноо цэцэрлэгээс нь авчихаад маршрутыг нь мэдэлгүй, гэртээ шууд иртэл хувцсаа ч тайлалгүй, бөөн гомдол тээж байж аавтайгаа буцаад дэлгүүр явсан гэнэ лээ. Байнга үйлчлүүлдэг дэлгүүртэй. “Одоохондоо балчир болохоор яалтай ч билээ. Удахгүй “ухаан” ороод, том болохоороо гайгүй болох байлгүй дээ” хэмээн ээж аав нь “өмөөрнө”.

Ирсэн зочдодоо асуулгүй цай, хоолоо бариад гүйдэг монгол эзэгтэйн шинж Д.Жавзмаад ч бий. Хүмүүнлэгийн ажил олон жил хийсэн болоод ч тэр үү их найрсаг, нийтэч болох нь анзаарагдсан. Тэрбээр “Миний хань хөдөлмөрч, уйгагүй хүн. Нэг зорьсон л бол түүндээ хүрэх гэж их хичээдэг. Заавал хүрдэг махруу зантай. Манай хадам аав яг ийм хүн байсан. Чөлөөт цагаа гэр бүлтэйгээ, охидтойгоо өнгөрөөхийг илүүд үздэг. Бид эзэмшсэн мэргэжил, эрхэлж буй ажлынхаа ачаар амьдарлаа цогцлоож яваа жирийн нэгэн залуу гэр бүл. Энэ айлын эзэгтэйн хувьд хэдэн зүйл эрхэмлэж явдаг. Нэн түрүүнд гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг боддог.

Өдөр тутмын хоол хүнс, гэрийн ажлууд, хүүхдүүдийнхээ дугуйлан, сургалт гээд бүгдийг төлөвлөж, амжуулдаг. Энэ бүхэн энгийн атлаа хариуцлага гэх үү дээ. Нийгэм хөгжихийн хэрээр хүмүүсийн дунд хүндлэл, хүлээцтэй бас хүмүүнлэг харилцаа ус агаар мэт хэрэгтэй болсон үед гэр бүлдээ, ажилдаа, эргэн тойрныхондоо өөрөөс хамааралтай бүхий л зүйлд энэ хандлагыг бий болгохыг хичээдэг. Бид хоёр хүүхдүүддээ эх орондоо хэрэгтэй хүн болоорой энэ тэр гэж хэлдэггүй. Өөрийнхөө төлөө амьдар, хий, бүтээ гэж захидаг. Сайханаа бид хоёрын уриа шахуу үг л дээ. Аливаа зүйлийг өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Нэг монгол хүн, нэг монгол гэр бүл сайн, сайхан амьдрах нь улсдаа оруулж буй хувь нэмэр шүү дээ. Тиймдээ ч бид бие биенээсээ харилцан хамааралтай, ажил, амьдралаа авч яваа гэж боддог. Энэ бол гэр бүлийн инженерчлэл шүү дээ” гэж ярив.

Д.Сайханхүү аав, ээжээсээ гадна байгууллагынхаа найман удаагийн аварга Үйлдвэрлэлийн албаны хамт олноороо маш их бахархдаг. Хамт олон нь ч түүнийг хүндэлдэг, зүгээр л “сайн хүн” гэж тодорхойлсон. Нэг зүйлийг уншигчдадаа сонирхуулахад, 2006 онд Улаанбаатар хот тэр чигтээ цахилгаангүй болж, зургаан цаг орчим харанхуйд тэмтэчсэнийг мартаагүй биз. Станцад осол гардаг тэр өдөр Д.Сайханхүү ээлжинд гарч байсан юм билээ. Тухайн үйл явдлын хамгийн ойрын гэрч учраас түүнийг дурдахгүй өнгөрч боломгүй.

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА