НИЙГМЭЭС ШООВДОРЛОГДСОН НИЙТИЙН БАЙРНЫХАН

2015 оны 01 сарын 16

Хүн эрүүл, аюулгүй орчинд аж төрөх ёстой. Гэтэл энэ эрх нь хэдэн зуун хувиар зөрчигдөж буй хүмүүс нийгэмд байсаар л байна. Тэднийг хэн ч тоодоггүй. Нэг ёсондоо эрүүл орчинд чанартай үйлчилгээ авч чадахгүй, нийгмээс шоовдорлогдчихож. Тэдний ядуу, эсвэл орон гэргүй байгаа нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхгүй гэсэн үг биш шүү дээ. Оюутнууд, орон гэргүйчүүд, хөдөөнөөс хот зүглэн ажил хөдөлмөр эрхлэх гэсэн хэсэг бүлэг хүнийг хямдхан үнээр, толгой хоргодох газартай болгож, өөрсдийнхөө амьжиргааг залгуулдаг хүмүүс бол нийтийн байрны эзэд. Арга ядсан тэднийг амьдрах газаргүйгээр нь ацаглан нурах шахсан амбаар, гарааштаа нийтийн байр гэх цэвэрхэн нэр “зүүлгэж”, түрээслүүлдэг бичил бизнес Улаанбаатарт жил ирэх тусам цэцэглэж байна. Тухайн иргэн эзэмшлийн газар, хашааныхаа бичиг баримтыг л бүрдүүлчихвэл үл хөдлөх хөрөнгө нь болдог учраас эзэмшил газартаа лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү бусдад хамаагүй аж. Өөрөөр хэлбэл, хашаандаа нийтийн байр барихдаа аль нэгэн албан байгууллагаас тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй. Энэ л бидний, нийгмийн анхаарах ёстой асуудал болчихоод байна.

Тиймээс нийтийн байрны өнөөгийн төрхийг уншигчдадаа өнгө будаггүй хүргэхээр зорилоо. Хотын төвийн А бүсэд байрлалтай, Баянгол дүүргийн XVI хороо, Гандангийн дэнж дээр нийтийн байр нэртэй амбаар олон. Тэндхийн гаднаа болон дотроо жорлонтой гэгдэх хоёр байраар орлоо. Жорлон ч гэж хэлэхэд хэцүү л дээ. Өвөл цаг атал үнэр танар гэж авах юмгүй. Хоёр давхар, найман айлтай нийтийн байр нь гаднаа жорлонтой. Давхар бүртээ дөрвөн айлтай энэ байрыг бүхэлд нь модоор барьжээ. Муугаар бодоход гал гарлаа гэхэд 5-10 минутын дотор дүрсхийхээр, цахилгааны бүрэн бүтэн байдлыг хангаагүй, гал унтраах хэрэгсэл ч алга. Бид өрөө түрээслэх гэж буй нэрийдлээр байрны эзэн эгчтэй уулзаж, үнэ хөлс, бас бус зүйлийг нь тодруулсан юм. Эднийхээс нэг түрээслэгч нь удахгүй гарах гэж байгаа тул утасны дугаараа үлдээгээд явахыг надаас хүсэв. Ямартай ч эхлээд өрөөг нь харахыг гуйсны дагуу нэгэн айлд орлоо. 25-28 насны болов уу гэмээр хоёр хос ядруухан амьдарч байв. Хоёулаа хөдөөнийх. Амьдралын боломж тааруугаас хот бараадан ажил хийж, амин зуулгаа залгуулж буйгаа нуугаагүй. Эхнэр нь ажилтай болж хараахан чадаагүй гэнэ. 2х3 харьцаатай, хоёроос дээш хүн багтахааргүй энэ умгар өрөөний төлбөрт тэд сард 140 мянган төгрөг төлдөг аж. 170 см өндөртэй хүн гэрт нь шагайвал тааз нь тулахаар энэ өрөө эрүүл ахуйн ямар ч шаардлага хангаагүй, хана нь хөгц, мөөгөнцөрт идэгдсэн байв. Үүдний шат, хонгил нь нурах шахсан, жорлонгийнх нь бохир хальчихсан, хүн гишгэхийн эцэсгүй. Хүний явдаг замд нүх ухаад муу усны хоолой татсан бололтой. Тэр нь халиад гадуур нь дүүрэн угаадас. “Бөгс эргэх зайгүй ч гэлээ энэ өрөө бид хоёрт болдог юм аа. Чийг, мөөгөнцөр нь л хэцүү юм. Дээрээс нь хүйтэн. Ямар сайндаа л цахилгаан халаагуур тавьчихсан сууж байх вэ дээ. Энийг байнга ажиллуулахаар цахилгааны төлбөр хамгийн багадаа л 30 мянган төгрөг гарчих юм. Тэглээ гээд үүнээс хямдхан байр өөр олдохгүй байна шүү дээ” гэж нөхөр нь учирласан.


Гандангийн дэнжид байрлах нийтийн энэ модон байрнаас нэг “шат” ахиу нь тэдний арын гудамжинд бий. Дотроо жорлонтой, гурван давхар тоосгон, хашаа нь гүйдэг хаалгатай энэ байшинг гаднаас нь харахад цэвэрхэн, тун боломжийн харагдав. Гэтэл хашааны хаалгаар ормогц овоолготой хогийн цэг угтлаа. Тийм гэхийн аргагүй үнэртэй хогон овоолго нийтийн байрны хаалганы яг хажууханд байраа “эзэлжээ”. Байшин дотор орсон ч өнөө хогны үнэр араас “дагаастай”. Ямартай ч байрны эзэнтэй нь уулзах санаатай түрээслэгчдээс нь сураглатал “Байрны эзнийх андашгүй, хоёр давхартаа бүргэд хаалгатай өрөөнд тэр суудаг юм. Өөр тийм хаалга байхгүй” гэлээ. Тэр хаалгыг тогшвол түрээслүүлэгч эзэнгүй байж таарав. Тиймээс нэгдүгээр давхрын нэгэн айлд орж, байр хөлслөх гэж яваагаа хэлээд бага сага мэдээлэл олж авлаа. Ажлын цагаар очсон тул олонх айл эзгүй байх нь аргагүй. Энд 15 айл амьдардаг юм байна. Өмнөх байрыг бодвол өрөө нь 3х4 харьцаатай, үл ялиг том. Хөгц мөөгөнцөр нь ч арай гайгүй гэнэ. Хамгийн аймаар нь жоом, бясаа ихтэй. Долоо хоногт нэг удаа хор цацдаг тухайгаа түрээслэгчид ярив. “Цахилгааны үнэ их гарлаа” гэх нэрийдлээр заримдаа халаалтыг нь хязгаарладаг аж. “Хэл ам хийж байж халаалтаа таслуулалгүй амьдарч байна. Гаднах үнэр ч яах вэ, хонгилд л болохоос өрөөнд үнэртдэггүй юм аа” хэмээн нэгэн оршин суугч хэлэхэд хөөрхийлөлтэй санагдав. Хүн байгаа орчиндоо нүд дасна гэдэг юутай гамшиг билээ. Байрны эзэн 15 айл тус бүрээс сар болгон 140 мянган төгрөг авдаг гэж бодоход тэрбээр 30 хоногт 2.1 сая төгрөг халаасалдаг. Дээрээс нь өөрөө жорлонгоо цэвэрлэдэг нэрийдлээр айл бүрээс 10 мянган төгрөг татдаг гэнэ. Тэгэхээр түүний сарын цэвэр орлого нь 2.250.000, жилийнх нь 23 сая төгрөг болж байна. Ариун цэврийн өрөөгөө цэвэр байлгана гэж айл бүрээс мөнгө авдаг хэрнээ тэр нь яагаад ийм бохир байна вэ, хүн амьсгалахын эцэсгүй. Ийм “аймшгийн” газруудыг хэн хянах ёстой, стандарт, норм норматив нь ямар байдаг юм бол хэмээн холбогдох албаны хүмүүсээс тодруулсан юм. Гэтэл нийслэлийн Мэргэжлийн хяналтынхан үүнд хараа хяналт, стандарт тавих ямар ч боломжгүй, үүрэггүй гэнэ ээ. Өөрийн эзэмшил газартаа юу барьж, түүнийгээ ямар зориулалтаар ашиглах нь хувь хүний эрхийн асуудал учраас тэр аж. Төр хөндлөнгөөс оролцох эрх зүйн ямар ч заалтгүй гэсэн. Өөрөөр хэлбэл, түрээслэгч, түрээслүүлэгч хоёрын гэрээн дээр бүхий л үйл ажиллагаа нь тогтдог юм байх. Тэдгээр байрыг түрээслэх, эсэх нь хувь хүний сонголт хэмээн мэргэжлийн байгууллагууд хөсөр хаядаг юм байж. Тэгвэл нийтийн байранд хүний амь эрсэдвэл “Чиний сонголт, хохь нь” гэх юм байна л даа. Нийтийн байруудад нийслэл, харьяа дүүргийнх нь мэргэжлийн хяналтынхан хараа хяналт тавьдаггүй юм аа, гэхэд хороод нь хянах ёстой юм биш үү.


Энэ бүхний эцэст хэн хохирох вэ. Мэдээж иргэд. Харин нийтийн байрны эзэд хуулийн цоорхойг далимдуулан эзэнгүй мал шиг аяглан, иргэдээс мөнгө авчихаад бохир, хөгц мөөгөнцөрт идэгдсэн жоомтой өрөөндөө суулгасаар, бүр гаарч байна. Тэдний үгсийн санд хогоо хаях, муу үсний нүх ухах, ойр орчноо цэвэрлэх, айлуудын ханын цаасыг сольж өгөх, засвар үйлчилгээгээ сайжруулах гэсэн үг, өгүүлбэр ч байдаггүй аж. Авах идэхийг урдаа барьсан тэдэнд төрийн байгууллагынхны “ташуур” хэрэгтэйг хатуу хэлмээр байна. Дээрээс нь байрны эзэд барилгын хамгийн хямд материалаар нийтийн обьект барьсан учраас хана тааз нь нимгэн, хажуу өрөөнийх нь хүний гар утасны чичиргээ хүртэл сонсогддог гэхээр тэнд хүний эрх хэр зөрчигддөгийг гэрчлэх биз ээ. Чанга ярьж, ямар нэгэн үйлдэл, авиа гаргаж ч болохгүй. Ямар шорон биш дээ. Эрүүл ахуй нь ч дүүрч гэхэд гал гарвал яах вэ. Эзэн ч гэлээ хүн өөрийнхөө эд хөрөнгөд хайртай л байдаг байлгүй. Гэтэл галын аюулгүй байдлыг хангасан нийтийн байр нэгээхэн ч үгүй. Ганц, хоёрхон жишээ дурдахад, 2012 оны арваннэгдүгээр сард нийслэлийн Чингэлтэй дүүргийн VIII хороо буюу Дэнжийн мянгын цагаан байрyудын баруун урд байрлах 15 айлын нийтийн байр шатсан. Мөн оны зургадугаар сард Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын хоёрт байрлах 10 айлын нийтийн байр галд өртсөн бол 2013 оны аравдугаар сард Баянзүрх дүүргийн II хороо, СОТ-ын хоёрдугаар гудамжинд 10х23 харьцаатай нийтийн байр шатаж, 20 гаруй хүний амь дээсэн дөрөөнд дэнжгэнэж байсныг бид мартаагүй. Тиймээс галын аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, чанаргүй барьсан барилгаас болж хүний амь эрсдэх вий. Бидний одоогийн баримталж буй “аман” хуулиар түрээслэгчийг эзгүй хойгуур нийтийн байр нь шатаж, янз бүрийн үнэтэй цайтай эд зүйлээ алдахад хүрвэл яах вэ, хохь нь гэж үү. Түрээслүүлэгчийг эзгүй хойгуур хэн нэгэн оршин суугчийнх нь буруугаас болоод нийтийн байр нь тэр чигтээ шатвал яах вэ, бас л хохь нь уу. XXI зууны Монголд ийм байж болох уу. Нийтийн байр ядарсан хүмүүст хэрэгтэй юү, гэвэл тийм. Гэхдээ нийгмийн нэгээхэн анги давхаргад “бугшаад” буй нийтийн байрны асуудлыг шийдвэр гаргагчдын түвшинд авч хэлэлцэхгүй бол морь унасан толгойгүй хүн шиг явсаар нэг л өдөр хадан хавцал руу унах вий. Их, дээд сургуулиудын оюутны байр шиг л барилгатай баймаар юм, нийтийн байр.

О.БАТ-УНДРАХ

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА