ДУГААРЛАЖ ЗОГСОЖ байх гэж би ФРОНТ ДЭЭР ЦУСАА УРСГААГҮЙ ЮМ ШҮҮ

2016 оны 03 сарын 16

Энэ гайхалтай зальжин эрийн нэр Оросын гэмт хэргийн ертөнцийн түүхэнд мөнхөд үлдсэн гэж хэлж болно. Хоёр хөлгүй, өрөөсөн гартай Вениамин Вайсман 26 сайд, орлогч сайдын толгойг эргүүлж дөнгөсөн гээд бод. Түүнээс гадна авч ашигласан мөнгө, тансагласан эд зүйлийг нь тоочоод барах юм биш.

...1946 оны зургадугаар сарын 27-ны өглөө Тэнгисийн флотын сайд Зосима Шашковын хүлээлгийн өрөө рүү энгэр дүүрэн одон, медаль зүүсэн таягтай залуухан хүн орж ирэв. Одон тэмдгүүдийнх нь дунд ЗХУ-ын баатрын алтан таван хошуу одон хоёр ч байгаа нь содон харагдана.

Тэрбээр огт үг дуугаралгүй сайдын өрөөг зүглэв. Сайдын нарийн бичгийн дарга нь “Хөөе, хөөе, та хүлээгээрэй, дугаарлахгүйгээр орж болохгүй” гэвэл мань эр эргэж харснаа “Дугаарлаж зогсож байх гэж би фронт дээр цусаа урсгаагүй юм шүү” хэмээн шүднийхээ завсраар сийгүүлэн хэлэх нь тэр.

Энэ өдөр энгийн иргэдийг хүлээн авч байсан сайд улсын хоёр удаагийн баатар, хөл, гаргүй хүн ороод ирсэнд хүндэтгэл үзүүлэн өөрөө босож ирээд түүнд сандал дөхүүлж өглөө. Орж ирсэн хүн гадаад төрхөөрөө л сайдыг өөрийн эрхгүй эзэмдээд авчээ.

-Сайд минь Танаас тусламж хүсэх гэж ирлээ дээ. Ажлын газрын маань хүмүүс танд л хандахыг зөвлөсөн юм.

-Та хаана ямар ажил хийж байсан бэ?

-Амурын усан онгоцон дээр моторчноор ажиллаж байсан. Энэ ч дайнаас өмнөх явдал. Дайны дараа юуны моторчин байх билээ дээ, та бэлээхэн харж байгаа юм газар.

-Тэгэлгүй яах вэ. Таныг ойлгож байна.

-Би дайныг бараг эхнээс нь эцсийг хүртэл туулсан хүн. Берлиний дэргэд “Гучин дөрвийг” (танк) минь нэг муу новш буудаад, багийнхан маань бүгд амиа алдаж, би ийм амьтан болоод үлдсэн юм.

Түүний дуу үе үе тасалдаж байхыг бодоход өнгөрснөө дурсах нь хэцүү байгаа бололтой. Усан онгоцны талаар олон юм ярьсан болохоор сайдад эргэлзээ төрсөнгүй. Ярианыхаа төгсгөлд юу хүсэж буйгаа тодруулж хэлэхэд нь сайд татгалзаж чадсангүй, орлогч сайддаа бичиг хийж өгөв.

Вайсман сайд нарын өрөөнд ингээд л яваад
орчихдог байж (гэрэл зураг биш)

Эцэст нь нөгөө хөлгүй “баатар” яамны санхүүгээс (ахмад дайчдад туслах сангаас) 4300 рубль, дэлгүүрээс нь костюм хийх хоёр боодол “бостон” хэмээх ховор материал, цамц, долоон метр сатин даавуу аваад гарчээ.

Үүнээс хоёр долоо хоногийн дараа “генерал Катуковын хуягт танкийн корпусын ахмад, “баатар” маань Ойн аж ахуйн сайд Михаил Салтыковыг эргүүлдээд “зогсож” байдаг байгаа. Тахир дутуу нөхөр чинь энэ удаад дайнаас өмнө мод бэлтгэх аж ахуйд моторчин байсан хэмээн ярьж гарав.

Мод унагах, цагаалах гээд мод бэлтгэх аж ахуйн ажлын нарийн ширийнийг баруун солгойгүй ярьж буй түүнийг сэжиглэх шалтгаан сайдад үнэндээ байсангүй. Тэгэхнээ “танкчин” маань хөл, гаргүй болохоосоо өмнө мод бэлтгэх хээрийн бригадад хэдэн өдрийг өнгөрөөсөн байсан юмсанж. Сайдтай ярилцсаны эцэст 2500 рубль, мөнөөх “бостон” даавуу, каракуль захтай хоёр пальто, эмэгтэй хүний хоёр хүрэм, бас бус баахан бараатай болсон байна.

Цаашаа бүр даварч өгөв. Хүнсний үйлдвэрийн сайд Зотов болон түүний орлогч Быстров нар Волгийн Мах комбинатад технологчоор ажиллаж байгаад гар, хөлгүй болсон түүнд мөнгө, ховор даавуу шаавуу өгөхдөө гар татсангүй. Химийн үйлдвэрийн яам торго, ноосон даавуу зэргийг олон метрээр өгчээ.

Сталины гар султай Ардын комиссар нарын тоонд Баруун нутгийн нүүрсний үйлдвэрийн сайд Оник, Сангийн сайд Зверев, ХАА-н машин үйлдвэрлэлийн сайд Горемыкин, Барилгын материалын сайд Гвоздарев нарын олон хүн орсон байна. Гэлээ ч “танкчин баатар” ингээд зогсохыг хүссэнгүй...

Украины гавьяат багш Борис Натанович Вайсман хүү Венькагаа буруу замаар будаа тээж яваа гэж бодоогүй л байх. Гэхдээ л хүү нь есөн настайгаасаа хулгай хийх болсон байлаа. Эхний хоёр удаад Зөвлөлт төр өршөөгөөд гурав дахиа толгойг нь илэлгүй хүүхдийн колони руу явуулжээ. Веня тэнд удаан тэссэнгүй, оргоод баригдав.

Дахин оргоод бас л баригдалгүй хаачих вэ. Удалгүй Веня Житомирскийг насанд хүрэгчдийн шоронд шилжүүлж. Эндээ мань залуу халаасны хулгайч болж “мэргэшээд” овгоруудын хүрээлэлд ороод явчих нь тэр.

Шоронгоос гараад буцаад орохын хооронд эхнэрээ ч, нэрээ ч хэд хэд сольчихно. Веня нэгэнтээ Москвагийн дэргэдэх Орехово-Зуевт Анна Ослон гэгч эмэгтэйтэй гэрлэв. Энэ эмэгтэйн ар гэр ядуу амьдралтайг харж үзээд мань Вайсман тэдэнд хоёр байшин худалдаж авч өгчээ. Удалгүй тэднийд ууган хүү нь мэндэлж, хоёр дахь нь ч төрөв.

Анна нь аюултай ажлаа (хулгай хийх) орхихыг нөхрөөсөө гуйвч Веня мушилзсанаа “Өөр юу ч хийж чадахгүй, гараа хумхиж суугаад өлсөөд үхэх юм уу” гэнэ. Тэгж байтал Веня дахиад л шоронд орно, Анна захидал бичээд л хүлээгээд сууна.

Вайсманыг суллагдаад ирэхээр авгай, хүүхдүүд нь гэрээсээ гарахгүй байхыг гуйжээ. Халаасны хулгайч маань харин овоо юм ухаарсан гэлтэй байснаа заводод зорогчоор ажиллах боллоо. Гэмт хэрэгтэн байсан хүн ажилд орвол түүнийг хулгайчийн статусаа бүрмөсөн алдаж буй хэрэг гэж тэр зүгийн хүмүүс үздэг аж.

Тэгвэл Веня үйлдвэрийнхээ тэргүүний ажилчин болоод мандаж гарав. Өдөрт 2-3 хүний ажил хийчихдэг зорогчийн зураг хүндэт самбар чимэглэх болж, цалин ч гайгүй авч, намын үүр нь Вайсманыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулах талаар бодох болсон байна. Тэгээд намтар, тодорхойлолтыг нь бэлэн болгоотохсон чинь архаг хулгайч төрийн одон хүртэх нь гээд л шуугиад явчихав гэнэ.

Ар гэрийн амьдрал, ажил төрлөөсөө Веня залхаж эхэлжээ. Тэгээд гэрийнхнээ орхиод мөнгө олохоор тэнэж гарав. Нууцхан уулзаж учирдаг, галт тэрэгний өртөөний жижүүр эмэгтэйнхээ тусламжаар бараа ачсан бүхэл бүтэн цувааг өөрийн болгож авлаа.

Мэдээж Веняг удалгүй эрж сураад эцэг, эх, эгчийг нь цагдаагийн байгууллагад дуудав. Мөрдөн байцаагч эгчтэй нь ярьж байх зуураа “Та бодвол ухаантай л эмэгтэй байлгүй” гэсэн чинь “Би химич мэргэжилтэй, дэд эрдэмтэн хүн” хэмээн ундууцжээ.

Хариуд нь цагдаагийн ажилтан дүү чинь танаас 100 дахин илүү ухаантай юм. Үзэг цаас хэрэглэлгүйгээр өчнөөн оронтой тоо тогтоож аваад, тийм тийм айхтар заль мэх хэрэглээд, тэгж ингэж явна гээд баахан юм ярьсан байна.

Вайсманыг юу гэж тэгтэл удаан “зугаалуулах” вэ дээ, дайны өмнөхөн дахиад л шоронд нь хорьж орхилоо. 1943 оны эцсээр Венягийн хөл бас загатнаад эхэлжээ. 1944 оны нэгдүгээр сарын тэр нэг өглөө шуургатай байснаас шоронгийн ноход түүний мөрийг олсонгүй. Энэ үед оргодол маань ойд төөрөөд голдоо ортол даарч явлаа.

Хунгарт шигдэн сууж, мөнхөд нойрсоход бэлэн болоод байх яг тэр мөчид моддын завсраар байшингийн дээвэр харагдах нь тэр. Эхний байшингийн хаалгыг арай гэж цохиод Вайсман ухаан алджээ. Эмнэлэгт ухаан оров. Хоёр хөл, зүүн гарыг нь эндхийн эмч тайрчихсан байлаа. Ийнхүү эрэмдэг болсон амьтан өөр шоронд очиж, жил хагасын дараа суллагдав.

Фронтод тахир дутуу болсон хүмүүсээс ялгаатай нь Вайсман гуниглаж хэвтэхийг хүссэнгүй. Эцэг, эх нь Киевт, энүүхэн Орехово-Зуевт гэргий, хоёр хүү нь байгаа, түүнээс гадна эр хүнээр энхрийлүүлж үзээгүй эмэгтэй хүн олон байсан болохоор хөл, гаргүй ч гэсэн түүнийг наашаа гэх амьтан мундахгүй байв.

Веня харин хулгай хийхээ болиод залилж мэхлэх замыг сонгож, ашиглах хүмүүсээ ч олох гэж зовсонгүй, Ардын комиссарууд гэж байснаа саянаас сайд гэж нэрлэх болсон хүмүүстэй “нүүр тулахаар” шийдсэн байна. Яагаад тэднийг онилсноо Вайсман нэг удаа түүнийг томоохон дарга хүчтэй гэгч нь түлхэж унагачихаад, уучлаарай ч гэж хэлэлгүй яваад өгснөөр тайлбарласан аж.

Яг үнэн хэрэг дээрээ бол олигтойхон юм салгаж болох улс нь сайд нар гэж Веня үзсэн хэрэг байв. Баатрын таван хошуу захиалж хийлгээд үйлдвэрийн газруудын талаар мэдээлэл цуглуулжээ. Тйим болохоор түүнийг “химич”, “уурхайчин”, “ган хайлуулагч” байсан гэж ярихад яамны ажилтнууд эргэлзэж байсангүй.

Байлдаанд оролцож гавьяа байгуулсан тухайд бол шоронд байхдаа жинхэнэ офицеруудын яриаг сонсож байсан дээрээ тулгуурласан аж. Түүний ярьсан домгийг хэн ч үнэмшдэг байлаа.

1947 оны гуравдугаар сард КН-ын Төв хороо “танкчин баатрыг” хүлээж аваад Киев хотын төвд түүнд байр өгсөн байна. Ойн үйлдвэрийн сайд нь ахмад Вайсманы гэрт тавилга төхөөрөмж өгч туслахыг Украины холбогдох хүмүүст даалгажээ. Венягийн амьдрал уйтгартай биш, нийслэлийн зочид буудал, зоогийн газар, хүүхнүүд нь түүнийг юунаас ч илүү уруу татаж байв.

Аливаа амжилт болгоомж сэрэмжийг алдуулдаг гэдэг шүү дээ. Мань эр нэгэн сайдын хүлээн авалт дээр байхдаа салааны дарга Василий Сталинаа шатаж буй онгоцноос аварсан хэмээн “залж” орхижээ. Мөнөөх сайд үүнээс долоо хоногийн дараа хамт байлдаж явсан хүнийх нь мэндийг жолоодогчийн хүүд уламжлахад Василий нэлээд гайхсан байна.

Энэ түүх явсаар Иосиф Сталины сонорт хүрч юу болсныг тодруулахыг Дотоод хэргийн болон Аюулаас хамгаалах яаманд тушаалгүй яав гэж. Мөрдөн байцаалтаар тодруулснаар энэ этгээд 26 сайд, Төв хорооны хоёр гишүүнийг “молигодож” дөнгөөд нийтдээ 35000 рубль бэлнээр, 20 мянган рублийн бараа залилж авсан байна.

Энэ бүхнийхээ төлөө тэрбээр есөн жил хоригдох ял авчээ. 1956 онд шоронгоос гарсан ч сурсан “ажлаа” дахин хийж гурван жилийн шийтгэл хүлээв. Тэр өөрийн хүсэлтээр тахир дутуу хүмүүсийн асрамжийн газар байж байгаад 1969 онд сүрье өвчнөөр хорвоог орхижээ.   

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
68.100.43.176 Burhnii zurag gesen balai shariin shashnii tarhi ugaaltaa boli! Ezen hicheevel zaya hicheene gedeg yum !!!
59.153.113.209 Бурханы зураг гэгч энэ дээ. Өөр хэлэх гоё үг алга.