“ГОРБАЧЕВЫГ ИРЭХЭД ЦАГ НЭГЭНТ ОРОЙТСОН БАЙСАН”

2016 оны 04 сарын 12

Зөвлөлт засгийн үед тэрс үзэлтэн гэгдэж явсан, одоо бол улс төр судлаач хэмээгдэж буй Глеб Олегович Павловскийн үзэл бодлыг сонирхоцгооё.

-Олон юмны эх тавигдаж, олон юмаа хаяж гээсэн 1970-аад оноо эргэн харах нь Оросын нийгэмд чухал гэсэн санааг та нэг ярилцлагадаа хэлсэн байсан. Та чухам юуг ийн хэлсэн бэ?

-1970-аад оны үеэ бид алдчихсан юм. Өөрчлөн байгуулалт, ил тод байдлын өнгөн дээр “60- аад оныхон” гарч ирсэн 1980-аад оны эцсээр энэ анзаарагдсан. Энэ бол маш явцуу хүрээнийхэн, ердөө л ЗХУКН-ын XXII их хуралд оролцсон хүмүүс байсан бөгөөд 1964 онд Хрущевийг авч хаяснаар албан тушаал, нэр нөлөө нь байхгүй болсон улс байсан.

-Тэгээд л 1970-аад оны үйл явдлыг харуулсан кино ч бидэнд үлдээгүй байх нь ээ...

-Тэгэлгүй яах вэ. 1950-иад оны үйл явдлыг харуулсан кино бүтээхэд гэмт хэрэгтэн, хувцасны загвар хөөцөлдөгч хоёрын аль нэгийг нь л сонгох зам байсан юм. Түүнээс гадна 60-аад оныг бодвол 50-иад он дуулиантай, ажил, амьдрал буцалсан, хөөрүү дэврүүн эрин үе байсан. 1950- иад он нь олон талаар дараагийн арван жилээ бэлтгэсэн үе байсан гэж хэлж болно. Тэр үед дайнд ялагчдын нийгэм төлөвшиж байлаа. Энэ нь тэдний хувьд зүй ёсны мэдрэмж юм. Тэд их ялалтыг авчирсан, Сталины үеийг туулж гарсан хүмүүс.

1950-иад оны хүмүүст өөрийн нэр төрийг эрхэмлэх явдал 1970-аад оны Зөвлөлтийн хүмүүсийнхээс хавьгүй их байсан. Тэд түүхэн дэх хамгийн аймшигтай дайнд ялж, ирээдүйгээсээ маш их юм хүсэн хүлээж байлаа. Би чухам энэ өөдрөг цаг үед өсөж торнисон азтай хүн. Энэ бол Сталин нас барсан 1953 оноос Чехословак руу хүч түрж орсон 1968 оны хоорондох цаг хугацаа юм.

Чухам энэ үед л дэвшилт үйл явцын ойлгомжтой дүр төрх бий болсон. Түвэг бэрхшээлтэй байсан ч гэлээ амьдралын чанар тууштай дээшилж байлаа. Зогсонги байдлын зарим шинж гарч ирсэн 1970- аад оны эхэн хүртэл улсын маань эдийн засаг өсөж нэмэгдсэн.

-Тэгэхлээр 1950-иад он маань 1960-аад оны эхлэл байжээ дээ?

-Зөвхөн эхлэл биш. Энэ нь ёс суртахууны эрин байлаа. Эрх баригчдыг хүнлэг байхыг нийгэм шаардсан. Амьдралын шинэ үндэслэлийг олохыг улс орон маань эрмэлзэж байсан юм. Харамсалтай нь олж чадаагүй.

-Тэгээд юу болов?

-Манай түүхийн цус урсгасан хэсэг ард хоцорлоо гэдгийг 1960-1970-аад оны зааг дээр нийгэм маань мэдэрч, урагшаа явахаар шийдсэн. Гэтэл эрх баригчид сэхээтэнтэйгээ утга учиргүй, мулгуу тэмцэл хийж эхэллээ. Чухам энэ үед дэлхий дахинд технологийн чиглэл өөрчлөгдсөн ч ЗХУ ухаан сэхээтэй хүмүүсийнхээ бүхэл бүтэн үеийг алдчихсан байсан болохоор түшиглэх сэхээтнээр гачигдах болсон. Тэр үеийн маань улсын удирдагчдын түвшин зөөлөн хэлэхэд тун өндөр биш байлаа шүү дээ.

-Яагаад ийм юм болов. Зөвлөлтийн удирдагчдын дотор цус сэлбэх ажлыг олон жил буруу хийсний гай юу?

-Тэгэлгүй яах вэ. Энэ бол Зөвлөлтийн эрх баригчид хоморголон халж байсны төдийгүй Сталины явуулсан зорилготой, харгис хатуу хэлмэгдүүллийн уршигт үр дагавар байв. ЗХУКН, Сталины ойрын хүрээлэл чинь түүний өөрийнх нь сонгож авсан хүмүүсээс л бүрдэж байсан шүү дээ. Тэднийхээ дотроос хэнийг нь авч үлдэх, хэнийг нь устгахаа тэр л мэддэг, тэр хүмүүст өөр сонголт байсангүй.

Мао Зэдун Хятаддаа Сталинаас олон хүн устгасан ч улс төрийн өрсөлдөгчдөдөө ухаалаг хандаж, тэднийг “дахин хүмүүжүүлэхээр” явуулж байснаас биш, алж хядаад байсангүй. Тиймээс ирээдүйн өөрчлөн байгуулагч Дэн Сяопин өршөөл эдэлж, гахай үржүүлдэг газраас шууд Улс төрийн товчоонд орсон байдаг.

Тэгвэл Сталин огт өөрөөр хандаж байлаа. Тийм тогтолцоонд зөвхөн хулчгарууд л тэсэж үлддэг юм байна. Тухайн үед нам, засгийн удирдлага дотор зоригтой, бусдаас гоц хүмүүс байсан ч Сталины махны машинд ороод ёс суртахуун, оюун ухааны хувьд сульдан цөхөрсөн. Манай улс шиг том гүрнийг зориг нь мохсон хулчгарууд удирдаж байсан гэдэгт итгэмээргүй санагддаг юм.

   Глеб Олегович Павловский

-1970-аад оны сэхээтнүүд хэрхэн ажиллаж амьдарч байв. Өөрөөр сэтгэгчдийн хөдөлгөөн эцсийн эцэст яагаад бут цохигдсон юм бэ?

-Өөрөөр сэтгэгчдийн хөдөлгөөн хэд хэдэн үеийг туулсан. Түүнд сэхээтнүүд мэдээж цөм нь болж байсан ч тэдний эгнээнд коммунистууд ч олон орсон байлаа. Чехословак руу хүч түрэн орж, 1968 оны Төв хорооны бүгд хурал “үзэл суртлын тэмцэл хурцдаж буй тухай” асуудлыг хэлэлцэж, хүмүүнлэгийн шинжлэх ухаанд сүйрэл учруулж, “Новый мир” сэтгүүлийн редакцыг хөөж тараасны дараа 1970 онд сэхээтнүүд хуваагдсан.

Намын аппаратад шуурга дэгдэхийг хүлээхээр “жараад оныхон” хөдөлгөөнөөс гарч, үзэл суртлын шинэ дарангуйлалтай үл эвлэрсэн зарим хэсэг нь хожим “эсэргүү” гэх нэр зүүсэн дээ.

Өөрөөр сэтгэгчдийн хөдөлгөөнийг саармагжуулах энгийн мөртлөө үр дүнтэй технологийг Андропов боловсруулсан юм. Тэрбээр идэвхтэй хэсгийг нь хэлмэгдүүлж, нэр алдартай хүмүүст гадаад орон руу явах боломж олгосон, энэ нь Зөвлөлтийн хүмүүсийн хувьд урьд нь сонсож байгаагүй зүйл байв. Энэ ажиллагаа нь үр дүнгээ өгч нэг хэсэг нь шоронд орон, бусад нь гадагшаа явж, хөдөлгөөн яваандаа саарсан.

Чухам тэр 1970-аад онд л Зөвлөлтийн нийгэм урагшаа ухасхийх сүүлчийн боломжоо алдсан гэж боддог. Горбачев ирэхэд нэгэнт оройтсон байв. Тухайн үед улсын маань ухаалаг, ёс суртахуунтай хүмүүсийн нөөц шавхагдсан байсан нь дайны дараах Зөвлөлтийн нийгмийн айхтар эмгэнэл байлаа даа. Энэ нийгэм 1991 оноос олон жилийн өмнө өвчилж, үхжиж эхэлсэн. Уг үйл явц 1970-аад онд эхэлсэн.

-Бид одоо тэр нийгмийн балгасан дээр амьдарч байгаа юм биш үү?

-Бид тэр нийгэмд шууд хамаарал байхгүй, зүгээр л түүний барьсан гэрт аж төрж байна. Бид бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дэх суудлаас эхлээд нефть дамжуулах хоолойн дэд бүтэц хүртэл Зөвлөлтийн нийгмийн өв уламжлалыг ашиглаж буй амьтад.

-Брежневийн үеийг одоо санагалзаад байгаа нь таны бодлоор юутай холбоотой вэ. Энэ нь өнөө цагийн Оросын нийгмийн захиалга уу, эсвэл эрх баригчдын дэвшүүлж буй үзэл суртлын зорилго уу?

-Аль аль нь. Аль нь хаана байгааг ялгахад түвэггүй. Хуучныг санагалзах явдал Зөвлөлт засгийн үед аж төрж байсан хүмүүсээс биш, тэр цагийг муу мэдэх залуучуудаас гарч ирээд байгаа нь хэнд ч анзаарагдам байгаа. Тэгэхлээр мэдэхгүй юмаа санаж мөрөөдөх нь хялбар байдаг юм биш үү дээ.

-Оросын одоогийн удирдагчид амь зуух арга эвээ олсон 1970-аад онд бие хүний хувьд тэд хэрхэн төлөвшсөн нь бас ямар нэг байдлаар ач холбогдолтой биз?

-Мэдээж. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүн найдвартай, итгэлтэй юм руугаа эргэж буцаад байдгийг би өөрийн амьдралаар мэдэж авсан. Залуу насны юм л бол илүү найдвартай байх шиг байдаг. Би 1960-1970-аад оны үйл явдлуудаас олон шинэ юм мэдэж авч байна. Путин ч тэгж л байж таарна.

Тухайлбал, Высоцкийг сүүлийн үед тэрбээр их ярих болж байна шүү дээ. Амьдралын тухай, урвалт шарвалтгүй, хар муу санаагүй цэвэр, сайхан ертөнц, хүчирхэг хүмүүсийн туйлбартай үнэнч чанарын талаар Путиний үзэл бодол тогтон төлөвшихөд Высоцкий хүчтэй нөлөө үзүүлсэн болохоор чин сэтгэлээсээ түүнийг дурсаж байна.

Тэгэхдээ хуучны энэ сайхан ойлголт төсөөлөл одоогийн юмсыг тайлбарлаж чадахгүй. Одоо Орост харж үзэхгүй байх аргагүй олон янзын эрх ашиг байна. Огт өөр нийгэмтэй өөр улс гараад ирсэн, үүнийг Зөвлөлтийн үеийг эргэн санагалзах томъёоллоор тайлбарлаж болохгүй.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд болон хуучин кинонуудын тусламжтайгаар Зөвлөлт засгийн үеийн тухай түүхэн ташаа төсөөлөл манайд бий болгоод байна. Энэ бүхэн дэлхийн хэмжээнд эхэлж буй хямралыг гэтлэхэд бидэнд огтхон ч тус болохгүй.

-Тэгвэл бидэнд юу хэрэгтэй вэ?

-Янз бүрийн үзэл бодолтой хүмүүсийн эрх ашгийг хүлээн зөвшөөрч сурах нь чухал болж байна. Улс төрийн эвслүүд бий болгож, байнга яриа хөөрөө хийж байх ёстой юм байна. Эцэст нь ер бусын адармаатай, олон өнгө аястай улс орноо төвхнүүлэх ажилд бид ханцуй шамлан орох ёстой. Улс гэртээ дэг журам тогтоож эс чадвал бид Сирид тусалж яагаад ч чадахгүй.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД