МАРШАЛ ТИТО ХЭН БАЙВ

2016 оны 03 сарын 07

Маршал Иосип Броз Титог өнгөрсөн зууны хамгийн азтай улстөрч гэж одоо ч үзсээр байна. Тэрбээр Гитлерийг ч, Сталиныг ч аялдан дагалгүй хөгжин цэцэглэсэн Югослав улсыг байгуулсан юм. Энэ бүхний хажуугаар Тито айхтар хүүхэмсэг нэгэн байж, албан ёсоор таван гэргийтэй, Европын хамгийн сайхан, хамгийн нэр алдартай бүсгүйчүүдтэй энээ тэрээ болж явсан байдаг.

Иосип Броз Тито одоогийн Хорватын Кумровец гацаанд дархан, оёдолчин хоёрын гэр бүлд 1892 оны тавдугаар сарын 7-нд төрсөн байна. Эцэг нь хорват, эх нь словен үндэстэн байв. Иосипийн эцэг омголон догшин авиртай, архи их уудаг, олон хүүхэдтэй гэр орноо байсгээд л түйвээчихдэг эр байжээ. Тиймээс Иосип 15 насандаа гэрээсээ оргож, Загреб хотод очоод машины заводод засварчнаар ажиллаж байлаа.

Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд залуу хүүг Австри-Унгарын армид дайчлав. Тэрбээр морин цэрэгт алба хаасан бөгөөд үүгээрээ бахархдаг байлаа. 1915 онд Галицид тулалдаж яваад Оросын казахуудад олзлогдов.

Урал дахь цэргийн олзлогдогчдын лагерьт эхний өвлийг арайхийн өнгөрөөж, ирээдүйн маршал цаашдаа Сибирийн хахир өвлийг дажгүй давдаг болсон байна. Орост иргэний дайн дэгдэхэд Тито эргэлзэлгүй Улаан армид орж, Сибирьт адмирал Колчакийн эсрэг тулалдаж явлаа. Чухам тэр үедээ Омскийн дэргэд анхны гэргий, 15 настай тариачин орос охин Пелагея Белоусоватай танилцжээ.

Иргэний дайн дуусахаар Титог Коминтерний шугамаар дэлхийн хувьсгалд бэлдүүлэхээр Югослав руу илгээв. Загреб хотод коммунистуудын үүрийг удирдаж явахдаа авгайгаа “араар нь тавьж” эхэлжээ.

Герман үндэстэн, коммунист эмэгтэй Лючия Баудэрээс салахаа болив. Тэгээд орос эхнэрээсээ даруй салж төрхөмд нь буцаагаад, Лючиятай суулаа. Гэвч тэд удаан хамт байсангүй. Коминтерний Парис дахь товчоонд ажиллаж байсан Герта Хаас гэдэг эмэгтэй Югославын ирээдүйн удирдагчийн гурав дахь гэргий нь болов. Герта ухаалаг, овсгоотой бүсгүй байсан болоод ч тэр үү, Тито түүнтэй хамгийн удаан хамт амьдарчээ.

Дэлхийн II дайн эхлэхээр Тито партизаны тэмцэл хийхээр Балканыг зорив. Парисыг германчууд эзэлж, Гертаг Гестапо баривчлав. Гэргийгээ чөлөөлж авах гэж маршал ихээхэн хүчин чармайлт гаргаж байж Югославын партизануудад олзлогдсон дивизийн командлагч Германы нэгэн генералаар сольж дөнгөлөө.


Гэвч Герта Хаасыг Югославт ирэхэд Даворианка Паунович гэх өөр хүүхэнтэй Тито цуг амьдрах болсон байлаа. Энэ залуу бүсгүй омголон зантай, догшин авиртай, нөхөртэйгөө хэрэлдэх төдийгүй зодолддог ч байжээ. Харамсалтай нь, Тито түүнд их хайртай байв. Дайн дөнгөж дуусаж байхад мөнөөх Даворианка партизаны отрядад газар авч байсан сүрьеэ өвчнөөр нас баржээ.

Тито ганцаар хэсэг гуниглаж гашуудаж яваад 55 настайдаа тав дахь удаагаа гэрлэлээ. Сонгож авсан бүсгүй нь Йованка Будисавлевич гэх серб үндэстэн байв. Энэ эмэгтэй өөлөх юмгүй намтартай, Югославын ардын чөлөөлөх армийн хошууч цолтой нэгэн байлаа.

Түүнээс гадна тэрбээр маршалаас 32 насаар дүү байсан аж. Йованка Будисавлевич төрийн ажилд идэвхтэй гэгч нь хутгалдаж ордог, нууц бичиг баримтуудыг ч уншчихдаг, төрийн жолоо атгалцах хүсэлтэй хүн байв.

Үүнд нь Титогийн тэвчээр барагдаж, 1977 онд тэд салжээ. Гэргий байсан эмэгтэйгээ Тито хүн амьтан очдоггүй өргөөнд хорьж, өдөр шөнөгүй харуул манаатай байлгах болсон байна. Йованка ийнхүү хүмүүсийн нүднээс далд анир чимээгүй байсаар маршалыг оршуулахад л олон түмний өмнө ил гарсан гэдэг.

Титог өөд болсны дараа түүний гэргий нарын тухай төдийгүй олон тооны нууц амрагийнх нь талаар Югославт дээр дооргүй ярих болсон аж. Тэдний нь дунд жирийн нарийн бичгийн дарга, бариач, илээч, үйлчлэгчдээс аваад Европын нэрд гарсан жүжигчин хүүхнүүд ч байжээ.

Маршалтай хүзүү сээрээрээ холбогдсон эхний хүүхнүүдийн нэг нь Зөвлөлтийн нэртэй жүжигчин Татьяна Окуневская байв. Тэд 1946 онд Белградад танилцсан байв. Зөвлөлтийн кино урлагийг төлөөлсөн хүмүүс тэгэхэд анх удаа Югославт ирсэн байна.

Тэр хоёрын “явдал” нүд ирмэхийн зуурт өрнөж, өглөө бүр жүжигчний өрөөнд цэцгийн асар том баглаа авчирч, орой болгон маршал тансаг зоогонд урина.

Тито Оросын жүжигчинд үнэхээр хөл алдаж, түүнийг Югославт үлдээч гэж гуйж байсан аж. Окуневскаяд зориулж тусгай киностуди байгуулж, театрын хамт олон бий болгож өгөхөөр Тито амлаж, тэгээд албан ёсоор айл гэр болно гэж хэлж байв.

Пелагея Белоусоватайгаа

Окуневская энэ саналыг нь хүлээж авах тун магадлалтай байсан ч 1948 оны арваннэгдүгээр сарын 13-нд түүнийг Москвад баривчилж, 10 жилийн ял өгөөд хорих лагерь руу явуулж орхижээ.

Жүжигчин бүсгүйд санаархаж байсан өөр нэг өндөр албан тушаалтан Лаврентий Берия ингэж хонзогносон гэх яриа гарч байсан аж. Тэрбээр азтай өрсөлдөгч Титод атаархахдаа жүжигчин хүүхнийг ЗХУ-аас явуулахгүй байх арга хэмжээ авсан нь энэ байсныг үгүйсгэх аргагүй.

1960-аад онд зард гарч байсан Италийн алдарт кино жүжигчин Жина Лоллобрижигийн амьдралд Иосип Броз Тито арилшгүй мөр үлдээсэн гэдэг. Тухайн үедээ энэ жүжигчин эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн үлгэр загвар болж, сая сая эр түүнд ухаан алддаг байж. Гэвч Жина олон залуу хөөцөлдөгчдөөсөө хижээл настай Титог илүүд үзэж байж.

Тито 50 хол гарсан хойноо ч хүүхнүүдэд тэгтлээ таалагддаг байсныг нь хэлэхгүй байх аргагүй. Тэрбээр яриа хөөрөө сайтай, ёс журамтай, цэргийн хүний цэх чийрэг биетэй, өдөрт дөрвөн удаа сайн хувцас сольж өмсдөг, төгөлдөр хуур, туялзуур жад сайн тоглочихдог, дээр нь үнэтэй бэлэг өгөхдөө гар татдаггүй нэгэн байлаа. Ийм эрд хүүхнүүд “уналгүй” яах вэ дээ.

Англи-Америкийн алдарт жүжигчин Элизабет Тейлор ч маршалын хаясан “дэгээг” үмхэж л байж. Энэ эмэгтэй уран сайхны кинонд Клеопатрагийн дүрийг бүтээснээр дэлхий дахинд нэрд гарсан юм.

Тэрбээр алдар цуутай жүжигчин Ричард Бартонтой суусан байсан ч Титотой “жиг ургуулахад” энэ нь саад болсонгүй. Маршал эдгээр жүжигчдийг Купари дахь тансаг шилтгээндээ хүлээн авдаг байжээ.

Адриатын тэнгисийн эрэг дээр байх гучин харшийн нэг нь энэ юм. Тэд эхлээд хооллож, ундалчихаад эрчүүд ан ав хөөцөлдөх завсар бүсгүйчүүд яриа хөөрөө дэлгэнэ. Дараа нь задгай газар найр цэнгүүн үүсгэнэ.

Хонины мах шарж идээд, мөстэй шотланд вискигээр даруулна. Өөрөөр хэлбэл Тито хүүхнүүдийн толгойг эргүүлэхийн зэрэгцээ эрчүүдтэй нь нөхөрлөж бас чаддаг байв.

Маршал Титогийн хувийн амьдралын тухай өгүүлж, олон хүүхэнтэй өвөр түрийндээ орж явсныг нь задлахын хажуугаар нэг сонирхолтой зүйлийн талаар дуугаралгүй өнгөрч боломгүй.

Югославын удирдагчтай уулзаж байсан хүн бүр түүний сурвалжтан төрх, дадал, олны дунд биеэ аятайхан авч байх гойд чадварыг нь гайхдаг байжээ. Жирийн дархны хүү ийм байдлыг хэрхэн өөртөө бий болгов?

Америкийн тагнуулын байгууллага бүр 1960-аад онд л энэ асуудлыг сонирхож, тусгай судалгаа ч хийж байлаа. Энэ талаарх ТТГ-ын баримт саяхан ил болсон байна. Тэгээд Иосип Броз Тито бол харагдах өнгөн дээрээ байгаагаас огт өөр хүн гэж үзжээ.

Югославын удирдагч гадаадын арван хэл, түүний дотор казах, киргиз хэл мэддэг байв. Тэгсэн хэрнээ серб-хорватаар мэдэгдэхүйц орос, герман аялгатай ярьдаг байж. Судалгааг чухам түүний ярианы аялгуун дээр тулгуурлаж хийхэд, ТТГ-ын шинжээчдийн үзсэнээр Иосип Броз Тито оросоор ярьдаг, Казахстантай залгаа Өмнөд Сибирьт аж төрдөг чинээлэг германы гэр бүлд төрсөн байжээ.

Эцэг эх нь түүнийг сайн боловсролтой, уран зохиол, гадаад хэлд сонирхолтой болгож төлөвшүүлсэн аж. Орост цэргийн сургуульд байхдаа морь унаж, туялзуур жад хэрэглэж сурсан байна.

Харин Австри-Унгарын олзлогдсон офицерийн баримт бичгийг сүүлд нь хэрхэн олж авсан нь оньсого мэт үлджээ. Үүнд Оросын Дотоод хэргийн яамны гар хөл ч оролцсон байж болох. Магадгүй өөрийн хувь тавиланг өөрчлөх гэсэн залуугийн өөрийнх нь санаачилга ч байж мэднэ. Түүгээр ч барахгүй Америкийн ТТГ-ын шинжээчдийн санаанаасаа зохиосон зүйл байхыг ч үгүйсгэх аргагүй.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
66.181.184.33 Буруу:нь:юу:байг
204.137.100.36 Ssikhan huuhnuudiig er hun shig edelj yavj dee.Teglee geed yu uldev.Bukh yum hooson.