СӨХ-ны дээд зөвлөлийг хүссэн хүсээгүй татан буулгана

2015 оны 03 сарын 06

Манайх сар бүр СӨХ-ндоо 30-40 мянган төгрөг төлдөг ч орцны цэвэрлэгээ муу, эргэн тойрон хог хаягдлаар дүүрэн, жижүүрүүд “Цалин бага” гээд орцоо манахаас үргэлж зугтаадаг. Гэтэл орцоо цэвэрхэн, тухтай, байнгын жижүүртэй байлгах гэж өгдөг бидний энэ мөнгөнөөс СӨХ-ны дээд зөвлөл гэх, хуулиас гадуур үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага хумсалдгийг хоёр жилийн өмнө мэдсэн юм. Тус зөвлөл 1999 онд байгуулагдсан цагаасаа хойш оршин суугчдын СӨХ-ндоо тушаадаг мөнгөнөөс луйвардаж авдаг байсныг ШӨХТГ-ын дарга асан О.Магнай 2012 онд СӨХ-дод хийсэн хяналт шалгалтаараа илрүүлснээр энэ хэрэг олон нийтэд ил болсон.

Тухайн үед уг асуудлыг шүүхийн байгууллагаар шийдүүлж, СӨХ-ны дээд зөвлөл гэх байгууллагыг татан буулгах хүртэл арга хэмжээ авсан ч тус зөвлөлийн удирдлагууд “Ахин бид айл өрхөөс янз бүрийн татвар хураамж авахгүй. Манайхыг битгий татан буулгаач. Цаашид үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулна” хэмээн ам өчиг өгч, ШӨХТГ-тай эвлэрлийн гэрээ байгуулсан байдаг. Гэсэн ч тус зөвлөлийнхөн энэ гэрээгээ зөрчин иргэдээс, СӨХ-доос ахин татвар татаас авч эхэлсэн байна. Иймд ШӨХТГ-ынхан эл байгууллагыг бүр мөсөн татан буулгахаар нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаад байгаа аж.

Энэ талаар ШӨХТГ-ын дэд дарга А.Ариунболдоос тодрууллаа.

-СӨХ-ны дээд зөвлөлтэй холбоотой асуудал ямар шатандаа явна вэ?

-Манайд иргэдээс ирж буй нийт өргөдөл гомдлын дийлэнх нь СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой байдаг. Тиймээс нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 600 орчим СӨХ-г 2012 онд шалгасан юм. СӨХ-дыг мөнгөө зөв захиран зарцуулахгүй байгаа гол шалтгааны нэг нь дээд зөвлөл гэх төрийн бус байгууллагатай холбоотой болох нь нотлогдсон л доо. Энэ байгууллага нь нийгэмд үйлчлэх статустай хэрнээ гишүүнчлэлийн үйл ажиллагаа явуулж, СӨХ-дыг өөртөө гишүүнээр элсүүлсэн байсан. Ингэхдээ заавал дээд зөвлөлийн гишүүн байх ёстой мэтээр иргэд, СӨХ-нд буруу ташаа ойлголт өгч, улмаар манайд элсэхгүй бол цахилгаан, дулаанаар хангахгүй, тасална, цуцална гэх зэргээр дарамталж, ДЦС, УБЦТС ТӨХК-тай тохиролцох замаар энэ үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байжээ.

Үүнийхээ дараа СӨХ болгоноос хоёр хувийн татвар аван, хяналт шалгалт хийсэн нэр зүүж, зөвлөмж өгч баримтын төлбөр хүртэл авдаг байсан юм билээ. Гэх зэргээр СӨХ-ны дээд зөвлөл өнгөрсөн хугацаанд СӨХ-доос нийт 568 орчим сая төгрөг хураан өөрсдийн дансанд төвлөрүүлсэн байсан. Түүнчлэн иргэдийг албадан аль нэг байгууллагад гишүүнээр элсүүлэхийг хориглодог Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь ноцтой зөрчсөн, жишиг тариф гээчийг дур мэдэн баталжээ. Хуулийн дагуу СӨХ өөрөө айлаас авах төлбөр хураамжаа тогтоох ёстой. Ингэхдээ тухайн байрны ашиглалтын хугацаа, хэр засвар хийх шаардлагатай, харуул, жижүүр, үйлчлэгч гээд хэчнээн ажилтантай байхаасаа хамаараад СӨХ-ны тарифыг бодитой тооцож, авах ёстой. Гэтэл дээд зөвлөлийнхний баталсан жишиг тарифаас болоод шинэ байранд орсон иргэд хуучин байранд амьдардаг оршин суугчтай яг ижил хураамж төлж болохгүй биз дээ.

-Тэгвэл энэ удаа СӨХ-ны дээд зөвлөлийг татан буулгаж чадах болов уу?

-ШӨХТГ 2013 онд тус байгууллагыг татан буулгахаар шүүхэд хандсан ч, тухайн үед дээд зөвлөлийнхөн манайхтай эвлэрлийн гэрээ байгуулж, цаашид иргэдээс ямар нэгэн татвар хураамж авахгүй гэж тохиролцсон. Гэсэн хэрнээ өнгөрсөн хугацаанд тэд гэрээгээ зөрчин, холбоодыг өөртөө гишүүнээр элсүүлж, үгүй гэснийг нь дарамталж, нийслэл болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийх засвар, үйлчилгээнд хамруулахгүй гэсэн байгаа юм. Энэ талаар олон иргэн манайд гомдол мэдүүлж, шийдвэрлэж өгөхийг биднээс хүсэх болсон. Тэд нэгэнт эвлэрлийн гэрээгээ зөрчсөн тул бид СӨХ-ны дээд зөвлөлийг татан буулгах асуудлыг шат шатны байгууллагад тавьсан.

Шүүх байгууллага хоёр талын эвлэрлийн гэрээг баталгаажуулан, тогтоолоо гаргасан тул СӨХ-ны дээд зөвлөл давж заалдах, ахин зарга үүсгэх эрх зүйн боломжгүй. Иймд шүүх ШӨХТГ-ын нэхэмжлэлийг албадан гүйцэтгүүлэх шийдвэр гаргасан. Үүний хүрээнд ШӨХТГ өнгөрсөн хоёрдугаар сарын 10-нд нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд энэ хэрэгтэй холбоотой материалаа уламжилсан. Өдгөө шийдвэр гүйцэтгэгчид уг байгууллагыг албан хүчээр татан буулгаж, иргэдийн хохирлыг барагдуулах юм. Хэзээ татан буулгах, хэр хугацаанд оршин суугчдын өр ширийг барагдуулах зэрэг процессыг шийдвэр гүйцэтгэгчид хуулийн хүрээнд хэрэгжүүлнэ. Харин бид гүйцэтгэлийг нь хянаж, шаардлага тавих байдлаар л энэ ажилд оролцоно.

-Гаргаад өгөх 568 сая төгрөг СӨХ-ны дээд зөвлөлд байгаа болов уу. Өмч хөрөнгө юу байдаг бол. Түүнийг үрж шамшигдуулахаас сэргийлж, битүүмжилсэн үү?

-Төрийн бус байгууллагын тухай хууль, дүрмийн дагуу СӨХ-ны дээд зөвлөлийн эд хөрөнгийг ижил төстэй буюу нийгэмд үйлчлэх үүрэгтэй бусад төрийн бус байгууллагад шилжүүлнэ. Эсвэл улсын орлого болгох, эсэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шийдэх байх. Нэмж хэлэхэд, СӨХ-дод дээд зөвлөл гэдэг байгууллага огт байх ёсгүйг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасан байдаг.

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.229.121.246 СӨХ-н хуралд очиж үзээгүй манагууд л ийм юм ярина даа.Нэг аятайхан ажил хийе гээд санал гаргаад тэрнийгээ санхүүжүүлэх мөнгийг цуглуулъя гэхэд эхнэр,нөхөр,хүүх эд гурвуулаа Форд,,Ландкруйзе р жип унадаг баян новш мөнгөө өгөхгүй байдаг л юм байна лээ. Ийм ёс зүйтэй нийгэмд ийм хог шаарнуудаас тэдний саналаар мөнгө аваад сөх-н ажлыг явуулна гэвэл санасны гарз.Тийм учраас хуучин социализмын үеийнх шиг хатуу тарифаар авдаг болсон нь бараг онох байх.Тэгэхгүй бол удахгүй өөрсдөө орцоо угаахаас өөр аргагүй болно. жинхэнэ гахайн хороо болно биз дээ.Тиймээс энэ СӨХ гэдэг байгууллага заавал байх ёстой юм байна гж ойлгосон.Та юу гэж бодож байна ...
122.201.21.175 Та юу гэж бодож байна СӨХ гэж байх шаардлага байхгүй. Нийтийн эзэмшлийн талбай , гадна тохижилт хүүхдийн тоглоомын талбай ... гм зүйлийг хариуцна гэдэг боловч амьдрал дээр хийсэн зүйлгүй ах дүүгээрээ ба найз танилаараа нийлж дураараа СӨХ-ийн дарга байцаагч болж.мөнгө завших газар болсон Төлбөрөө дураараа нэмнэ бараг л халаалт дулааны төлбөртэй адилхан болоод бна..
195.93.129.114 Зев. Татан буулгаад 2014 оноос дураараа тогтоосон СЕХ-ийн менгений хэмжээг хучингуй болгох. Сууц емчлегчид еерсдее унээ тогтоох байтал наад даварсан нехедтэй чинь нийлэн СЕХ-ийн дарга нэртэй хулгайч нар дураараа унэ нэмж авч эхэлсэн.

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА