ХОРИГОО ЦУЦЛАХЫГ бид Өрнөдийн түншүүдээсээ ГУЙХГҮЙ, ГУЙГААГҮЙ, ГУЙХ Ч ҮГҮЙ”

2016 оны 04 сарын 18

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров өнгөрсөн пүрэв гаригт манай улсад хийсэн нэг өдрийн айлчлалынхаа хүрээнд “Зүүн Азид Оросын явуулж буй гадаад бодлого” сэдвээр лекц уншсан юм. Түүний агуулгыг товчлон хүргэж байна. Дэлхий дахин түүхэн шинэ эринд шилжих үе дээрээ байна. Нэг туйлт ертөнц бий болгох гэсэн оролдлого, ганцаар ноёрхох гэсэн тооцоо бүтэшгүй зүйл болохыг сүүлийн жилүүдийн үйл явдал харуулж байна. Өнөөгийн нөхцөлд нэг ч улс, хамгийн хүчирхэг нь байлаа ч гэсэн, эсвэл хэд хэдэн улсаас бүрдсэн бүлэг ч орчин цагт бидэнд тулгарч буй асуудлыг дангаар үр дүнтэй шийдвэрлэх гэж оролдоод бүтэхгүй нь илт болов.

Орос улс бие даасан, хэнээс ч үл хамаарах гадаад бодлого явуулахдаа ирээдүй рүү тэмүүлсэн нааштай үйл ажиллагааг эрхэмлэж, олон улсын байдлыг эрүүл саруул болгох, зөрчилт байдлыг намжаахад туслахыг хүсэж ирлээ. Энэ зорилгодоо НҮБ, “Хорийн бүлэг” БРИКС, Евразийн эдийн засгийн холбоо, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага болон олон талт өөр хэлбэрүүдийг ашиглаж байна. Хэт даврах үзлийн вирусийг Ойрхи Дорнод, Умард Африкийн хилээс гадагш тархаахын аюулыг бид эртнээс сэрэмжлүүлсэн. Харамсалтай нь хоорондоо уялдаатай цохилтыг олон улсын хамтын нийгэмлэг цагийг нь олж энэ аюулд өгч чадсангүй.

Санал зөрөлдөөнөө хойш тавьж, ямар нэг урьдчилсан нөхцөл болзол тавилгүйгээр алан хядах ажиллагаатай хийх тэмцэлд нэгдэх шаардлагатай байна. Олон улсын нийтлэг эрх зүй дээр тулгуурлан алан хядагчдын эсрэг өргөн фронт байгуулахыг Оросын Ерөнхийлөгч Владимир Путин НҮБ-ын Ерөнхий ассамблейн 70 дугаар чуулганы индрээс өнгөрсөн оны есдүгээр сард санал болгосны гол утга агуулга үүнд байлаа. Сирийн удирдлагын тавьсан хүсэлтийн дагуу Оросын Агаар-сансрын хүчний явуулж буй ажиллагааны үндэс нь ч бас ийм логиктой юм. Харамсалтай нь ялангуяа алан хядах ажиллагааны эсрэг үр ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Украин дахь үйл явдалтай холбогдон Өрнөдийн зарим улсаас Оросын талаар явуулж буй бодлого саад болж байна.

Тэгэхдээ өнөөгийн ертөнцөд Оросыг ганцаардуулах боломжгүйг Өрнөд улам бүр ойлгож буйг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн саяхан Москвад хийсэн айлчлал харууллаа. Олон улсын гол асуудлаар бидний дэмжлэг хэрэгтэй байгааг америкчууд мэдэрснийг энэ айлчлал дахин нотолсон. Америк, НАТО болон Европын холбоотой сөргөлдөхийг Орос эрмэлзэхгүй байгаа, ийм санаачилга ч огт гаргаж байгаагүй юм. Гэтэл “хүйтэн дайн” дууссанаас хойш НАТО дорно зүгт цэргийн ажиллагаа, оролцоогоо эрс идэвхжүүлж байгааг бид харж байна. Яриа хэлэлцээ хийдэг олон хэлбэр “царцаагдаж”, эсвэл зогсонги болсон ээдрээтэй нөхцөлд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад чухал үүрэг ногдож буй.

Тус байгууллагын үйл ажиллагаанд Монгол Улсын оролцоо нь нэмэгдэж буйд талархал илэрхийлье. Өнгөрсөн онд энэ байгууллагын Парламентын намрын чуулганыг Улаанбаатарт амжилттай хийсэн нь үүнийг гэрчилнэ. Орос улс Ази, Номхон далайн бүс нутгийн салшгүй хэсэг байсан, одоо ч байгаа, цаашдаа ч байх болно. Энэ бүс нутаг манай гадаад бодлогын нэг гол чиглэл болж байдаг нь зүй ёсны юм. Солонгосын хойгийн байдал онцгой түгшүүр төрүүлж байна. НҮБ-ын шаардлагыг Пхеньян үл хайхарч пуужин, цөмийн зэвсгийн туршилтаар заналхийлэхээ үргэлжлүүлсээр буй юм. Умард Солонгосын тал ухаалаг дуу хоолойг сонсож, хариуцлагагүй алхам дахин хийхээс түдгэлзэж, цөмийн статусаа дэлхийн хамтын нийгэмлэгээр хүлээн зөвшөөрүүлнэ хэмээн найдах нь хоосон зүйл болохыг ойлгоно гэж найдаж байна.

Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлыг зохицуулах зургаан талт хэлэлцээнд оролцогчид хийгээд Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ үзүүлэхийг ихээхэн сонирхож буй Монголыг оруулаад бусад улстай бодитой хамтран ажиллахад бид бэлэн. Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь ард түмнээ цэцэглэн хөгжүүлж, жинхэнэ шударга, ардчилсан дэлхий ертөнц бий болгохын төлөө нийтийн болон үндэсний эрх ашгийг хүндэтгэх үндсэн дээр нягт, үр ашигтай хамтран ажиллаж буй улсуудын нэгдэл юм.

Энэ байгууллага улс төрийн бодлого, аюулгүй байдлын салбарт харилцан хамтын ажиллагааг нэмэгд үүлж, эдийн засгийн хувьд, юуны урьд тээвэр, мэдээлэл-харилцаа холбооны технологи, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн салбарт хоршин ажиллагааг гүнзгийрүүлэх зорилго тавьдаг. Монгол Улс ажиглагчийн хувьд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд түүний хөтөлбөр, хамтарсан төсөлд идэвхтэй оролцох нь одоогийн үе шатанд эрх ашигт нь нийцэх болов уу. Бидний хөрш БНХАУ-тай Оросын тогтоосон өргөн цар хүрээтэй стратегийн түншлэл бүс нутгийн болон дэлхий дахины үйл явцад тогтворжуулагч чухал үүрэг гүйцэтгэж байна.

Манай орнууд орчин цагийн амин чухал асуудлуудаар адил юм уу маш ойр байр суурь баримталж, эрх зүй, ард түмнүүдийн өвөрмөц онцлог, хөгжлийн замаа өөрөө сонгох эрхийг нь хүндэтгэх зарчим дээр тулгуурласан олон төвт шинэ дэг ёсыг төлөвшүүлэхийн төлөө тууштай тэмцэж байна. Орос, Монгол, Хятадын удирдагчид 2014 оны есдүгээр сард Душанбе хотноо уулзах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан гурван талт үйл ажиллагааны шинэ механизмыг ажил хэрэг болгох нь чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Энэ оны долдугаар сард Улаанбаатарт болох АСЕМ дээд хэмжээний уулзалт олон улсын тавцан дээр Монгол Улсын байр суурийг ихээхэн бэхжүүлж, үүнийг сонирхогч улсуудтай хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэхэд нь түлхэц болно гэдэгт найдаж байна.


Сергей Лавров лекцээ “Танилтай хүн талын чинээ, танилгүй хүн алгын чинээ” гэсэн үгээр төгсгөв. Түүний лекцийг УИХ, Засгийн газрын гишүүд, дипломатчид, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтнууд, сэтгүүлчид сонссон юм. Тэдний асуултад ОХУ-ын Гадаад хэргийн сайдын өгсөн хариултын агуулгыг сонирхуулъя.

-Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагад 1998 онд Орос, Вьетнам, Перу улсыг гишүүнээр элсүүлсний дараа шинээр улс элсүүлэхийг 10 жилийн хугацаагаар зогсоосон. Энэ байгууллагын эгнээг нь өргөтгөх явдлыг Та хэрхэн харж байна вэ?

-Тус байгууллагад удаан хугацаагаар гишүүн элсүүлэхгүй байсан нь түүний эгнээг өргөжүүлээд байх нь хэр үр өгөөжтэй вэ гэдэг талаар гишүүн зарим орон нь санаа зовох болсонтой холбоотой. Энэ хоригийг ямар ч үе шатанд хугацаагүй сунгахыг дэмждэг орнуудын талд Орос улс байгаагүй. Түүнийг цуцлахад бэлэн байдаг.

-Орос, Монгол, Хятадын энэ жилийн гурван талт уулзалтаар “эдийн засгийн коридор”-ын хөтөлбөрийг авч хэлэлцэх, үүнд нь Монгол Улс хөрш эдийн засгуудын хооронд зуучийн үүрэг гүйцэтгэх юм шиг байгаа юм. Монгол Улсын үүргийг Та хэрхэн харж байна вэ. Орос, Монгол, Хятадын хамтын ажиллагааны хэтийн төлөв ямар байгаа гэж үзэж байна вэ?

-Хэтийн төлөв маш сайхан. Орос, Монгол, Хятадын Төрийн тэргүүнүүдийн уулзалт хоёр удаа болсон, гурав дахийг нь хэзээ хийхийг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын хүрээнд энэ зун Ташкентад шийдэх болов уу. Бид газар зүйн байрлалаараа сайн хөрш байх үүргийг өвөг дээдсээсээ авсан, харилцан хүндлэл, эрх ашгаа харгалзан үзэж, энэ өвийг манай ард түмнүүдэд дээд зэргийн ашигтай байлгахаар Орос, Монгол, Хятад улсууд ажиллаж байна. Өнгөрсөн онд Уфа хотод гурван удирдагчийн сайшаасан “замын зурагт” туссан зүйлүүдийг энд би тоочихгүй.

Энэ баримт бичигт дурдсан бүх зорилт манай иргэдийн хувьд мэдэгдэхүйц практик үр дүнд хүрэхэд чиглэсэн юм. Тийм болохоор гурван талт энэ бүтцийн ирээдүйг би өөдрөгөөр харж байна.

-“Том гүрний хувьд Ойрхи Дорнод, Сирид Оросын явуулж буй үйл ажиллагаа” сэдвээр есдүгээр сард Бага хурал хийх санал танай ЭСЯ-ны ажилтнуудад тавиад хариу аваагүй байна. Москва, Улаанбаатарт хоёр улсын эрдэмтдийн ажил хэргийн уулзалт хийх хүсэл бидэнд байдаг.

Нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаар Хятадыг Филиппин Арбитрын шүүхэд өгсөн. Энэ талаар Орос ямар байр суурьтай байна вэ? Улс орнуудын хооронд үүсдэг ийм асуудлыг хэрхэн шийдэж байх нь зохистой бол?

-Сири, Ойрхи Дорнод, Умард Африкийг бүхэлд нь оруулаад орчин цагийн олон улсын амьдралд тулгамдаж буй асуудлыг Орос, Монголын эрдэмтэн, хуульч, улстөрчдөөр хэлэлцүүлэх уулзалт, бага хурал, семинар, чуулган хийж байх гэсэн Таны санал дэмжүүштэй зүйл байна. Харин яагаад хийхгүй байгааг би мэдэхгүй. Тэгэхдээ та бүхний үзэл бодолтой санал нийлэхгүй байгаагаас түнийг хэрэгжүүлэхгүй байгаа хэрэг биш гэдэгт итгэлтэй байна. Таны тэргүүлдэг хүрээлэн хамтарч арга хэмжээ зохион байгуулах санал тавибал би хувьд дэмжинэ.

Өмнөд болон Зүүн Хятадын тэнгисийн арлуудын эргэн тойронд үүссэн нутаг дэвсгэрийн маргаанд манайх оролцогч тал биш. Маргааныг энхийн, улс төр, дипломатын замаар, гуравдагч хүчний оролцоогүйгээр, олон улсад халдаахгүйгээр сонирхогч талууд халз шийдвэрлээсэй гэсэн байр суурьтай байдаг. Харамсалтай нь иймэрхүү асуудлуудыг олон улсын хэмжээний болгох оролдлого Улаанбаатарт болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр үргэлжилнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

1982 онд баталсан далайн эрхийн асуудлаарх Конвенцын дагуу энэ сэдвээр яриа хөөрөө хийхээр Хятад, АСЕАН хоёр тохиролцсон юм. Түүнээс гадна Өмнөд Хятадын тэнгист ямар үйл ажиллагаа явуулах талаар Хятад, АСЕАН 2002 онд тунхаглал баталсан. Энэ үйл хэрэгт бид хөндлөнгөөс оролцох бодолгүй байна. Гаргаж буй хүчин чармайлтыг бусад улс нь дэмжиж, аль нэгний нь талд орохоос зайлсхийж, ялангуяа сунжирсан энэ маргааныг бүс нутагтаа дангаар геополитикийн ямар нэг давуу тал олж авах юм уу хэн нэгнийг ганцаардуулах оролдлогод битгий ашиглаасай гэж хүснэ.

-Оросын эсрэг анхны хориг тавьсаны дараа хуралдааны хоригийг нь царцаах саналыг Социалист интернационалын нэг бага хурал дээр Монголын төлөөлөгчид тавьсан. Хоригийг эхнийхээрээ хязгаарлалгүй шатлан өргөжүүлж, тэр нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх вий гэж бид болгоомжилсон юм. Бидний энэ саналыг ажил хэрэг болгох боломж Орост хэр байна вэ?

-Энэ хоригоо цуцлахыг бид Өрнөдийн түншүүдээсээ гуйхгүй, гуйгаагүй, гуйх ч үгүй. Тэдэнтэй уулзахдаа ч энэ асуудлыг хөнддөггүй. Харин тэд л бидэнтэй уулзахдаа болон мэдэгдэл хийхдээ “Орос л Минскийн тохиролцоог хэрэгжүүлэх юм бол хоригийг цуцална” гэж хэлээд байдаг юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлтэй ярьж тохиролгүйгээр дангаар хориг тавих явдлыг олон улсын харилцааны практикаас авч хаяхын төлөө бид тэмцэж байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дээр бид олон улсын эрх зүйг үндэслэн ямар нэг юм ярьж тохирсон бол түүнийг зөрчиж болохгүй. Энэ чинь хориглосон юмыг худалдаж болохгүй, худалдахыг зөвшөөрсөн юмыг хориглож болохгүй л гэсэн үг шүү дээ.

И.РЭНЧИНХАНД

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД