Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ОЛОН НИЙТ НЭГДЛЭЭ

2015 оны 03 сарын 02

...Бяцхан охины гэгээн амь

Хүчирхийлэлд өртөж болзошгүй бусад хүүхдийн

Харж хамгаалах, сонор сэрэмжийг ухааруулаад

Холын холд одлоо доо

Ээжийнхээ энгэрт эрхлэн тоглож буй үрсийг

Энхрийлж хайрлаж, хамгаалахыг сануулаад

Энэ биеэ үлдээн

Энх амгалан болоод явлаа даа

Тэнгэрт одох замыг тань гэрэлтүүлж

Түмэн олон ээж, аав зул өргөнө өө үр минь

Айж зоволгүй амгалан яв даа үр минь

Арчаагүй биднийгээ ӨРШӨӨ ӨРШӨӨ ӨРШӨӨ... хэмээн бяцхан охины гэгээн дурсгалд зориулан нэгэн ээж шүлэглэжээ. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөн бурхны оронд одсон дөрвөн настай охины араас Монголын мянга мянган ээж, аав уйлан гашуудаж, төв талбайдаа зул өргөлөө. Нийгмийг цочроосон энэ хэрэг ээжтэй, үртэй хүн бүрийн зүрхийг шархлуулж, хайртай бүхнээ, дэргэдээ буй аз жаргалаа хамгаалж, алхам тутамдаа хайрлах ёстойг түмэн олонд ухаарууллаа.

Охины хэрэг олон нийтэд ил тод болдог тэр өдөр фэйсбүүк хуудаст “Ээж бүхний дуу хоолой” групп нээгдсэнээс хойш есөн мянга орчим хүн элсчээ. Тэд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, охины буцах замыг засан зул өргөх “Цагаан цуглаан” арга хэмжээ зохион байгуулсан юм. Бямба гаригийн үдэш 18.00 цагт төв талбайн өнцөг булан бүрт лаа, нэг удаагийн болон гэрэлт зул барьсан иргэд цуглацгаав. Зохион байгуулагчид 18.20 цагт зул асааж, түмэн олон нэгдлээ. Гурван минутын турш охинд эмгэнэл илэрхийлж, бүгд чимээгүй зогсов. Зул өргөх арга хэмжээнд урлаг соёл, улс төрийн зүтгэлтнүүд ирсэн байлаа.

Хэн нэгэн улстөрч, албан тушаалтны захиалгаар, шаардлага, хавчлага дор хэдэн төгрөг халаасалж хариуд нь жагсаж байснаас бид сэтгэлийн дуудлагаараа ингэж олноороо цуглаж байсангүй ээ, өмнө нь. Ийм олон хүн сайн дураараа цуглаж, нэгдэж байгаа нь цаанаа Монголын нийгэм, тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэл ямар шатанд ирснийг гэрчлэх биз ээ. 2006 онд Хан-Уул дүүрэгт хойт аавдаа байнга зодуулж доромжлуулдаг байсан жаал хүү гэрийнхээ паарнаас өөрийгөө боож, амиа хорлож байсныг бид мартаагүй. Өнчин хүүгээ дагуулаад амьдрахын эрхээр тарчилж явсан ээждээ хүү нь “Ээж ээ, би таныг өрөвдөж байгаа учраас үхэхээр шийдлээ. Та надаас болж аавтай дандаа зодолддог шүү дээ” гэсэн гэрээслэл үлдээгээд өчүүхэн биедээ ахадсан хорвоогийн зовлонгоос өөрийгөө гэтэлгэсэн байдаг.

Энэ мэт хойт эцэг нь дагавар хүүхдээ заазуурдсан, дагавар охиноо хүчирхийлсэн явдал бишгүй гардаг байсан. Эцэст нь эцэг эх нь төрсөн үрээ зодоод алчихжээ гэх хүн итгэхийн аргагүй жигшүүрт хэрэг гарах боллоо. Ийнхүү гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хууль эрх зүйн орчныг нь илүү боловсронгуй болгохын тулд хожимдсон ч гэсэн ээж аавууд нэгдэж байгаа нь сайшаалтай. “Цагаан цуглаан” зул өргөх ажиллагаа хөл тасрахгүй байсаар 00.00-01.00 цаг хүртэл үргэлжилсэн гэнэ. Талбайн бүх зул бөхсөний дараа ТҮК-ийн ажилтнууд, зохион байгуулагчид болон гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг “Лантуун дохио” төрийн бус байгууллагынхан, халуун сэтгэлт хүмүүс шатаж дууссан лааны үлдэгдэл, нэг удаагийн зулын цөгц, шилэн аяга, хуванцар савуудыг цэвэрлэжээ.

“Ээж бүхний дуу хоолой” группийн гишүүн Б.Уянга “Бага насны хүүхдийн эсрэг үйлдэж буй гэмт хэргийн тоо жилээс жилд нэмэгдэж, олон зуун бяцхан зүрх хүчирхийлэл, дарамт, зовлон шаналал, айдас түгшүүр дор амьдарсаар байна. Хүүхдээ хамгаалах, хайрлах, эрхийг нь дээдлэх, хүндлэх үүргээ эцэг эх, асран хамгаалагчид, хөршүүд, хүүхдийн төлөө ажилладаг мэргэжилтнүүд, цаашлаад төрийн албан хаагчид, бодлого тодорхойлогчид, шийдвэр гаргагчид үл ухамсарлаж байгааг дөрвөн настай охины үхэл гэрчиллээ. Нөгөөтэйгүүр хүчирхийлэлд өртөж болзошгүй бусад хүүхдийг хамгаалаасай гэж хүсэж байна. Аав ээж нарыг хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг ойлгууллаа.

Энэ бол цаашид хийх олон ажлын эхлэл” гэсэн бол “Хүчирхийлэлгүй Монгол” аяныг санаачлагч Г.Дэлгэрмаа “Эл арга хэмжээг зохион байгуулагчид Гэр бүлийн тухай хуулийг түргэн батлуулах, нэн түрүүнд хөршийн хариуцлагыг сайжруулах талаар тодорхой ажил хийнэ. Хүчирхийлэлтэй тэмцэх алхмыг хүн бүр өөрөөсөө эхэлмээр байна. Хүчирхийлэлгүй гэр бүл, Монгол болохын төлөө бид ээж аав нарын гарын үсэг цуглуулж, гэр бүлийн хүчирхийллээс хүүхэд, эмэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх, иргэн бүхний оролцоог сайжруулах талаар тодорхой шаардлагуудыг хууль тогтоох, хэрэгжүүлэх байгууллагад хүргүүлж байгаа” гэж ярилаа. Хүүхдүүд бидний эргэн тойронд нүд үзүүрлэгдэж, зодуулж жанчуулж байхыг бид бишгүй л харсан. Гоёмсог сайхан байшин орд харш хэчнээн сүндэрлэвч хүүхдийн тоглоомын талбай нүдний гэм. Сайд дарга нар хүүхдийн төлөө юу хийв. Ядах нь ээ, тэдэнд зориулсан хуулийг нь батлаад өгчихөлгүй гурван жил боллоо. Энэ нийгмийн цоорхой бүхнээр хаягдаж хоцорсон хүүхдүүдээ хэзээ нэг хайрлах юм бэ. Томчууд бид та нарынхаа төлөө юу хийсэн билээ.

О.БАТ-УНДРАХ

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА