Манай улсад жилд дунджаар 150-200 хүн бөөрний архаг дутагдалд ордог

2015 оны 03 сарын 12

Бөөр хамгаалах дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Өдгөө цэнхэр гариг дээр амьдарч буй нийт хүн амын 72 хувийг халдварт бус өвчтэй хүмүүс эзэлдэг хэмээн ДЭМБ-ын тайланд дурджээ. Судлаачдын үзэж буйгаар тэдний тэргүүлэх эгнээнд чихрийн шижинтэй, даралт ихсэх болон бөөрний архаг өвчтэй хүмүүс ордог юм байна. Түүнээс зөвхөн бөөрний архаг өвчтэй хүний тоо 600 сая хол давжээ. Эдгээр хүмүүсийн эмчилгээнд олон улсын байгууллага болон тухайн орны эрүүл мэндийн салбар нь нийт төсвийнхөө 80 хүртэлх хувийг зарцуулдаг аж.

Нэг ёсондоо өртөг өндөртэй эмчилгээ, үйлчилгээнд бөөрний өвчин багтдаг гэсэн үг. Манай улсын хувьд ч ялгаагүй. Хүн амын дунд бөөр, шээсний замын үрэвсэлт өвчин ихсэх хандлагатай болсныг эмч нар хэлж байна. Эдгээр нь эцсийн шатандаа орж, хүндрэхдээ архаг дутагдалд оруулдаг. Тодруулбал, манай улсад жил бүр дунджаар 150-200 хүн бөөрний архаг дутагдалд ордог юм байна. Эдгээр өвчтөний заримд нь донор олддоггүйгээс хорвоог орхисон тохиолдол ч бишгүй аж.

Ийм өвчин тусвал тухайн хүн бөөрөө солиулах мэс засал хийлгэхээс өөр аргагүй. Тиймдээ ч олон хүн гадаад, дотоодод өндөр өртгөөр эмчилгээ хийлгэж байна. Өдгөө Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн 98-99 дэх хүнд бөөр шилжүүлэн суулгах гэж буй. Өмнө нь бөөр солиулсан хүмүүсийн олонх нь хөдөлмөрийн насныхан байжээ. ЭМСЯ-ныхны хэлж буйгаар сүүлийн таван жилд хүн амын дундах нийт өвчний гуравдугаарт бөөрний архаг дутагдал орж байгаа бол нийт хэвтэн эмчлүүлэгсдийн олонхийг нь бөөрний өвчтэй хүмүүс эзэлжээ.

Энэ нь нэг талаасаа өвчнийг эрт үед илрүүлэх боломж, нөхцөл дутмаг, нөгөөтэйгүүр тухайн хүний амьдралын буруу хэв маяг, эрүүл мэндийн боловсролтой нь шууд холбоотой аж. Тиймээс манайхан үүнээс урьдчилан сэргийлэх, энэ талаарх хүн амын дундах мэдлэг мэдээллийг нь дээшлүүлэх зорилгоор бөөр хамгаалах өдрийг 2009 оноос хойш тэмдэглэж иржээ.

Өнөө жил ЭМСЯ эмнэлгүүдийн дотрын эмч нарт сургалт зохион байгуулж, эмчилгээ, оношилгооны орчин үеийн аргуудыг эмч нарт хүргэхийг зорьж байна. Мөн эл өдөр эмнэлгүүдийн Дотрын тасаг иргэдэд бөөрний үзлэг, шинжилгээ хийн, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгнө.

О.БАТ-УНДРАХ

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА