Сенегал улсад эболагийн халдварын дэгдэлт зогссоныг албан ёсоор зарлалаа

2014 оны 10 сарын 21

Дэлхий дахинаа Гвиней, Либери, Сьерро-Леон, Нигер, Сенегал, Испани, АНУ, Конго зэрэг найман улсад эбола вирусээр 9284 хүн өвчилж, 4604 нь нас бараад байна. Сайн мэдээ нь Сенегал улсад эболагаар нэг хүн өвчилснөөс 42 хоногийн дотор өвчтөн бүртгээгүй тул ДЭМБ-аас тус улсад халдварын дэгдэлт зогссоныг албан ёсоор зарлалаа. 

Одоогоор уг өвчнөөс сэргийлэх вакцин болон эмчилгээний өвөрмөц арга байхгүй. ДЭМБ-ынхны үзэж буйгаар 2015 онд энэ аюулт өвчнөөр 1.5 сая хүн хорвоог орхино гэж таамагдаад буй. Манайх шиг цөөн хүн амтай улсад энэ тахал нүүрлэвэл үгээр илэрхийлэхийн аргагүй гамшиг, гарз тохионо. Тиймээс ЭМЯ, харьяа Халдвартын эмнэлгүүд, нийслэлийн Эрүүл мэндийн газар зэрэг шат шатны байгууллагууд сэрэмжлүүлэг мэдээг иргэдэд цаг алдалгүй хүргэж, нисэх буудалд биеийн дулаан хэмжих төхөөрөмж суурилуулан, энэ вирусийн халдвараас хэрхэн сэргийлэх талаар албаны хүмүүс өдөр бүр хуралдаж буй. Тодруулбал, дайны бэлэн байдалд шилжин, хамгаалах хувцас, халдваргүйтгэлийн бодисын нөөц, хангамжаа сайжруулж байгаа аж.

Уг вирусын халдварын дэгдэлт намдтал өвчин гарсан улс оронд зорчихгүй, зочин урихгүй байх, гараа байнга угааж, арьс салстаа гэмтээлгүй, хоол, хүнсээ сайтар боловсруулж хэрэглэх, тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байхыг Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвөөс сэрэмжлүүлж байна. 

О.Бат-Ундрах

Овог нэр: Оюунбилэгийн Бат-Ундрах Төгссөн сургууль: МУИС-МХСС-утга зохиолын ажилтан, сэтгүүлч Шагнал: "Балдорж" сангийн 1.000.000 шагнал нэг удаа, Хэвлэлийн хүрээлэн, Байгаль орчны шилдэг бүтээлийн уралдаанд "Худагтай хорооллууд олширлоо, яах вэ" нийтлэлээрээ тэргүүлсэн (2014) 2012 оны дөрөвдүгээр сараас "Өнөөдөр" сонины ЭЗБМА, НШМА