ҮҮР НЬ ЧОНОНДОО ӨЛЗИЙТЭЙ

2016 оны 03 сарын 30

Оросын 1958-1964 оны нийгэм, улс төрийн түүхийн архивын материалуудыг саяхан ил болгосон байна. Түүнээс үзвэл улсын хөрөнгийг шамшигдуулах явдал цадигаа алдаж байж. Худалдаа, үйлчилгээний газрын дээдсийн тухай биш, жирийн ажилчин, ангийн гишүүний тухай ийн хэлж байна гээд бод.

Тухайлбал, Дон дахь Ростов хотод ажиллаж амьдарч байсан 34 настай засварчин Михаилов, түүний гэргий нарын хэргийг 1964 онд илрүүлсэн байна. Тэрбээр гэргийтэйгээ троллейбусаар зорчих тасалбарыг дууриалган хийж байсан аж. Хэвийг нь засварчин өөрөө хийж, хэвлэх үйлдвэрээс цаас худалдаж авдаг байв. 100 мянган ширхэг тасалбар хэвлээд хамсаатан кондукторууддаа тараагаад өгчихөж. Тэд олон арван мянган рублийн ашиг олов. Ийнхүү “тасалбарын” мафи бий болох нь тэр.

Ийм хулгай аж үйлдвэрийн бүх салбарт, ялангуяа хүнсний үйлдвэрийнхний дунд ёстой цэцэглэж байлаа. Жишээ нь, мах комбинатуудад л гэхэд хүмүүс хянагч, шалгагчдын хараанд өртөхөөс огтхон ч эмээлгүй мах, хиамыг аваад л гардаг байжээ. 1964 оны тавдугаар сард Москва хотын Жданов дүүргийн захиргаа, комсомолын байгууллага, цагдаагийн ажилтнууд хамтран III мах комбинат дээр шалгалт хийж, хөрөнгө завшигчдыг илрүүлсэн тухай баримт байна. Нэгэн цэвэрлэгч хувцсан дотуураа 16 кг “Любителыкая” хиам авч гарах гэж байгаад баригдсан бол бас нэг нь 11 ширхэг хиам, нэг кг зайдас аваад явах гэж байжээ.

Юрий Соколов

Уг нь бол энэ бүхэн нь ердөө 42 рублийн үнэтэй, инээд хүрмээр эд л дээ. Гэхдээ 42 рубль гэдэг тухайн үедээ яггүй мөнгө байсан юм шүү. Тэр өдөр мах комбинатын ажилчин хүүхнүүд хамгийн нууц газраа нийтдээ 120 кг хиам болон бусад махан бүтээгдэхүүн авч гарахыг оролдсон байна.

Хошин шогийн уран бүтээлч Аркадий Райкин хэн хаана ажиллаж байна вэ, тэндээсээ л хулгайлдаг гэж хэлдэг дээ. Эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн олон арван мянгаар тоологдож, жил бүр нэмэгдсээр байлаа. Социалист өмч хууль бусаар ашиглах хэрэгт бүх шатны намын удирдах ажилтнууд хамгийн өргөн хамрагддаг байв. ЗХУКН-ын Төв Хороо, Намын хянан шалгах хорооны мэдээлэлд өгүүлж байснаас үзвэл Мурманск, Архангельск мужуудын, хот, дүүргийн захиргааны ажилтнууд, янз бүрийн трестийн дарга нар албан тушаалаа ашиглан ээлж, дугааргүйгээр “Волга”, “Жигули” машин олноор нь худалдан авч, түүнийгээ дамлан зарах замаар ихээхэн мөнгө олдог байжээ.

Гэлээ ч нэг нь шүүхээр хэргээ шийдүүлэлгүй, намаас хөөгдөх, сануулга авах төдийгөөр өнгөрдөг байв. Зогсонги байдлын үед шоронгийн хаалга татсан хүн тун ховор. Түүгээр ч барахгүй ийм хүмүүсийг хөдөлмөрөөр засан хүмүүжүүлэх колонид явуулаад ч тус болохгүй, тэндээс гарч ирээд л сурсан “ажлаа” хийдэг байлаа. Сталины үед “долоо-найм” гэдэг хатуу тушаалаар тариалангийн талбайгаас тарианы түрүү хулгайлсан хүнийг буудах шийтгэлтэй байсан ч хулгай газар авсаар л байжээ. Хөрөнгө завшигчдыг эхний үед хэдэн мянгаар буудаж хороосоор байтал энэ янзаараа яваад байвал нэг мэдэхэд ажил хийх хүнгүй болох царайтай болоод ирсэн аж.

Тиймээс Дээд шүүхээс тайлбар гаргаж улсын хөрөнгийг онц их хэмжээ (тухайн үед энэ нь 10 мянган рубльтэй тэнцэнэ гэж үзэж байв)-гээр ашигласан тохиолдолд л цаазаар авч байхаар болгожээ. Гэтэл энэ арга хэмжээг эчнээ өгч буй өршөөл гэж олон түмэн үзээд ашиглагч, завшигчдын тоо улам нэмэгдэх болсон байна. Тухайн үеийн статистик мэдээлэл ЗХУ дахь өмч ашиглалын дүр зургийг бүрэн харуулж чаддаггүй байв. Түүнээс гадна ийм хэргийн илрүүлэлт хамгийн доогуур үзүүлэлттэй байлаа.

Орон нутгийн захиргаа, намын байгууллага, цагдаагийн удирдлагууд барааг агуулах, дэлгүүрээс нь арын хаалгаар аваад явчихдаг байснаас тэр хэмээн үүний шалтгааныг тайлбарлана. Цагдаагийн байгууллагуудын дээд зиндааны дарга нар нь болохоор гэмт хэргийг маш нарийн аргаар үйлдэж буйгаас түүнийг илрүүлэхэд түвэгтэй байна гэсэн шалтаг хэлнэ. Жишээлбэл, Калинин мужийн хөрөнгө завшигчид тахианаас эхлээд үхэр, гахай хүртэлх бүх мал, амьтныхаа тарга тэвээргийг нь бууруулчихаж байсан гэдэг.

Леонид Брежневийн засаглалын жилүүдэд буудах ялыг үндсэндээ хэрэглэхээ больж, луйварчин, залилагсдыг ердөө л удаан хугацаагаар шоронд “хатаах” болсон байна. 1980- ад онд УАХХ-ны дарга Юрий Андроповын санаачилгаар томоохон хэмжээний, бараг мафийн үйлдэлтэй дүйх хэргийн эсрэг тэмцлийг сулруулжээ. Энэ үед ЗХУ-д дээд зиндааныхан авлигын балчигт гарч чадахгүй болтлоо гүнзгий шигдсэн байлаа. “Далай” хэмээх дэлгүүрийн сүлжээний “Загасны” гэх ашиглалын дуулиант хэргийг дурдахад л хангалттай. Гар хүндрүүлэх, валютын залилан хийх, валют, хар түрс дамлах зэрэг олон янзын үйлдэлтэй гэмт хэргийн энэ сүлжээнд Зөвлөлтийн Загасны аж ахуйн дэд сайд Владимир Рытов хүртэл орооцолдон шийтгэлийн дээд хэмжээ-буудан алах ял авч байжээ.

Үүний дараа “Елисеевийн” гэх бүр илүү нүсэр хэрэг гарсан байна. Түүнийг Зөвлөлтийн үеийн авлигын хэргийн “нэрийн хуудас” гэж нэрлэж болохоор. Олон түмэн хуучин нэрээр нь “Елисеевийн” гэж нэрлэсээр байсан Москвагийн хүнсний I дэлгүүр жирийн иргэдийн хувьд өлсгөлөнгийн үе гэж хэлж болох хүнсний гол зүйлсийг талоноор өгдөг байсан 1980-аад онд Зөвлөлтийн намын дээдчүүл хийгээд нийслэлийн томчуудыг ховор бараагаар хангадаг газар байв. Тэгтэл ЗХУКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Брежневийг нас барахаас 10 хоногийн өмнө, 1982 оны аравдугаар сарын сүүлчээр аянга ниргэх мэт юм болжээ.

Тус дэлгүүрийн дарга Юрий Соколов, түүний нэг орлогч, дөрвөн хэлтсийн даргыг нь их хэмжээний хүнсний бараа хууль бусаар ашигласан, авлига өгсөн, авсан хэмээн сэжиглэж эрүүгийн хэрэг үүсгэв. Энэ хэргийг мөрдөн шалгах ажлыг Зөвлөлт төрийн шинэ удирдагч Юрий Андроповын үед эхлүүлж, түүнийг гэнэт өөд болсны дараа төрийн жолоон дэр суусан Константин Черненкогийн үед дуусгасан байна. Соколов болон түүний ажилтнуудыг баривчилсан нь сүүдрийн эдийн засаг, авлигатай хайр найргүй хийх тэмцлийн эхлэл хэмээн Зөвлөлтийн хэвлэлд бичиж байлаа.

Хэргийн гол эзэн Юрий Соколов 1923 онд төрсөн, Аугаа их эх орны дайнд оролцож Засгийн газрын олон шагнал хүртсэн, гүтгэлэгт өртөж 1950-иад онд бусдын өмнөөс хэрэгт холбогдож, хожим нь цагаатгагдсан нэгэн байв. Дэлгүүрийн даргаар 10 жил ажиллажээ. Үнэн хэрэг дээрээ бол юм ховор үед дэлгүүрээ хамгийн сайн бараагаар хангаж чадаж байсан жинхэнэ бизнесмен байжээ, тэр. Ивээн тэтгэгчид нь түүнийг Лубянк, Петровкийн урт гарнаас хамгаалдаг байж. Тэднийг Москва хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, ЗХУКН-ын Төр Хорооны Улс төрийн товчооны гишүүн Виктор Гришин толгойлж байлаа. Юрий Соколовыг баривчлахаас нэг сарын өмнө УАХХ-ны ажилтнууд дэлгүүрийн даргыг хилийн чанадад явахад нь дүрс бичлэг хийх, дуу яриаг нь бичиж авах төхөөрөмжөөр өрөөг нь дүүргэсэн байсан учраас мань хүний үйлдлийн талаар ховор мэдээлэл цуглуулж чадсан байна.

Баривчлагдсанаасаа хойш Соколов нэлээд удаан хугацаанд дуугүй байснаа, Андроповыг төрийн толгойд гараад ирмэгц ярьж эхэлжээ. Бусдын тоглоомонд гар хөл нь болж яваагаа Соколов ойлгодог байв. Брежневийг үхэхээр ерөнхий нарийн бичгийн даргын суудалд өрсөлдөх нөлөө бүхий хүмүүсийн нэр төрийг гутаах ажлыг үхлээ хүлээсэн Брежневийг амьсгаатай байхад л Андропов хийж эхэлсэн байлаа. Соколовыг ивээгч Гришин ийм хүмүүсийн эхний эгнээнд байсан аж.

Соколовын хэргийг хэлэлцсэн ЗХУ-ын Дээд шүүхийн хуралдаан хаалттай болжээ. Соколов эхний мэдүүлгээсээ буцалгүй авлигад өгсөн мөнгө болон түүнийг нь авсан өндөр албаны хүмүүсийн нэрийг дэвтрээс харан уншиж өгсөн байна. Тэрбээр өөрийгөө намын доторх хэрүүл маргаан, өрсөлдөөний золиос болсон гэж харуулахыг, үүн дээ итгүүлэхийг хичээж байв. Гэтэл намын голлох хэвлэлүүдэд бичиж байснаар бол Зөвлөлтийн нийт ард түмэн Соколовыг цаазлахыг шаардаж байлаа.

61 настай Соколовыг буруутай гэж нөхөд нь үзэж, шүүхийн шийдвэрт алга ташиж байсан аж. Шүүхийн шийдвэрийг 1984 оны арванхоёрдугаар сарын 12-нд ёсоор болгожээ. Энэ хүн хэтэрхий их зүйл мэдэж байсан болохоор түүнд өршөөл үзүүлсэнгүй.

Дашрамд хэлэхэд худалдааны салбарт улсын хөрөнгө шамшигдуулагчдаас 1980- аад онд цаазлуулсан хүн нь ганцхан Юрий Соколов биш байв. Фашистын Германыг ялсны 40 жилийн ой тохиосон 1985 онд Москвагийн хүнсний ногооны баазын захирал Мхитар Амбарцумянд шүүх дээд ял оноосон байна. Энэ хүн Аугаа их эх орны дайны ахмад дайчин, байлдааны олон одонтой, Улаан талбайд болсон ялалтын парадад оролцож явжээ. Түүнийг өөрчлөн байгуулалт ид байх үед, ял өгснөөсөө хоёр жилийн дараа цаазалсан аж.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД