ПОРНО БА МОНГОЛЫН АРДЧИЛАЛ

2014 оны 09 сарын 09

Манай төр засгаас хэнд ч зарлалгүйгээр порно сайтуудыг блок хийжээ. Бага насны хүүхдүүдийн сэтгэхүйг ёс бус юманд өртөхөөс сэргийлж, залуучууд ч гэсэн цаг заваа зөв өнгөрөөж, спорт, аялал, ном, сурлага, хөгжим, урлаг, нөхөрлөл гээд өөр зөндөө сайхан зүйлд анхаарлаа хандуулахад нэмэр болно гэдэгт эргэлзэхгүй байна. Зөв. Гэхдээ буруу. Санаа нь сайхан ч гарах үр дагавар нь юм уншдаггүй хүмүүст харагдахааргүй хол хаялагатай. Порно үзэхгүй байлаа гээд хэн ч үхчихгүй л дээ. Асуудлын гол нь порнодоо биш зарчимдаа байгаа юм. Өөрөөр хэлбэл, миний юу үзэж болох, эс болохыг төрийн хэсэг албан хаагч надаас асуулгүй, намайг төлөөлж байгаа Парламентаас ч мандат авалгүй тэрүүхэндээ хуралдан шийджээ. Энэ сайн санаат хүмүүс юу хийснээ төдийлэн ойлгохгүй л байгаа болов уу. Үүдийг нээнэ гэж Монгол үг байдаг. Юу гэсэн үг вэ гэвэл өнөөдөр порногоор эхэлж байгаа боловчиг ерөнхий зарчмаараа бид юу үзэх, сонсох, ярих, бодохыг хэн нэгэн этгээд цензурдэж болох нь. Ийм эрх зүйн анхны прецендентийг үүсгэсэн агуу том модны өчүүхэн үрийг тарьсан нь энэ юм. Порно гэдэг сэдэв нь төдийлэн өргөн, нээлттэй ярилцаад байдаг асуудал биш учир хүмүүс өнгөцхөн ярилцаад, өнгөцхөн харахад төдийлэн эсэргүйцээд байх зүйл биш, зөв зүйтэй мэт харагдана. Гэвч тэдгээр сайтуудын агуулгыг үл хайхран, зарчмын хувьд гүйцэтгэх засаг дур мэдэн хаасныг нь лавлан авч үзвэл ард түмэн өөрийн төлөөлөл болох Их Хурлаар дамжуулан төрөө засах ёсонд халдаж байгаа хэрэг мөн. Энгийнээр хэлбэл, үйлчлэгч нь эзэндээ мэдэгдэлгүйгээр, түүний саналыг асуулгүй өмнөөс нь шийдвэр гаргалаа. Сахил хүртсэн биш шал дордов гэж бидний хэлдгийг америкчууд эм нь өвчнөөсөө аймаар гэдгийн жишээ энэ юм. Порно сайтуудыг хаасан нь садар самууныг таслан зогсоосон гэж харахаас илүү ардчилсан төрийн систем улам гажиж эхэлснийг харуулж байна. Нэгэнт жишиг тогтсон тул дараагийн ээлжинд юуг ямар байдлаар хориглож эхлэх вэ гэдэг чухал асуулт хариу нэхнэ.

Цензур гэдэг нь аливаа мэдээлэл нийтлэгдэхээс өмнө хэн нэгэн хянаж, зөвшөөрөл олгохыг хэлдэг. Энэ бол аль ч дарангуй нийгэмд хүний үг хэлэх эрхийг боомилоход хамгийн өргөнөөр хэрэглэж ирсэн хорвоо шиг хуучин арга юм. Эрх чөлөөт нийгэмд хүний хэлэх гэж байгаа үгийг хянах биш, хэлснийхээ дараа хэлсэн хүн нь хариуцлагаа хүлээдэг учиртай. Үүгээрээ л чөлөөт хэвлэл цензурт хэвлэлээс ялгардаг. Энэ бол хэвлэлийн эрх чөлөө, үгээ хэлэх эрхийн тулгуур зарчим билээ. Ер нь ардчиллын зарчмууд мань мэтэд заримдаа хий дэмий, хоосон сүржигнэсэн юм шиг санагдаж болох ч үнэндээ бүгд хэдэн зууны туршид үй олон хүний цусаар бичигдсэн хуулиуд юм. Хэрэв тэр хуулиудыг үл ойшоон зөрчвөл, магадгүй тэр даруйдаа биш ч хэтдээ мөн л цус асгардаг хатуу дүрэмтэй билээ. Бусад улс орнууд порно сайтуудыг яагаад хориглодоггүй вэ гэвэл нийгэмд хортой зүйлийг таслан зогсоох гэж байгаад түүнээс хамаагүй илүү эрхэм зүйлээ хамт устгачих гээд байдаг тул тэсэхээс өөр аргагүй хор гэж үздэгтэй холбоотой юм. Тэд нар биднээс тэнэгдээ ч юм уу, ёс суртахуунаар доройдоо тэгдэг биш шүү дээ. Хүн төрөлхтний шилдэг ухаанууд хэдэн зуун жил мэтгэлцэж байгаа зүйл дээр манай нэг агентлаг ийм шуурхай шийдвэр гаргачихаж байгаа нь нэг бодлын бахархмаар ч юм шиг.

1867 онд Их Британид Садар хэвлэлийн тухай хууль батлагдаж, түүнээс хойш удалгүй 1868 онд Хиклинг Хатан хааны эсрэг (Hicklin v. Regina) хэрэг Английн шүүхийн системд прецендент тогтоосон юм. Улсын Ерөнхий шүүгч Кокбөрнийн (амьдрал гэж бас марзан шүү, Cockburn гэж нэрийг нь орчуулбал бас л... ккк) шийдвэр нь дээрх хуулинд заасан “ёсгүй муу нөлөөнд оюун ухаан нь амархан орох хүмүүсийн гарт очвол тэднийг уруу татаж, эвдэх” ном сэтгүүлүүдийг хориглож, хураан устгах журмыг бататган өгчээ. Өнөөдөр дэлхийн сонгодог бүтээлүүдэд ордог Бальзак, Флоберын номнууд ч энэ хуулийн тогтоосон жишгээр садарт тооцогдон олон жилийн турш хориглогдож байлаа. АНУ-д л гэхэд юуг садар гэж үзэх вэ гэдэг дээр үе үеийн Улсын ерөнхий шүүгчид нь өөр өөрийн үндэслэлүүдээ гарган хэдэн арван прецедентууд үүсгэн Үндсэн хуулийн Нэгдүгээр нэмэлт нь (үгээ хэлэх эрх чөлөөг бататгасан нэмэлт) садар мэдээлэлд хэрхэн хамаарах талаар ухаанаа уралдуулан иржээ. 1957 онд л АНУ-ын Дээд шүүхээс Үндсэн хуулийн Нэгдүгээр нэмэлт нь садрыг хамгаалахгүй гэсэн дүгнэлтийг Роз АНУ-ын эсрэг (Roth v. USA) хэргээр сая нэг тогтоосон болов ч яг юуг садар гэх дээр санал нийлэхгүй өдийг хүрсэн юм. 1964 онд Жакобеллис Охайо мужийн эсрэг (Jacobellis v. Ohio) хэрэг дээр Улсын Ерөнхий шүүгч Поттер Стюарт нь өөрийн алдартай дүгнэлтээ хийсэн байдаг. Порнографи мөн эсэхийг хавтгайруулан тодорхойлж болохгүй, “Би түүнийг үзэж байж л мөн гэдгийг нь хэлж мэднэ” (I know it when I see it) гэсэн нь The Lovers хэмээх Францын уран сайхны кино нь АНУ-ын Үндсэн хуулийн Нэгдүгээр нэмэлтээр хамгаалагдсан гэх шийдвэрийн үндэслэлийн хэсэгт нь оржээ.

Ардчилал бол хүрэх нэгэн цэг биш тийнхүү тодорхойлсон цэгт хүрэх зам нь өөрөө байдаг. Өөрөөр хэлбэл, хууль тогтоомжийн хэрэгжилт, өдөр тутам гарч буй захиргааны актууд бидний нийгмийг ардчилсан байгаа эсэхийг тодорхойлдог. Ардчиллыг тунхагласнаараа бол Ардчилсан Социалист Солонгос Улс ч гэсэн ардчилсан л нийгэмтэй биз. Сүүлийн үед манай улсад өрнөж байгаа үйл явдлууд бидний зам тодорхойлсон цэгээсээ үлэмж хазайж эхэлснийг захиргааны актууд, шүүхийн шийдвэрүүд, хуулиуд гэрчилж байна. Тухайлбал, жиргээч Батыг хорьсон хэрэг үүний маш тодорхой жишээ юм. Давж заалдах процесс эхлээгүй байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг шууд биелүүлсэн нь эрх зүйн завхрал гэж үзэхээс өөр аргагүй. Хэрэв давж заалдах шатанд хэрэг нь хэрэгсэхгүй болбол яах юм болж байна? Хууль бусаар хоригдсон Батын биеэр эдэлсэн ялыг яаж буцаах юм бэ? Буруу шийдвэр гаргасан анхан шатны шүүгчийг Батын хоригдсон хугацаагаар нь хорьж хохирлыг нь барагдуулах уу? Эсхүл сайд А.Гансүхийг хугацаа тэнцүүлэн хорьж Батын гомдлыг тайлах юм уу? Хэрэв хэн нэгэн том тендерт орох гэж байхад нь мөн ийм аргаар хориулж байгаад тендер нь өнгөрсний дараа суллуулах юм бол тэр хүнд, бас магадгүй хямд үнээр сайн чанарын бараа үйлчилгээгээ авч болох байсан нийгэмд учирсан эдийн засгийн хохирлыг нь хэн яаж барагдуулах болж байна? Тэр хүний санаа сэтгэл, эрүүл мэндийн хохирлыг яах юм? Цаашилбал, учир битүүлэг мөрдөн байцаалтын явцад хэдэн сараар хоригдож байгаад прокурор, шүүх хэргийг нь хэрэгсэхгүй болгож суллагдсан хүмүүсийн тоог хэн гаргасан бэ?  Хэдэн арав, зуу, мянга? Тэмүүжин сайдын эсрэг үгсэн хуйвалдсан цагдаагийн дарга нарын үйлдлийг илчилсэн news.mn-ийн хуудсыг цагдаагийн кибертерроризмтэй тэмцэх хэлтсийнхэн эвдэж, хэсэг хуагцаанд ажиллагаагүй болгосон гэж батлагдаагүй мэдээлэл чих дэлссэнийг хэн шалгаж, үнэн худлыг олон нийтэд тайлагнасан бэ? “Хаан Жимс” амралтын газар бохироо Туул голд цутгаж байгааг мэдээлсэн сайтыг хаасан үйлдэл хэвлэлийн эрх чөлөөнд халдсан хэрэг биш гэж үү? Түүний хариуцлагыг хэн хүлээсэн бэ? Энэ бүхэн бүгд хоорондоо хүйн холбоотой учир “порно хориглож гэнээ” гэж хошигнолдон жиргэцгээх нь ирээдүйд онгойж байгаа хаалганы цаадах харанхуйг бид харахгүй байгаа гэнэн хэрэг билээ. Энэ бүх асуултууд одоо ч ард иргэдийн хувьд тайлагдаагүй нууц болон үлдсэн гэхэд дэгсдэхгүй. Хуйвалдаан зохион байгуулсан нь ч тэр, хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нь ч тэр, төрийн гаргасан буруу үйлдэлүүдэд ч тэр ямар ч хариуцлагын арга хэмжээ авахгүй байгаа нь цаашид юу болохыг хэлэхэд хэцүү болгоно. Зүгээр нэг шүүмжлэгч байхгүйн тулд порно сайтуудыг хэрхэж болох байсныг хэлэх нь зүйн хэрэг биз. Хэрэв эхлээд зохих ёсны хууль, дагаж мөрдөх журам боловсруулаад түүнийхээ дагуу интернетийн үйлчилгээ эрхлэгчдэд насанд хүрээгүй хүмүүсийг ийм төрлийн веб хуудаснуудад нэвтрэх эрхийг хаах үүрэг өгч, банкны картаар ч юм уу, иргэний үнэмлэх, регистрийн дугаараар насыг нь шалгаж нэвтрүүлдэг болсон бол илүү оновчтой болох байж дээ гэж хувьдаа бодох юм. Гэхдээ хэн мэдэх вэ, засаг маань мэдэхгүйдээ ч биш, харин ухамсартайгаар дарангуй нийгэм байгуулахаар хэдийнээ шийдэж, наанаа ардчилал гэсэн хуванцар хаяг зүүн цаанаа ханцуй шамлан ажиллаад эхэлсэн юм болов уу? Ард түмний аугаа удирдагчид юу юугүй тодорчих гээд л эхнээсээ дуншаад байхыг үгүй гэх газаргүйдэг ээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.26.193.2 Их хуудуутай, дутуу зүйл болсон. Порно вэбсайтууд бол хэдэн мянгаараа байгаа шүү дээ. Энэ бүгдийг нэг нэгээр нь хаана гэдэг бол барагдаж дуусахгүй ажил болно. Хаадаг нөхдүүд бол өөрсний мэддэг, ордог цөөхөн сайтуудыг хаасан юм шиг байгаа юм. Хэдэн мянгаас 10-20-ийг хаагаад л асуудал шийдэгдсэн гэж бодож байгаам байхдаа. Миний ордог хэд хэсэн сайн сайтууд нэгээс бусад нь бүгд л зүгээр байна лээ.
202.61.97.81 Миний л хувьд би порно сайтаар ороод л байгаа шдээ. Та нар юу хэрэглэдэг болоод хаалгаад байгаа юм болоо?
103.10.22.90 ийм энгийн бөгөөд ямарч хүнд ойлгогдохоор маш үнэн санааг огт ойлгодгүй юмуу санаатай ойлгоогүй дүр эсгэгч нарыг ийм нийгэмд бидэнтэй цуг амьдарч байна гэхэд итгэхгүй байналдаа нэг бол энэ засгийн газрын аяалдан дагалдагч юу хийж байгаагаач мэдэхгүй нөхөн төлөөсүүд мөнТа юу гэж бодож байна ...
124.158.110.90 Коммунизмаасаа салж чадахгүй л байх шиг санагдаж байнадаа.
103.26.193.24 Та юу гэж бодож байна ...Чааваас даа л гэж хэлий энэ бичвэрчинд.......... Одоо МАН болчоод буй МАХН биднээс юу ч асуудаггүй л байсан. Үг ч хэлүүлэхгүй хуудас цаасыг нь урж хаяад л..........Тийм л үед наад санаагаа гаргах байсан юм......Порног хаачихаар чамд үзэх юм алга болоо юм байлгүй.Би л лав дуулаагүй юм байна...
103.26.193.24 Тэнэг минь наадах порно хаасан гээд байгаа юм биш өөрсдийн булхайг нуух гэсэн ЗГ түүний гар хөлүүдийн талаар байна Ийм юм ойлгохгүй сансрын амьтан уу чи
  • 2014 оны 09 сарын 12
85.181.223.156 Bi ingej bodoj baina; ajlaa hiij meddeggui humuusiin aranshin, Toerd oeriin chadlaar bish arga zaliar shurgalsan heden toonii humuusiin deerelhuu uzegdel!!!
202.21.124.130 zuiltei sanal negdej bna, bayarllaa
202.72.245.252 haasan ni zub, ashgui de
202.70.46.200 Porno saituudiig haah ni zuv.

Т.Бат-Оргил

Бүргэд овогтой Төрболдын Бат-Оргил. Эрх зүйч. 1995 онд МУИС, ХЗДС-ийг бакалавр зэргээр төгссөн. 2007 онд АНУ-ын James Madison-ы их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 1995 - 2002 онд Хууль зүйн яаманд мэргэжилтэн, Дэлхийн банкны төслийн ажилтан, мөн төслийн удирдагч, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. 2007 – 2009 онд АМГТХЭГ, Тамгын газар, ахлах мэргэжилтэн, Геологи, уул уурхайн кадастрын газрын даргааар ажиллаж байгаад 2009 - 2012 “Монголын Алт” ХХК, Нарийнсухайтын төмөр замын төслийн удирдагчаар тус тус ажилласан. 2012 - 2013 “Оюутолгой” ХХК, Засгийн газар, олон талт хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байгаа өнгөрсөн оноос “Реформ Клуб”-ийн зохицуулагч, “Тэнгэр констракшн” компанийн бизнесийн хөгжил хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна.