“АЮУЛТАЙ МИКРОБУУД” ХЭМЭЭН АРМЯНЧУУДЫГ АЙМАГЛАН УСТГАСАН ТҮҮХ

2016 оны 04 сарын 20

1916 онд Алеппо хотод армян эмч нарыг ийн цаазалжээ

1915 онд Туркийн эрх баригчид армянчуудыг хоморголон хядсаныг хүн төрөлхтний эсрэг үйлдсэн хамгийн томоохон гэмт хэргийн нэг гэж үздэг юм. Энэ аймаглан устгах явдлыг Османы эзэнт улсын хяналтад байсан бүх газар нутаг дээр 1922 он хүртэл үргэлжлүүлжээ. Үүнийгээ шууд алж устгах, энгийн хүн ардыг гарцаагүй үхэлд хүргэх нөхцөлд байлгах гэсэн хоёр аргаар гүйцэтгэсэн аж. Туркэд аж төрж байсан армян хүмүүс ямагт дарлал, хэлмэгдэлд өртөж байв. Тэд лалын шашин шүтдэггүйн хувьд хоёрдугаар зэрэглэлийн хүмүүс гэгдэж биедээ зэвсэг авч явах хориотой, хамгийн өндөр татвар төлөх ёстой байлаа.

Христос шашинтай армян хүмүүс шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөх, армид алба хаах эрхгүй байжээ. Османы эзэнт улсад армянчуудыг байнга түйвээнэ. Тухайлбал, эрчүүд нь курдүүдийн уулгалан дайрахаас хамгаалахын тулд зэвсэг бэлтгэж байсан хэмээн 1893 онд Шеник, Семал тосгоны 3000 хүүхэд, эмэгтэйг Туркийн армийн цэргүүд алсан байна. 1895 онд Урфа хотод түйвээн дэгдээж 8000 гаруй энгийн иргэний амийг хөнөөсөн бол Эрзерумийн хядлага хэмээн алдаршсан яргалалд 60 мянган армян хүний амь нас сүйдсэн аж. Гэлээ ч жинхэнэ хоморголон хядах ажиллагаа болоогүй л байжээ.

1907 онд Туркэд хувьсгал болж, хөрөнгөтний нам засгийн эрхэнд гарч үндэстний цөөнх өд туркүүдтэй ёс төдий тэгш эрх олгосон Үндсэн хууль батлав. 1912 оны Балканы дайнд Туркийн армид дайчлагдсан армян эрчүүд зоригтой баатарлаг, тангарагтаа үнэнч байхын үлгэрийг үзүүлжээ. Гэвч эрх мэдэлтэй болсон залуу туркчүүдийн удирдагчид нармай туркизмийн үзэл суртлыг нийгэмдээ түгээх бодлого явууллаа. Үүнийг фашизмын турк хувилбар гэж улс төр судлаачид үздэг юм. Энэ бодлого бусад үндэстнийг эрх мэдэлтэй ажил албанаас төдийгүй Туркийн иргэний амьдралаас тусгаарласан байна.

Нутаг дэвсгэрээ армянчуудаас цэвэрлэж, улсаа ганц үндэстний эх орон болгох нь залуу туркчүүдийн улс төрийн үндсэн зорилтын нэг болов. Дэлхийн нэгдүгээр дайн эхэлсэн нь Туркийн үндсэрхэг үзэлтнүүдийг бүр гаарууллаа. Османы эзэнт улс 1914 оны наймдугаар сарын 2-нд Германтай нууц гэрээ байгуулжээ. Хэдхэн цагийн дараа Засгийн газар нь бүх нийтийн дайчилгаа зарлаж, эрүүл чийрэг бүх армян эр хүнийг армид татлаа. Ингээд 1914 оны аравдугаар арын 30-нд Турк улс албан ёсоор дэлхийн дайнд оролцов. Тун удалгүй Антантын орнууд (Орос, Англи, Франц)-ын эсрэг “ариун дайн” гээчийг зарлах нь тэр.

Ингэхдээ Оросын нутаг дэвсгэрийг эзэлж, лалын шашинт ард түмэнд нь хүрэх хонгил нээхийг Турк улс зорьсон аж. Үүний тулд энэ хонгилд байгаа христос шашинтнуудыг, өөрөөр хэлбэл армянчуудыг устгах шаардлагатай гэж үзэж байлаа. Харамсалтай нь туркчүүдийн байлдаан бүтэл муутай байв. 1915 оны нэгдүгээр сард Туркийн цэрэг Сарыкамышийн дэргэд Оросын армид хатуу ширүүн цохиулжээ. Кавказад Оросын арми ялалт байгуулахад Арменийн сайн дурын дайчид их тус хүргэсэн байна. Эцэст нь бүх армян хүнийг урвагч хэмээн Туркийн суртал нэвтрүүлэг “цоллов”.

Үүний зэрэгцээ Кавказад Туркийн цэргийг командалж байсан Энвер гэгч хамба лам Коньид хувийн захидал илгээж, Сарыкамышийн тулалдааны үед төвийг сахисан байр суурьтай байсан хэмээн Туркийн армянчуудад талархал илэрхийлэв. Тэрбээр Туркийн цэргүүд сандралдан зугтах үеэр өөрийг нь тулааны талбараас авч гарсан нэгэн армян офицерт насаараа өртэй үлдсэнээ захидалдаа өгүүлсэн байлаа. Константинополь хотод ирээд Энвер “Османы Засгийн газарт гуйвшгүй үнэнч” байсанд нь Туркийн армянчуудад талархсанаа дахин хэлсэн байна.

Гэвч энэ бүхэн дорно зүгийн манж зан байжээ. Үнэн хэрэг дээрээ армянчуудын эсрэг онцгой арга хэмжээ авахаар зэхчихсэн байв.1915 оны гуравдугаар сард Османы армийн 100 мянга орчим армян цэргийн зэвсгийг хураан тусгай лагериуд руу илгээжээ. Нүдээр үзсэн хүмүүсийн гэрчилснээр бол зэвсгийг хураадаг нь тэднийг харгис хэрцгийгээр хөнөөх зорилготой байсных аж. Армян цэргүүдийн толгойг тайрч, хоолойг хэрчиж, заримыг амьдаар нь булж устгажээ. Энгийн армян хүмүүсийн зэвсгийг бас хурааж, гарыг нь мухарласан байна.

Армянчуудыг цөлөхөөр тууж явна

Зэвсгийг нь зүгээр хураагаад авчихсангүй, хүмүүсийг ихэд хэрцгийлэн тамлаж байв. Хураасан зэвсгийн зургийг авч, армянчууд “урвасны” нотолгоо болгон Истанбул руу явуулж байсан аж. Армянчуудыг хоморголон устгахдаа олноор нь алахын зэрэгцээ Сири, Курдистан, Месопотамийн элсэн цөл рүү хүчээр явуулж, тэнд очсон армян хүмүүс курдийн дээрэмчин тонуулчдын гарт өртөж, өлсөж, цанган амиа алдаж байв. Энэ “ажлыг” залуу туркчүүдийн удирдагч Талаат, Жемаль, Энвер нар болон “Онцгой байгууллага” гээчийн удирдагч Бехаэддин Шакир зохион байгуулжээ. Армянчуудыг цөлөх ажиллагааны эхний үе шат 1915 оны дөрөвдүгээр сард эхэлсэн аж.

24- ний өдөр Истанбул дэх Армений дээдчүүлийг баривчлав. Талаатын санал болгосон “Цөлөх тухай” хуулийг Туркийн межлис (Парламент) 1915 тавдугаар сарын 30-нд баталлаа. Османы эзэнт улсын төвийн нутгаас армянчуудыг байнга хөөх болов. Орон нутгийн эрх баригчид эхлээд амьд үлдсэн эрчүүдийг нь баривчлан устгаад, дараа нь хөгшид, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг цуглуулан цэрэг, цагдаагаар харгалзуулан өмнө зүг рүү туусан байна. Явж чадахаа больсныг нь жирэмсэн эмэгтэй байсан ч ялгаагүй алж орхидог байв.

Царайлаг армян бүсгүйчүүдийг нь ил задгай хүчиндээд, алчихна. Эмэгтэйчүүд, хүүхдүүдийг нутгийнхаа иргэдэд боол болгож зарах нь ч цөөнгүй. Турк цагдаа нар хүмүүсийг цөлөхөөр авч явахдаа хамгийн урт холын замыг сонгоно, эсвэл сүүлчийн хүн өлсөж, цангаад үхэх хүртэл ирсэн замаар нь буцааж тууна. Хар далайн эргийн хотуудад аваачаад армянчуудыг чирг үүл онгоцонд суулгаж явснаа живүүлж орхино. Хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг халуун усны газар руу хөөж оруулаад уураар түлж алж байсан тохиолдол ч бий аж. Армянчуудыг турк хүмүүсийг бодвол биологийн доод түвшинд байгаа “аюултай микробууд” гэж нэрлэсэн доктор Мехмет Решид гэгч энэ яргаллын “онолчдын” нэг байв.

Тэрбээр бас армян хүмүүсийн хөлд тах хадах, Христ шиг цовдлох хоёр арга санаачилжээ. Дайны үед өвчин дэгдэхэд шинээр гаргаж авсан вакцинаа армян хүмүүс дээр туршихад олонх нь үхсэн байна. Энэ өвчний халдвар авсан цусыг хүмүүст өөрийн гараар хийн туршиж байсан профессор Хамди Суатыг Туркэд бактериологийн шинжлэх ухааныг ундэслэгч гэж үздэг аж. 1915 оны эцэс болоход Османы эзэнт улс армян хүн амынхаа үлэмж хэсгийг устгасан байв. Түүхчдийн үзэж буйгаар нийтдээ 1.5 саяас цөөнгүй хүн амь үрэгджээ. Зарим районд армян хүмүүс зэвсгээ хураалгасан ч Туркийн цэрэгт ширүүн эсэргүүцэл үзүүлж байлаа.

Гарцаагүй алуулахаа мэдсэн армян хүмүүс 1915 оны долдугаар сард ууланд бүгж, хамгаалалт бэхлэлт байгуулан 50-иад хоногийн турш, Османы армийн дайралтыг няцааж байжээ. Османы эзэнт улс ялагдсаны дараа хүн төр өлхтний эсрэг үйлдсэн гэмт хэргийн буруутныг шийтгэхийг ялсан орнууд Туркээс шаардсан байна. Цэргийн тусгай шүүх байгуулсан боловч гол гэмт хэрэгтнүүд нь гадагш зугтсан байв. Гэлээ ч энэ тусгай шүүх үйл ажиллагаагаа явуулж чухал чухал шийдвэр гаргасан аж.

Юуны урьд армянчуудыг хоморголсон нь энгийн хүн амыг аль болох олноор устгахаар бодож олсон арга байснаас биш, цэрэг дайны зайлшгүй шаардлага байсангүй гэдгийг тогтоожээ. Хоёрдугаарт, армянчуудыг зохион байгуулалттайгаар хөнөөж, хоморголон хядсан гэмт хэргийг нотлогдсон гэж үзсэн байна. Түүнчлэн Энвер, Жемаль, Талаат, доктор Назим нарыг буруутай гэж шүүх үзэж, цаазын ял өгчээ. Арменийн дайчид эднийг хааяагүй эрж ёстой л газрын гаваас хайж олоод, оноосон ялыг нь эдлүүлсэн байна.

Р.ЖАРГАЛАНТ

Эх сурвалж: “Мир Криминала” сэтгүүлээс орчуулав

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД