Японы Ерөнхий сайд ирэх сард Орост айлчилна

2016 оны 04 сарын 07

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ирэх сарын 6-нд Сочи хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж магадгүй хэмээн Оросын “Известия” сонин мэдээллээ. Тэд энхийн хэлэлцээр хийгээд хоёр талын харилцааг хөгжүүлэх, олон улсын бусад сэдвийг ярилцах бололтой. Ийм уулзалт хийх боломжийг боловсруулж байгаа, товыг нь дараа мэдээлнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков урьд нь сэтгүүлчдэд мэдээлж байжээ.

Оросын Ерөнхийлөгчийг Японд айлчлуулах асуудлыг 2015 оны арваннэгдүгээр сард болсон “Их 20”-ийн уулзалтын хүрээнд хоёр улсын удирдагчдын уулзалтаар шийдэж байсан юм. Үүний дараа Японы Ерөнхий сайд Шинзо Абэг Оросын аль нэг бүс нутагт айлчлуулахаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярих үеэрээ тохирч байв. Харин хугацааг нь тодорхой заагаагүй өнгөрсөн.

Хоёр улсын хооронд энхийн хэлэлцээр байхгүй байгаа нь Орос, Японы харилцааг олон жил тодорхой бус байлгасаар ирсэн юм. Худалдаа, хилийн тухай 1855 оны хоёр талт хэлэлцээрийн заалтад үндэслэн Итуруп, Кунашир, Шикотан, Хабомай арлыг Япон булаацалддаг.

Эдгээр арлыг эргүүлж авах асуудлыг Дэлхийн II дайны эцсээр байгуулж, гарын үсэг зурж чадаагүй энхийн хэлэлцээрийн нөхцөл болгож тавьсаар ирсэн. Орос болохоор Өмнөд Курилийн арлууд II дайны үр дүнгээр ЗХУ-ын нутгийн бүрэлдэхүүнд нэгэнт орж олон улсын эрх зүйн баримтаар хүчин төгөлдөр болсон тул эргэлзэх зүйлгүй гэж үздэг аж.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД