260 орчим сая литр сүү ямар нэгэн хяналтгүй нийлүүлэгддэг

2015 оны 02 сарын 24

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор зохион байгуулж буй “Сүүтэй Монгол” үндэсний аян эхэллээ. Хүн амын дундах сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой энэхүү аяныг Монголын хүнсчдийн холбоо, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн санаачилгаар ХХААЯ төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй юм. Монголчуудын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ 2014 онд 452.6 сая литрт хүрчээ.

Үүний дөнгөж 17.5 хувийг нь л үйлдвэрийн аргаар боловсруулсан байх юм. Харин орон нутагт уламжлалт аргаар боловсруулсан цагаан идээнд 68.8 сая литр, цөцгийн тосны үйлдвэрлэлд 31.2 сая литр сүү ашиглажээ. Түүнээс гадна 260 орчим сая литр сүү ямар нэгэн бүртгэл хяналтгүй нийлүүлэгддэг гэсэн судалгааг мэргэжилтнүүд гаргасан байна. Эрүүл мэндийн сайдын 2008 оны 257 тоот тушаалын дагуу нэг хүний хоногт хэрэглэх сүү (175 гр/хоног), сүүн бүтээгдэхүүн (248 гр/хоног)-ий хэмжээг үндэслэн тооцоход 2015 онд Монгол Улсын нийт хүн ам 459.8 сая литр сүү хэрэглэх шаардлагатай аж.

Гэтэл бид хэрэгцээтэй сүүнийхээ дөнгөж 24 орчим хувийг л дотооддоо үйлдвэрлэж буй. Харин хөдөөд нэг хүнд ногдох сүүн бүтээгдэхүүний хэмжээ дэлхийн ийм үйлдвэрлэл хөгжсөн орнуудын түвшинд ойртсоныг мэргэжилтнүүд хэлж байгаа. Тэгвэл нийслэлд нэг хүнд ногдож буй сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ орон нутгийнхаас хоёр дахин бага байна.

Энэ нь хот, хөдөөгийн хүн амын сүүний хэрэглээ, хангамж жигд бус байгааг илтгэж буй. Тиймээс цаашид сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл болоод малчид, фермерийн аж ахуй эрхлэгчдийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг дэмжиж, нийт монголчууддаа экологийн цэвэр, чанар, аюулгүй байдлын шаардлагад нийцсэн сүүгээр ханган ажиллахаа салбарын яамныхан мэдэгдэв. “Сүүтэй Монгол” аян орон даяар дөрвөн сар үргэлжлэх гэнэ.

О.УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА