ШӨХТГ арилжааны банкуудыг давж заалдах шатанд яллаа

2015 оны 03 сарын 13

Арилжааны банкууд зээл олгохдоо шимтгэл, хураамж нэрээр мөнгө суутган авдаг талаар иргэд ШӨХТГ-т удаа дараа гомдол ирүүлсний дагуу тус газрынхан 2014 онд арилжааны 13 банканд зургаан сарын хугацаатай шалгалт хийсэн байдаг. Банкууд нийт зээлийн нэг хувьтай тэнцэх хэмжээний шимтгэл иргэдээс авч байсныг шалгалтаар тогтоосон юм. Мөн банкууд зээл олгоход гарах зардлыг зээлдэгчдээс давхардуулан авсан, зээлийн шимтгэлийг “Урьдчилан тооцоолох боломжгүй нэмэгдэл зардал” гэж тайлбарлан, үүнийгээ бодит зардалд нийцэхээргүй өндөр тогтоосон зэрэг зөрчил илрүүлсэн юм.

ШӨХТГ эл зөрчлүүдийг арилгуулахаар арилжааны банкуудад улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн ч “Капитрон”, Худалдаа хөгжлийн банк, “Голомт”, “Капитал”, “Хас” зэрэг нэр бүхий есөн банк эс зөвшөөрснөөр шүүх цагдаадаа тулсан юм. Он дамжин хэл ам таталсан эл хэргийг энэ сарын 11-нд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхээр хянан шийдвэрлэжээ.

Шүүх банкуудын өмнө нь гаргасан “Улсын байцаагчийн дүгнэлт болон “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлүүдийг шүүхийн шийдвэрийн хоёр дахь заалтаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байсан ч арилжааны найман банк шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар эл хэрэг нэлээд сунжирсан юм.

Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн уржигдрын шийдвэрээр банкуудын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ШӨХТГ ялалт байгуулжээ.

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА