Орон сууцны талбай дутаадаг компаниудтай БХБЯ, ШӨХТГ хамтран тэмцэхээр боллоо

2015 оны 03 сарын 05

ШӨХТГ-т иргэдээс өдөрт 20-30 өргөдөл гомдол ирдгийн дийлэнх нь барилгын талбай дутсан тухай аж. Энэ нь барилгын салбарын бодлого анхнаасаа алдаатай явж ирснийг, компаниудад барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх тусгай зөвшөөрөл олгох, Улсын комисс хүлээн авахдаа нарийн шаардлага, шалгуур тавьдаггүйгээс, талбайг гэрээнд заасан хэмжээнээс нь дутаасан, эсэхийг шалгадаггүйгээс өнөөдөр 70 гаруй компани 1000 орчим иргэнийг 3.7 тэрбум төгрөгөөр хохироочихоод байгаа. ШӨХТГ үүнээс 1.5 тэрбумыг нь компаниудаар төлүүлсэн ч үлдсэн 2.2 тэрбум төгрөгийг барилгынхан төлөхөөс татгалзан, шүүх цагдаадаа тулаад байна.

Тиймээс цаашид барилгын компаниудыг дур зоргоор нь аашлуулж, иргэдийг хохироолгохгүйн тулд өчигдөр Барилга, хот байгуулалтын яам, ШӨХТГ хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар “Барилгын салбарт хэрэглэгч маш чухал. Тиймээс тэдний эрх ашгийг ийнхүү бодлогодоо тусгаж байгаа юм. Энэ санамж бичгийг байгуулснаар ШӨХТГ манай яамны шийдвэр гаргах бүхий л механизмд гишүүний хувьд оролцож ажиллана. Удахгүй барилгын ажил эхлэх гэж буйтай холбогдуулан сайдын улсын үзлэг зохион байгуулах гэж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, чанар, стандарт талаасаа ч бүх зүйлийг нь хянаж, шалгана” гэсэн бол ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан “Өрсөлдөөний болон Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэхэд нэлээд хэдэн бэрхшээл тулгардаг.

Хамгийн түгээмэл нь компаниуд иргэдэд худалдсан орон сууцныхаа талбайг гэрээнд заасан хэмжээнээсээ дутаадаг зөрчил юм. Ийм дутагдал гаргасан зарим компани манай байцаагчийн албан шаардлагыг эсэргүүцэн, шүүхэд хандаад байгаа. Өөрөөр хэлбэл, холбогдох байгууллагууд анхнаасаа уялдаа холбоогүй, зохион байгуулалтгүй ажилласнаас болоод иргэд хохироод үлдэж байна. Байрандаа нэгэнт орчихсон иргэдийн хохирлыг 100 хувь барагдуулах механизм манайд хангалтгүй байгаа нь үнэн.

Тиймээс цаашид ийм зөрчил дутагдал нэмж гаргуулахгүй, бүрмөсөн таслан зогсоох үүднээс санамж бичиг байгууллаа. ШӨХТГ-ын төлөөлөл БХБ-ын сайдын зөвлөлд, барилгын тусгай зөвшөөрөл олгох процесс, тухайн барилгыг Улсын комисст хүлээн авахад, БХБЯ-наас явуулж буй хяналт шалгалт гээд барилгын салбартай холбоотой бүхий л ажилд нь санал бодлоо илэрхийлж, хамтран ажиллахаар боллоо. Барилгын компаниудын шударга өрсөлдөх нөхцөлийг хангах, хэрэглэгчийн эрх ашгийг цаашид хохироохгүй байхын төлөө л бид ажиллана. Барилгын компаниудыг орон сууцаа Улсын комисст хүлээлгэн өгөхөд нь гэрээнд заасан хэмжээнээсээ талбай дутаасан, үгүйг шалгадаг болчиход л энэ зөрчил алсдаа арилна” гэсэн юм.

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА