О.ЦЭРЭННАДМИД: Эндээс нэг бол ялж босно, эсвэл хэвтээгээрээ явах байх

2015 оны 02 сарын 17

“Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журамд нэмэлт өөрчлөлт оруулах болон Ноён уулаас алт олборлохыг эсэргүүцсэн иргэд “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн өрнүүлэн, нойтон өлсгөлөн зарлаад байгаа билээ. Өчигдөр Засгийн газрын ордны баруун талд буюу Хэлмэгдэгсдийн хөшөөний урд биднийг очиход найман хүн аяны хөнжил нөмрөөд гэрийн эсгийгээр хөлөө хучин хэвтэж байв. Ноён уулаа ухаж төнхүүлэхгүй гэсэн иргэд хөдөлгөөнд нэгдэн, гарын үсэг зурцгааж байв.

Одоогоор 130 гаруй мянган хүн “Босоо хөх Монгол” бүлгэм, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхний үйл ажиллагааг дэмжин гарын үсгээ үлдээгээд буй гэнэ. Тэдэнтэй хамт 375 хүн өлсгөлөн зарлах хүсэлтээ ирүүлсэн бол орон нутгаас 600 гаруй сурагч захидал илгээсэн байна. “Босоо хөх Монгол” бүлгэмийн гишүүн Ш.Сүхбаатар “Урт нэртэй хуульд өөрчлөлт ороосой гэж хүсэж буй лиценз эзэмшигч мянгаар тогтохгүй бий. Ингэвэл Монголын бүх баялаг шүүрэн шанага шиг гоожиж дуусна. Хойч үедээ өвлүүлэх юу ч үгүй үлдэнэ. УИХ Ноён уулыг стратегийн орд болгох буруу шийдвэр гаргалаа.

75 тонн алтны нөөцтэй энэ уул Хүннү гүрний үеэс 2000 жилийн турш хаадын 500 орчим бунхан хадгалж ирсэн дэлхийн үнэт өв соёл. Гэтэл дээрх алтны 50 тонныг нь Канадын компаниар ухуулах гээд байна. Иймээс бид тэмцлийн хурц хэлбэрт шилжээд байгаа. Биднийг өлсгөлөн зарласнаас хойш янз янзын л юм болсон. Зарим нь үүний хажуугаар шоудаад байх юм. Хэдхэн хоногийн өмнө бүлгэмийн автомашин руу бензин цацаж, шатаасан хэрэг гарсан. Үүнийг санаатай үйлдэл гэж бид үзэж байгаа. Ингэснээр бидний зоригийг мохоож чадахгүй.

Гадаадын компаниудад зориулж хуулиа өөрчилдөг авлигачдын шийдвэрт хориг тавихыг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс шаардаж байна” гэж ярив. Өлсгөлөн зарлаж буй хүмүүсийн дунд байгаль орчны төлөөх төрийн бус байгууллагуудын төлөөллөөс гадна Сэлэнгэ аймгийн Мандал сумын 20-70 орчим насны иргэд байв. Эдгээр найман хүний хамгийн өндөр настай, ганц эмэгтэй, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид “Биднийг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар үзэж, хяналтдаа байлгаж байгаа. Нийт найман өдөр, долоон шөнө, өлсгөлөн зарлаад 120 цаг болж байна. Даралт ихсээд, бие ямар л олигтой байх вэ дээ. Би шийдсэн. Эндээс нэг бол ялж босно, эсвэл хэвтээгээрээ явах байх.

Би таван хүүхэдтэй. Ач, зээ 16 байна. Тэдэндээ, монголчууддаа ирээдүйд уух ус, гишгэх газар шороог нь л хэвээр үлдээж байвал би ч яах вэ. Хүүхдүүдэд маань л хэцүү байгаа. Хэвлэлийн хурал зарлаад явж байгаа сурагтай. Саарал ордонд байгаа хүмүүс намайг мэднэ. Би нэг шийдсэн бол эцсийг нь үздэг зантай. Тэд “Гэр, майхан битгий бариулаарай. Эд муусайныг хэд хоног сууж, хэчнээн хоног өлсөхийг нь харъя” гэж байна гэсэн. Хараарай л гэж хэлье дээ. Ноён уулаа аврах хөдөлгөөн эцэстээ төрд шургалсан хэсэг бүлэг этгээд ард түмэн хоёрын тэмцэл болж хувирлаа. Ямар ч байсан бид зөв зам дээр байгаа.

Бид энд хэвтэж байгаа ч Монголын ард түмэн тэнэг биш. Бид тэмцлийн бүх хэлбэрийг сонгоно. Эрх баригчид тоохгүй, ямар нэгэн хариу өгөхгүй бол энд амь тавьсан ч харамсахгүй” гэсэн юм. Дашрамд дурдахад, “Хас Монгол” ТББ тэргүүн А.Мөнхтулга өчигдрөөс гурван хүний хамт нойтон өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ. Тэдний дунд Ц.Эрдэнэсүрэн хэмээх нэг эмэгтэй байгаа аж.

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
72.161.101.246 500 garui haadiin bulsh bunhan baigaa bol ene chin odoo bol ganz Mongol todiigui MANIA DELHIIN TYYH SOYOL GEJ ERDEMTED YZEJ BAIGAA SOYOLTOI ERTONZ SHYY DEE. Yend alt olborloh nereer ustgal hiih magadlaltai uchraas erdemted akademiiin gishyyd bagsh nar ter odoo Zasgoiin gazar tyyh bolovsrol hariuzsan humuus niit mongolchuud ene tyyh dursgalt gazraa hamgaalah yavdal bol ondor hariuzlaga mon shuu dee. Olsood hevteed baij bolohgui ee, yaria helelzeer hiih, tyyh dursgal hamgaalah Olon ulsiin baiguullaguudad handahgui bol olsgoj uhuuleed uldsen temzegch nariig shorond hiigeed duusna shuu
112.72.13.231 Та юу гэж бодож байна ... 600 гаруй сурагч гэнэ үү ? одоо бүр улс төрийн бохир тоглоомондоо хүүхдүүдийг уруу татдаг болох нь уу даа ?

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА