Олуулаа болох тэмүүлэл гурван сая дахь иргэн

2015 оны 01 сарын 22

 

Энэ сар нэлээд дуулиан шуугиантай шувтарч байна. Эдийн засгийн хямрал нүүрлэж, Монгол Улс өрийн таазаа өндөрсгөн, ам.долларын ханш 2000 төгрөгт дөхөөд буй энэ цагт иргэдийн магнайг тэнийлгэж буй ганц зүйл нь монголчууд гурван саяулаа болж буй тухай мэдээ. Бид гурван саяулаа болох нь. Браво. Мэдээж хүн ам өссөнөөр ажиллах хүчний фронт өргөжиж, хөгжлийн гарц аандаа нээгдэнэ гэсэн үг. Аливаа улс орныг дор хаяж таван сая хүн амтай байж хөгжилд хүрнэ гэж ярьдаг ч гурван сая гэдэг бидний хувьд чамлахааргүй үзүүлэлт. Хэдхэн жилийн дараа монголчууд таван сая дахь иргэнээ угтахаар бужигналдах нь гарцаагүй. Хэдийгээр бид олуулаа болж буй нь сайн хэрэг ч яг үнэндээ Монгол Улс гурван сая дахь иргэнээ хүлээж авахад бэлэн үү.Энэ асуудлыг тойрсон цаг үеийн мэдээллийг “Дугаарын онцлох сэдэв” буландаа хөндлөө. Үндэсний статистикийн хороо вэб хуудасныхаа баруун доод буланд Монгол Улсын хүн амын тоог өдөр, цагаар байнга мэдээлдэг. Тэгтэл энэ сарын 19-нөөс хойш “Монгол Улсын хүн ам гурван сая хүрэх гэж буйтай холбоотойгоор тооцооллын ажил хийж байгаа тул хүн амын мэдээллийн цагийг түр хугацаагаар хаав” гэсэн байв.

Уг нь эднийх төрөлтийн мэдээллийг долоо хоног, өдөр, цагаар нэгтгэж, олон нийтэд ил тод зарлаж байхаар мэдэгдсэн ч мэдээллээ ийн нууцлах болсонд учир бий аж. Зарим хүн твиттертээ “Гурван сая дахь иргэн энэ сарын 20-нд төрнө” гэж худлаа жиргэснээс болоод олон эмэгтэй хийсвэр хагалгаагаар амаржиж, нэг хүүхэд бүтэлтийн улмаас нас барсан мэдээ байна. Гурван сая дахь иргэн төрүүлэх нь чухал ч гэлээ эх, хүүхдийн эрүүл мэнд түүнээс илүү гэдгийг зарим эцэг эхчүүд ойлгохгүй, ийм болчимгүй алхам хийж буй нь харамсалтай. Тиймээс Үндэсний статистикийн хорооныхон олон нийтийг үйм үүлэхгүй, эх, хүүхдийн эрүүл мэндийг ямар нэг байдлаар хохироохгүйн тулд одоогоор төрөлтийн мэдээллийг нууцалж байгаа нь энэ аж. Уг нь бол бидний оролцоогүйгээр гурван сая дахь иргэн төрнө. Засгийн газрын тэргүүн, салбарын сайд нь шоудсан шоудаагүй, УИХ-ын эмэгтэй гишүүд төрөх эмнэлэгт очсон очоогүй, хүн ам жамаараа өсөх нь цаг хугацааны л асуудал. Харин эрх баригчдад гурван сая дахь иргэн төрөх нь л чухал болохоос ямар орчинд өсөж, сурч боловсрох нь падгүй юм шиг ээ. Өмнөх, тэрний өмнөх Засгийн газрын үед хүн бүрийг хүүхдийн төлөө “За” гэж хэлэхийг уриалж байсан бол өнөө “Олуулаа” болохыг илүү чухалчлах болсон. Тэд тоонд анхаарахаас чанарт ер санаа зовинохгүй байна. Гурван сая дахь иргэнээ аятайхан орчинд угтаад авах амаржих газар манайд алга.

Төрснийх нь дараа эмчлэх эмнэлэг Монголд бас алга. Хоёр нас хүрлээ. Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй, цоожтой хаалганы ард хоцорно. Зургаан нас хүрлээ. Сургуульгүй, эсвэл өнөө, маргаашгүй нурах шахсан барилгад гурван ээлжээр хичээллэнэ. Оюутан боллоо ч улсаас аав ээжид нь олигтой цалин өгөхгүй байгаа учир сургалтын төлбөрөө төлөх гэж чардайна. Амьдрал дээр гарлаа, ажил олдохгүй. Ийм л дүр зураг гурван сая дахь иргэн, түүний чацуутнуудыг угтаж байна. 21 аймаг, есөн дүүргээс нийт 30 хүүхдийг гурван сая дахь иргэнээр тодруулан, алдаршуулж хүүхэд тус бүрт 70 орчим сая төгрөг, түүнтэй тэнцэхүйц өртөгтэй орон сууцаар урамшуулна гэж байгаа. Мөн гурван сая дахь иргэнтэй нэг өдөр төрсөн бүх хүүхдүүдэд гурван сая төгрөг өгнө. Дээрээс нь 21 аймаг, есөн дүүрэг, нийслэлчүүд өөрсдөө гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн нэг нэг чацуутныг тодруулж, 70 хүртэлх сая төгрөгөөр урамшуулахыг Засгийн газраас аймаг, сум, нийслэл, дүүргийн удирдлагуудад үүрэг болгосон. Тэгвэл энэ бүгдийг тооцож үзвэл гурван сая дахь 30 иргэнд нийт 2.1 тэрбум төгрөг, өдөрт 200- 240 хүүхэд төрдөг гэж үзвэл гурван сая дахь иргэнтэй нэг өдөр төрсөн хүүхдүүдэд нийт 600-720 сая төгрөг, гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн 21 аймаг, есөн дүүргийн чацуутнуудад дунджаар 2-2.1 тэрбум төгрөг өгөх хэрэгтэй болно. Улс орны эдийн засаг хүнд, хаа хаанаа “бүсээ” чангалж буй өнөө үед гурван сая дахь иргэнийг алдаршуулж, тодруулахын тулд улсын төсвийн хөрөнгөнөөс 4.7-4.8 тэрбум төгрөг хуу хамах нь хэр зохистой вэ. Мэдээж гурван сая дахь иргэнээ алдаршуулан, түүний чацуутнуудыг урамшуулах нь сайн хэрэг ч гэлээ тэднийг өсөж том болоход нь сурч боловсрох сургууль, цэцэрлэг хэрэгтэй. Ийм хэмжээний мөнгө сул “хаяж” байхын оронд гурван сая дахь иргэний нэрэмжит сургууль, цэцэрлэг барьчихвал яасан юм. Эрх баригчид эрүүл мэнд, боловсролын салбараа одооноос өөд нь татаж, гурван сая дахь иргэн, түүний чацуутнууд, тэдний дүү нар, хүүхдүүдэд нь эрүүл саруул өсөж, эрдэм боловсролтой болох таатай орчин бүрдүүлэх хэрэгтэй бус уу.                                       

О.БАТ-УНДРАХ


Төрөх өрөөнүүдэд баталгаажуулсан цаг, камер байрлуулжээ

Сандарч тэвдсэн нэгэн залуу нийслэлийн II амаржих газар (шинэ нэрээр Өргөө)-ын хүлээн авах өрөөний цонхоор сувилагчийг ойр ойрхон дуудан, эхнэрийнхээ нэрийг хэлж, нярайлсан эсэхийг нь лавлана. Түүний хажуунаас “Эхнэрийн чинь анхны төрөлт юм уу. Сандрах хэрэггүй дээ, чи гурван сая дахь иргэний эцэг ч болж мэднэ шүү. Гэгээлэг зүйл бодоод, тайван бай” хэмээн туршлагатай эцэг зөвлөв. Иргэд ийнхүү гурван сая дахь иргэнээ догдлон хүлээж байна. Үндэсний статистикийн хорооноос манай улсын гурван сая дахь иргэнийг энэ сарын 21-26-ны хооронд мэндэлнэ гэж мэдэгдсэн. Яг хэдний өдөр, хэдэн цагаас мэндлэх нь тодорхойгүй ч гурван сая дахь иргэнийг өлгийдөж авахад төрөх эмнэлгүүд бэлэн эсэх, элдэв гомдол, маргаан гаргахгүй байлгахад хэрхэн анхаарч буйг сурвалжлахаар нийслэлийн II амаржих газрыг зорьсон юм. Хүлээн авахын эмч нэгдүгээр давхарт төрөх гэж буй эх болон тэдний гэр бүлийнхэнд зөвлөгөө өгнө. Төрөх дөхсөн эхчүүдийн зарим нь удаан өвдсөнөөс болоод уйлж байв. Харин хэсэг хүн саяхан төрсөн шинэ хүнээ найз нөхөд, гэр бүлийнхэндээ мэдэгдэх гэж утсаар ярьж, баярлана.

Бид захиргааны хэлтэст очиж, нийслэлийн II амаржих газрын статистикч эмч Р.Лхагвасүрэнтэй уулзав. Тэрбээр “Бүх амаржих газар, төрөлт хүлээж авдаг хувийн хэвшлийн дөрвөн эмнэлэгт энэ сарын 18-наас дэлгэрэнгүй бүртгэлийн программ суулгасан. Үүний дагуу өнөөдрөөс төрсөн эхчүүдийг нэрээр нь бүртгэж, шивээд Үндэсний статистикийн хороонд 12 цаг тутам мэдээлж байгаа. Бид төрөх өрөөнүүдийн цагийг Стандартчилал хэмжил зүйн газрын цагаар тохируулж, заримд нь камер суурилуулсан. Эх амаржсаны дараа хүүхдүүдийнх нь төрсөн цагийг тод дуугаар мэдэгдэх юм. Тэр бүх үйл ажиллагаа камерт бичигдэж үлдэнэ. Үндэсний статистикийн хорооноос хот, хөдөө, гадаадад төрсөн хүүхдүүд болон нас барсан хүмүүсийн мэдээллийг цуглуулж байж гурван сая дахь иргэнийг тодруулна. Тэгэхээр мэдээлэл бүрэн цугларч дууссаны дараа буюу гурван сая дахь иргэн мэндэлснээс хойш 3-4 хоногийн дараа олон нийтэд мэдээлэх боломжтой байх” гэв. Төрөх эмнэлгийн ажилтнууд амаржсан эхчүүдийн нэр, хаяг, төрсөн он, сар, өдөр, цаг, минут, секунд зэргийг нарийн бүртгэх үүрэгтэй. Харин бидний өдөр тутамдаа ашигладаг электрон цаг 1-2 хоногт 2-3 минут алдаж тоолох магадлалтай байдаг аж. Тиймээс Стандартчлал, хэмжил зүйн газраас гурван сая дахь иргэнийг тодруулахын тулд эталон цаг ашиглахыг төрөх эмнэлгүүдэд сануулсан. Тэд өөрийн ашиглаж буй компьютер болон электрон цагийн тохиргооны хэсэг дэх, интернэт цагийн тохиргооны хэсэгт “time.icttime. mn” гэсэн хаяг оруулснаар эталон цаг идэвхжих юм.

Нийслэлийн II амаржих газар ч тус тохиргоог электрон цагтаа хийжээ. Засгийн газар өнгөрөгч оны сүүлчээр гурван сая дахь иргэнд 70 сая төгрөг өгч, түүний чацуутнууд болох 250 хүүхдэд нэг удаагийн гурван сая төгрөг тэтгэмж болгон олгох тогтоол гаргасан. Үүнтэй холбогдуулж энэ сард нярайлах эмэгтэйчүүд болон тэдний гэр бүл дор бүрнээ гурван сая дахь иргэнийг төрүүлэх хүсэлтэй байгаа. Тиймээс тухайн эмэгтэйн ар гэрийнхэн, найз нөхөд нь “Тэсэж байгаад гурван сая дахь иргэнийг төрүүлээрэй”, эсвэл төрсөн эхийг “Тэсэхгүй яасан юм. Гэр бүлээрээ түүхэнд бичигдэх байлаа” гэх зэргээр сэтгэл санааны хямралд оруулж байгааг хэлж байлаа. Энэ нь тэднийг хүндрэлтэй төрөх аюулд оруулж байгааг эмч нар сануулав. Тус төрөх газар амаржихаар очсон Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны иргэн Д.Энхжаргалаас энэ тухай асуухад “Улсынхаа гурван сая дахь иргэнийг төрүүлж, түүхэнд бичигдэж үлдэх хүсэл жирэмсэн эх бүрт л байгаа. Гэхдээ тэр чинь жам ёсны зүйл. Улсаас орон сууц, тэтгэмж өгнө гэсэн болохоор зарим хүн ашиг хонжоо олох бодолтой байх шиг байна. Үнэхээр төрөх дөхөөд базлаад өвдөх үеэр тэр тухай бодогдохгүй л болов уу. Би бол хурдан л төрмөөр байна” гэсэн юм.

Харин тус төрөхөд гурван өдрийн өмнө амаржсан Г.Гэрэлмаа “Дөрвөн сартай жирэмсэн байхдаа гурван сая дахь иргэний талаар сонссон. Зарим гэр бүл төлөвлөж жирэмсэн болсон гэсэн. Би ч гурван сая дахь иргэнийг төрүүлчих юмсан гэсэн бодолтой байсан. Гэхдээ гурав хоногийн өмнө охинтой болчихлоо. Ер нь гурван сая дахь иргэн аль эрт мэндэлсэн ч байж магадгүй. Эрх мэдэлтнүүд хамаатан, садандаа Засгийн газрын урамшууллыг өгөх гээд хүлээж байгаа биз” гэв. Түүнчлэн гурван сая дахь иргэн мэндлэхтэй холбогдуулж төрөлт нэмэгдсэн, жирэмсэн эхчүүд хийсвэр хагалгаа хийлгэж байгаа гэх зэрэг мэдээлэл цацагдаж байгааг нийслэлийн II амаржих газрын статистикч эмч Р.Лхагвасүрэн үгүйсгэв.

-Гурван сая дахь иргэнийг хүлээж авахад хэрхэн бэлтгэж байна вэ?

Р.ГАНДИЙМАА (Архангай Шинээр төрсөн хүүхдийг цаг, минут, секундээр бүртгэж байна. аймгийн Эрүүл мэндийн газрын дарга):

-Энэ сарын 19-нөөс шинэ маягтаар мэдээллээ авч байна. Бүх сум, өрхийн Эрүүл мэндийн төв, аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийнханд чиглэл өгөн, төрөх өрөөнүүдийн цагийг тааруулж, журмын дагуу ажиллаж байна. Аймгийн хэмжээнд жилд 2000 гаруй эх төрдөг. Өнгөрсөн онд хоёр эх гэртээ төрсөн. Одоогийн байдлаар ор хүлээсэн эх байхгүй, төрөлт хэвийн хэмжээнд байна.

Ч.БАЯРЖАРГАЛ (Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга):

-Аймагт ажлын хэсэг байгуулсан. Бид гурван сая дахь иргэнийг ямар журмаар, хэрхэн тодруулах, үүнд эрүүл мэндийн байгууллага ямар оролцоотой ажиллах талаар орон нутгийн телевизээр мэдээлэл өглөө. Үүнээс гадна аймгийн Эрүүл мэндийн газраас сумын Эрүүл мэндийн төв болон Бүсийн оношилгоо эмчилгээний төв гэх мэт төрөх тасагтай эмнэлгийн эмч, дүн бүртгэгч нарт бүртгэл хийх арга зүйн зөвлөмж өгсөн. Бүртгэгч ажилтнаа томилон, Үндэсний статистикийн хороонд мэдээллээ хүргүүлж байна. Түүнчлэн төрөх эмнэлгүүдэд Стандартчилал хэмжил зүйн газраас баталгаажуулсан цаг байрлууллаа. Шинээр төрсөн хүүхдийг цаг, минут, секундээр бүртгэж байна.

Ц.АЛИМАА (Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга):

-Гурван сая дахь иргэнийг тодруулах ажлын хүрээнд манайд аймгийн Статистикийн алба, Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Төрөх тасгийн эрхлэгч нараас бүрдсэн комисс ажиллаж байна. Статистикийн албанаас манай эмнэлэгт хүн томилон, цаг тутам мэдээлэл авч байгаа. Эрүүл мэнд, спортын яамнаас өдөр бүр цахим хурал хийж, явцын мэдээ авдаг. Бүх зүйл журмынхаа дагуу яваа. Тулгамдсан асуудал алга. Электрон цагаа Стандартчилал, хэмжил зүйн газраар баталгаажуулж, төрөх өрөөндөө байрлуулсан. Хүмүүс гурван сая дахь иргэний талаар их зүйл асууж байна. Ялангуяа, хэзээ төрөхийг сонирхдог. Сумаас хүртэл ярьж, асууж байна. Нэг ёсондоо хүлээлт үүсчихлээ. Бид хэзээ төрөхийг мэдэхгүй. Манай аймаг хотоос нэг цагийн зөрүүтэй. Бид аймгийнхаа цагаар мэдээллээ өгч, Үндэсний статистикийн хороо мэдээллийг нэгтгэхдээ хотын цагаар бүртгэж байгаа. 

Э.НЯМДУЛАМ

Л.ЗЭНДМАА: ГЭРТЭЭ ТӨРӨХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Монгол Улсын хүн амын тоо гурван саяд хүрч байгаатай холбогдуулан бэлтгэл ажил хангах, мэдээлэл, санал, дүгнэлт боловсруулах, эцсийн дүнг нэгтгэн гаргах, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн, Эрүүл мэнд, спортын яамны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Л.Зэндмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Төрөлтийг хэрхэн бүртгэж байна вэ?

-Энэ талаар амаржих газар, ЭХЭМҮТ, эх барих үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн эмнэлгүүдийн захирал, дарга, эрхлэгч, эмч, эх баригч нарт заавар, зөвлөгөө өгсөн. Эхэндээ төрөлтийн мэдээллийг шуурхай бүртгэлийн маягтаар авч байсан бол Үндэсний статистикийн хороо энэ сарын 18-наас бүртгэлийн программ суулгаж, 19-ний 00.00 цагаас дэлгэрэнгүй бүртгэлийн маягтаар 12 цаг тутамд мэдээлэл авч байна.

-Гурван сая дахь иргэн төрөх дөхмөгц мэдээлэл авах хугацааг ойртуулах уу?

-Энэ бидний шийдэх асуудал биш. Үндэсний статистикийн хороо шийднэ. Тэднийхээс бидэнд бүртгэл, мэдээллийн талаар чиглэл өгдөг. Эмнэлгийн байгууллагын үүрэг бол бүртгэл, мэдээллээ зөв хөтлөх, эх, нярайг эсэн мэнд амаржуулах юм. Гурван сая дахь иргэн хэзээ төрөхийг бид тогтоохгүй, мэдэхгүй. Амаржих газар болон эмнэлгүүд шинээр төрсөн хүүхдийнхээ тоог аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газруудад хүргүүлж, тэдгээр нь мэдээллээ Үндэсний статистикийн хороонд өгнө.

-Төрөх эмнэлгийн хүрэлцээ хангалттай байна уу?

-Төрөх эмнэлгийн үйл ажиллагаа өмнө нь ямар байсан тэр хэвээрээ байгаа. Гурван сая дахь иргэн төрөх гэж байгаатай холбоотойгоор төрөлт нэмэгдэж, эсвэл багассан зүйл байхгүй. Нэг эх нь төрөөд эмнэлгээс гарахад, нөгөө нь төрөхөөр ирж байдаг процесс тасралтгүй үргэлжилж байгаа. Мэдээж эмнэлгийн хүрэлцээ хангалтгүй байдаг. Гурван сая дахь иргэн төрөх гэж байна гээд эмнэлэг барьчихгүй. Амаржих газар, эмнэлгүүд шаардлагатай тохиолдолд нөөц бололцоогоо ашиглан ор нэмэх, зарим өрөөгөө суллах гэх мэтээр зохион байгуулалтын арга хэмжээ авдаг.

-Гурван сая дахь иргэнийг Улаанбаатарын цагаар тодруулахаар болсон. Цагийн зөрүүтэй орон нутгийн эмнэлгүүдийн цагийг хэрхэн тааруулсан бэ?

-Нэгдүгээрт, бүх төрөх өрөөнд цагийг харагдахуйц газар байрлуулсан. Хоёрдугаарт, цагийг Стандартчилал хэмжил зүйн газрын цагтай тохируулсан байх ёстой. Гуравдугаарт, хүүхэд төрсөн даруйд эхэд цагийг тод дуугаар хэлж, эрүүл мэндийн байгууллага болон эхэд үлдэх бүртгэлийн хуудаст тэмдэглэх үүрэгтэй. Цагийн зөрүүтэй аймгуудад цагийг орон нутгийнхаар болон Улаанбаатарынхаар тэмдэглэнэ.

-Гурван сая дахь иргэнийг эмч нар танил талаараа бүртгэх вий гэсэн хардлага байна. Ер нь тэгэхгүй гэх баталгаа бий юү?

-Гурван сая дахь иргэн хэзээ, хэдэн цагт төр өхийг хэн ч мэдэхгүй. Тийм байтал хүмүүс “Эмнэлгийнхэн мэдэж байгаа, хугацаа нь дөхөөд ирэхээр танил тал, хамаатан саднаа хийсвэрээр төрүүлчих вий” гэж хардаж байна. Эмнэлгийн байгууллагад эргэлзэх шаардлагагүй. Гурван сая дахь иргэнийг эмнэлгийн байгууллага биш Үндэсний статистикийн хороо тогтооно. Бид зөвхөн шинээр төрсөн хүүхдийг бүртгэнэ.  

-Гэртээ төрсөн хүүхдийг яаж бүртгэх вэ?

-Гэртээ юм уу ямар нэг байдлаар эмнэлгээс өөр газар төрвөл эмч хүүхдийн төрсөн цагийг тогтооно. Эхийн хэлсэн цагаар бүртгэхгүй. Аль болох гэртээ төрөхгүй байх хэрэгтэй. Манай улсын нийт төрөлтийн 0.5-1 хувь гэртээ төрдөг. Үүнтэй холбоотойгоор амаржих газрууд, Нэгдсэн эмнэлэг, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан болон иргэдэд мэдээлэл өгч, эхийг гэрт нь төрүүлэхгүй байхыг анхааруулж байгаа.

Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ

ХҮН НЭМЭГДСЭНИЙГ үндэсний баяр болгон тэмдэглэж байв

Олон улс хүн амынх нь тоог тэгш болгосон юм уу, ямар нэг түүхэн тэмдэглэлт ойн үеэр төрсөн хүүхдийг онцгойлж, урамшуулдаг нь нэгэнт жишиг болжээ. 2013 оны арваннэгдүгээр сард 90 сая дахь иргэнээ угтаж авсан вьетнамчууд уг явдлыг үндэсний баяр болгон тэмдэглэж, Эх үрсийн баярын жагсаал зохион байгуулж байв. Нийслэл Ханой юм уу, нийслэлийн ойр амьдардаг, 1-2 хүүхэдтэй, дунд давхаргын айлд байгалийн жамаар төрсөн охин хүүхдийг сонгоно гэсэн маш нарийн шалгуураар Вьетнамын эрх баригчид 90 сая дахь иргэнээ тодруулж, таван нас хүртэл нь хувцас, хэрэглэл, тоглоом зэргээр хангахаа амласан байна. Харин өнгөрсөн долдугаар сард Филиппиний эрх баригчид 100 хүүхдийг 100 сая дахь иргэнээрээ бүртгэж, 16 нас хүртэл нь эрүүл мэндийн үйлчилгээнд үнэгүй хамруулах эрхээр шагнажээ.

2013 оны наймдугаар сард Австралийн 23 сая дахь иргэн мэндэлсэн. Тэр үед тус улсын Засгийн газар хүүхдийн эцэг эх цагаач бол тэдэнд иргэншил олгох, ээж нь насанд хүрээгүй бол дээд боловсрол эзэмших нөхцөлийг нь бүрдүүлж өгөх, үл хөдлөх хөрөнгөгүй бол тухайн гэр бүлийг байраар хангах зэрэг шинэ иргэдээ “харж үзэх” олон дэлгэрэнгүй заалттай журам баталж, амласнаа биелүүлж байв. Хүн амыг нь тэгш тоотой болгосон шинэ иргэддээ дурсгалын зоос, медаль олгох нь олон улсад түгээмэл. Тэгвэл Казахстанд 16, 17 сая дахь иргэндээ адуу бэлэглэж байжээ. Мөн эцэг эхийг нь алдаршуулж, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналаар шагнасан байна. Тус улсын 18 сая дахь иргэн энэ оны сүүлчээр мэндэлнэ. Сингапур улс энэ жил тусгаар тогтносныхоо 50 жилийн ойг тэмдэглэж байгаа. Ойн хүрээнд энэ жил төрсөн хүүхэд бүрт Засгийн газраас бэлэг өгөхөөр болжээ. Энэ онд мэндлэх Сингапурын иргэн бүрийг “Би тэгш ойн хүүхэд” гэсэн бичигтэй цүнх бүхий нярайн хувцас, хэрэглэл, хүүхдийн ор, тэрэг зэрэг хүлээж байна.

Г.ЛХАГВА


АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА