МОНГОЛД HDPE СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН УНДНЫ УСНЫ ХУВАНЦАР САВ ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ

2015 оны 02 сарын 13

Бид өнгөрсөн сард монголчууд химийн бодис, тос агуулах зориулалттай хуванцар саванд ундныхаа ус, тараг, айраг, сүү зэрэг хүнсний бүтээгдэхүүн хадгалж, зөөж буйг, энэ нь хүний эрүүл мэндэд хэрхэн сөрөг нөлөөтэйг “Хөх сав устгах “дайн эхэллээ” нийтлэлээрээ хөндсөн билээ. 1960-аад оноос Монголд арьс шир боловсруулах болон аж үйлдвэрт химийн хорт бодис ашиглаж эхэлснээс хойш монголчууд савыг нь хүнсний бүтээгдэхүүн хадгалах, зөөх зориулалтаар хэрэглэж гаршсан. 2000 оноос хойш уул уурхай эрчимтэй хөгжиж эхэлсэнтэй холбоотойгоор төрөл бүрийн химийн бодисын хэрэглээ нэмэгдэж, түүний сав нь уул овоо мэт овоорсон. Сүүлийн зургаан жилд л гэхэд манай улс давхардсан тоогоор 7500 гаруй нэрийн 2.4 сая тонн химийн бодис импортолжээ.

Гэвч эдгээр химийн бодисын сав, баглаа боодлыг устгах менежмент алдагдсан, хуванцар савыг зориулалтын дагуу устгаагүй, түүнийг зохицуулах хууль эрх зүйн орчин байхгүйгээс өдгөө зургаан сая гаруй ширхэг төрөл бүрийн өнгө, хэмжээтэй хуванцар савыг бид хүнсний бүтээгдэхүүн хадгалах, тээвэрлэх зориулалтаар ашиглаж байгаа. Хуванцар савыг сүү цагаан идээ борлуулагчид голдуу хэрэглэдэг байсан цаг хэдийнэ ард хоцорч, нийт монголчуудын хүнсний хэрэгцээнд “халдварлачихаад” байгаа. Химийн хорт бодис тээвэрлэдэг уг хуванцар савнуудыг олон улсын жишгээр тусгай стандартын дагуу устгадаг агаад бусад зориулалтаар ашиглахыг хатуу хориглодог.

Харин манайх хүн амаасаа хоёр дахин олныг хүнсний хэрэгцээндээ ашигласаар байна. Хөх сав маш хортой идэмхий, хүчиллэг шинж чанартай олон химийн элемент агуулдаг. Уг саванд удаан хугацаагаар химийн бодис хадгалах, хол тээвэрлэх, халуун, хүйтэнд тэсвэртэй байлгах, гаднын хүчтэй цохилт, доргилтод тэсвэртэй болгох зорилгоор түүхий эдийн найрлагад нь хар тугалга, формальдегид, аммиак, зэс, төмөр зэрэг хүнд металл хольж, үйлдвэрлэдэг юм билээ. Ус, сүү, сүүн бүтээгдэхүүн хадгалж, тээвэрлэдэг хуванцар савнууд (тосны шар, химийн бодисын хөх сав )-аас хүнсний бүтээгдэхүүнд 0.01 мг/л хар тугалга шилжиж болно гэж ДЭМБ зөвшөөрсөн байдаг. Тэгвэл тосны шар савнаас 500-800, хөх савнаас 60-72 дахин их хар тугалга бидний хоол хүнсэнд шилжин ордог байна. Харин формальдегидын зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь тосны шар саванд 1800-3900, хөх саванд 3600-6900 дахин их байна.

Харин ус, сүү болон бусад хүнсний бүтээгдэхүүнийг стандартын дагуу “HDPE 1-5” гэсэн дугаартай хуванцар саванд хадгалах ёстой. Тэгвэл “ЭйСиЭф Монгол” олон улсын байгууллагын дэмжлэгээр “Монвеком” ХХК дээрх стандартын дагуу ундны усны зориулалтын сав эх орондоо үйлдвэрлэж эхэлсэн сайхан мэдээ дуулгая. “ЭйСиЭф Монгол” нь 2008 оноос хойш хөх саванд ус хийгээд түүнийгээ жил бүр шинжлэн судалж иржээ. Судалгаанд хамрагдсан иргэдийн 85-90 хувь нь техникийн буюу хүнсний зориулалтын бус хуванцар сав хэрэглэдэг бөгөөд усны дээжийн шинжилгээгээр 50- иас дээш хувьд нь нян илэрсэн байна. Тиймээс тус байгууллагынхан 2012 онд ШУТИС-ийн эрдэмтэн, профессоруудтай хамтран иргэдийн ахуйн хэрэгцээнд тохиромжтой, эрүүл мэндэд ямар ч хор нөлөөгүй, ундны усны савны загвар боловсруулжээ.

Өдгөө “Монвеком” ХХК стандартын шаардлага хангасан ийм 20 мянган ширхэг хуванцар сав үйлдвэрлээд буй аж. Нэг бүрийнх нь үнэ 4500 төгрөг бөгөөд борлуулалтынхаа орлогыг Сонгинохайрхан дүүргийн дунд сургууль болон хороодын иргэдийн ус, ариун цэвэр, эрүүл ахуйн чиглэлээр явуулж буй арга хэмжээндээ зарцуулж байгаа аж. Цаашид уг савыг тус компани олноор үйлдвэрлэн, зах зээлд нийлүүлэхээр төлөвлөжээ. Гэхдээ улсын хэмжээнд хэрэглэж буй хөх савыг бүрэн халж, шинэлэхэд дор хаяж зургаан саяыг үйлдвэрлэх хэрэгтэй болно. Тус компани дангаараа энэ ажлыг хийх боломжгүй тул төрийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Уг нь 2000 оноос хойш энэ асуудлыг цэгцэлнэ гэж шийдвэр гаргагчид улиг болтлоо ярьсан ч ачир дээрээ юу ч хийлгүй өнөө хүргэлээ. Ямартай ч хувийн хэвшил, төрийн бус байгууллагынхан эл асуудалд саяхнаас санаа тавиад эхэлсэн нь яамай. Цаашлаад хөх сав устгах “фронт” хүчээ авбал эрх мэдэлтнүүдийн чихэнд аандаа хүрч, тэд эрх биш нэг шийдвэр гаргах биз ээ.

Р.Нямдорж: Ерөнхийлөгч ард түмэндээ “Сүүгээ уу. Гэхдээ хортой саванд хийж болохгүй” гэж уриалах хэрэгтэй

Сүү үйлдвэрлэлийг дэмжих, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг “Заша өвс төв” төрийн бус байгууллагынхан хөх савыг хэрэглээнээс хасуулах чиглэлээр хөлөө хүрэх газраа хүртэл хөөцөлдөж яваа. Хуванцар савыг хүнсний бүтээгдэхүүн хадгалах, тээвэрлэх зориулалтаар хэрэглэхийг хориглуулахаар ЭМСЯ-нд албан бичиг, химийн бодисын сав, баглаа боодол (хуванцар) устгах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар БОНХАЖЯ-нд, импортолсон химийн бодистой хөх савны тоо хэмжээг нэг бүрчлэн гаргаж өгөхийг Гаалийн ерөнхий газарт, хуванцар савны хэрэглээг хязгаарлахыг ШӨХТГ-т, Сүү, сүүн бүтээгдэхүүн, ундны усны савны хангамжийг сайжруулах богино хугацааны үндэсний хөтөлбөр батлуулахаар Хүнс, хөдөө аж ахуйн яаманд, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч, борлуулагч нарт хяналт шалгалт явуулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус тус хүсчээ. Өдгөө энэ ажил нь ямар шатандаа яваа талаар тус төрийн бус байгууллагын тэргүүн Р.Нямдоржоос тодрууллаа.

-Холбогдох байгууллагад таны илгээсэн албан тоотуудын хариу ирсэн үү?

-НМХГ сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийг шалгах удирдамж баталсан бол Гаалийн ерөнхий газар импортолсон барааны мэдээллийг савлагаа төрөл тус бүрээр гаргах боломжгүй гэж хэлсэн. БОНХАЖЯ химийн бодисын савыг сүү, цагаан идээ болон хүнсний бусад бүтээгдэхүүн хадгалах, зөөхөд ашиглахыг таслан зогсоох талаар гаргасан санал санаачилгыг маань бүх талаар дэмжин ажиллахаа мэдэгдсэн. Мөн ЭМСЯ хүнсний бүтээгдэх үүн савлах, хадгалах, хуванцар савны онцлогийг нарийвчлан тусгаагүй стандартуудыг шинэчилнэ гэсэн. Уг нь Хүнс, хөдөө аж ахуйн яам хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг зангидах ёстой төрийн төв байгууллага.

Тэр дундаа уг яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар. Эднийх манай байгууллагынхны боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, ундны усны савны хангамж сайжруулах хөтөлбөрийг дэмжихгүй байна. Бидний хүргүүлсэн албан бичгийн хариуг өгөлгүй таван сар боллоо. Төрийн түшээдийн хүнд суртал, хүйтэн сэтгэлтэй тулаад бидний ажил нэг ёсондоо гацчихаад байна. Тэдэнд ард түмнээ гэх сэтгэл алга. Аман дээр дэмжинэ гэх мөртлөө ачир дээрээ хөдлөх ч үгүй юм. Сүүлдээ бүр “Үүнээс илүү чухал ажил бидэнд байна” гэж хэлсэн. Ард түмэн хавдарт нэрвэгдэж байхад хүний амь наснаас илүү ажил ялангуяа хүнсний бодлого зохуцуулах газарт нь баймгүй юм. Яамныхан өөрсдөө хийдэггүй мөртлөө хувь хүмүүс санаачилга гаргаад хийе гэхээр дэмждэггүй. Уг нь төрийн албан хаагчдын хүлээсэн үүрэг, хийх ёстой ажил нь энэ шүү дээ.

-Одоо та яах бодолтой байна вэ?

-Би шантрахгүй, хөлөө хүрэх газраа хөөцөлдөнө. Уржигдар (өнгөрсөн мягмар) энэ асуудлаар ХЭҮК-т хандсан юм. Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12.1-д “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй материалаар хийсэн зориулалтын сав, баглаа боодолд савласан байна” гэж заасан байдаг. Гэтэл энэ заалт зөрчигдсөнөөр хүний амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, баталгаат хүнс хэрэглэх зэрэг олон эрхийг давхар зөрчиж байгаа учраас эднийд хандсан юм. Тэд манайхны илгээсэн албан тоот, санал хүсэлтийг нягталж үзээд Ажлын хэсэг байгуулна, бодлогоор дэмжинэ гэдгээ хэлсэн. Мөн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийнхэнд ч хандсан. Үүний дагуу ямар нэгэн ажил хийнэ гэдэгт итгэлтэй байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Сүү өргөж амьдаръя” гэж эртнээс л уриалж ирсэн. Гэтэл ард түмний сүү хийж байгаа сав нь хортой байна. Цагаан идээ борлуулагчдын 80 хувь нь тос, будаг, химийн бодисын хуванцар саванд сүү сааль, тараг, айргаа хийж байгаа. Тиймээс Ерөнхийлөгч ард түмэндээ “Сүүгээ уу. Гэхдээ хортой саванд хийж болохгүй. Үүнийг солих хэрэгтэй” гэж уриалах хэрэгтэй байна.

-Хамгийн гол нь зургаан сая гаруй хуванцар савыг устгасны дараа бид сүү сааль, ундны усаа юунд хийх вэ гэсэн асуудал тулгарна. Тэгэхээр таны бодлоор ямар сав ашиглабал тохиромжтой вэ?

-Стандартын шаардлага хангасан зориулалтын сав олон саяар нь үйлдвэрлэх, эсвэл гадаадаас оруулж ирэхийн аль нь зөвийг шийдэж чадахгүй учраас л асуудлыг цэгцлэхгүй байгаа юм. Тиймээс Монголын болон олон улсын стандарт хангасан, сүү, сүүн бүтээгдэхүүн, ундны ус хадгалах савыг 2015-2016 онд импортлох, арьс шир, уул уурхай болон бусад үйлдвэрлэлд ашигласан химийн бодисын савуудыг устгах хуулийн төсөл Засгийн газрын түвшинд боловсруулж, батлуулах, ард иргэдэд дээрх савыг цаашид ашиглуулахгүй байх, зориулалтын сав хэрэглэж хэвшихийг ухуулж, таниулах хэрэгтэй байна. Мөн эх орондоо хүнсний зориулалтын савны үйлдвэр байгуулан, дотоодынхоо хэрэгцээг хангах шаардлагатай. Ингэхдээ соёл, уламжлалаа хадгалсан, мод, зэсээр хийсэн шанага, халбага саванд хүнсний бүтээгдэхүүнээ агуулах нь нэн тохиромжтой.

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
203.91.117.8 Хяналтын мөн эрүүл мэндийн, холбогдох яам байгууллагуудта йгаа хамтарч зах зуул дээрээс шаардлага хангахгүй стандартын бус хуванцар савыг татаж доривтой ажил зохион байгуулах хэрэгтэй үндэсний зөв үйлдвэрлэлийг дэмжих, ард түмэндээ таниулах хэрэгтэй
104.235.102.148 Mash sain bn, Ali ert ingeh Baisan yum. Amjilt husie! Uneheer ayultai asuudal shuu, kompanit ajil bolgoj solih heregtei!!!

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА