ХӨХ САВ УСТГАХ “дайн” эхэллээ

2015 оны 01 сарын 21

  Хөх сав, хуванцар шанагагүй айл байдаггүй гээд хэлчихвэл үнэнээс нэг их хол зөрөхгүй болов уу. Хортой гэдгийг нь мэдсээр байж монголчууд ийм сав суулга хэрэглэсээр л байдаг. Мэргэжлийн хяналтынхан болохоор “Хортой шүү, саваа соль” гэж ёс юм шиг хааяа хэлдэг, хэн ч тоодоггүй. Хоёр зууны зааг, XXI зууны техник технологийн эринд ч бид хортой хөх савнаасаа татгалзаж чадаагүй. Ундны ус, цайны сүү, тараг, айраг, жимс жимсгэнээ хадгалдаг сүүлдээ бүр махаа хүртэл түүнд хөлдөөдөг болжээ. Түүх сөхвөл, 1960-аад он буюу Монголд арьс шир боловсруулах болон аж үйлдвэрт химийн хорт бодис ашиглаж эхэлснээс хойш монголчууд савыг нь хүнсний бүтээгдэхүүн хадгалах, зөөвөрлөх зориулалтаар хэрэглэж сурчээ. 2000 оноос хойш уул уурхай эрчимтэй хөгжиж эхэлсэнтэй холбоотойгоор төрөл бүрийн химийн бодисын хэрэглээ нэмэгдэж, түүний сав нь уул овоо мэт олширсон байх юм.

Сүүлийн зургаан жилд л гэхэд давхардсан тоогоор 7500 гаруй нэрийн 2.4 сая тонн химийн бодис импортолсон байна. Гэвч эдгээр химийн бодисын сав баглаа боодлыг устгах менежмент алдагдсан, хуванцар савыг зориулалтын дагуу устгаагүй, түүнийг зохицуулах хууль эрх зүйн орчин байхгүйгээс өдгөө зургаан сая гаруй ширхэг төрөл бүрийн өнгө, хэмжээтэй хуванцар савыг бид хүнсний бүтээгдэхүүн хадгалах, тээвэрлэх зориулалтаар ашиглаж байна. Үүнээс харахад энэ савны хэрэглээ эрээ цээрээ алдан, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12.1 дэх заалт буюу “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй материалаар хийсэн зориулалтын сав, баглаа боодолд савласан байна” гэснийг зөрчиж буй хэрэг. Авч явахад авсаархан, хөнгөн, асгардаггүй тул сүү цагаан идээ борлуулагчид голдуу хэрэглэдэг байсан цаг хэдийнэ ард хоцорч, энэ “өвчин” нь өдгөө нийт монголчуудын хүнсний хэрэгцээнд “халдварлачихаад” байгаа. Яг л нян шиг. Уг нь энэ талаар нэг хэсэг амтай болгон ярьж хэлдэг байсан ч эрх баригчид нүдэн балай, чихэн дүлий суусаар бараг мартагдах шахжээ. Иргэд аман сургаар хөх савыг хортой гэдгийг мэддэг хэрнээ яг ямархуу үр дагавартай, хүний биед хэрхэн нөлөөлдгийг тэр бүр ухаардаггүй.

Хөх сав та бидний төсөөлж ч байгаагүй химийн хорт, хүнд металл агуулдгийг мэдэх үү. Олон улсын жишгээр химийн хорт бодис тээвэрлэдэг уг хуванцар савнуудыг тусгай стандартын дагуу устгах, бусад зориулалтаар ашиглахыг хатуу хориглодог атал хүн амаасаа хоёр дахин олныг хүнсний бүтээгдэх үүн хадгалах, тээвэрлэх зориулалтаар ашигладаг манайх шиг улс дэлхийн хаана ч алга. Энэ савыг хүнс агуулах зориулалтаар ашигласан тохиолдолд хүнд хорт хавдар, янз бүрийн харшил, элэгний хатуурал үүсгэн улмаар тархины үйл ажиллагааг муутгах аюултайг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн 2008 онд тогтоосон байдаг. Үүнээс хойш УИХ-ын бүрэн эрхийн хугацаа хоёронтоо өнгөрч, холбогдох яам, хууль санаачлагчид дорвитой ажил хийсэнгүй.

Хөх сав хорт хавдар үүсгэхээс гадна ургийн гаж хөгжлийн үндсэн шалтгаан болдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Зөвхөн зүрхний төрөлхийн гажгийг аваад үзэхэд Монголд мэндэлж буй 100 хүүхэд тутмын 1.8 хувь нь ийм эмгэгтэй төрдөг. Цаашлаад цул эрхтний хөгжил дутуу, аль нэг сүв нь битүү, хамар, тагнай нь цоорхой зэрэг гажигтай төрсөн хүүхэд бүрийг алийн болгон агаарын бохирдолтой холбон тайлбарлах билээ. Дээрээс нь манай улсын хүн амын дундах нас баралтын тэргүүлэх шалтгаан хавдар болчихоод байгаа нь нэгийг хэлээд байгаа хэрэг бус уу. Хөх савны хэрэглээг, ядаж хүнсний хэрэгцээнд ашиглахыг нь яаралтай зогсоохг үй бол монгол хүний удмын санд сөргөөр нөлөөлж, аажимдаа бид бүгдээрээ хавдраар хорвоогоос хальж мэдэх юм. Гэхдээ хонгилын үзүүр дэх гэрэл хараахан унтарчихаагүй байгаа юм байна. Сүү үйлдвэрлэлийг дэмжих, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг “Заша өвс төв” төрийн бус байгууллагынхан шинэ оны өмнөөс хөх савыг хэрэглээнээс хасуулах чиглэлээр хөлөө хүрэх газраа хүртэл хөөцөлдөж яваа аж.

Хуванцар савыг хүнсний бүтээгдэхүүн хадгалах, тээвэрлэх зориулалтаар хэрэглэхийг хориглуулахаар ЭМСЯ-нд албан бичиг, химийн бодисын сав, баглаа боодол (хуванцар) устгах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар БОНХАЖЯ-нд, импортолсон химийн бодистой хөх савны тоо хэмжээг нэг бүрчлэн гаргаж өгөхийг Гаалийн ерөнхий газарт, хуванцар савны хэрэглээг хязгаарлахыг ШӨХТГ-т, Сүү, сүүн бүтээгдэхүүн, ундны усны савны хангамжийг сайжруулах богино хугацааны үндэсний хөтөлбөр батлах тухай Хүнс, хөдөө аж ахуйн яаманд, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч, борлуулагч нарт хяналт шалгалт явуулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус тус хүсчээ. Эдгээр албан тоотын хариуд НМХГ сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийг шалгах удирдамж баталсан тухайгаа, Гаалийн ерөнхий газар импортолсон барааны мэдээллийг савлагаа төрөл тус бүрээр гаргах боломжгүйг, БОНХАЖЯ химийн бодисын савыг сүү, цагаан идээ болон бусад хүнсний бүтээгдэхүүн хадгалах, зөөвөрлөхөд ашиглахыг таслан зогсоох талаар гаргасан санал санаачилгыг нь бүх талаар дэмжин ажиллах тухайгаа, ШӨХТГ Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5.1 дэх заалт буюу “Эрүүл ахуй, ариун цэврийн норм, фармаколей, жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр заасан зохих чанар, тоо хэмжээ, шаардлага хангасан бараа бүтээгдэх үүн хэрэглэх, ажил үйлчилгээгээр хангуулах” хэрэглэгчийн эрх зөрчигдөж буйг онцлон, холбогдох төрийн болон т өрийн бус байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлжээ. Харин ЭМСЯ Хүнсний бүтээгдэх үүн савлах, хадгалах, хуванцар савны онцлогийг нарийвчлан тусгаагүй стандартуудыг шинэчлэх саналтай байгаагаа дуулган, Химийн бодисын хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах үндэсний хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулан, “Заша өвс төв” төрийн бус байгууллагын тэргүүнийг уг ажлын хэсэгт оруулах саналаа уламжилжээ.

Хамгийн сүүлд тус төрийн бус байгууллагынхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид албан тоот хүргүүлсний дүнд уг хуванцар савыг иргэдэд хэрэглүүлэхгүй байх талаар тодорхой арга хэмжээ авч хариу мэдэгдэхийг холбогдох яам, Тамгын газруудад үүрэг болгосноор ажил нь ийн урагшилж эхэлсэн байна. Хамгийн гол нь зургаан сая гаруй хуванцар савыг устгасны дараа юунд сүү сааль, ундны усаа хийх вэ гэсэн асуудал холбогдох хүмүүст тулгараад буй аж. Стандартын шаардлага хангасан зориулалтын сав олон саяар нь үйлдвэрлэх, эсвэл гадаадаас оруулж ирэхийн аль нь зөвийг шийдэж чадахгүй байгаа аж. Тиймээс Монгол болон олон улсын стандарт хангасан сүү, сүүн бүтээгдэхүүн, ундны ус хадгалах савыг 2015-2016 онд импортлох, арьс шир, уул уурхай болон бусад үйлдвэрлэлд ашигласан химийн бодисын савуудыг устгах хуулийн төсөл Засгийн газрын түвшинд боловсруулж, батлуулах, ард иргэдэд дээрх савыг цаашид ашиглуулахгүй байх, зориулалтын сав хэрэглэж хэвшихийг сурталчилж, таниулахыг албаны хүмүүс санал нэгтэй дэмжиж эхэлжээ.

Мөн хүнсний зориулалтын савны үйлдвэрийг эх орондоо байгуулан, дотоодынхоо хэрэгцээн хангах талаар хэлэлцэж байна. Тэд соёл уламжлалаа хадгалсан зэс шанага, халбага, хөнг өнцагаан хувин, саванд хүнсний бүтээгдэх үүнээ агуулах нь нэн тохиромжтой гэж үзэж байгаа аж. Ямартай ч олон жил ярьж, хэлэлцэн, маргаж, мартагдсан хөх савны асуудлыг шийдлийн Засгийн газар ингээд шийдчихвэл нэн сайнсан. Өмнөх, тэрний өмнөх Засгийн газар шиг нэг хэсэг шуугиад мартагдчихвал таагүй. Тиймээс хүлээх л үлдлээ.

О.БАТ-УНДРАХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА