ҮНЭ НЭМЭХ ҮҮ, ҮҮДЭЭ БАРИХ УУ?

2015 оны 03 сарын 05

Та бидний иддэг талхыг үйлдвэрт бариад, түгээгч түүнийг дэлгүүрүүдэд тарааж, харин бид дэлгүүрээс худалдаж авдаг. Эрчим хүч яг ийм зарчмаар үйлдвэрлэгдэж, хэрэглэгчдэд хүрдэг. Талхны үйлдвэрүүд долларын ханш, гурилын үнийн өсөлт, ажилтнуудын цалин хөлс, НӨАТ зэрэг зардлаа бүтээгдэхүүндээ шингээн үнээ ямагт хэлбэлзүүлдгийг бид мэднэ. Харин эрчим хүчний салбар өнө эртнээс зах зээлийн зарчмаас ангид, үнэ нь чөдөртэй хэвээр үлдсэн. Тэгвэл Монгол Улсад цахилгаан, дулааныг хэрхэн үйлдвэрлэж, дамжуулж, түгээдгийг, хэр олон хүний хүч, хөрөнгө, хөдөлмөрөөр хэрэглэгчид хананаасаа халуун ус авч, гэрэлтэй гэгээтэй, халуун дулаан амьдардаг юм бол. Үүнийг сурвалжлахаар “ДЦС IV”, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, УБЦТС ТӨХК-иар өнгөрсөн баасан гаригт зочилсон юм.

ЦАХИЛГААНЫ ҮНИЙГ ЖААХАН НЭМЭХЭД Л АЛДАГДАЛГҮЙ АЖИЛЛАНА

Манай улс ДЦС, сэргээгдэх эрчим хүч (“Салхит” станц), импорт (ОХУ) гэсэн эрчим хүчний гурван эх сурвалжтай. “ДЦС IV” ТӨХК-д биднийг очиход станцын удирдлагууд найрсгаар хүлээн авч, үйлдвэрийнхээ шат дамжлагатай танилцуулан, тулгамдаж буй асуудлуудаа хэлсэн юм. Тус компанийн Үйлдвэрлэлийн албаны дарга Р.Ганбат “Станцын үйл ажиллагаанд ямар нэгэн асуудал байхгүй. Ганц зовлон нь үнэ тариф. Бид үйлдвэрлэсэн цахилгаан, дулаанаа хамгийн хямд өртгөөр хэрэглэгчдэд нийлүүлдэг учраас алдагдалтай ажилласаар ирсэн. Манай станц уг нь 31 настай залуу үйлдвэр. Харин үйлдвэрийн ажилчдын олонх нь энэ л станцтай гуч шахам жилийн амьдралаа холбосон ахмадууд. Тиймээс ажилчдын нийгмийн даатгалд төлдөг мөнгө ч нэлээд нэмэгдэж байна. Мөн улс орны эдийн засаг хямралтай байгаа учраас төсөв нэлээд танагдсан. Бид засвар, үйлчилгээгээ ч хийж чадахгүйд хүрээд байна. Ийм байдалтай удвал станцын ажиллагаа доголдоход хүрнэ. Цаашлаад Монгол Улсын аюулгүй байдалд ч нөлөөлнө” гэсэн юм.

Монгол Улсад эрчим хүч үйлдвэрлэж, дамжуулж, түгээж байгаа зардлууд өөр хоорондоо харилцан адилгүй. Жишээлбэл, “ДЦС II” нэг кВт/ц эрчим хүчийг 101.84, “ДЦС III” 83.13, Дарханы ДЦС 133.55, Эрдэнэтийнх 166, “Салхит” станц 184 төгрөгөөр үйлдвэрлэдэг бол ОХУ-аас нэг кВт/ц эрчим хүчийг Монгол Улс 161.38 төгрөгөөр импортолдог. Гэтэл “ДЦС IV” ТӨХК хамгийн хямд буюу 46.57 төгрөгөөр дамжуулах компанид нийлүүлдэг. Хамгийн хямд үнээр эрчим хүч үйлдвэрлэдэг, хамгийн том ганц станц маань алдагдалтай байхад бусад станц үүнээс ч их алдагдалтай ажиллаж байгаа нь ойлгомжтой. Эднийд мөн борлуулалт бүрэн төвлөрдөггүй бас нэг зовлон бий. Өнгөрсөн оны эцэст “ДЦС IV” 19.9 тэрбум төгрөгийн авлагатай байсан бол он гарсаар энэ тоо нэмэгдэж, 21 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнийг дагаад үндэсний компаниуд өрийн сүлжээнд орооцолдсон байх юм. Тодруулбал, тус станц нийт санхүүжилтийнхээ 51 хувийг нүүрс авахад зарцуулдаг бөгөөд Багануур, Шивээ-Овоогоос авсан нүүрснийхээ төлбөрийг бүрэн өгч чадаагүй. Мөн засвар, үйлчилгээ хариуцдаг бусад бэлтгэн нийлүүлэгч компаниуддаа нийт 7.2 тэрбум төгрөгийн өртэй байгаа аж. Тиймээс энэ хүнд байдлаасаа гарахын тулд эрчим хүчнийхээ үнэ тарифыг жаахан ч гэсэн нэмэх хэрэгтэй байна” гэж тэд учирлаж байлаа.

Энэ янзаараа үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлбэл тун удахгүй төвийн бүсийн цахилгаан, дулаан доголдож, нэг кВт/ц цахилгааныг 200 төгрөгөөр авъя гээд ч тэр үед оройтно шүү гэдгийг ч давхар сануулж байв. Тус станц өдөрт 12 сая кВт/ц цахилгаан, 15 мянган Гкал дулаан (өвөл), зундаа 8-9 сая кВт/ц эрчим хүч, 5-6 мянган Гкал дулаан үйлдвэрлэж байна. Үүнийг үйлдвэрлэхийн тулд хоногт 150- 160 вагон нүүрс түлж, биднийг дулаан байлгахын тулд усаа 105 градус хүртэл халааж, 1500 орчим хүн үйлдвэрийн хүнд нөхцөлд амь бие, эрүүл мэндээ үл ажран, нойр хоолгүй зүтгэдгийг энд дурдахгүй өнгөрч боломгүй. Үүний дараа бид “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-иар орсон юм. Эднийх Улаанбаатар болон 15 аймгийн 209 сум, сууринд цахилгаан дамжуулдаг. Эл салбарт тулгамдаад буй олон асуудал эднийд ч бас бий. Тус компанийн Улаанбаатар салбарын ерөнхий инженер Д.Жаавай “Улаанбаатар, Төвийн, Хангайн, Зүүн-Өмнөд, Говийн бүсийн салбаруудын эрчим хүч хуваарилах байгууламжууд хуучирсан. ОХУ-д 1967, 1972 онд үйлдвэрлэсэн трансформаторуудтай. Уг нь эдгээрийг 20 жил ашиглаад актлах ёстой ч бид хэрэглэсэн хэвээрээ байна.

Тус компани шугам сүлжээгээ шинэчлэх, тоног төхөөрөмжөө сайжруулах гээд олон тулгамдсан асуудалтай. Гэвч бас л хөрөнгө санхүүгийн бэрхшээлтэй тулгарчээ. Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний 60 гаруй хувь нь 30-аас дээш жил ашиглагдсан буюу элэгдэж хуучирсан. Сүүлийн жилүүдэд нийслэлийн цахилгааны ачаалал жилд дунджаар 20-30 мВт-аар нэмэгдэж байгаа. Одоо ажиллаж байгаа 110 кВ-ын дэд станцууд 95-100 хувийн ачаалалтай ажиллаж, Улаанбаатар хотын цахилгааны найдвартай байдлыг хангаж чадахгүйд хүрсэн гэдгийг тэрээр тодруулж байсан юм. Үүнээс гадна нийслэл хотын хүн ам ихэссэнтэй холбогдуулан хуучин болон одоогийн эрчим хүчний системийн ачаалал доголдож байгаа. Шинээр орон сууц болон гэр хорооллууд нэмэгдэж байгаа учраас эрчим хүчний ачаалал эрс нэмэгдэж байгаа. Үүнийг сайжруулахын тулд шинээр 220,110 кВ-ын Цахилгаан дамжуулах шугам дэд станцыг барих төсөл хэрэгжиж байгаа. “Их тойрог”-ын дэд станцууд гэж нэрлэгдэж байгаа эдгээр станц ашиглалтад орвол дамжуулах сүлжээний ачаалал улам нэмэгдэнэ.

Уул нуруу давж орж ирж байгаа өндөр хүчдэлийн шугам сүлжээг засварлахад шаардлагатай машин тэрэг ч байхг үй гэдгээ тэд нуусангүй. Дамжуулахаас ирсэн цахилгааныг хэрэглэгчдэд шууд түгээх үүргийг УБЦТС ТӨХК гүйцэтгэдэг. Эднийх “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-аас 16 дэд станцын 110 кВ-ын 230 гаруй фидерийн тоолуураар нэг кВт/ц цахилгаан авч 250 гаруй мянган хэрэглэгчид борлуулдаг. Хэрэглэгчийн тоо сүүлийн таван жил дунджаар 10-20 мянгаар нэмэгдсэн гэдгийг тус компанийнхан онцлоод “2014 онд 172.5 тэрбум төгрөгийг Тэг үлдэгдэлтэй орлогын нэгдсэн санд төвлөрүүлсэн. Төлөвлөгөөгөө 103.4 хувиар давуулсан ч цахилгааны үнэ тариф хэтэрхий бага байгаагаас шалтгаалан бас л алдагдалтай ажилласан” гэж ярилаа.

Хамгийн гол нь эрчим хүчний найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн засвар, үйлчилгээний зардал, түүнд зарцуулах бараа материалын өртөг долларын ханшаас болоод жил ирэх тутам нэмэгдэж байгаа гэнэ. Мөн шугам, тоноглолууд системийн хэмжээнд хуучирсан, эрсдэл өндөртэй. Тус байгууллага тоног төхөөрөмжийнхөө засвар, үйлчилгээг нэг мөр хойш тавьж, үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдөр нийт тоног төхөөрөмж, дэд станцуудынх нь 42-67 хувь нь 30-аас дээш жилийн настай. Ашиглалтын хугацаа дууссан 12 дэд станц, газар хөдлөлтөд тэсвэрг үй нь тогтоогдсон 40 дэд станц ажиллаж байна. Үүнээс гадна ашиглалтын хугацаа дууссан модон тулгууртай агаарын шугам нийт агаарын шугамын 62.3 хувийг эзэлж байгаа гэнэ. Эрчим хүчний салбар үнэ тарифаа нэмэхг үй бол үүдээ барихад бэлэн байгаа гэдгийг мэргэжлийн хүмүүс бүгд л онцолж байсан.

СААЛИЙН ГАНЦ ҮНЭЭГЭЭ ТОРДОХ УУ, ЭСВЭЛ...

Ийм асуулт яалт ч үгүй урган гарч байна. 2010 онд батлагдсан УИХ-ын 72 дугаар тогтоолд “Эрчим хүчний үнэ тарифыг 2014 он гэхэд бодит өртөгт хүргэнэ...” гэсэн утгатай заалт бий. Өнгөрсөн хугацаанд энэ тогтоолын дагуу эрчим хүчний үнэ тарифт тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орсоор байгаа. Гэвч бас л зөрүүтэй байсаар байна. Өнөөдөр нэг кВт/ц цахилгаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх нийт зардал нь дунджаар 144 төгрөг. Гэтэл бид үүнийг 122 төгрөгөөр худалдаж авдаг. Хэрвээ эрчим хүчний үнийг бодит өртөгт нь хүргэхгүй бол асуудал улам л хүндрэх нь тодорхой.

Эрчим хүчний салбарыг ашиг шим сайтай “саалийн үнээ”-тэй зүйрлэж болно. Энэ үнээний сүүг Монгол Улсын гурван сая иргэн бүгд хүртдэг. Харин өнөөдөр саалийн үнээгээ турааж алах уу? Эсвэл тордож, тэтгэж, ашиг шимийг нь хүртсээр байх уу гэсэн асуулт тулгараад байна. Энэ асуулт үнэ тарифыг зохицуулдаг эрх мэдэл бүхий байгууллагад хамаарах асуудал биш. Бүгд л энэ “үнээ”-ний сүүг хүртэж байгаа учраас эрчим хүчний салбараа дэмжих, хөрөнгө оруулалт хийх, хэрэглэгчид маань бодит өртөгтэй нь тэнцэх хэмжээний цахилгаан, дулааны төлбөрөө хугацаанд нь төлж сурах хэрэгтэй болж байна.

О.УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
150.129.142.243 Та юу гэж бодож байна .ер нь бол ойлгохгүй л бна..
150.129.142.243 Та юу гэж бодож байна .ер нь бол ойлгохгүй л бна..
150.129.142.243 Та юу гэж бодож байна .ер нь бол ойлгохгүй л бна..

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА