“Абсалютган констракшн” хуурамч бичиг баримт бүрдүүлэн СЭТГҮҮЛЧДИЙГ ХУУРАХ ГЭЖ ОРОЛДОВ

2015 оны 03 сарын 11

“Баянгол дүүргийн IV хороо, X хорооллын 43, 44-ийн А, Б байр ны 100 гаруй айл орон сууцныхаа өмнөх талбайд авто гарааш бариулахыг эсэргүүцэн тэмцэж байна” гэсэн мэдээллийн дагуу бид уг газарт өчигдөр очсон юм. Дээрх гурван байр нь өөд өөдөөсөө харсан байрлалтай, дундаа нэг сүүдрэвч, сагсан бөмбөгийн талбайтай аж. Уг талбайг нь нурааж, газар доор нь “Абсалютган констракшн” ХХК 60 машины дулаан гарааш барихаар төлөвлөжээ. 2014 оны аравдугаар сард тус компанийнхан дээрх байрнуудын урд талд буюу 44 Б байр болон 98 дугаар цэцэрлэгийн хооронд байрлах талбайд уг авто гараашаа барихаар болж, 44 А, Б байрны иргэдээс санал авахдаа заримд нь хямд өртгөөр гарааш өгөхөөр тохиролцож, гарын үсэг зуруулжээ. “Ингэхдээ судалгаа авч байна” гэж өөрсдөө саналын хуудсыг нь бөглөн, оршин суугчдын иргэний үнэмлэхнийх нь зургийг гар утсаараа авч, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт иргэдийн 80 хувь нь зөвшөөрсөн мэтээр ойлгуулж, гарааш барих зөвшөөрлөө гаргуулсан гэнэ.

Үүнийг нь оршин суугчид мэдэж, гарааш барих зөвшөөрлийг нь хүчингүй болгуулахаар 2014 оны арваннэг, 2015 оны нэгдүгээр сард нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хүсэлт гаргажээ. Үүний дагуу нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд авто зогсоол төлөвлөх журам”-ыг өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд хүчингүй болгожээ (А/71 дүгээр захирамжаараа). Үүний дараа “Абсалютган констракшн” ХХК өөр байршилд буюу 43, 44 А, Б байрны өмнөх сагсан бөмбөгийн талбай байрлаж буй газрын доор гарааш барихаар дахин хөөцөлдөж эхэлсэн байна. Ингэхдээ тэд иргэдээс санал авалгүй, өмнөх бичиг баримтуудаа өөр хүний нэр дээр шилжүүлж, түүгээрээ тусгай зөвшөөрөл гаргуулах гэж буй талаар 44-ийн Б байрны оршин суугч Ц.Ганхуяг хэлэв.

Тэрбээр “Бөгс эргэх зайгүй энэ байрнуудын голд 60 машины зогсоол барина гэдэг байж боломгүй. Тэгээд ч 43 дугаар байрны 58 өрхөөс зөвшөөрөл аваагүй. Оршин суугчдыг залилж, өмнө нь зуруулсан гарын үсгүүдийг нь өөр зүйлд ашиглаж байгаад иргэд бухимдаж байна. Хэдийгээр бидэнд дулаан гарааш хэрэгтэй ч хүүхдүүдийн маань тоглодог, хөгшдийн нарлаж суудаг талбайг авто зогсоол, гарааш болгож болохгүй. Ингэвэл оршин суугчдын эрүүл, ая тухтай амьдрах орчныг үгүй хийж, машины хөдөлгөөн, дуу чимээ нэмэгдэж, тээврийн хэрэгслүүдээс ялгарах хүнд металл, хорт хий нь бидний эрүүл мэндэд муугаар нөлөөлж, хүүхэд багачуудад аюултай болно. Тиймээс бид өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт дахин өргөдлөө өгсөн. Учир нь уг асуудлыг энэ сарын 13-нд нийслэлийн ИТХ хэлэлцэж, батлах гэж буй юм билээ. Уг нь Э.Бат-Үүл дарга нийтийн эзэмшлийн гудамж, талбайд гарааш бариулахыг хориглосон ч тус компанийнхан өөр иргэний нэрээр өмнөх бичиг баримттайгаа яг адилхан материал бүрдүүлэн, танил талаараа дамжуулан барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл гаргуулах гэж байна” гэсэн юм.


Биднийг очих үеэр иргэн Ц.Ганхуяг “Абсалютган констракшн” ХХК-ийнхныг дуудсан байжээ. Үүний дагуу тус компанийн захирал С.Батнасан ирэв. Тэрбээр “Бид хууль бус үйл ажиллагаа явуулаагүй. Нийслэлээс байрнуудын голд авто гарааш бариулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Орон сууцнуудын ойр орчмын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад авто гарааш тус болно. Бид оршин суугчдын ая тухыг хангасан тохилог гарааш, тоглоомын талбай барьж өгөх гэж байна. Оршин суугчдаас шинээр санал авч байгаа. Иргэдийн олонх нь дэмжсэн. Тоглоомын талбай дор авто гараашаа барих бол дээр нь орчин үеийн стандартад нийцсэн тоглоомын талбай байгуулах юм. Энэ ажлыг бид гурван сарын хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөж байна. Уг бүтээн байгуулалтын ажил нь иргэд болоод байгаль орчинд хэрхэн нөлөөлөх талаар эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн. Ямар ч сөрөг нөлөөгүй болохыг нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас итгэмжилсэн” хэмээгээд шинээр баригдах авто гарааш, тоглоомын талбайн зураг төсөл болон байгаль орчны үнэлгээ хийлгэсэн баримтаа үзүүлэв.

Харамсалтай нь бидэнд үзүүлсэн байгаль орчны үнэлгээ хийлгэсэн гэх баримт нь Баянзүрх дүүргийн VII хорооны нутагт хэрэгжих “Хүүхдийн тоглоомын талбайтай, 76 авто машины зогсоол” нэртэй төсөл байв. Үүнийг нь хэлтэл өөрсдийгөө хууль зөрчөөгүй хэмээн мэлзэж, биднийг нэг талыг барилаа гэх зэргээр зандарч байв. Бид үүнийг нь баримтжуулж авсан болно. Харин оршин суугчид “С.Батнасан захирал худал хэлж байна. Биднээс шинээр санал аваагүй. Өмнө нь авто зогсоол барина гэсэн газрыг нь нийслэлийн удирдлагууд хүчингүй болгонгуут бидний гарын үсгийг ашиглан, өөр байршилд бүтээн байгуулалт хийхээр оролдож байна. Хэнээс та нар санал авсан юм” гэж маргалдав. Хариуд нь С.Батнасан захирал “Өмнө нь гарааш барих гэж байсан нийтийн эзэмшлийн газрыг танай байрны гурван иргэн хуваагаад авчихсан байсан. Та нар намайг ингэж хардахын оронд тэр Ц.Ганхуяг гэдэг хүнийг шалга. Тэр өөрөө гарааш барихын тулд бидний ажилд санаатайгаар саад хийж байна” гэх мэтээр талууд нэлээд маргалдав. Ямартай ч шийдвэр гаргагчид хоёр талын байр суурийг сайтар шалгаж, зөв шийдвэр гаргахгүй бол хаа хаанаа асуудал бий бололтой.

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА