Төмөр зам

2014 оны 09 сарын 16

Эдүгээ 75 жилийн ойг тэмдэглэж байгаа Халхын голын тулалдаан нь монголчууд бидний хувьд Эх орноо хамгаалсан дайн яахын аргагүй мөн. Харин Японы Квантуны арми болон ЗХУ-ын цэргийн командлалын хувьд энэ бол дайн биш, Японы цэрэг Сибирийг эзлэхэд амин чухал түшиц газрын төлөөх стратегийн ач холбогдол бүхий том тулалдаан байлаа. ОХУ нь манай улстай хэдэн мянган километрийн үргэлжид хил залгаж, цөмрөн орж ирэх боломжтой олон цэгүүдтэй тул түүний туршид цэрэг сахиулан суулгахад үлэмж хүндрэлтэй аж. Түүхийн нугачаан дунд олон юм өөрчлөгдсөн ч Монгол Улсын геополитик, стратегийн газар зүйн байршил нь хэвээр байсаар л байна. 

Бид агуу түүхтэй, дайчин цустай нь үнэн ч өнөөдөр биднийг эзлэхэд төдийлөн их хэмжээний цэрэг шаардлагагүй гэж гашуун үнэнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр яалтай билээ. Манай зэвсэгт хүчинд хөдөлчихдөг танк, нисчихдэг онгоц нь хэд вэ гээд л асуугаад ирвэл аль ч улсын цэрэг цөмрөн орж ирэхэд бид тараасан хорин мянгаа л нүүр лүү нь цацдаггүй юм бол удаан хугацаагаар дайтах түлш нь ч хүрэлцэхгүй нь ойлгомжтой биз. Харин ОХУ-д халдахад ганц хоёр дивиз биш, армиудын хэмжээнд асуудал тавигдах болно. Хэдийгээр байлдааны техник, технологи хөгжсөн ч, том гүрнүүд байлдахад хүрвэл агаарын довтолгоогоор олсон амжилтаа гагцхүү десантын хүчээр бататгаж дийлэхгүй, их хэмжээний явган цэрэг, техникийн тусламжтайгаар газраар довтлон эзлэх ёстой нь гарцаагүй. Гэтэл тийм хэмжээний цэргийг хойд хөршийн хил дээр татан төвлөрүүлэхээс Монголын Говь гэх нэгэн том байгалийн саад сахин хамгаалж ирсэн билээ. Дайсны агаарын довтолгоог эсэргүүцэн танк болон бусад байлдааны зэвсгээ говийг хөлөөр нь  гэтэлгэж, нижгээд машинаар явган цэргээ зөөнө гэдэг бол цэргийн логистикийн хувьд асар их хүндрэл болон гарзтай тул яахын аргагүй төмөр замын асуудал гарч ирнэ. Хятад, Орос хоёр байлдатлаа хаа ч билээ гэх хүмүүс байгаа биз. Тэгвэл Орос, Украин буюу ахан дүүс улс байлдаж, Герман дунд нь зуучилна гэж жилийн өмнөхөн хэн тааж мэдэх байлаа?

Өнөөдөр төмөр зам тавих нь өөрөө маш хурдан, техникийн хувьд амархан шийдэлтэй, яриад байгаа шиг хэдэн мянган хүний хүч шаардахгүй болсон ажил билээ. Урьдчилан угсарсан төмөр замын хэсгүүдийг ардаа ачиж, толгойн хэсэгтээ крантай зүтгүүрээр өмнөх замаа тавьж, угсраад л явчихдаг. Ул шороо тавих, газар шорооны ажлыг бид хэнээр ч заалгахгүй өөрсдөө ч хийж чадна. Төмөр зам даган хятадууд суурьшина гэдэг нь ч үндэслэл муутай. Нарийн цариг бол хятад цариг биш, олон улсын стандарт. Ромын эзэнт гүрнээс нэгдсэн журмаар тогтоосон морин тэрэгний тэнхлэгний хэмжээг түүний бүрэлдэхүүнд орж байсан европын бүх орнууд уламжлан авч үлдсэн учир олон юм шинээр сэдэлгүй, төмөр замаа ч мөн тийм царигаар барьдаг болсон түүхтэй билээ. Бид төмөр замаа Германаас инженерүүд авчраад бариулж болно, бариулж ч байлаа. Төмөр замын царигийн асуудал нь эдийн засгийнхаасаа илүү цэргийн стратегийн ач холбогдолтой юм.

Төмөр замын замналын инженерийн тооцоо хамгийн их цаг авдаг ажил юм. Учир нь галт тэрэгний хөдлөх бүрэлдэхүүн ердөө л 1-2 градусын өгсүүр газар л зүтгэдэг тул замын турш дахь газрын хэвгийг тооцож, үерийн ус зайлуулах байгууламж зэргийн зураг төслийг боловсруулах нь ажлын ихэнх хувийг эзэлдэг. Нэгэнт төмөр зам тавигдсан бол түүнийг сүйтгэсэн ч сэргээн засварлах нь хялбар ажил юм. Өөр царигаар баригдсан төмөр замыг засах боломжгүй, шинээр тавихаас өөр аргагүй учир урд хилээ батлан хамгаалах, дайн байлдааны үед өөрийн цэргээ манай урд хилд шуурхай татан төвлөрүүлэх боломжийг хангахад ОХУ-ад Монголд өргөн царигтай төмөр зам байлгах нь цэргийн стратегийн хувьд амин чухал асуудал мөн.

Нарийн царигтай төмөр зам нь манай улсад эдийн засгийн тооцоо талаасаа ашигтайг төмөр замын ч, эдийн засгийн ч мэргэжилтнүүд нэгэн дуугаар баталдаг. Шилжүүлэн ачихаас авахуулаад, ашиглалтын зардал гээд аль ч талаасаа нарийн царигтай төмөр зам нь хамаагүй ашигтай. Нарийнсухайтын төмөр замыг л авч үзэхэд бид Хятад, Казахстан, Түркменистанаар дайруулан Ираны Горгантай холбогдож, тус бүс нутгийн улсууд руу гарцтай болж, нефтэн бүтээгдэхүүний гачаалаа шийдэх боломжтой байх жишээтэй. Гэвч асуудал эдийн засгийн талбар биш, улс төрийн өрөг дээр байгаа тул шийдэл нь ч мөн улс төрийн хэмжээнд л байж таараад байна. Хэрэв хойд хөрш маань бүхий л нөхцөл байдлыг бидэнтэй илэн далангүй, эрх тэнцүү хэлэлцэж, түүний үндсэн дээр харилцан ашигтай тохиролцоо хийж, жинхэнэ ах дүүгийн ёсоор харилцвал бид ч гэсэн хэн нь бидний нөхөр билээ гэдгийг эрх биш ялгаж салгахтайгаа улс гэж бодох юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Т.Бат-Оргил

Бүргэд овогтой Төрболдын Бат-Оргил. Эрх зүйч. 1995 онд МУИС, ХЗДС-ийг бакалавр зэргээр төгссөн. 2007 онд АНУ-ын James Madison-ы их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 1995 - 2002 онд Хууль зүйн яаманд мэргэжилтэн, Дэлхийн банкны төслийн ажилтан, мөн төслийн удирдагч, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. 2007 – 2009 онд АМГТХЭГ, Тамгын газар, ахлах мэргэжилтэн, Геологи, уул уурхайн кадастрын газрын даргааар ажиллаж байгаад 2009 - 2012 “Монголын Алт” ХХК, Нарийнсухайтын төмөр замын төслийн удирдагчаар тус тус ажилласан. 2012 - 2013 “Оюутолгой” ХХК, Засгийн газар, олон талт хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байгаа өнгөрсөн оноос “Реформ Клуб”-ийн зохицуулагч, “Тэнгэр констракшн” компанийн бизнесийн хөгжил хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна.