Н.ОЮУНДАРЬ: УУРАГ ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭВЭЛ БӨӨРНИЙ ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АЛДАГДУУЛНА

2015 оны 03 сарын 12

“The Lancet” сэтгүүлийнхэн хамгийн эрүүл хоолтой улс үндэстний жагсаалтыг саяхан нийтэлжээ. Кэмбрижийн их сургуулийн эрдэмтэд 187 орны хүн амын хооллолтыг сүүлийн 20 гаруй жил судалж, тогтоосны үндсэн дээр Чад улс тэргүүлсэн байна. Харин манай улс эрүүл бус хооллодог орнуудын жагсаалтыг өнгөлж явна. Тодруулбал, тэргүүн эгнээнд Туркмен, Словак удаалсан бол Монгол гуравт эрэмбэлэгджээ. Эрүүл бус хооллодог орнууд хүнсэндээ голдуу хонь, үхэр, адууны мах хэрэглэдэг нь судалгаагаар тогтоогдсон байна. Бид идэж, ууж буй хоол хүнсэндээ төдийлэн анхаарал тавьдаггүй, зөв зохистой хооллож чадахгүй байгааг энэ судалгаа нотоллоо. Тэгвэл бид хэрхэн зөв зохистой хооллох вэ. Хэрхэн эрүүл хүнс сонгож сурах вэ. Эдгээр нь хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг юм бол. Монголын органик ногоон хүнсний холбоо, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг хамтран Монголд анх удаа “Ходоод амраах сар”-ын аяныг ирэх сарын 1 хүртэл өрнүүлж буй. Энэ хүрээнд иргэдийн зөв зохистой хооллох мэдлэгийг жаахан ч атугай нэмэгдүүлэхээр VEG сургалтын төвийн захирал, хоол зүйч Н.Оюундарьтай ярилцсан юм.

-Хоол хүнсээ хэтрүүлэн хэрэглэх нь бие махбодийг туйлдуулж, эрүүл мэндийн олон асуудал үүсгэдгийг бид мэддэг ч идсээр л байдаг. Магадгүй их идэх нь ямар нэгэн өвчний ул суурь болдгийг мэддэггүй, энэ талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байдагтай холбоотой юм болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Монголчууд бид баяр тэмдэглэх дуртай ард түмэн. Ялангуяа Цагаан сар олон хоног үргэлжилдэг тул хоол хүнсний хэрэглээ замбараагаа алддаг. Гэлээ гээд бид хэмжээгээ мэдэж иддэг бил үү. Тиймдээ ч жил жилийн гуравдугаар сард монгол хүн бүрийн ходоод ихэд туйлддаг тул дотор эрхтэнээ сайтар амраах хэрэгтэй. Дан ганц баяр ёслол ч гэлтгүй өдөр тутмын амьдралдаа хүмүүс хоол ундаа хэтрүүлэн хэрэглэх, удаан хугацаагаар өлөн байсны дараа гэнэт их хэмжээгээр идэх нь олон өвчний эх үүсвэр болдог. Зарим хүн их идлээ гээд яав л гэж, өлслөө гээд тураад үхчихгүй гэх мэтээр буруу ойлголттой байдаг. Хоолоо зөв тохируулан хэрэглээгүйгээс цээж хорсох, цусан дахь өөх тос, чихэр, холестерол нэмэгдэн, даралт ихсэх, зүрх, уушгины багтраатай болох, нойр булчирхай нь муудах, цаашлаад элэг, цөс, бөөр нь гэмтэн, үе мөч рүүгээ нөлөөлдөг. Түүнчлэн бие махбодийн бодисын солилцооны хэвийн үйл ажиллагааг алдагдуулснаас болоод таргалуулж, улмаар элгийг өөхлүүлж, хорт хавдар үүсгэдэг. Зөвхөн хоол хүнсээ хэтрүүлэн хэрэглэх, зөв зохистой хооллоогүйгээс л ийм өвчнүүд тусдаг байх нь. Эдгээр нь хувь хүн болоод тухайн өрх, улс орны эдийн засагт хүртэл дарамт учруулдаг. Монголын хүн амын дундах нас баралтын тэргүүлэх шалтгаануудад зүрх судасны эмгэг (35.1 хувь), хорт хавдар (23.4 хувь), хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг (8.4 хувь) багтаж, нийт нас баралтын 67 хувийг эзэлж байгаа. Учир нь монголчууд хоолоор авах нийт уураг, өөх тосныхоо 80 гаруй хувийг амьтны гаралтай бүтээгдэхүүнээс авдаг. Хүнсний ногоо ба жимс жимсгэнэ бага хэрэглэдэг нь дээрх халдварт бус өвчнөөр өвдөхөд голлох нөлөө үзүүлж байна.

-Сүүлийн үед зарим хүн цагаан хоол түлхүү хэрэглэх болжээ. Харин зарим нь үүнийг буруушааж, Монгол орны уур амьсгал эрс тэс учраас мах идэж байж л хүч тамиртай байдаг гэх юм. Хүн эрүүл байхын тулд махнаас татгалзах ёстой гэж та бодож байна уу?

-Цаг уур, газрын байрлалаас үл хамааран дэлхийн хүн төрөлхтний биеийн онцлог бүгд ижилхэн. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн ходоод өвсөн тэжээлтэн амьтны хоол боловсруулах эрхтэнтэй адилхан байдгийг судлаачид тогтоосон байдаг. Энэ нь он цагийн явцад өөрчлөгдөж, махан идэштэн болсон гэдэг. Монгол орны цаг уурын байдал эрс тэс ч хоолоо зөв, тохируулан хэрэглэж чадвал уураг, нүүрс усаа хангалттай хэмжээгээр авч чаддаг. Үүнд махан, эсвэл ургамлын хоолтон байх нь огт хамаагүй. Бие махбодид хэрэгтэй амин дэмээ хаанаас авах нь гол биш. Зөв зохистой хооллохгүй л бол махан хоолтон ч тэр ургамлынх нь ч ялгаагүй тухайн хүний эрүүл мэндэд гаж нөлөө үзүүлдэг. Тэгэхээр цагаан хоол нь зөв, махан хоол буруу гэх нь өрөөсгөл. Ингэж ярьж буй хүмүүст хооллолтын талаарх мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй гэж зөвлөе.

-Заримдаа хэт их идчихээд хоолоо яаж шингээхээ мэддэггүй шүү дээ. Их хэмжээний хоолыг шингээхийн тулд ходоод, хүний бие эрхтэн хэрхэн ажилладаг юм бол?

-Тухайн бие махбодь их төдийгүй багахан хоолоо шингээх гэж ядарч, туйлдах нь ч бий. Заримдаа хоол бүрэн гүйцэд задарч, шингэдэггүй. Тухайлбал, тэжээлийн бодисыг боловсруулахад зарцуулах дулааны динамик үйлчлэл уургийн бодист 26.8 хувь, нүүрс усанд 2.8 хувь байдаг. Энэ нь хоол боловсруулах эрхтэн уургаа задлахын тулд нүүрс уснаас 10 дахин их ачаалалтай ажилладаг гэсэн үг. Махан хоолыг боловсруулахад ургамлаас 10 дахин, цагаан идээнээс тав дахин илүү ажиллагаа шаардагддаг. Уургийг зөвлөмж хэмжээнээс (эрүүл хүн биеийн жингийн кг тутамд 0.8 г/кг/ хоног, бөөрний өвчтэй хүн 0.6 г/кг/хоног) хэтрүүлэн хэрэглэх нь бөөрний хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, архагшуулдаг. Өөрөөр хэлбэл, их хэмжээний уураг бөөрний түүдгэнцрийн шүүрлийн ачааллыг нэмэгдүүлдэг. Уураг, өөх тосны хэрэглээ нэмэгдэхэд цус хүчил ихтэй болж, улмаар шээсээр их хэмжээний кальци алдаж эхэлдэг. Үүнээс болоод яс хэврэгшиж, амархан хугардаг болдог. Гадаадын эрдэмтдийн хийсэн нэгэн судалгаагаар хүн махны хэрэглээгээ хоногт 100 граммаар нэмэгдүүлэхэд хөхний хорт хавдар тусах магадлал 50-60 хувьд хүрдгийг тогтоосон байна. Тэд махан хоол хэтрүүлэн хэрэглэх нь хоол боловсруулах эрхтэн, ялангуяа нарийн, бүдүүн гэдэсний хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үздэг учраас хэрэглээг нь багасгахыг дэлхий нийтээр сануулж байгаа.

-Тэгвэл хоолноос шалтгаалсан бие махбодийн хямралаасаа хэрхэн ангижрах вэ?

-Хүн эрүүл мэндээ эмчид, эмнэлэгт даатгах бус, өөрөө хариуцах учиртай. Үүний тулд зан үйлийн буруу дадлаа өөрчлөх, хоол хүнсээ зөв сонгож хэрэглэх, идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэх нь чухал. Хоол, хүнсний зөв сонголт, зохистой хэрэглээ нь хүний эрүүл мэндийг хамгаалах, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн мэргэн сонголт. Энэ нь аливаа өвчнийг эмчлэхээс хэд дахин хялбар. ДЭМБ-ын зөвлөж буйгаар насанд хүрсэн хүн хоногт 400 гр хүнсний ногоо, жимс, жимсгэнэ хэрэглэж, идэвхтэй хөдөлгөөн хийснээр биеийн жингээ хэвийн хэмжээнд барьж болдог. Үүн дээр архи, тамхины хэрэглээгээ багасгавал халдварт бус өвчнөөс сэргийлэх, ялангуяа хорт хавдар тусах магадлалыг гурав дахин бууруулах боломжтой. Хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, бүтэн үрт цэвэршүүлээгүй үр тариа, буурцаг, шош, үр, самраар хийсэн хоол хүний эрүүл мэндэд тулгамдаад буй олон хямралыг намжаах, илааршуулах үйлчилгээтэйг хоол судлаачид нотолж буй. Тухайлбал, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, үр, самар, шош буурцгийн өнгө бүрдүүлэгч Флавонойдууд нь хүчтэй антиоксидант үйлчлэлтэй учир чөлөөт радикалыг бууруулж, исэлдлээс хамгаалах, цус өтгөрөхийг саатуулж, өөх тос багасгах, үрэвсэл намдаах шинж чанартай тул зүрх, судасны өвчин тусах эрсдэлийг бууруулдаг. Флавонойдыг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэдэг хүмүүс бага хэрэглэдгээсээ зүрхний өвчнөөр нас барах эрсдэл 60, цус харвах нь 70 хувь бага байдаг. Мөн ликопин (улаан лооль, хүрэн усан үзэм, тарвасанд байдаг улаан өнгийн нөсөөт бодис) их хэрэглэдэг хүмүүс бага хэрэглэдэгээсээ зүрхний шигдээс тусах магадлал 48 хувь бага болдгийг ч тогтоосон байдаг.

-Дэлхий нийт аль болох махнаас татгалзаж, эрүүл, зөв хооллохыг илүүд үзэх болсон гэж та яриалаа. Гэтэл бид орой хийсэн хоолоо өглөө нь халаагаад л идчихдэг. Болохгүй гэдгийг нь мэдсээр байж шүү дээ. Энэ нь бидний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг юм бол?

-Хөргөгчинд, зориулалтын температурт хадгалсан хоолыг бол идэж болно. Гэхдээ маш сайн халааж хэрэглэх ёстой. Түүнээс биш тасалгааны температурт хоёр цагаас илүү хугацаагаар байлгасан хоол хэрэглэхийг хориглодог. Өөрөөр хэлбэл, 60 градусаас дээш халуунтай, эсвэл дөрвөн градусаас доош хөргөсөн хоол идэж болно. Хоолонд нян үржих хамгийн тохиромжтой орчин нь 5-59 градус. Өдгөө айлуудын гэр, тасалгааны дундаж температур 20-30 градус байгаа. Ийм нөхцөлд хоолоо удаан хугацаагаар, ялангуяа хонуулж хэрэглэх нь тохиромжгүй. Энэ нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлж, янз бүрийн эмгэг үүсгэдэг. Тиймээс үүнээс сэргийлэх ганц арга нь хоолоо үлдэгдэлгүй хийж занших явдал юм. Ер нь зүрх судасны эмгэгтэй хүмүүс хоёр долоо хоногт нэг удаа ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр цусан дахь нийт холестерол 25, липопротейд 33, триглицерид 20 хувь буурдаг. Хүнсний ногоо, жимс тогтмол хэрэглэх нь цус харвах эрсдэлийг 27, түүгээр нас барах магадлалыг 42, зүрх судасны өвчнөөс 27, бусад шалтгаанаар нас барах эрсдэлийг 15 хувь бууруулдаг. Түүнчлэн ургамлын үр, самар тогтмол хэрэглэх нь зүрхний титэм судасны хатуурлыг 30-60 хувь хүртэл сааруулдаг. Учир нь самар, үр нь кали, магни, зэс, фолийн хүчил, Е амин дэм, хүнсний ислэг, ханаагүй тос болон фитостерол, токотриенол, полифенолууд агуулдаг юм.

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
64.119.19.199 MUNDAG bagsh shuu
202.21.106.120 Тандаа талархаж явдаг шүү. Амжилт хүсье
66.181.178.34 Saixan, xeregtei yariltslaga baina. Nogoo avax geed delguur orood xyatad nogoo gj bodoxoor durgui xureed bolichix yum. Mongol nogoochdoo demjij xyatdaas nogoo avaxaa bolyochee l gemeer bna
174.7.163.91 Баярлалаа. Маш сайхан ярилцлага байна. Цаашдын судалгаанд чинь амжилт хүсье
202.21.106.160 2017,02,12, баярлалаа
112.72.11.118 ervvl bj ervvl mendee hamgaalah ni iim enguin zvilees vvdeltei tul biee ervvl blgaj yu idej uuhaa anhaarad l hamgiin chuhal ..
122.201.24.219 ХЭРЭГТЭЙ МЭДЭЭ ӨГСӨНД БАЯРЛАА
150.129.142.71 Та юу гэж бодож байна ...tun heregtei medeelel bn. Bayarlalaa
112.72.13.153 Та юу гэж бодож байна ...bayrlalaa
27.123.214.113 Та юу гэж бодож байна ...bayplalaa. gaixamshigtai zubluguu bnaa. xvmvvcee aldxan cxn bie tsogtscoo boxipoop dvvrgecen apican tulam bvv bolgoopoi
150.129.142.243 Та юу гэж бодож байна ...ердийн дундаж орлоготой айлын эрүүл хоолны долоо хоногийн жор бичиж өгч туслаач. энэ гадуур зарж байгаа хятадаас орж ирсэн жимс идсэнээс махаа идсэн нь дээрүү? ер нь энэ талаар маш сайн тодорхой тайлбар авахыг хүсч бнаоо
150.129.142.243 Та юу гэж бодож байна ...ердийн дундаж орлоготой айлын эрүүл хоолны долоо хоногийн жор бичиж өгч туслаач. энэ гадуур зарж байгаа хятадаас орж ирсэн жимс идсэнээс махаа идсэн нь дээрүү? ер нь энэ талаар маш сайн тодорхой тайлбар авахыг хүсч бнаоо
150.129.142.243 Таны хариулт ...Дэлхийн эрүүл мэндийн байгууллага махны хэрэглэгээг бууруулах зорилттой. Учир нь хүн амын тоо ихэссэн.мал аж ахуйн бүтээгдхүүн эргэлт удаан, зардал их, байгал орчинд сөрөг нөлөөтэй гм. Тэгээд л өвс ид гээд сурталчилаад байгаа. Монгол улс гэхэд л үхэр ихтэй учир агаарт нүүрстөрөгч ихээр цацдаг орны тоонд давхиж яваа
  • 2017 оны 02 сарын 10
150.129.142.243 Ideegyi no deer. Aduunii mahaa Mongol nogootoi holiod sain I”d
  • 2015 оны 06 сарын 18

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА