Эх, хүүхдүүдийн дунд “Д” витамины дутагдал өндөр байна

2015 оны 01 сарын 28

ЭМСЯ, БСШУЯ, Харвардын Анагаах ухааны их сургууль болон Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн хамтран ажиллагч байгууллагуудтай хийсэн судалгааны дүнгээ өнөөдөр танилцууллаа. Уг судалгаагаар эх, хүүхдийн эрүүл мэндэд “Д” витамин хэрхэн чухал болохыг, эрсдэлтэй бүлгийн хүүхдүүдийн дунд уг витамины хэрэглээ ямархуу байгааг тодруулжээ. Санамсаргүй түүврийн аргаар сонгон авсан 9-11 насны 750 хүүхдийн дунд судалгаа явуулахад “Д” амин дэмийн хэрэглээ 25 хувиас бага гарсан байна. Олон улсын жишгээр бага насны хүүхдүүдийн дунд уг амин дэмийн хэрэглээ 30 хувиас дээш бол хэвийн гэж үздэг аж. Үүнээс харахад 10 настай монгол хүүхдийн өсөлт, хөгжил есөн настай америк хүүхэдтэй адилхан байгаад судлаачид эмзэглэж байна. Иймээс тэд эдгээр хүүхдэд “Д” витаминыг улирлын тунгаар уулгаж ажигласан аж. Гурван сарын дараа хүүхдүүдийн “Д” витамины дутагдал нь аажмаар буурчээ. Эцсийн дүнд сургуулийн насны эрсдэлтэй бүлгийн хүүхдүүдийн дунд “Д” витамины дутагдал өндөр байгаа нь нотлогджээ.

Витамин “Д”-гийн дутагдалтай хүүхдүүд голдуу атопик дерматит буюу архаг үрэвсэлтэй болдог аж. Энэ нь арьсны хурц үрэвслээр илэрдэг юм байна. Энэ өвчний үед Д витаминыг өдөр бүр 1000 ОУН-ээр уух шаардлагатай гэнэ. Мөн судлаачид нөхөн үржихүйн насны жирэмсэн, хөхүүл биш ээжүүдийг уг судалгаанд хамруулахад 99 хувь нь витамин “Д”-гийн дутагдалтай гэж гарсан байна. Иймээс судалгааны багийнхан эх, хүүхдүүдийг нийтээр нь Д витаминээр хангахад төрөөс тодорхой бодлого боловсруулах шаардлагатайг онцолж байлаа.

О.Ундрах

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА