“ҮСРЭХИЙН ӨМНӨ ОРЧИН ТОЙРНОО НЭГ ХАРЧИХАЖ БАЙ”

2016 оны 03 сарын 15

Одоогоос 20 гаруй жилийн тэртээ 1994 оны долдугаар сарын 8-нд 83 настайдаа “Солонгосын ард түмний их жолоодогч, багш” Ким Ир Сен өөд болсон юм. БНАСАУ-ын түүхэн дэх цөөнгүй “цагаан толбо” түүний нэртэй холбоотой байдаг. Түүний амьдрал, үйл ажиллагаа нь нууцлаг юм ихтэй байжээ.

Тэр хэн байв, орчин үеийн Сталин, Мао Цэдун байсан юм уу? Эхэн үедээ хүмүүс төдийлөн мэддэггүй байсан цэрэг-улс төрийн энэ зүтгэлтэн яагаад Москвагийн талархлыг хүлээв? Ким Ир Сенийг шинэ улсын тэргүүний суудалд залах явдлыг хэн сэдэв? Улс орноо өөд нь татах эхний жилүүдэд нь хэн түүнд туслав?

...Тэрбээр 1945 оны наймдугаар сарын сүүлчээс эхлэн Ким Ир Сений талаар их юм мэддэг болсон хэрнээ лавтайяа 60 жил ам нээсэнгүй. Эрхэлсэн ажлынхаа шаардлагаар түүний албан тушаал ахиж буй, түүний үйл ажиллагааны үндсэн үе шатуудыг, БНАСАУ-ын хөгжлийн түүхийг анхааралтай ажиглаж бай лаа. Тэгээд нас сүүдрээ 95 хүрэхэд ярьж эхлэхээр сая шийдэв.

Ахмад Цзин Тичек
(Ким Ир Сен)-ийг шагнасан тухай хуудас

Чөлөөнд байгаа хурандаа Григорий Конович Меклерийн хувийн хэргээс нь үзвэл 1909 онд Белорусьт төрсөн байна. Комсомолын илгээлтээр Краснодарийн Багшийн дээд сургуулийн түүхийн ангид орон суралцаж байгаад хоёрдугаар курсээсээ Москвагийн их сургуульд шилжив.

1933 онд сургуулиа төгсөөд аспирантурт сурахаар төлөвлөж байсан ч Намын Төв Хорооны даалгавраар Дорно дахины дээд сургуулийн тусгай салбарт орж, нэг жилийн дотор япон, англи, герман хэл эзэмшиж, цэргийн бэлтгэл хийлээ.

Ингээд 1934 оны эцсээр бага дэслэгч цолтойгоор Алс Дорнод руу цэргийн хэлмэрчээр томилогдов. 1941-1942 онд Москваг хамгаалахад генерал К.К.Рокоссовскийн штабт багтан оролцож явлаа.

Григорий Меклерийн өөрийнх нь ярьснаар бол 1945 оны наймдугаар сарын дундуур Оросын цэргүүд Умард Солонгос, Манжуурыг чөлөөлөөд байхад түүнийг фронт командлагч маршал Кирилл Мерецков дуудаж уулзаад “Хабаровын ойролцоо Хятадын бригад бий, Хятадын, Солонгосын гэсэн хоёр батальоноос бүрддэг.

Бид тэдэнтэй ойртож танилцах шаардлагатай байна. Чи Солонгосын батальоны командлагчтай нь учраа олж, бүх талаар нарийн нягт шалга, тэр ер нь хэн бэ, юу хийж чадах нөхөр болохыг тодруул. Хятадын батальоны даргыг би хариуцаж авья” гэсэн байна.

Солонгосын батальоны дарга нь Ким Ир Сен байв. Маргааш нь Меклер уг бригадад очиж, Ким Ир Сентэй анх удаа учирчээ. Шинэ улсын ирээдүйн удирдагчийг сонгоход өөрийн биеэр оролцох ховор завшаан тохиож, сүүлд нь бүтэн жилийн хугацаанд түүний зөвлөх, туслахаар нь ажиллах юм гэж тухайн үедээ хэний санаанд орох билээ.

Ким Ир Сен нь хятад хэлтэй, оросоор хальт мульт ярьдаг нэгэн байлаа. Хамгийн гол нь юм бодож сэтгэдэг, байдлыг үнэлэх чадвартай хүн болох нь ярилцах зуур анзаарагджээ. Тэрбээр дайчиддаа шаардлагатай, анхааралтай ханддаг, тэдэндээ хүндлэгдсэн хүн байв.

Энэ бүх байдлыг Меклер маршалын нэр дээр явуулсан илтгэх хуудсандаа бичсэн байна. Ким Ир Сенийг сонгож авахад энэ илтгэх хуудас гол үүрэг гүйцэтгэсэн аж. Маргааш нь Ким Ир Сенийг дагуулаад маршал дээр ирэв. Маршалын өрөөнөөс Ким Ир Сенийг гарч ирэхэд энгэр дээр нь Улаан тугийн одон гялалзаж байлаа.

Григорий Меклер 1945 оны есдүгээр сард Хабаровскод авахуулсан зурагтай сониноо барьжээ.

Гэтэл Сталин нас барж, Солонгосын дайн дууссаны дараа Умард Солонгосын удирдагчид Зөвлөлтийн одон бий талаар ер дуугарахаа байж, тэмдгээ зүүж авахуулсан зурганд нь ч засвар хийх болсон байна. Солонгосын батальоны дарга байсан хүн маань яагаад тэр одонгоос цэрвэх болов?

Буудлагын 88 дугаар бригадын нэгдүгээр батальоны дарга Цзин Тичек (Ким Ир Сенийг хятадаар ийн нэрлэдэг байв)-ийг “Японы түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэлд командлалын байлдааны даалгаврыг үлгэр жишээ биелүүлж, эрхэлхэг зориг гаргасны” нь төлөө 1945 оны наймдугаар сарын 29-нд шагнасан байлаа. Энэ өдөр 88 дугаар бригадын 216 цэргийн алба хаагч шагнал хүртсэн аж.

...Батальоны даргын хувьд Ким Ир Сен дээд дарга нараасаа нэг бус удаа үнэлгээ авч байжээ. Зарчимч, нямбай, захирагдагчиддаа өндөр шаардлагатай ханддагаараа тэр бусдаас ялгардаг байв. Солонгосчуудын дундаас хамгийн өндөр албан тушаалтай нь байсан учир Улаан армийн эгнээнд байсан солонгос цэргүүд түүнийг хүрээлдэг ч байлаа. Түүний намтарт өгүүлснээр бол 1912 оны дөрөвдүгээр сарын 15-нд ядуу тариачны гэрт төрж, Сон Чу нэрийг авчээ.

Японы эсрэг гуравдугаар сарын бослого дарагдсаны дараа 1918 онд эцэг, эхийн хамт Манжуурт шилжиж ирэв. 1919-1929 онд дунд сургуульд сурч, 1930 онд ХКН-нд элссэн байна. 1930-аад оны дунд үеэс Ким Ир Сен хэмээх нууц нэр хэрэглэх болсон аж. Отрядын нь дарга, солонгосчуудын дунд их нэр хүндтэй байсан хүн ийм нэртэй байжээ. Ким Ир Сен солонгосчуудын отрядаас үлдсэн хүмүүсээ аваад 1942 оны эхээр ЗХУ-ын нутагт орж ирсэн байна.

Хабаровын явган цэргийн дунд сургуулийн түргэвчилсэн курс төгсөөд офицер болов. 1942 оны долдугаар сарын 21-нээс 1945 оны есдүгээр сарын 3-нд Алс Дорнодын фронтын буудлагын 88 дугаар бригадын нэгдүгээр батальоны командлагч байв.

...Григорий Меклерийн дурсамжаас үзвэл Ким Ир Сенийг Зөвлөлтийн одонгоор шагнасны дараа маршал Мерецков мань эрийг дуудаж уулзаад “Энэ хүнийг хариуц. Олон жилийн дараа түүнийг Умард Солонгос руу нь буцаах гэж байгаа юм. Түүнийг тэнд хэн ч мэдэхгүй, өөрт нь ч тэнд таних хүн байхгүй. Түүнтэй хамт улсынх нь өнцөг булан бүрт очиж үз, хүмүүстэй нь сайн танилц. Энэ нь та хоёрт ашигтай байх болно” гэж хэлжээ. Ингээд тэд Солонгосыг зорив.

Тэгэхдээ салж яваад Меклер Пхеньянд түрүүлж очоод Ким Ир Сенийг угтаж авчээ. Энэ үед Америкийн армийн 24 дүгээр корпусын командлагч Солонгосын хойгийн өмнөд хэсэгт Ли Сын Маныг өөрийн төлөөний хүн болгохоор нэгэнт сонголтоо хийчихсэн байв.

Энэхүү Ли Сын Ман 1945 оны аравдугаар сарын 16-нд Сөүлд ирсэн байлаа. Тиймээс Хятадын коммунистуудын залуу, эрч хүчтэй төлөөлөл, Улаан армийн тагнуулч ахмад Ким Ир Сений нэр хүндийг Умард Солонгост өсгөх ажлыг Москва идэвхтэй хийж эхэлжээ. “Солонгосын ард түмний домогт баатар, Солонгосын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэгчийг” өргөмжлөх зааврыг Солонгосын хойгийн умард нутагт байсан Зөвлөлтийн цэргийн бүх ангийн улс төрийн байгууллагуудад тараав.

1945 оны аравдугаар сарын 14-нд Пхеньян хотод болох цуглаан дээр Ким Ир Сенийг анх удаа олны өмнө ихээхэн сүртэй гаргаж ирэхээр бэлтгэж, энэ ажлыг 25 дугаар армийн командлал, улс төрийн хэлтэст даалгажээ. Ким Ир Сен улс төрийн эрх мэдлийн дээд оргил руу эрчимтэй мацах үйл явц чухам эндээс эхэлсэн байна.

Меклерийн ярьснаар, эрх мэдэлтэй болох анхны алхмуудаа Ким Ир Сен хийхдээ, оросуудтай зөвлөлгүйгээр юу ч хийдэггүй байжээ. Меклер энд нэг жил байхдаа өглөө бүр түүнтэй уулзаж, ажлаа төлөвлөдөг байж. Меклер тэр хоёр бараг ам зөрж байсангүй. Сталиныг Ким Ир Сен бурханчлан шүтэж, “Умард Солонгос ЗХУ хоёр мөнхийн ахан дүүс, Сталин бид хоёр үүрд хамт” гэж хэлдэг байв.

Өмнөдийн Ли Сын Ман хэвлэлээр “Ким Ир Сен гэгчийг оросууд санаанаасаа зохиож гаргаж ирсэн, Ким Ир Сен бол жинхэнэ солонгос хүн биш, хуурамч” гэх цуурхал дэгдээж байсан аж. Тиймээс Ким Ир Сений талаарх элдэв эргэлзээг тайлахын тулд Пхеньянаас 10 километр орчим зайд байх төрөлх тосгон руу нь залуучууд, сэтгүүлчдийн явган аялал зохион байгуулж байжээ.

Хавийн улс цуглаж, сайхан ширээ засаад наадам цэнгэл үүсгэв. Ким ийнхүү олон жил харийн нутагт байсны эцэст өндөр настай өвөө, эмээ болон садангийн нэг хүнтэйгээ уулзлаа. Бусдыг нь япончууд устгаж орхисон байв. Энэ уулзалтын үеэр зураг авч, сонинд хэвлэж тараалаа. 17 настай зээ хүүгээ Ким Ир Сен дэргэдээ авч, тэр дор нь Солонгосын залуучуудын холбооны Төв Хорооны нарийн бичгийн даргаар томилов.

Тэр үед гурван настай байсан Ким Чен Ирийг Меклер өргөж тэвэрч ч явж. Тэгээд Меклерийг Москва руу буцах болоход Ким Ир Сен “Та надад ямар зөвлөгөө өгөх вэ” гэхэд нь “Үсрэхийн өмнө орчин тойрноо нэг харчихаж бай” гэсэн Английн алдартай үгийг Меклер хэлээд Ким Ир Сентэй тэврэлдээд салсан аж.

...Пхеньянд байдаг Ким Ир Сений музейгээр өнөөдөр ороход түүнийг шагнасан Зөвлөлтийн Улаан тугийн одонг үзэгдэхүйц газар тавьсан байгаа. Дэлхийн II дайны эцэст БНАСАУ-ын анхны удирдагчийг чухам ямар гавьяа байгуулсны нь төлөө ЗХУ-ын Засгийн газар шагнасан талаарх тодорхой мэдээллийг одоо хэр нь хэн ч авч чадаагүй байгаа юм.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД