Уламжлалт эмчилгээ хийх нэрийдлээр ГЭР БҮЛЭЭР НЬ МӨНГӨН УСАНД ХОРДУУЛЖЭЭ

2015 оны 01 сарын 28

 

Монголчууд бид эрт дээр үеэс эдүгээ хүртэл мал маллаж, нүүдэллэн амьдарсаар ирсэн. Тиймдээ ч бид бие лагшин доройтлоо гэхэд орчин цагийн анагаах ухааныг шүтэхээс илүүтэй уламжлалт эмчилгээг үр дүнтэй гэж үзэх нь бий. Энэ нь хоёр талтай бөгөөд ам дамжин хэлэгддэг сайн гэсэн болгоныг туршиж үзээд амиа алдсан нэгэн ч бий. Хамгийн ойрын жишээ хэлэхэд, нэгэн танилын маань аав 2000-аад оны сүүлчээр элэгний хорт хавдартай болсноо мэдээд ухвар мөчид хүмүүсийн үгэнд итгэн, сохор хар гэх хорхой залгиад тун удалгүй өөд болсон юм. Задлан шинжилгээний хариу нь сохор харын хөлийг авалгүй залгиснаас улаан хоолойд шигдэн боомилсон гэж гарсан. Иргэд энэ мэтчилэн хохирсоор байгаагийн нэг ноцтой жишээ нь мөнгөн усны эмчилгээ юм. Үүнээс болоод нэг гэр бүлийн найман хүн мөнгөн усанд хордон, гурвынх нь биеийн байдал хүнд байгааг албаны эх сурвалж бидэнд хэллээ. Учир явдлыг тодруулахад, энэ сарын 22-нд Баян-Өлгий аймгийн Бугат суманд хоёр хүн мөнгөн усанд хордон, Хордлогын яаралтай тусламжийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа бол уржигдар ахин нэг хүн нэмэгдэж иржээ. Тэд яагаад гэр бүлээрээ ийн хордох болов. Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэн 25 настай, эрэгтэй Е нь өнгөрсөн оны аравдугаар сард мал нядалж байхдаа баруун гарын дунд хуруугаа гэмтээн, эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлээд гарсан аж. Харин дараа нь уг хуруугаа дахин гэмтээж, эмнэлэгт хандсан ч хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэсэн эмч нарын үгнээс зөрж, өөрийн хүсэлтээр нутагтаа оточ гэгдэх Х.Аблайханд хандсанаар энэ үйл явдал эхэлжээ. Тэрбээр Х.Аблайханыг гэртээ залж гэмтсэн хуруугаа өдөрт хоёр удаа мөнгөн усны уураар утуулсан байна. Бүр гурав хоног. Гэвч биеийн байдал нь улам дордон, энэ сарын 17-ноос толгой нь эргэн өндөр халуурч, нүднийх нь угаар хүчтэй өвдөн, биеэр нь улаан тууралт гарсны улмаас сумынхаа эмнэлэгт хандсан ч Улаанбаатарт очиж эмчилгээ хийлгэхээс аргагүйд хүрчээ. Тиймээс өвчтөн Е Хордлогын яаралтай тусламжийн төвийн Сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн ирж, хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Түүний 13 настай, эрэгтэй дүү Н нь ахыгаа гэртээ эмчилгээ хийлгэж байх үед орж гардаг байжээ. Эмчилгээ хийх үед гэрийн агаарт ууршсан мөнгөн усанд иргэн Е-гийн гэр бүлийнхэн ийн бүгд хорджээ. Дүү нь бөөлжиж халууран, толгой нь өвдөж, бүх биеэр нь улаан юм туурч, хоол ундандаа дургүйлхэн, аюулхай, гэдсээр нь хүчтэй өвдсөний улмаас ахтайгаа хамт сэхээний тасагт хүргэгдэн ирээд эмчлүүлж байна. Иргэн Е ийнхүү ардын эмчилгээнд найдсаны урхгаар эхнэр нь мөн хордон, гэр бүлээрээ хотод хор тайлах эмчилгээ хийлгэхэд хүрчээ. Эмчийн үзлэгээр тэднийг мөнгөн усанд хордсон гэж тогтоосон тул өдгөө эмийн болон эрчимт эмчилгээ хийж байгаа аж. Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хор судлалын секторын эрхлэгч С.Өнөрсайханаас тодруулахад “Гэр бүлээрээ мөнгөн усанд хордсон найман хүний гурав нь эмчилгээ хийлгэж байгаа ч цус, шээсэн дэх хорт бодисын хэмжээ буурахгүй байна. Тиймээс унитиол эмийг хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Харамсалтай нь энэ эм манайд байдаггүй. ОХУ-аас оруулж ирэхээр ярьж эхэлсэн. Шахмал, тариа, дусал хэлбэртэй уг эмийг мөнгөн усны хор саармагжуулах зорилгоор хэрэглэдэг. Гэсэн ч эмчилгээний дараа хүний биед мөнгөн усны хор тодорхой хэмжээгээр үлддэг. Нэг ёсондоо хор биеэс удаан гадагшилдаг гэсэн үг. Цаашид тэдний биед ямар үр дагавар гарахыг мэдэхгүй. Мөнгөн ус хүний төв мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг, маш аюултай. Үлдсэн таван хүнийг нь бага хордсон гэж үзээд аймгийн төвийнх нь эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа юм билээ. Иргэн Е-гийн аав, ээж, эхнэр, ах, дүү, хүүхэд нь хүртэл хордсон. Тиймээс иргэд дур мэдэн баталгаагүй, стандартын шаардлага хангаагүй, тусгай зөвшөөрөлгүй эмч, эмчилгээний аргаар эмчилгээ хийлгэж болохгүй. Өөрийгөө болоод өрөөл бусдыгаа хохироох эрсдэлтэй. Эрүүл мэндийн сайдын 2012 оны нэгдүгээр сарын 1-ний тушаалаар эрүүл мэндийн байгууллагуудыг мөнгөн ус агуулсан халууны шил, даралт, шүдний аппарат хэрэглэхийг хориглосон. Уул уурхайн салбарт ч уг бодисыг ашиглахгүй байхад энэ мэт ардын эмчилгээ нэрийдлээр иргэдийн толгой эргүүлж буй хүмүүсийг гааруулж болохгүй. Иргэд ч тэдэнд бүү итгэ” гэж сэрэмжлүүлэв. Мөнгөн усанд хүмүүс хордсон гэсэн мэдээллийн мөрөөр энэ сарын 21-нд Баян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаа, тагнуулын байгууллагын ажилтнууд оточ гэгдэх Х.Аблайханы гэрт гэнэтийн хяналт, шалгалт хийсэн байна. Х.Аблайхан нь 1985 онд Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны дунд сургуулийг сувилагч мэргэжлээр төгссөн.

Сувилах үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, 1992 онд нөхөн сэргээх эмчилгээний сувилагч мэргэжил эзэмшсэн үнэмлэхтэй аж. Тэрбээр мөнгөн усны эмчилгээ хийх аргыг өвөг дээдсээсээ өвлөн авч, 10 орчим жил ийм эмчилгээ хийж байгаа гэнэ. Нэг сард дунджаар таван хүнд мөнгөн ус ашиглан ясны идээт үрэвслийн эсрэг эмчилгээ хийдэг аж. Иргэдийн хүсэлтээр эмчилгээ хийдэг гэх боловч эмчлүүлсэн хүмүүсийн бүртгэл, тэмдэглэл түүнд байхгүй нь шалгалтаар илэрчээ. Тиймээс түүнийг сувилагч хэрнээ зөвшөөрөлгүйгээр эмчилгээ хийсэн, хүний эрүүл мэнд хохироосон, тодорхой хаяг, шошгогүй, гарал үүсэл, зориулалт нь тодорхой бус, хувь хүнээс авсан гэх мөнгөн ус, химийн бодис, тосоор эмчилгээ хийсэн гэсэн үндэслэлээр цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Сүүлийн жилүүдэд хүн амын дунд мөнгөн ус агуулсан бүтээгдэхүүнийг зөвшөөрөлгүйгээр гэр ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах тохиолдол гарсаар байгааг ЭМСЯ-ныхан хэллээ. Иймээс иргэд мөнгөн усанд өртсөн, асгарсан тохиолдолд мэргэжлийн хүмүүс иртэл аймгийнхаа Онцгой байдлын газарт даруй мэдэгдэн, агааржуулагч, сэнсээ унтрааж, тухайн газраас даруй гарах хэрэгтэй гэнэ. Мөн мөнгөн усанд өртсөн цахилгаан хэрэгслийг өрөөнөөс зөөж гаргаж болохгүй аж. Арьсанд тань хүрсэн л бол нэн даруй бүлээн устай шүршүүрт орж, шүлтлэг савангаар угаах хэрэгтэй. Хэрвээ нүдэндээ мөнгөн ус оруулбал цэвэр усаар 10-15 минутын турш зайлна. Харин залгисан тохиолдолд их хэмжээний шингэн зүйл уухыг ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвийнхөн зөвлөв.

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА