Э.Хатанболд: ЕРӨНХИЙЛӨГЧ ОХИНД МААНЬ МОНГОЛЖИН ХЭМЭЭХ НЭР ХАЙРЛАЛАА

2015 оны 01 сарын 29

Манай улсын гурван сая дахь иргэн өмнийн шаргал говьд Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын ууган охин болон мэндэллээ. Энэ баярт мөчийг нь хуваалцахаар өчигдөр түүний аав, ээжтэй утсаар холбогдсон юм. 

-Улсынхаа гурван сая дахь иргэнийг төрүүлсэн та хоёрт баяр хүргэе. Ээж, охины бие сайн уу?

Г.Аззаяа: -Баярлалаа. Маш сайн байгаа. Төрөхдөө 3-4 цаг өвдсөн. Ямар нэгэн хүндрэл гараагүй, жам ёсоороо төрсөн. Одоо хүүхдээ хөхүүлээд л сууж байна.

-Охиндоо ямар нэр хайрласан бэ?

Э.Хатанболд: -Уламжлал ёсоор охиныхоо нэр бичсэн цаасыг будаан дотор хийж шигшин, гарч ирсэн нэрийг нь өгсөн боловч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж охинд маань өөр нэр хайрлалаа. Бид охиндоо Сэлэнгэ гэдэг нэр өгөөд байсан юм. Утга нь их өргөн юм л даа. Харин одоо Монголжин гэдэг нэртэй боллоо. Ерөнхийлөгчийнхөө өгсөн нэрийг их бэлэгшээж байна. Сэтгэл өндөр байгаа.

-Энэ сард гурван сая дахь иргэн төрнө хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан. Та хоёр гурван сая дахь иргэнийг төрүүлнэ гэж найдаж байв уу?

Э.Хатанболд: -Хүүхэд нь энэ сард төрөх эцэг эхчүүд бүгд л догдолж байсан байх. Гэхдээ эх, хүүхэд эрүүл саруул байх нь л чухал. Бидний хувьд гурван сая дахь иргэнийг ингээд төрүүлчихнэ чинээ төсөөлсөнгүй. Маш их баяртай байна.

-Та хоёр гэр бүл болоод хэдэн жил болж байна вэ. Ямар мэргэжилтэй, юу хийдэг вэ?

Г.Аззаяа: -Манай нөхөр хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Би гоо сайханч мэргэжилтэй. Одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй байгаа. Бид гэр бүл болоод гурван жил болж байна. Манай хүн эхээс дөрвүүлээ, айлын отгон нь. Бид хоёул багадаа ээжээсээ хагацан, өнчин өссөн. Тэд маань тэнгэрийн орноос биднийгээ харж байгаа байх. Анхны хүүхэд маань гурван сая дахь иргэн хэмээх хүндтэй, басхүү хариуцлагатай “албатай” боллоо. Баярлаж байгаагаа дахин дахин хэлмээр байна.

-Танайх гэр хороололд уу, эсвэл орон сууцанд амьдардаг уу?

Э.Хатанболд: -Бид Өмнөговь аймгийн уугуул иргэд. Даланзадгад сумын Баруунсайханы XI гудамжны 31 тоотод, монгол гэрт амьдардаг.

-Гурван сая дахь иргэнийг алдаршуулан, урамшуулах тухай Засгийн газрын тогтоол гарсныг та хоёр мэдэх байх. Охин нь төрөхдөө л орох орноо “зэхжээ”. Хүүхдийн заяа түшнэ гэж энэ байх. Аймаг, сумынх нь удирдлагууд танайд ирсэн үү. Засгийн газрын урамшууллаас гадна өөр бас бус зүйл амлаж байх юм уу?

Э.Хатанболд: -Саяхан (өчигдөр 13.00 цагийн үед) аймгийн Засаг дарга, эмнэлгийн удирдлага, албаны хүмүүс ирж бидэнд баяр хүргэлээ. Олон ч зүйл ярилцлаа. Улсаас өгөх урамшууллаас гадна бас бус зүйл бий л юм шиг байна. Ямартай ч албаны хүмүүс шуурхай хурал зохион байгуулж, энэ талаар хэлэлцсэнийхээ дараа бидэнд дуулгана гэсэн.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танай гэр бүлд аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

МОНГОЛЖИНГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ИХ ЭМЧ Б.МӨНХБАТ ЭХ БАРЬЖ АВЧЭЭ

Гурван сая дахь иргэн Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд төрсөн тухай дээр дурдсан. Тэгвэл тус төвийн статистикч эмч Н.Хүүхэнхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Танай аймагт гурван сая дахь иргэн төрлөө. Баяр хүргэе. Энэ тухай хэзээ мэдсэн бэ?

-Баярлалаа. Бид, монголчууд бүгд маш их баярлаж, омогшиж байна. Энэ тухай өчигдөр (уржигдар) л мэдсэн. Гурван сая дахь иргэнээр охин хүүхэд мэндэлсэнд маш их бэлэгшээж байгаа. Монголчууд ам бүр олон болох нь дамжиггүй.

-Гурван сая дахь иргэнийг өлгийдөж авахад эмч, асрагч нарын хүчин чармайлт их байсан нь мэдээж. Энэ цаг мөчид гурван сая дахь иргэнийг эх барьсан эмч, асрагч нарыг алдаршуулах нь зүйтэй болов уу.

-Тэгэлгүй яах вэ. Г.Аззаяаг амаржихад манай эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Б.Мөнхбат эх барьж авсан. Асрагч нь Б.Байгалмаа, нярайн сувилагч нь Ариунчимэг байсан. Охин 3.5 кг жинтэй, 50 см урт төрсөн. Анхны төрөлт гэхэд ээжид нь ямар нэг хүндрэл гараагүй.

-Монголжин охин хэн гэдэг эмчийн хяналтад байсан юм бол?

-Эхчүүд өрхийн эмнэлгийнхээ хяналтад байж байгаад төрөхийнхөө өмнө манайд ирж хяналтад ордог. Монголжин охиныг хэвлийд байхад нь эх барих эмэгтэйчүүдийн их эмч Л.Чулуун-Эрдэнэ эрүүл мэндийн үзлэг хийдэг байсан юм билээ.

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
203.190.127.229 Yerunhiilugch chin burhan bish shude..bi lav uuriin mah tsusnii tasarhaig hunii hussen zorgoor nerlehgui..Za az jargal husii
202.55.180.130 Odoo Mongoljinii Ismel taishiin hushuug, Umnugovid barih heregtei. Ismel taishiig Manduhai, batmunh gsn seeksiin gaj dontonuud helmegduulen bulj alsan.

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА