АУН САН СУ ЧИГИЙН ”ЖОЛООЧ”

2016 оны 03 сарын 24

Мьянмар (Бирм)-ын Парламент 70 настай Тхин Чог Ерөнхийлөгчөөр сонголоо. Санал хураахад оролцсон 652 депутатын 360 нь түүнийг дэмжжээ. Түүний нэрийг Ардчиллын төлөө үндэсний лиг хэмээх сөрөг хүчний нам энэ албанд өрсөлдүүлэхээр дэвшүүлсэн юм.

Тхин Чо Нобелийн шагналт, Бирмийн нэрт улстөрч, Ардчиллын төлөө үндэсний лиг намын тэргүүн Аун Сан Су Чигийн ойрын хамтран зүтгэгч бөгөөд Бирмийн нэртэй яруу найрагчийн хүү, уран зохиол судлаач, профессор юм. Тэрбээр эх орондоо боловсрол олж авсан ч Англид очиж Кэмбрижийн их сургууль төгсчээ. Тэгээд 1970-аад оны эцсээр Аж үйлдвэрийн яаманд ажиллаж байгаад 1992 оноос Эдийн засгийн гадаад харилцааны Департаментын орлогч дарга болсон байна.

Тхин Чо урьд нь улс төрийг төдийлөн сонирхож байсангүй. Одоо хэр нь Парламентын депутатаар сонгогдож байгаагүй нь үүнийг гэрчилнэ. Тэр ч бүү хэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээсээ хэдхэн сарын өмнө Ардчиллын төлөө үндэсний лиг намд элсээгүй л байв. Тэгээд ч тэр үү намын нөхөд нь түүнийг Аун Сан Су Чигийн гарын аясаар ажиллах “техникийн” Ерөнхийлөгч хэмээн нэрлэхээсээ зовохгүй байгаа аж.

Төрөл садангийн хүмүүс дотор нь гадаадын харьяат байгаа учраас Аун Сан Су Чи өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх боломжгүй болсон юм. Энэ эмэгтэйн нөхөр Британийн харьяат эрдэмтэн байсан, хоёр хүү нь Нэгдсэн вант улсын иргэн, Лондонд амьдардаг аж.

Мьянмарын эрхийг 2010 он хүртэл Зэвсэгт хүчин нь барьж иржээ. Анхны ардчилсан сонгууль таван жилийн өмнө болсон ч цэргийнхэнд ойр дөт байдаг Эв санааны нэгдэл, хөгжлийн холбоо нам засгийн эрхэнд гарсан байна. Уг сонгуульд сөрөг хүчнийг оролцуулаагүй аж. Цэргийнхний Засгийн газарт Ерөнхий сайд байсан, огцорсон генерал Тейн Сейн 2011 оны сонгуулиар Ерөнхийлөгч болов. Тиймээс 1962 оноос хойш Мьянмарын Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны иргэний удирдлага гэж Тхин Чог үзэж болно. Тэрбээр Мьянмар улс тусгаар тогтнолоо тунхагласнаас хойш ес дэх төрийн тэргүүн болж байгаа юм.

Уг нь бол 2015 оны арваннэгдүгээр сард болсон Парламентын сонгуульд олонх болсон нам (Ардчиллын төлөө үндэсний лиг)-ын дарга нь Ерөнхийлөгч болох ёстой ч энэ албыг хашиж буй Аун Сан Су Чи яагаад нэрээ дэвшүүлээгүйн учрыг дээр өгүүлсэн. 2008 онд цэргийн дэглэмтэй байсан үед Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр ямар нэг байдлаар гадаадын харьяаттай холбоотой хүнийг Ерөнхийлөгч битгий хэл Дэд ерөнхийлөгчийн албанд ажиллуулахыг хориглосон аж.

Үндсэн хуулийн энэ заалтыг өөрчлүүлэх гэж Аун Сан Су Чи өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хөөцөлдөөд дийлээгүй байна. Тэр үед Үндсэн хуульд зааснаар цэргийнхэн ноёрхож, Парламентын гишүүдийн 75 хувь зөвшөөрсөн тохиолдолд уг заалтад өөрчлөлт оруулж болдог байв. Тэгээд цэргийнхэнтэй хэл амаа ололцох гэсэн оролдлого нь үр дүнгүй болж, зэвсэгт хүчнийхэн тус улсын оршин тогтнолын баталгаа хэвээр үлдсэн байна.

Өөрөө өнгөн дээрээ өндөр эрх мэдэлд хүрээгүй ч гарынхаа хүнийг эрх мэдэлтэй болгоод түүгээр санаснаа хийлгэж байх тохиолдол дэлхийд төдийгүй Азид бий юм. “Хөшигний ард” байдаг хүүхнүүдийн тоонд Энэтхэгийн Соня Ганди зүй ёсоор орно.

Итали гаралтай энэ эмэгтэй Үндэсний конгресс нам нь ялсан ч Засгийн газрын тэргүүн болж чадаагүй ч төрийн бодлогыг нь тодорхойлоход Сонягийн үг шийдвэрлэх үүрэгтэй байсаар байгаа юм. Мьянмарын одоогийн байдлыг чухам үүнтэй зүйрлэж байна.

Мьянмарчууд Ерөнхийлөгчид нэрийг нь дэвшүүлэхэд тохирох хүнээ сонгоход түвэггүй байсангүй. Маш олон шалгуур түүнд тавьжээ. Юуны урьд энэ хүн хувийн амбийцгүй, Аун Сан Су Чид хязгааргүй үнэнч нэгэн байх ёстой байв. Цэргийнхэн болохоор хэн нэгний үгээр ажил хийдэг “мануухай”-г энэ албанд сонгохыг зөвшөөрөхгүй байлаа. Хоёрдугаарт, энэ хүн эрх мэдлийн төлөө шуналгүй, наад зах нь боловсрол сайтай, өндөр соёлтой, англиар муугүй ярьдаг, өөрийн авьяас чадварыг оюун ухааны түвшинд харуулсан хүн байх нь зүйтэй гэж үзсэн байна.

Нөгөө талаар цэргийн хүний чийрэг, цэмцгэр байдлаараа биш юм гэхэд боловсрол чадлаараа хүмүүсийг татах чадвартай байх ёстой аж. Өөр нэг чухал үзүүлэлт нь Европын хүмүүстэй зураг авахуулахад тэднээс нуруугаар нэг их ялгарахгүй байхыг Мьянмарын улстөрчид чухалчилдаг байна. АСЕАН-ы орнуудын уулзалт болоход түүнд оролцсон хүмүүс бүгд нэг жигд нуруутай байдаг бол өрнөдийнхний хажууд мьянмар хүмүүс жижигхэн харагддаг байна. Тиймээс гадаадын өндөр дээд зочдыг Мьянмарын холбогдох хүмүүстэй хамт байгаа зургийг нь авахдаа тэднийг суулгаж байж хальсанд буулгахыг эрхэмлэдэг аж.

Боловсрол багатай, хөдөө нутгийн нягтлан бодогчийн юм уу, гахайн фермийн захирлын төрхтэй генералуудаасаа залхсан мьянмарчууд нуруулаг, боловсролтой Ерөнхийлөгчтэй болохыг хүсэмжлэх болжээ. Тэгээд оюун ухааны чадавх, гадаад аятайхан төрх байдал, нуруу турууг нь харж үзэх болсон байна. Гуравдугаар одоогийн Ерөнхийлөгч гар, хөлөөрөө Ардчиллын төлөө үндэсний лигтэй холбоотой, бүхнээ түүнд зориулж чадах хүн байх ёстой аж. Өөрөөр хэлбэл, тус намтай хэлхээ холбоогүй байх нь энэ Ерөнхийлөгчийн хувьд нэр, нүүргүй л болно гэсэн үг юм байна.

Чухам энэ үүднээс Аун Сан Су Чигийн хувийн эмчээр олон жил ажилласан Пин Мьо Вин тохирох хүн биш байв. Тэрбээр ардчилсан хүчний олон нийтийн зүтгэлтний хувьд Аун Сан Су Чигээс хэтэрхий хамааралгүй, тодруулбал түүнийг залуурдахын тулд татаж чангаах “шидмэс” ч гэлээ байхгүй хүн аж. Тэгвэл Ардчиллын төлөө үндэсний лиг намын даргад өөрт нь чин үнэнч, хүнд суртлын туршлагатай удирдагч хэрэгтэй байлаа. Чухам ийм олон хүчин зүйлээр Аун Сан Су Чи болон түүний бүх нөхдийн сонголт Тхин Чо дээр тунаж үлдэв.

Түүний эцэг Мин Ту Вун нь Рангуны (1935) болон Оксфордын их сургууль төгссөн бөгөөд Их Британиас буцаж ирээд байхдаа Аун Сан Су Чигийн эцэг, Мьянмарын үндэсний баатар Аун Сантай танилцжээ. Тэрбээр 1990 онд Парламентад Эрх чөлөөний төлөө лиг намаас депутатаар сонгогдсон байна. Мин Ту Вун 95 наслаад таалал төгсчээ.

Тхин Чо 1941 оны долдугаар сарын 20-нд төржээ. Аун Сан Су Чигээс нэг дүү юм байна. Цаг үе нь Аун Сан Су Чид их халтай байхад Тхин Чо элдэв халдлагаас сэргийлэн түүнийг өөрийн машинаараа ийш тийш нь зөөж явсан тул Аун Сан Су Чи жолоочоо Ерөнхийлөгч болгох нь гэх яриа сая гарсан аж. Тэрбээр ямар ч нөхцөлд өөрийгөө олон түмний анхаарлын төвд оруулахыг хичээж байсангүй. Сүүлийн үеийн зургуудаас нь үзэхэд Аун Сан Су Чигээс нэг алхмын зайд ард нь гар утсаараа ярьж явах нь олонтаа байж.

Тулгамдсан чухал асуудлыг намынхаа даргатай чухам ийм байдлаар шийдэж ирсэн байна. Аун Сан Су Чигийн эцэг, генерал Аун Саны гэргий асан Кхин Чигийн нэрэмжит буяны санг Тхин Чо тэргүүлсээр иржээ. Түүнийг гурван сартай байхад өгсөн Дала Бан гэх нэрээ уран зохиолын ажил эрхэлж байхдаа Тхин Чо ашигладаг байжээ. Тэрбээр хэсэг хугацаанд их сургуульд багшилж байв.

Ардчилсан хөдөлгөөнд оролцож явсан нөхдөөсөө ялгаатай нь Тхин Чо 1990-ээд оны эцсээр Аун Сан Су Читэй хамт шоронд хэдэн сар суусныг нь эс тооцвол торны цаана бараг орж байсангүй. Шоронд хамт байсан хүмүүс нь түүнийг бусдадаа анхааралтай ханддаг, оюуны чадавхи сайтай, сайхан сэтгэлтэй хүн гэж үнэлсэн байдаг.

2010-2011 онд Мьянмарт ардчиллын зарим элементийг хэрэгжүүлж, улс төрийн болон эдийн засгийн өөрчлөлтүүдийг хийжээ. Улсын газрыг түрээсээр эзэмшихийг гадаадын компаниудад зөвшөөрч, гадаадын хөрөнгө оруулалт 0.3 тэрбум ам.доллар байсан бол 2010-2011 онд 20 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байна.

Хөрөнгө хамгийн ихээр оруулж буй нь Хятад, Сингапур, Тайланд, Хонконг, Англи улс юм. Европын холбооны орнуудаас оруулсан нийт хөрөнгө 1.7 тэрбум ам.доллар хүрсэн байна. Мьянмар нь байгалийн баялгийн арвин нөөцтэй орон. Гол нь ой, цэнгэг ус, загас, үнэт чулуу ихтэй. Хөрөнгө оруулалт татаж буй гол салбар нь ашигт малтмал.

Тхин Чогийн гэргийг Су Су Лвин гэх бөгөөд Төлөөлөгчдийн танхимын депутат, Парламентын олон улсын харилцааны хорооны даргаар ажилладаг. Тхин Чогийн хадам эцэг У Лвин нь Ардчиллын төлөө үндэсний лиг намыг үүсгэн байгуулагчдын нэг юм.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД