Эрүүл мэндийн даатгалын багцад шинэ үйлчилгээнүүд нэмэгдлээ

2015 оны 03 сарын 06

Манай улсын эрүүл мэндийн салбар өндийж чадахгүй байгаа нэгэн шалтгаан нь даатгалын системтэйгээ холбоотой гэж учир мэдэх хүмүүс ярьдаг. Тэгвэл энэ бүхнийг өөрчлөхөөр Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг санаачлан УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн, өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд баталсан. Ингэснээр даатгуулагч жилдээ 1.8 сая төгрөгийн тусламж, үйлчилгээний төлбөрөө өөрөө ашиглаагүй тохиолдолд гэр бүлийн хэн нэгэн гишүүндээ шилжүүлэх эрхтэй болж буй юм.

Мөн эрүүл мэндийн даатгалын багцад өндөр өртөгтэй, шинэ эмчилгээ, үйлчилгээнүүд нэмэгдэн оржээ. Тухайлбал, хавдрын өдрийн, туяаны эмчилгээ, өрх, багийн Эрүүл мэндийн төв болон гэрээр үзүүлэх эмчилгээ, асаргаа, сувилгаа, оношилгооны зардал багтсан байна. Дээрээс нь өртөг өндөртэй мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, ортопед, портез, хиймэл эрхтэн зарим цорго эмчилгээнүүд ч оржээ. Мөн энэ хууль хэрэгжиж эхэлснээр аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн нарийн мэргэжлийн эмч нарын жороор бичсэн эмэнд үнийн хөнгөлөлт үзүүлэх юм байна.

Уг хуульд чухал заалтууд тусгагдсаны нэг нь иргэдээ товлосон хугацаанд нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлээс нь хамааруулаад урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд заавал хамруулж байхаар боллоо. Үүнд шаардагдах бүх зардлыг Даатгалын сангаас санхүүжүүлэхээр зохицуулжээ. Мөн даатгуулагч бүр цахим карттай байх бөгөөд түүгээр нь даатгуулагчийн хувийн намтар, шимтгэл төлсөн, эсэх, шаардлагатай эрүүл мэндийн үзлэгийнх нь бүх мэдээллийг харж болох аж. Дашрамд дурдахад, оюутнуудын шимтгэлийг төрөөс хариуцдаг байсныг болиулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон, өөрсдөөр нь төлүүлэхээр болжээ. Эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн хуулийг долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлнэ.

О.УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА