МӨНГӨ ХААЧИВ?

2014 оны 12 сарын 10

Манай улсын нэгэн бөө сайд мөнгөний тухай мундаг онол дэвшүүлж, тусгаар тогтносон улс байгаа л юм бол мөнгө гэж байдаг, хаашаа ч алга болдоггүй юм, хэрэгтэй бол хэвлээд гаргачихна гэж нэг хэсэг дүвчигнэв. Энэ солиорлын бодит үр дүн нь өнөөдөр эдийн засгийн гүн хямрал болон бидний нуруун дээр буулаа. Улсын эдийн засгийн хөгжлийг тодорхойлох, уураг тархи болсон хамгийн чухал яамыг толгойлж байсан тэр хүнд санхүүгийн байтугай мөнгөний тухай наад захын ойлголт үгүй байсан балгийг засах гэж одоо бүгд сандралдаж, шийдлийг хайцгааж байна.

Нэгд, мөнгө гэдэг нь бидний гартаа барьдаг мөнгөн тэмдэгт төдий биш гэдгийг тэр хүн мэддэгүй аж. Бэлэн мөнгө нь эрүүл саруул эдийн засагтай улсын нийт мөнгөний 10-15 хувиас хэтэрдэггүй. Жишвээс, улсын мөнгө гэдэг нь хувь хүний хөрөнгөтэй ижил юм. Түрүйвчинд байгаа бэлэн мөнгө, банкны хадгаламж, шаардлага гарвал хурдан зараад бэлэн мөнгө болгож болох гар утас зэрэг хөрөнгө нь мөнгөний М1 гэдэг зэрэглэлтэй адил юм. Түүний дараах ээлжинд хурдан борлогдож, даруй бэлэн мөнгө болдоггүй унаа тэрэг, булган дээл мэт нь М2-ын адилтгал юм. Нилээд удаж байж борлогдох орон сууц, эдлэн газар мэт хөрөнгө нь М3 ангиллын мөнгөтэй дүйцүүлж болно. Манай улсын эдийн засгийн багтаамж бага тул манайд олон улсын зэрэглэлээр М3-ын хэмжээнд хүрэх мөнгө байдаггүй. Иймд, бидний өнөөгийн нөхцөл байдал нь бэлэн мөнгөгүй, данс нь улайчихсан, нэг хэсэг гэнэт орж ирсэн мөнгөөрөө үнэтэй гар утас, чамин машин худалдаад авчихсан, дээрээс нь яаж буцааж төлөхөө мэдэхгүй үлэмж их өр зээлтэй, өөрийн гэсэн орон гэргүй ядуухан эдийн засагтай улс болсон нь энэ билээ.

Мөнгөний эргэлт (Money velocity) гэж өөр нэгэн чухал ойлголт бий. Үүнийг цусны даралттай адилтгаж болно. Эдийн засаг дахь мөнгөний хэмжээ нь М1 хэр хурдан эргэлдэж байгаагаас шууд хамаарна. Маш бүдүүлгээр тайлбарлахад, та банкинд 1,000,000 төгрөг хадгалуулж, банк тэрнийг нь надад зээлүүлж, би тэрүүгээр бараа татан авч, надад бараа зарсан хүн банкинд энэ мөнгийг буцаан байршуулахад эдийн засагт 1,000,000 биш 2,000,000 төгрөг болон үрждэг. Өсч байсан эдийн засаг нилэнхүйдээ унахад энэ мөнгө буцаад 1,000,000 төгрөг болж агшаад зогсохгүй өрийн сүлжээ бий болгож, санхүүгийн хямрал үүсгэдэг жамтай. Цус нь эргэлдэхээ больсон хүний даралт нь унаж, ухаан алдан муужирдагтай адил бүх аж ахуйн нэгжүүд одоо мөнгөний гачаалд орж, эхнээсээ хаалга үүдээ барьж эхэлж байгаа нь энэ билээ.

Манай эдийн засгийн зүрх нь уул уурхай, судас нь барилгын салбар, хялгасан судаснууд нь арилжаа, харин гадаадын хөрөнгө оруулалт нь цусыг маань баяжуулж байдаг хүчил төрөгч юм. Харамсалтай нь том болон хялгасан судаснууд  маань сиймхий тул хамаг цус нь гадагш урсан гардаг. Өөрөөр хэлбэл бид барилгын материал болон бусад өргөн хэрэглээний бараануудаа дандаа импортоор оруулж ирдэг тул уул уурхай, ноолуураас арай гэж олсон мөнгөө эргээд гадагш гаргадаг тул гадаад худалдааны баланс алдагдал хүлээн, бид цус алдаж байгаа л гэсэн үг. Ухаангүй популист бодлогын харгайгаар бид зүрхээ ч зогсоож, хүчил төрөгчөө ч хааж дөнгөлөө.

Эдийн засаг дахь цусны даралтаа улс өөрийн сангийн болон мөнгөний бодлогоороо зохицуулж байдаг. Гэвч манайд энэ хоёр бодлого хоорондоо ямар ч уялдаагүй болж, дээд доод даралт нь нийлж, цус харвах хэмжээнд хүрлээ. Монгол Улсын Төв банк юугаар ч баталгаажаагүй 3 гаран триллион төгрөг (одоо хэд ч болж байгаа юм бүү мэд) хэвлэн эдийн засагтаа цутгаад олигтой үр дүнд хүрээгүйгээр зогсохгүй үүгээрээ төгрөгийн ханшийг унагаж, үүнийг валютын ханшийн өсөлттэй нь нийлүүлж тооцвол бодит инфляцийн түвшинг 30 гаран хувьд хүргэлээ.

Сангийн болон Эдийн засгийн хөгжлийн сайд нар нь гаднаас авсан зээлийг өрөнд тооцохгүй гэж нуугдан тоглож, үлэмж хэмжээний мөнгийг балансаас гадуур байлган төсвийн алдагдлаа нууж манийгаа зальдаж ядав. Биднийг ч яах вэ, эдийн засгийг зальдаж чадахгүйгээс хойш тэрнийгээ өр гэнэ үү, зээл гэнэ үү падгүй шүү дээ. Төсвийн балансыг сайхан харагдуулж болно, харин бидний амьдрал ямар болчихвоо гэдгийг хэнээсээ одоо нуух билээ?

Ийм л байдалд хүргэсэн айл өрхийг Шийдлийн засгийн газар хүлээн авлаа. Босгож дөнгөдөг л байгаа даа?

Т.Бат-Оргил

Бүргэд овогтой Төрболдын Бат-Оргил. Эрх зүйч. 1995 онд МУИС, ХЗДС-ийг бакалавр зэргээр төгссөн. 2007 онд АНУ-ын James Madison-ы их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 1995 - 2002 онд Хууль зүйн яаманд мэргэжилтэн, Дэлхийн банкны төслийн ажилтан, мөн төслийн удирдагч, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. 2007 – 2009 онд АМГТХЭГ, Тамгын газар, ахлах мэргэжилтэн, Геологи, уул уурхайн кадастрын газрын даргааар ажиллаж байгаад 2009 - 2012 “Монголын Алт” ХХК, Нарийнсухайтын төмөр замын төслийн удирдагчаар тус тус ажилласан. 2012 - 2013 “Оюутолгой” ХХК, Засгийн газар, олон талт хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байгаа өнгөрсөн оноос “Реформ Клуб”-ийн зохицуулагч, “Тэнгэр констракшн” компанийн бизнесийн хөгжил хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна.