ХҮРТЭЭЛГҮЙ БАЯЛАГ

2014 оны 10 сарын 24

Манай улс ашигт малтмалаар баян ч үнэндээ өнөөгийн байдлаар тэр маань ашиггүй малтмал юм. Алтан дээр суусан гүйлгачингийн хувь тавилан алтны хэмжээ ямар байхаас үл шалтгаалан тэр хүний мэдлэг, чадвараас л хамаардаг билээ. Ядуу хүн олсныхоо хэрээр үрж, буцаад л ядуу болдог бол сүйхээтэй улс хоосон газар ч хөгжиж чаддаг. Хувь хүн ч бай, байгууллага, улс орон ялгаагүй, баян чинээлэг байхын тулд мөнгө олохоос илүү түүнийгээ тогтоох, үржүүлэх ухаан хэрэгтэй. Манай улс олсон мөнгөө алсын бодлогогүй тансаглаж дуусгасан нь ядуу хүн банкнаас бизнес хийнэ гэж зээл аваад тэрүүгээрээ үнэтэй байшин, машин худалдан авч, төдөлгүй татвар, зээлийн төлбөрөө төлж чадахгүй гудамжинд гарч байгаатай адил байдалд орлоо. Яг л ядуу хүний хийдэг алхам. Ядуу хүмүүсийн сэтгэлгээ нь америк ч бай, монгол ч бай адил, хэзээд амар хялбар аргаар гэнэт баяжихыг хүснэ. Тийм ч учраас АНУ-д сугалаанд оролцож байгаа хүмүүсийн дийлэнх нь ядуучууд байдаг. Зарим нь хэдэн зуун сая долларын хонжвор сугалдаг. Хэсэг эрдэмтэн судалгаа явуулахад супер хонжвор сугалсан ядуучууд бүгд нийгмийн халамжинд хэдхэн жилийн дотор буцаад орсон байдаг юм. Тэр бүүхэл аз нь шовойсноосоо илүү, тэр мөнгө нь лай ланчиг болж хувийн амьдралыг нь сүйтгэнэ. Ямар ч найз нөхөдгүй болж, хайртай хүмүүсээ, заримдаа амь насаа ч алдна.  Ядуу хүнд том хонжвор лай болдог шиг, манай улсад ашигт малтмалын ордууд олноор илэрсэн нь ард олны хүртээл болохоос илүү гай тарьж магадгүй боллоо.

2011 оноос хойш саяхныг хүртэл манай эдийн засагт урьд өмнө нь үзэгдэж байгаагүй их хэмжээний мөнгө цутгасан нь юу болж үлдэв гэдгийг хэн ч асуухгүй байна. Тэрний оронд мөнгө дуусчихлаа, дахиад мөнгө хэрэгтэй л гэж газрын баялгаа булаацалдаж, яг л супер хонжвор сугалсан гуйлгачин шиг хэсэг тансаглаад эцэст нь ямар ч найзгүй, хоосорч үлдлээ. Аль ч улсын газрын хэвлий дэх баялаг нь ард түмний өмч байдаг. Түүнийг олборлож байгаа этгээд төрд роялтий төлөөд, хувийн хөрөнгөө болгон худалдан авдаг. Манайд ч мөн ижил. Уул уурхай эрхэлж байгаа этгээд роялтийгаас гадна бусад татвар хураамжуудаа ч мөн төлнө. Гэтэл манай төр засаг яах гэж уул уурхайн компанийн аж ахуйн үйл ажиллагаанд нь оролцох гэж, бидний өмчийг бидний мөнгөөр худалдан авах гэж улайран зүтгэнэ вэ? Энэ баялаг тэтрэй тэргүй бидний өмч, түүнийг хятад нь ч бай канад нь ч бай, хэн нэгэн мөнгөө төлөөд худалдан авч байна, үүнд төр хатуухан шиг хяналтаа тавиад л сууж баймаарсан? Төр ямар ч нэмэлт зардал гаргалгүйгээр татвар, хураамж, роялтий зэргээр ашигт малтмалаас олсон ашгийн 70 шахам хувийг төсөвтөө төвлөрүүлэх боломжтой шүү дээ! Хариулт бол маш энгийн. Тэгэх юм бол биднийг биш фракцуудаа төлөөлдөг болсон намууд сэм хулгайлах боломж нь хаагдах болно. Тэр мөнгө улсын төсөвт ороод ирэх юм бол ил тодоор дээрэмдэж л болохоос, далдуур хяналтгүй зувчуулах суваг нь хаагдана.

Эрдэнэт үйлдвэрийг л авч үзэхэд тэр дотор юу болж байгаа, хэн хэдэн сая, тэрбумаар юу нийлүүлсэн, юуг яаж шамшигдуулсан талаар үлгэр домог шиг цуу яриа л ам дамжихаас биш бодит байдлаар хэн аль түвшинд ямар хэмжээний хулгай хийж байгааг энэ улсын Ерөнхий сайд ч бүрэн хэмжээгээр нь мэдэх боломжгүй л болов уу? Аль ч нам ялсан хамгийн түрүүнд энэ үйлдвэрийн удирдлагыг сольдог нь үйлдвэрийн үйл ажиллагааг сайжруулах гэсэндээ юү? Хариулт дэндүү ойлгомжтой тул нуршин бичих ч шаардлага үгүй биз.

Энэ бүх хуудуутай үйлийг нэг сайхан юмаар өнгөлөн далдлах ёстой. Тэр бол стратегийн орд гэж ухагдахуун юм. Нэг бодлын инээд хүрмээр ч юм шиг. Стратеги нь байхгүй байж баахан стратегийн гэсэн тодотголтой ордууд жагсаачихсан. (Дорж-ИЙН юм гэж байхын тулд ДОРЖ нь өөрөө баймаарсан) Стратеги гэж мундаг, гоё үг. (Уул нь монголоороо зүгээр л бодлого гэсэн үг шүү дээ.) Хэн ч эсэргүүцэж, эргэлзэж юм асууж болохгүй.

НУУЦ! ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ! ГЕО…!

Сүүлийн арван хэдэн жил төрөөс хэрэгжүүлж ирсэн тэр “стратегийг” улс орноороо л харлаа. Ямар их хэмжээний мөнгийг үрэн таран хийж, юу ч биш болгов? Хөгжлийн гол шалгуур – Монгол хүний боловсрол, хүмүүжлийн өнөөгийн байдлыг 1989 оныхтой харьцуулбал дордсон уу гэхээс дээрдсэн юм алга. Үсрэнгүй хөгжил, ДНБ-ий хоёр орон тоотой өсөлт нь хөдөө орон нутаг, гэр хороололд суугаа хүмүүст ямар хүртээлтэй байв? Аанай л ноорхой дээлтэйгээ, хөлдөж үхэхгүй гээд юу таарснаа шатааж, утаандаа бултаараа хордож сууна. Орж ирсэн мөнгийг яаж ард түмэндээ хүртээлтэй байлгах вэ гэдгийг бодож, стратеги боловруулахгүй хирнээ хувийн өмч хөрөнгийг яаж булаах вэ гэдэг стратеги зохиож суух ямар хэрэг байна вэ? Энэ “стратегийн” үр дүнд хүн амын 10 хүрэхгүй хувь нь л сайхан хөгжилдөж байна шүү дээ.

МАК, “Энэржи Ресурс” нүүрсээ хямд зараад байна гэж төрөөс санаа зовж байгаад хүмүүс итгээд байгаа нь харамсмаар. Та, жишээ нь, бараагаа хэнд ч бай яаж ийгээд хямдхан заръя гэж бодох уу? Би өөрөө төрд ч, хувьд ч ажиллаж үзсэн хүний хувьд хувийн хэвшил яаж хэлэлцээр хийж, ямар арга сүвэгчилж, хятадуудыг хооронд нь хагаралдуулж, үнээ өсгөж, өөртөө ашиг гаргахыг хичээж, арван хурууныхаа хумсыг тамтартал өдөр шөнөгүй ажиллаж байхыг нь мэднэ. Улсын хэлэлцээр тэгж явж байхыг хараагүй. Улс том ордтой байх нь харин ч гай болдог. Яагаад гэвэл эрчим хүчээр ч бай юугаар ч бай хэлэлцээр хийхэд нөгөө тал “бид буулт хийвэл танай тэр ордын хувийг авна” гэж дайрдаг. Хэрэв ордууд хувьд байвал бид мэдэхгүй, ардчилсан улсад хувийн хөрөнгийг улс мэдэхгүй гээд л суухад хэн ч, яаж ч чаддаггүй.

Төр Оюутолгойн ордод “эзэн сууна” гэж сүржин үгээр тархи угаах юм. Төр бүхнийг мэдэх ёстой гээд байгаа тэр нөхцөл нь 100 хувь Тавантолгойн орд дээр бүрдсэн. Хаа байна? Оюутолгойн орд нь газар доор 1,385 метрийн гүнд байгаа баялаг. Тавантолгойн нүүрсийг олборлоход хөрсийг нь хуулахад л ил гараад ирэх хамгийн тааламжтай геологийн нөхцөл байдалтай. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” мань хэдийгээ тэжээх нь бүүхэл хэдийнээ уутаа эргүүлээд гөвчихсөн, өрөнд баригдаж, эргэлтийн хөрөнгөгүй болж, улсаас мөнгө нэхээд зогсож байгааг мэдэхгүй хүн байна уу? Хэрэв Монгол Улс “Оюутолгой” ХХК-ийн нэг ширхэг алтан хувьцааг эзэмшиж, бусдад хувьцаагаа худалдахад хориг тавих эрхээ авч үлдээд, манай улсын тэдээс доошгүй иргэнийг ийм ийм ажил хийлгэж сурган, төдөөс доошгүй цалинтай ажиллуулна шүү гэж нөхцөл тавиад, татвар, роялтийгаа аваад суусан бол өнөөгийнх шиг ийм мухардалд бид орохгүй байлаа. “Рио Тинто” зардлаа зохиомлоор ихэсгэнэ үү, багасгана уу бидэнд пад байхгүй. Хэдээр зарж байгаа нь ч төдийлөн чухал биш, Лондоны бирж дээр зэс, алт ямар үнэтэй байгааг харж байгаад л тэрнээс нь тооцоод роялтий, татвараа авчихна. Зардал чинь ихэссэнд тун их харамсаж байна гээд л сууж байхсан.

“Рио Тинто” манайд хот байгуулах, цэцэрлэг сургууль барих ямар ч үүрэггүй. Тэд бол алт, зэсний маань хүдрийг хаягдалгүй, сорчлолгүй, байгаль орчинд хор хөнөөлгүй олборлож, татвар, хураамж, роялтийгаа л төлөх цорын ганц үүрэгтэй. Харин тэр мөнгийг нь хулгайлж, намуудаа санхүүжүүлэлгүй, дарга нар болон тэдгээрийн нууц амрагуудын элдэв тансаг машин, орон сууц болголгүй хотоо хаа хүссэн газраа байгуулж, тэндээ цэцэрлэг, сургуулиа барих нь Монгол төрийн үүрэг бус уу? Оюутлгойг Эрдэнэт үйлдвэртэй их харьцуулах юм. Эрдэнэт шиг сайхан юм үгүй юм байхаа. Гэтэл Эрдэнэтийн гэрээг байгуулж явсан Содном гуайг тухайн үед мөн л урвагчаар нь гоочилж байсныг санахгүй байгаа бололтой. Тэгээд ч бид Эрдэнэтийн үйлдвэрийг мөнгөөр биш 30-40 жилийн туршид үндэснийхээ сэхээтнүүдийг хүн амынхаа 30 гаран хувьтай нь хамт ил далд хядуулж, Мардайн хэд нь бүү мэд тон ураны үнээр бариулсан гэдгээ бас мартсан бололтой.

Мэдээж, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал гэж байлгүй яах вэ. Харин стратегийн орд гэж байдаггүй. Тухайлбал, газрын ховор элемент нь орчин цагийн зэвсгийн үйлдвэрлэлд хэрэглэдэг тул түүний олборлолт, борлуулалтад улс орнууд хяналтаа тавьдаг. Яагаад гэвэл тэдэнд цэрэг-эдийн засгийн аюулгүй байдлын стратеги нь бий учраас. Харин тэр газрын ховор элемент нь манайд юун стратеги-мратеги, хэдэн томчуул нэгнээ хорьж ордоо булаацалдаад л дууссан сурагтай. Эцэслэн хэлэхэд, ДНБ-тэй үнийн дүнгээр нь харьцуулж тогтоодог стратегийн орд гэж байгаа нь агуу том хийрхэл билээ. Эдийн засгаа өнөөгийнх шиг үргэлжлүүлэн нураах юм бол ДНБ ч буурч л таарна. Тэгвэл төдөлгүй архины бүх томхон үйлдвэрүүд стратегийн ач холбогдолтой болох вий дээ. Араас нь улаан буудайн тариалангийн стратегийн талбайнуудтай болно. Энэ хоосон хийрхлийн эцсийн үр дүн нь байгалийн баялаг түшсэн дарангуй дэглэм, түүнийг сохроор шүтэж, харийн дайсан хайж, дотооддоо “тэрс үзэлтнүүдийг” олонхоороо нухчин дарсан, харанхуй түмний хослол байх болно.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.13.216 unheer zuv yum bichjee bayarlaa zagtnasan gazraa maajuulsan yum shig bolloo ,
85.181.212.32 ulam ih Amjilt huesie, duugui baisnaas bichij baisan ni iluu.
122.201.19.66 Zov zuitei l ym bichij .Gehdee bid odoo yah ve... Bicheed l yriad l suugaad baih uu.
122.201.19.66 ter ch tiim shu , gehde iim bodoltoi humuus ni olon baival ch
  • 2014 оны 10 сарын 28
103.230.82.196 Маш зөв бичжээ. Оюутолгойд бид хувь эзэмшдэг л хамгийн буруу болсон доо. Татвар роялтийгаа аваал сууж байх ёстойсон
98.253.221.119 зоригтой байна оргил хүү. учир нь танайх арван хувьд багтдаг баялгийг эзэмшдэг цөөхөн айлын нэгэн. танай хүргэн ах эрдэнэтээс олон сая доллар хулгайлсан гэдэг. Танай эгчийн одоо эзэмшиж буй өнөөдөр сонин, улаанбаатар буудал бүгд хууль бус багабандийн ивээлээр балаа ахын чинь нүүрээр олдсонийг бүх хүн мэднэ. тэгэхээр ийм айлын хүн ийм юм бичихэд ёс суртхуун шүүх үү. бусдын. чи түшиг дүүгээ загнаж байж энэ индэр дээрээс үгээ хэлж байгаа. бусад хүнд ийм эрх олдохгүй. тэгэхээр та дарангуйлагч бас мөн биз дээ.
202.21.106.250 МАН-ын С.Баяр үюу толгойн асар их баялгийг гадныханд найр тавин өгчихөөд зугатаж алга болсон нь манай баялаг а/т-д ямар ч хүртээлгүй болж билээ.
202.179.20.198 Түүн шиг зөв бодолтой монголчууд олон болоосой.
112.72.13.85 Ene salbart yostoi tord ch huvid ch ajillaj bsn hun, ugiig sonsoh heregtei shuu!
24.73.74.178 yostoi uneniig zov bichsen baina
103.229.122.124 Зөв байна,даанч оройтожээ.төр засагт гарсан нам нэртэй бүлэг хулгайчууд хамаг өмчииг маань зараад дуусгасан.Тэднэ

Т.Бат-Оргил

Бүргэд овогтой Төрболдын Бат-Оргил. Эрх зүйч. 1995 онд МУИС, ХЗДС-ийг бакалавр зэргээр төгссөн. 2007 онд АНУ-ын James Madison-ы их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 1995 - 2002 онд Хууль зүйн яаманд мэргэжилтэн, Дэлхийн банкны төслийн ажилтан, мөн төслийн удирдагч, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. 2007 – 2009 онд АМГТХЭГ, Тамгын газар, ахлах мэргэжилтэн, Геологи, уул уурхайн кадастрын газрын даргааар ажиллаж байгаад 2009 - 2012 “Монголын Алт” ХХК, Нарийнсухайтын төмөр замын төслийн удирдагчаар тус тус ажилласан. 2012 - 2013 “Оюутолгой” ХХК, Засгийн газар, олон талт хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байгаа өнгөрсөн оноос “Реформ Клуб”-ийн зохицуулагч, “Тэнгэр констракшн” компанийн бизнесийн хөгжил хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна.