Б.ЭНХТУЯА: ЦӨМИЙН ЭМЧИЛГЭЭНҮҮД ОРХИГДОХОД ХҮРЭЭД БАЙНА

2015 оны 02 сарын 27

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дүрс оношилгооны төвийн Цөмийн онош зүйн тасаг нь манай улсын эрүүл мэндийн салбарт цөмийн технологийг анх нэвтрүүлж, түүгээр улсын хэмжээнд оношилгоо, эмчилгээ хийдэг ганц обьект байсаар ирсэн. Өнгөрсөн онд тус тасагт Монгол Улсын Засгийн газар, Цөмийн энергийн газар, Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Техник хамтын ажиллагааны төслийн хүрээнд хоёр толгойт дижитал спект-гамма аппарат суурилуулснаар шинжилгээний төрөл, тоо нэмэгдэж, цөмийн оношилгоо, эмчилгээ хийлгэх хүмүүсийн тоо өмнөх жилүүдээс 2-3 дахин нэмэгдсэн. Харамсалтай нь тус тасгийнханд эмчилгээ, үйлчилгээгээ олон хүнд хүртээмжтэй чанартай, тасралтгүй үзүүүлэхэд асуудал үүсээд буй бололтой.

Тус аппаратыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахад шаардлагатай изотоп буюу цацраг идэвхт бодисыг Монгол Улсад үйлдвэрлэх боломжгүйн дээр өнгөрсөн онд бодис нь тасарч, үйл ажиллагаа нь хэсэг саатаж байсан билээ. Тэгвэл энэ онд улсаас эмнэлгүүдийн төсвийг танаснаас болоод эдний эмчилгээ, оношилгооны чанар, хүртээмжид сөргөөр нөлөөлж эхэлжээ. Гэсэн ч тус эмнэлгийнхэн өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан гал алдчихалгүй өнөө хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байна. Сар гаруйн дараа Цөмийн онош зүйн тасгийнхан 40 жилийн түүхээ бичих гэж буй юм билээ. Цаг үеийн асуудлаар тус тасгийн эрхлэгч Б.Энхтуяатай ярилцсанаа хүргэе. Тэрбээр 1986 онд сургуулиа төгссөнөөс хойш өнөө хүртэл Нэгдүгээр эмнэлэгт ажиллаж байгаа аж.

-Удахгүй танайхан 40 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй юм байна. Тасгийнхаа үйл ажиллагааг товчхон танилцуулахгүй юү?

-Манайх 1975 онд тэр үеийн Эрүүл мэндийн сайдын тушаалаар, одоогийн манай зөвлөх эмч буюу ардын эмч, доктор, профессор П.Онхуудай Герман улсад сургууль төгсөж ирмэгцээ цөмийн технологийг эрүүл мэндийн салбарт анх нэвтрүүлж, Цөмийн онош зүйн лаборатори байгуулж байсан түүхтэй. Ирэх сарын 31-нд бид 40 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Өнгөрсөн хугацаанд Цөмийн энергийн газар, ОУАЭА-ийн тусламжтайгаар үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Анхны тоног төхөөрөмжүүд болох гамма тоолуурын аппаратуудыг ч тус олон улсын агентлагийн Техник хамтын ажиллагааны төслийн хүрээнд оруулж ирсэн байдаг. Тухайн үед бамбай булчирхай, бөөр, нойр булчирхайн эмгэгийг цөмийн технологийн тусламжтайгаар оношилж байв. Дүрс оношилгооны бусад салбар болох ЭХО, рентген зэрэг багажийн аргууд дэлгэрээгүй байсан тул олонх өвчтөнг цөмийн технологиор оношилж, эмчилж байлаа.

-Өнгөрсөн хугацаанд хэдэн удаа техникийн шинэчлэл хийв?

-ОУАЭА-ийн төслийн шугамаар гурван удаа техникийн шинэчлэл хийсэн байдаг. 1982 онд анх аппаратуудаа шинэчилсэн бол 2000 онд АНУ-аас спект-гамма камер оруулж ирсэн. Түүгээр зүрх судас оношлохоос гадна бусад эрхтэн системийн үйл ажиллагаануудыг шинжилж эхэлсэн. Дараа нь буюу 2014 онд хос толгойт спект-гамма аппараттай боллоо. Энэ аппарат нь хавдрыг эсийн түвшинд оношлох илүү дэвшилт технологи юм. Хос толгой детектортой, дижитал гамма камертай бөгөөд орчин үеийн компьютер программд суурилсан гурван хэмжээст дүрс боловсруулах, өндөр хурд, хүчин чадалтай юм. Энэ аппаратыг тун удахгүй компьютер томографи (CT)-тай холбож, Монгол Улсын анагаах ухааны салбарт хосолмол техник технологи нэвтрүүлэх гэж байна. Ингэснээр цөмийн оношилгооны түвшин нэг шатаар ахина гэсэн үг. Манай эмнэлгийн өргөтгөлийн шинэ барилга ирэх сард ашиглалтад орно. Өргөтгөлдөө спектСТ хосолмол төхөөрөмжөө суурилуулах юм. Хөрөнгө санхүү нь шийдэгдсэн. Өдгөө эмнэлгийн байр ашиглалтад орохыг л хүлээж байна. СТ худалдаж авахад шаардлагатай 300.000 еврог Монгол Улсын Засгийн газраас санх үүжүүлсэн. Нийт санхүүжилт нь 611.670 евро буюу 1.5 тэрбум төгрөг болж байгаа. ОУАЭА 311.670 евро гаргасны 214.920 нь 2014 онд авсан хос толгойт спект-гамма камерт зарцуулсан. Үлдсэн нь эмч нарыг сургах болон тоног төхөөрөмж суурилуулахад зарцуулж байгаа. Спектийг СТ-тэй холбосноор хугацаа хэмнэж, хоёр төрлийн оношилгоог нэгэн зэрэг хийж, ямар нэгэн голомтот эмгэгийг байршлаар нь шууд зааж “хэлэх” юм. Тэр дундаа хавдрын оношилгоонд дэвшил гарна гэсэн үг. ОУАЭА-ын тусламжтайгаар манай эмч нар АНУ, Герман, Австрали, Израил, Сингапур, Японд мэргэжил дээшлүүлээд ирлээ. Тэд өдгөө хаана ч гологдохгүй, ур чадвар эзэмшсэн.

-Орчин үеийн спект-гамма аппараттай болсноор үйлчлүүлэгсдийн чинь тоо сүүлийн хоёр жилд 2-3 дахин нэмэгдсэн гэж сонссон. Цөмийн оношилгоо нь хүнд хэр сөрөг нөлөө үзүүлдэг юм бол. Хийлгэхгүй байх тодорхой заалт бий юү?

-Цөмийн оношилгоонд цацраг идэвхт бодис ашигладгаараа бусад багаж, төхөөрөмжүүдээс онцлогтой. Өдгөө манайх төдийгүй дэлхий дахинд анагаах ухааны гол баримтлах чиг шугам нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд оршиж байгаа. Цөмийн анагаах ухааны гол ач холбогдол нь өвчнийг эрт, ялангуяа эрхтэн тогтолцооны эмгэгийг үйл ажиллагааны алдагдлын эхэн үед нь буюу бүтцийн эргэлтгүй өөрчлөлтөд орохоос нь урьтаж оношлох явдал илэрдэггүй. Тэгвэл цөмийн технологиор шинжилж болдог. Хүний эрхтэн системийг үйл ажиллагаа болон байршлаар нь оношлохоос гадна тоон үзүүлэлтүүд ч гаргаж өгдөг. Өдгөө цөмийн технологийг улс, ард, аж ахуйн бүх салбарт ашиглаж байгаа. Хүмүүс цацраг идэвхт бодисоос эмээдэг л дээ. Гэхдээ бидний хэрэглэж буй бодис нь хамгийн богино настай, хүний бие организмаас хурдан ялгардаг. Рентген шинжилгээ хийлгэхтэй яг адилхан. Түүнээс ч бага цацраг ялгаруулдаг. Тиймээс ямар ч насны хүн хийлгэж болно. Жирэмсэн, хөхүүл эхчүүдээс бусад нь. Өдгөө манайх оношилгоо, эмчилгээ, хяналт гэсэн гурван чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Оношилгоо нь дотроо богино настай цацраг идэвхт бодис ашиглан эрхтэн тогтолцооны эмгэгүүдийн байршлыг болон үйл ажиллагааг нь оношилдог бол радиоиммунологийн аргаар эрхтэн системийн эмгэгийг эхэн үед нь буюу бүтцийн эргэлтгүй өөрчлөлтөд орохоос урьтан өндөр нарийвчлалтай илрүүлж байна.

-Танайх өдөрт, жилд хэчнээн хүнд оношилгоо, эмчилгээ хийдэг вэ. Өртөг мөнгөний хувьд хэдий хэр үнэтэй байх уу?

-Өвчтөнүүдийн эмгэгээс хамаараад аливаа өвчнийг оношлоход хугацаа их ордог. Хамгийн багадаа 15 минут, цаашлаад 30, 45 минут шаарддаг бол зарим хүнээс хоёроос 24 цагийн зураг авах тохиолдол ч бий. Өмнө нь манайх хоногт 8-12 хүнд тусламж, үйлчилгээ үзүүлдэг байсан бол өдгөө үйлчлүүлэгчдийн тоо 2-3 дахин нэмэгдсэн. Голдуу бөөр, шээсний замын эмгэгүүд, түүний элдэв саатлууд, хорт хавдрууд, мэдрэл болон дотоод шүүрлийн гаралтай хавдар, ясны эмгэгүүд, үе мөч, бамбай булчирхай, зүрх судас, тархины цусан хангамж, эд эсийн болон бодисын солилцооны өөрчлөлт, элэг, цөсний үйл ажиллагааны өөрчлөлтийг оношилж байна. Манай улсад жилд дунджаар 4400 гаруй хүн хорт хавдраар өвчилдөг. Тэдний 75 орчим хувь нь хожуу шатандаа оношлогддог нь асуудал үүсгээд буй хэрэг. Тиймээс хавдрыг хугацаа алдалгүй оношилж чадвал энэ өвчнөөр хорвоог орхигсдын тоог бууруулах боломж бүрдүүлэх юм. Манайхаар жилд 2800 хүн оношлуулж, бамбайн гармоны шинжилгээг 6000 орчим өвчтөнд, бамбайн хордлогот бахуу болон бамбайн хорт хавдартай 150 гаруй үйлчлүүлэгчид Иод-131 эмчилгээ хийдэг. Эдгээрээс хамгийн түгээмэл өвчин нь бөөр, шээсний замын саатлууд, ясны хавдар, ямар нэгэн хавдар нь ясандаа үсэрхийлсэн, бамбай булчирхайн хавдрууд, мөн зүрхний өвчнүүд зонхилж байна. Манайх стандарт шинжилгээнүүдийг 20- 70 мянган төгрөгөөр хийж байна. Цөмийн оношилгоо нь төлбөргүй байх ямар ч боломжг үй. Гэхдээ 60 мянган төгрөг хүртэлх шинжилгээг өвчтөнүүд даатгалаараа үнэгүй хийлгэж байгаа шүү дээ.

-Өнгөрсөн онд танай тасгийн цацраг идэвхт бодис тасарч, үйл ажиллагаагаа хэсэг зогсоож байсныг санаж байна. Энэ онд эмнэлгүүдийн төсвийг өмнөх жилийнхээс ч багасгачихлаа. Цаашид яах бодолтой байна вэ?

-Бидний гол бэрхшээл нь оношилгоонуудад хэрэглэдэг цацраг идэхт бодис болон химийн холбогч нэгдлүүдийг манай улсад үйлдвэрлэх боломжгүйд байгаа юм. Тиймээс гадаадын улсуудаас авдаг. 2000 оноос өмнө элэг, цөс, бамбай болон нойр булчирхай, бөөрний өвчний оношлогоонд хэрэглэх I-131, Au-198, Hg-203, Se-75, Fe-59 зэрэг тэмдэгт изотопоо Герман, Польш, Оросоос авч байсан. Түүнээс хойш БНХАУ-аас, өдгөө БНСУ-аас изотопуудаа авч, цөмийн оношилгоондоо ашиглаж байна. Үүнд улсаас тодорхой төсөв тусгадаг ч хүрдэггүй. Бид оношилгоо, эмчилгээний төрлүүдээ нэмэгдүүлмээр байна. Ингэхийн тулд олон төрлийн изотоп, холбогч нэгдэл шаардлагатай. Ялангуяа өнөө жил шаардлагатай хүмүүсээ ч оношилж, эмчилж чадахгүйд хүрээд байгаа. Учир нь 2015 онд манай тасагт хамгийн багадаа 300 сая төгрөгийн бодис шаардлагатай. Өнгөрсөн онд улсаас 126 сая төгрөг өгсөн. Энэ онд 90 сая төгрөг болтол таначихлаа. Жил ирэх тусам валютын ханш, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Уг нь цацраг идэвхт бодист зарцуулах мөнгө харьцангуй бага. Гэтэл гаалийн татвар, тээврийн зардал, НӨАТ-т нийт санхүүжилтийн 40 гаруй хувь нь “хийсчихдэг”. Тэгэхээр үлдсэнээр нь изотопоо авч байна гэсэн үг. Өдгөө манайх оношилгоондоо Tc-99m, эмчилгээндээ I-131, радиоиммунолгид I-125 тэмдэгт изотоп гадаадаас импортолдог. Уг үйл ажиллагаанууд Цөмийн энергийн газрын Цацрагийн хяналтын албаныхны хяналтад явагддаг. Өмнө нь бид Tc-99m-ийг 14 хоногт нэг, сард хоёр удаа авдаг байсан бол өдгөө нэг л удаа импортолж байна. I-131 тэмдэгт изотопийн захиалга бүр багассан. 20 кг хар тугалган бортгонд 500 мci (цацраг идэвхт бодис хэмжих нэгж) изотоп байдаг. Энэ нь хуруу шилний хэмжээтэй. 500 мci Tc-99m изотоп 840 ам.долларын үнэтэй байхад 200 mci I-131 цацраг идэвхт бодис 1200 ам.доллар байх жишээтэй. Эднийг 8-14 хоног л ашигладаг. Дээр нь тээврийн зардал, гаалийн татвар, НӨАТ нэмж төлнө. Тиймээс цөмийн эмчилгээнүүд хийгдэхгүй, орхигдоход хүрээд байна. Одоогоор бамбайн хорт хавдар, бахуу, зангилаат бахуугаас бусад эмчилгээ зогссон. Ийм сайхан аппарат, тоног төхөөрөмжтэй болчихоод бүрэн хүчин чадлаар нь ашиглаж чадахгүй байгаа нь харамсалтай.

-Гааль дээрээс цацраг идэвхт бодисоо эмнэлгийн ажилтнууд нь өөрсдөө авчирдаг гэж сонссон. Тусгай зориулалтын дагуу тээвэрлэх орчин нөхцөл нь хэзээ бүрдэх юм бол оо?

-Изотопууд генераторын системээр хамгаалагдсан, тусгай хар тугалган бортгон дотор тээвэрлэж авчирдаг. Маш өндөр хамгаалагдсан тул айх аюул үндсэндээ бага. Уг нь Цөмийн энергийн газрынхан цацраг идэвхт бодисуудыг гааль дээр бууснаас нь хойш Изотоп контороороо дамжуулан бидэнд хүргэж өгөх ёстой ч хараахан ажил хэрэг болгоогүй л байна. Тус газрын Цацрагийн хяналтын газар бидэнд цацраг идэвхт бодис импортлох ашиглалтын лицензээ ч өгөөгүй байгаа. Бид тасгаа эрүүл мэндийн салбарт цөмийн анагаах ухаанд суурилсан эмчилгээ, оношилгоог дэлхийн хөгжилтэй орны түвшинд ойртуулж, орчин үеийн техник технологид суурилсан тоног төхөөрөмж бүхий үндэсний төв болгохоор зорьж байгаа. Ингэхийн тулд ПЭТ-СТ оношилгоог нэвтрүүлэх зайлшг үй шаардлагатай. ПЭТ-СТ нь дэлхий дахины орчин үеийн оношилгооны төгс хувилбар юм. Монголчуудын гадаад улс руу явах урсгалын нэг томоохон шалтгаан нь энэ. Уг аппарат нь ямар ч өвчнийг молекулын түвшинд оношилж, голомтот эмгэгүүдийг хортой, үгүйг ялган таньдаг шидтэй. Тиймээс манай эмнэлгийнхэн 2016 онд ийм аппараттай болохоор төлөвлөөд байгаа.

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА