ВИРУС

2014 оны 09 сарын 28

 1936 онд ЗХУ-ын кино найруулагч Илья Траубергийн авсан Монгол хүү гэж уран сайхны кино монголчуудыг цочирдуулан түгшээж, гол дүрийн баатар Шороотын Цэвээн нь бидний 2-3 үеийг хүмүүжүүлсэн үлгэр дуурайлал байлаа. Эх орноо хамгаалах цайлган цагаан сэтгэл, хорон санаатай харийнхан, дотоодын урвагч ноёд, лам нар гээд л коммунист үзэл суртлын мундаг зэвсэг байв. Үнэндээ энэ бүтээл нь ганцхан жилийн дараа эхлэх гэж байсан хилмэгдүүлэлтэд ард түмний сэтгэл зүйг бэлтгэн, Монгол хүн монгол хүнээ хядах суурийг засах арга хэрэгсэл байсан юм. Одоо үзэхэд инээдмийн гэмээр энэ кино нь бидний түүхийн маш хүнд, хэцүү нэгэн үеийн дурсгал болон үлдсэн гэж би үнэндээ эндүүрч явжээ. Эрдэм ном, соёл, шинжлэх ухаанаа бус, бөө шүтэж, түрүйвчээ тахиж, ухаан бодлоороо XIII зуунаас урагшлахаа байсан XXI зууны феодалын Монголд Шороотын Цэвээнүүд төрлөө дахин олж эхэлсэн нь тохиолдлын хэрэг биш юм. 1936 онд бидний нийгмийн ухамсарт суулгасан TROJAN вирус ийнхүү баялгийн хараалаар идэвхжиж, коммунизмын ороолон босч ирэх гээд үнэнч хамжлагуудаа хайж байгаа нь энэ билээ.

Хатагтай Ан Сан Су Чи манайд ирэхдээ дүр эсгэсэн ардчиллын тухай үг хаяад явсан нь манайд олонхийн (majoritarian), процедурын (procedural) ардчилал газар авч, олон ургальч (pluralist), агуулгын (substantive) жинхэнэ ардчилал хумигдаж байгааг битүү түншсэн хэрэг. (Фашизм, коммунизм хоёр аль аль нь процедурын, олонхийн ардчиллын сонгодог хэлбэрүүд бөгөөд цорын ганц хоорондын ялгаа нь фашист дэглэм эдийн засагт оролцдоггүй, харин коммунистууд эдийн засаг дахь төрийн оролцоог туйлд нь хүргэдэг билээ.) Вирусын халдвар авсан хүний шинж тэмдэг юу вэ? Гагцхүү өөрөө л Эх орондоо хайртай гэж чин сэтгэлээсээ итгэх тэрээр өөр үзэл бодолтой хэнийг ч Эх орноосоо уравсанд тооцон, шийдэл биш, дайсан хайна. Ойлгохгүй юм байсан ч асуудалд “намч байр суурьнаас хандаж”, тооны олноороо эсхүл албан тушаалаараа азаргална. Шороотын Цэвээнд буруутныг олоод өгвөл эс эрэгцүүлэн, үл эргэлзэн тэднийг чин сэтгэлээсээ үзэн ядна. Тэр нь ардын дайсан, эсэргүү, Японы тагнуул, мүүнийхэн, эрлийзүүд, олигархууд хэн байх нь зарчмын ялгаагүй юм. Урвагчдын бурууг До яам, НАХЯ гэх мэт Айлган Тарчлаах Газрууд “нотлоод” өгнө.

Ногоон малгайтай Цэвээнүүдийг ажлаа сайн хийж, ардын дайснуудад хатуухан цээрлэл хүлээлгэхийг бусад Цэвээнүүд нь шаардана. Буруутай гэдэг нь “угаасаа л ойлгомжтой” юмыг нотолж, “цаг гарздахыг” үл ойшоох тул мөрдөн байцаах явцад хууль олонтаа зөрчигдөж, нотлох баримтуудыг булхай, цус, нулимсаар зуурч, эвлүүлснийг тэд үл хэрэгсэнэ. Байцаагч, прокурор, шүүгч гурвуул нийлж байгаад өмгөөлөгч гээд үнэн ач холбогдолгүй нэг гарыг үл тоон, ардын дайснуудыг шударга ёсны илдээр ниргэхүйд хэдэн мянган Цэвээнүүдийн нижигнэсэн алга ташилтад хэдэн зуун азгүй хүний ёолох дуу дарагдана. Манайд олон авлигач бий гэдэгт би огт эргэлзэхгүй байна. (Ер нь эргэлзэж байгаа хүн байгаа юм уу?) Тэднийг хуулийн хариуцлагад татах нь ч зүйн хэрэг. Аль ч улс тэгнэ. Гэхдээ тийнхүү хариуцлагад татахдаа ямар зарчим баримталж буйгаараа тухайн улс ардчилсан эсэх нь тодорхойлогддог. Тухайлбал, хуулийг үзэмжээр хэрэглэж, (selective justice) өрсөлдөгч нам, фракцуудын хулгайчуудыг, хулгайч бишүүдтэй нь баривчлан залхаан цээрлүүлж, “өөрийн талын” хулгайчуудыг хэлтрүүлж, хэргээр нь барьцаалан өөрийн үнэнч боол болгодог улс төрийн зэвсэг нь тэр Африкийн Конго Монгод л байдаг байх. Эсвэл Азийн Монго Конгод ч юм уу.

Манайхан албан тоот болгон дээрээ шахуу “зохих журмын дагуу” гэж бичдэг нь уул нь due process гэдгийг дурьдаж байгаа бололтой. Гэвч түүнийхээ үнэн учрыг мэддэггүй л болов уу. Ялангуяа эрүүгийн хэргийн процесст мөрдөн байцаагч, прокурор алдаа гаргасан бол ардчилсан улсын шүүх тэр хэргийг шууд хэрэгсэхгүй болгодог ч манайд хэргийг мөрдөн байцаалтад буцаадаг нь коммунист дэглэмээс үлдсэн гажиг, үүнийг одоо болтол засахгүй явсаар ирлээ.  Ер нь, ялимгүй жирэмсэн болно гэж үгүйтэй адил ардчилсан шахуу улс гэж байдаггүй. Харин ардчилсан болох гэж байгаа эсхүл больж байгаа улс гэж байна. Талийгч болсон хүний сүнс нь өөрийгөө бурхан болсноо ойлгохгүй нэг хэсэг учраа олдоггүй гэх юм билээ. Түүний адил, бидний ардчилал клиникийн үхэлд ороод байна уу, жинхнээсээ нас барав уу гэдэг эгзэгтэй үе дээрээ ирээд байгааг манай улстөрчид сайтар ойлгохгүй л байх шиг байна. Ардчилсан хувьсгал хийсэн залуус коммунизмын дарангуйллыг түлхэн унагахдаа цагдаа, шүүхийн залхаан цээрлүүлэх бурангуй системийг хална гэж анх гарч ирснээ мартжээ. Арван таван толгойтой атгаалжин хар мангасыг дарсан хан хөвгүүн маань эдүгээ өөрөө ганц хоёр толгой ургуулчихсан, хүний мах идэж эхэлснээ толинд харж нэг ухаан орж, анх хэн байснаа санаж сэрээсэй. Эсвэл хонх дэлдэх хүн үлдэлгүй вирусэнд бүгд баригдав уу? Нийгмийн аливаа формацын үндэс нь эдийн засгийн харьцаа байдаг.

Ардчилсан нийгэм чөлөөт эдийн засаг дээр суурилдаг, коммунист эдийн засаг төрийн өмчлөлд тулгуурладаг гэдгийг хэн хүнгүй л мэдэх биз. Гэхдээ яг бодит амьдрал дээр тулахаараа толгой нь эргэдэг бололтой. Ардчилал сайхан, коммунизм муухай гэж тунхаглах мөртлөө бүхнийг төр мэдэх ёстой гэж орчин цагийн Шороотын Цэвээнүүд нөгөө зүхээд байгаа коммунизм руугаа үхэн хатан зүтгэнэ. Энэ цагт нэр томъёонуудад хуурталгүй юмс үзэгдлүүдийг шинжлэн дүгнэхэд л бүх эргэлзээ арилна. Нэгд, төр эдийн засгийг зохицуулах биш шууд хутгалдаж байна. Хоёрт, цөөнхийн эрх ашгийг зөрчсөн олонхын дарангуйллын тогтвортой хандлага бий болжээ. Гуравт, Засгийн эрх мэдлийн хуваарьлалт нь улам л ёс төдий болж, процедурын хувьд л ардчилсан, харин агуулгын хувьд ардчилсан шинж чанараа алдаж байна. Эдгээрийг нийлүүлэн үзвээс манай улсад коммунист дэглэмийг сэргээн засварлах үйл ажиллагаа эрчимтэй явагдаж байна гэсэн дүгнэлт хийхээс өөр аргагүй юм. Коммунист, фашист вирус тарахдаа бусад дарангуй дэглэмүүдийн адил хүмүүсийн айдсыг юуны түрүүнд ашигладаг. Тэр дотроо харийн аюулыг байгаагаас нь хэтрүүлэн дөвийлгөж, шаардлагатай бол тийм аюулыг дэвэргэхийн тулд элдэв өдөөн хатгалгууд өөрсдөө зохион байгуулдаг. Тухайлбал, 1933 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр болсон Рейхстагийн түймэр нь фашист дэглэм тогтоход маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Маргааш нь л гэхэд “Ард түмэн, улс орныг хамгаалах тухай” захирамж батлагдаж, түүгээрээ үг хэлэх, цугларах, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хувийн өмчийн халдашгүй эрх зэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг юм. Үүний дараа нацистууд Рейхстагийн ихэнх суудлыг эзлэн, хэдхэн сарын дотор Үндсэн хуулийн үйлчлэлээс гадуур “онцгой” хуулиудыг батлах эрхийг олж авсан байдаг.

Германы коммунистуудыг, дараа нь жүүдүүдийг хомроголон хядах нь үүнээс хойш дэс дарааллын л асуудал байсан юм. Тэр бүү хэл, Ардчиллын гэрэлт цамхаг гэгдэх АНУ-д Нью Йоркийн ихэр цамхагуудыг онгоц мөргүүлэн дэлбэлсний дараа Терроризмтай тэмцэхэд шаардлагатай арга хэмжээ авах тухай хууль (Англи хэлэн дээрх нэрээр нь эхний үсэгнүүдийг хураахад PATRIOT ACT буюу Эх Оронч хууль гэж уншигддаг) батлагдаж, мөн л иргэний эрх, эрх чөлөөнүүдийг хумьсан гээд жишээнүүдийг зогсолтгүй үргэлжлүүлээд байж болно.  “Шороотын Цэвээн” гэдэг нь вирусний Монгол нэр юм. Булгаков Нохойн зүрх (Собачье сердце) гэж зохиолдоо Швондер гэх Оросын Шороотын Цэвээний дүрийг гайхалтайгаар дүрсэлсэн байдаг. Стефан Цвэйг ч өөрийн дуртгалдаа жирийн Австри ард иргэд, найз нөхдөд нь тэр хорт вирус хэрхэн халдварлаж байсныг гэрчлэн үлдээснийг уншвал өнөөгийн Монгол залууст их олон зүйл, үзэгдлүүд машид танил санагдах вий. Энэ вирусийг идэвхижүүлэхэд ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ҮНДЭСНИЙ СОНИРХОЛ, ГЕОПОЛИТИК гэх мэт “түлхүүр” үгсээр хүмүүсийн тархийг угааж, зомбийддог. Энэ нь, нэгд, айдсыг боловсон хэлбэрээр түгээж албан ёсжуулах, хоёрт, тайлбаргүй бол дэндүү ойлгомжтой бузар булай үйлдлүүдийг ёс төгөлдөр харагдуулж, хүмүүсийг төөрөгдүүлэх, гуравт, бусдын эсхүл үндэсний баялагт гараа дүрэх суурийг тавих үндсэн гурван зорилготой. Гэхдээ энэ талаар тусгайлан дэлгэрэнгүй бичих ёстой том сэдэв.

Сүүлдэж хэлэхэд, Б.Франклин гэж мэргэн өвөө хоёр зууны тэртээ онож хэлснийг эш татъя. “Эрх чөлөөгөө аюулгүй байдлаар арилжсан хүн эцэст нь эрх чөлөө ч үгүй, аюулгүй байдал ч үгүй хоцордог” юм шүү, найзуудаа. ЖИЧ: Шороотын Цэвээн гэж түүхэн хүнийг хүндэтгэж байгаа бөгөөд түүнийг гутаан доромжлох зорилгогүй, ЗХУ-ын коммунист намын даалгавараар бүтээсэн дүрийн талаар бичсэнээ онцлон тэмдэглэе.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.23.51 Ямар урт нуршуу юм. Ямар их тайлбар зүүсгэлтэй юм. Зовлонтой бичдийм бээ.
202.131.234.242 sain bichjee
202.131.233.187 Sain bna Orgil oo ingeed bicheed baigaarai
202.179.20.166 Сайн бичжээ....Атаархс ан Цэвээнүүд ...
122.254.127.90 эх оронч үзлийгн илэрхийлэл болох олон асуудлуудын нэг болох оюутолгойн асуудлаар бат-оргилын үзэл бодлыг мэдмээр байна.онолдох бол нэг хэрэг бодит байдалд хандах хандлагаар чинь чамайг ард олон таних болно
150.129.143.218 Geree zaschihsan neg mongol aaviin niigmiinhee toloo bichij bgaa ni sain hereg e
202.126.89.199 Шороотын Цэвээнүүд хүний хэлснийг хэлэлцэн ярих биш хэлсэн хувь хүн рүү нь дайрна.
150.129.142.202 Zuvxun ashigt maltmalaa tumur zamaar zuuguud , zaraad baix uu? Ene zamaar bol xeden Nyamtaishir, Odjargaluud l Bill Gates, xeden Batorgil, Battsengel metiin xumuus jaaxan chamlangui, xarin ex nutag min” uxliin xundii, ard olon min” xooson chigeeree uldex bolov uu. Esvel, ashigt maltmaldaa tulguurlasan aj uildveriin bodlogoo xeregjuulj, chineeleg dundaj davxargatai uls bolox bolomjiig exluulex tsag n” bolson bus uu.Unuugiin bid ur xoichdoo yu uldeex ve?
84.132.4.154 Б.Франклин гэж мэргэн өвөө хоёр зууны тэртээ онож хэлснийг эш татъя....uvuu ? bitii malt !Ан Сан Су Чи emee ?..... найруулагч Илья Траубергийн авсан Монгол хүү гэж уран сайхны кино монголчуудыг цочирдуулан түгшээж, гол дүрийн баатар Шороотын Цэвээн нь бидний 2-3 үеийг хүмүүжүүлсэн үлгэр дуурайлал .... түгшээж ? uhseniih ni tugsheediin ? soliotoi yum bichdeg bas neg gar garaad irchee ai9n ?
202.179.13.154 Баабар тэргүүтэй балар лалруудыг дууриаж байгаа ухаантай юм уу даа. Банди ээ, ардчилал зах зээл гэж чиний ойлгодгоос шал өөр юм байдгийш дээ.
71.239.127.95 Ухаалаг залуу байна. Дуулж хуурдахаасаа ч илүү ухаалаг юм.
182.160.39.29 Баярлалаа. Зев зvйл байна. Маш зев зvйрлэл байна. Чин vнэнээсээ Таньд баярлалаа
112.72.13.178 Mongold gants ch gesen zuv setgedeg niitlelch baigaa l yum baina. Harin ard tumen l uuniig oilgoh heregtei baina daa. Aun San Su Chi bol suud l uneniig helchiheed yavsan shuu dee.

Т.Бат-Оргил

Бүргэд овогтой Төрболдын Бат-Оргил. Эрх зүйч. 1995 онд МУИС, ХЗДС-ийг бакалавр зэргээр төгссөн. 2007 онд АНУ-ын James Madison-ы их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 1995 - 2002 онд Хууль зүйн яаманд мэргэжилтэн, Дэлхийн банкны төслийн ажилтан, мөн төслийн удирдагч, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. 2007 – 2009 онд АМГТХЭГ, Тамгын газар, ахлах мэргэжилтэн, Геологи, уул уурхайн кадастрын газрын даргааар ажиллаж байгаад 2009 - 2012 “Монголын Алт” ХХК, Нарийнсухайтын төмөр замын төслийн удирдагчаар тус тус ажилласан. 2012 - 2013 “Оюутолгой” ХХК, Засгийн газар, олон талт хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байгаа өнгөрсөн оноос “Реформ Клуб”-ийн зохицуулагч, “Тэнгэр констракшн” компанийн бизнесийн хөгжил хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна.