БУГА НАМНАГЧ ГУРАВ, БУЛГА ЗҮЙГЧ НЭГ

2016 оны 03 сарын 04

Зүүн гараас: Николя Саркози, Франсуа Олланд, Ален Жюппе

Францын Ерөнхийлөгчийн сонгууль болтол жил гаруйхны хугацаа үлдээд байна. Тиймээс энэ оныг Елисейн ордны төлөөх тэмцлийг тодорхойлогч жил болно гэж үзэж буй нь зүй ёсны хэрэг юм.

Николя Саркозигийн тэргүүлдэг “Бүгд найрамдахчууд” (2015 он хүртэл “Ардын хөдөлгөөний төлөө холбоо” нэртэй байсан) нам нэр дэвшигчээ энэ онд тодруулж, одоогийн Ерөнхийлөгч Франсуа Олланд болон Социалист намын улс төрийн цаашдын хувь заяа хамаарах эдийн засгийн онцгой арга хэмжээнүүдийн үр дүн тодорхой болох юм.

Олон нийтийн санал асуулгын шинэхэн дүнг Францын социологийн судалгааны хэд хэдэн алба энэ оны нэгдүгээр сард олон түмэнд сонордууллаа.

30 орчим хувийн саналаар Ален Жюппе өнгөлж, 27 шахам хувийн дэмжлэгээр Марин Ле Пен удаалж явав. Олланд сүүлийн хэдэн жил анх удаа Саркозиг “ялж” (21 хувиар), нэр хүнд нь дажгүй байгааг харууллаа.

Бусдаасаа илүү горьдлоготой байна гэхээр байгаа эхний дөрвөн хүн дотроос Бордо хотын захирагч Ален Жюппе хамгийн танил биш нь гэж хэлж болно. Гэлээ ч тэрбээр гол өрсөлдөгч гэгдэж явна.

Энэ бол Ерөнхий сайд асан Жак Ширакийн багийн хүн, төрийн өндөр албыг нэг бус удаа хашиж явсан эр. Сүүлийн жилүүдэд Парисаас хол аж төрж, Бордо хотын захирагчаар сайн ажиллаж буй нь түүнд эергээр нөлөөлж буй. Түүнээс гадна Олланд, Саркози хоёрын тэмцлээс францчууд уйдчихаж.

Энэ хоёрын хэнийг нь ч Ерөнхийлөгч байлгахыг Францын иргэдийн 74 хувь нь хүсэхгүй байгаа аж. Саркози, Олланд хоёртой хамт эдийн засгийн байнгын хямрал, нийгэм, шашины хурцадмал байдал, тэдний хувийн амьдралд нь тохиолддог элдэв явдал францчуудын санаанд орж ирдэг.

Жюппегийн хувьд шүүхээр хэргээ шийдүүлж байсан нь ноцтой дутагдал болж сэтгэлд буудаг. Тэрбээр улсын хөрөнгө үрсэн хэргээр нэг жил хагасын тэнсэн харгалзах ял авсан юм. Мөн 1995-1997 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан нь түүнд одоо сөргөөр нөлөөлж байна.

Зардлыг нэмэгдүүлж, төрийн албаныхны тэтгэвэр, боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулах хөрөнгийг танаж байсан “Жюппегийн төлөвлөгөөг” францчууд мартаагүй байгаа.

Марин Ле Пен

Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлснээр 1968 оны тавдугаар сарын хувьсгалаас хойш төрийн ажилтнууд хамгийн өргөн хүрээтэй бослого дэгдээхэд хүрсэн юм. Уг бослого гурван долоо хоног үргэлжилж, хоёр сая шахам хүн оролцсон.

Бордо хотын захирагчийн бас нэг өө нь түүний нас. Тэрбээр 70 настай, нэр дэвшиж болзошгүй хүмүүс дотроо хамгийн ахмад нь. Олланд, Саркози хоёул 61-тэй, Марин Ле Пен 47-той. Гэхдээ гол саад Ален Жюппегийн насанд байгаа юм биш, шүүхээр хэргээ шийдүүлсэн нь ч тээг болох зүйл биш.

Түүний чансаа өндөр (56 хувь орчим), улс төрийн янз бүрийн үзэл бодолтнууд түүнийг ихээхэн дэмжиж буй ч нам дотроо тэрбээр тийм ч нэр нөлөөтэй биш юм.

Харин сүүлийн саруудад нам дотроо чансаа нь тууштай өсөж, энэ хэрээр анхан шатны сонгуульд ялах магадлал нь нэмэгдэж байна. Гэлээ ч Францын баруунтнуудын дунд Саркози одоогоор арай л илүү жин дарж буй юм.

Николя Саркози бол “Бүгд найрамдахчууд” намын тэргүүн, 2007-2012 онд Францын Ерөнхийлөгч байсан хүн. Асар их туршлага, томоохон намын дарга байгаа нь түүний гол давуу тал. Энэ хоёр давуу тал нь тэмцлийн үр дүнг түүнд ашигтай болгож мэднэ.

Гэхдээ Саркозид тус болохоосоо ус болж магадгүй хүчин зүйлүүд бас бий. Түүний засаглалын таван жилийн үр дүнг францчуудын ихэнх нь сөрөг үнэлдгийг тухайн үедээ улируулан сонгоогүй нь гэрчилдэг.

Тэгэхэд Олланд ялсныг социалистуудын удирдагчийн нэр хүндээр бус Саркозийг эсэргүүцэх хандлага илүүтэй байснаар тайлбарлаж болно. Францын Ерөнхийлөгч асан албан тушаалын байдлаа буруугаар ашигласан хэмээгдэн шалгагдаж байгааг нь ч мартаж болохгүй.

Энэ хэрэг ойрын саруудад сөхөгдвөл Саркози Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх боломжгүй ч болж мэднэ.

Дахин сонгогдох боломжийг нэг жилийн өмнө хий үзэгдэл мэтээр үзэж байсан Саркозигийн саяхны өрсөлдөгч, Францын одоогийн Ерөнхийлөгч Олландын чансаа сүүлийн үед илт өсөж байна. Энэ юутай холбоотой вэ? 2012 онд Олланд нийгмийн салбарт зориулах зардлыг нэмэгдүүлж, ажилгүйдлийг багасгана гэсэн бүтээлч хөтөлбөр дэвшүүлж байж ялалт байгуулсан юм.

Эдийн засаг нь өсөлтгүй, улс нь өр ихтэй, төлбөрийн баланс нь хасах үзүүлэлттэй нөхцөлд ийм хөтөлбөр маш содон сонсогдсон нь мэдээж. Түүний зэрэгцээ ХБНГУ болон Канцлер Ангела Меркелийн биечлэн үзүүлсэн шахалтаар төсвийн хомсдлоо гурван хувь хүртэл бууруулах болзол биелүүлэхийг Олланд зөвшөөрсөн байна.

Ийм болзлыг биелүүлбэл нийгмийн баримжаатай хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж үндсэндээ байхгүй тул Олландыг Ерөнхийлөгч байх эхний гурван жилд Францын эдийн засаг муудсан юм. 2015 онд гэхэд ажилгүйдэл 2014 оныхоос таван хувиар нэмэгдэж, худалдааны балансын хомсдол урьдах онтой харьцуулбал 13.9 хувиар ихсэв.

Харин сүүлийн үед байдал өөрчлөгдөж байна. Францыг бүхэлд нь цочроосон цуврал аллага, ялангуяа 2015 оны арваннэгдүгээр сарын үйл явдал аюулгүй байдлаа хамгаалахад, түүний дотор армиа бэхжүүлэхэд зарцуулах хөрөнгөө дорвитой нэмэгдүүлэх шаардлагыг Франц улсад тулгаж орхилоо.

Тэгээд төсвийн сахилга батаас францчууд татгалзахад хүрэв. Европын холбооны түншүүд, юуны түрүүнд ХБНГУ-ын дургүйцлээс үл эмээн нийгмийн салбарт түлхүү хөрөнгө зарцуулахыг бий болсон нөхцөл байдал шаардлаа. Ингээд мөрийн хөтөлбөрийнхөө зарим хэсгийг ч гэсэн хэрэгжүүлэх боломж бүрэн эрхийнх нь хугацаа дуусахын урд жил ч гэлээ Олландад олдож, одоо

энэ ажлаа хийхийг эрмэлзэж байна. Ажилгүйдэлтэй тэмцэхэд зориулж хоёр тэрбум евро нэмж хувиарлах эдийн засгийн онцгой арга хэмжээ авахаар энэ оны нэгдүгээр сард зарлалаа. Энэ арга хэмжээ нааштай өөрчлөлт авчирвал Олландын хувьд дахин сонгогдох магадлал эрс нэмэгдэнэ.

Тэрбээр бүрэн эрхээ хэрэгжүүлж буй Ерөнхийлөгчийн хувьд социалистуудаас зүй ёсоор нэр нь дэвших хүн бөгөөд энэ нь түүний намд хагарал гарахаас сэргийлнэ.

Олландад сул тал ч чамлахааргүй бий. Ерөнхийлөгч байсан эхний гурван жилд эдийн засгийн байдал муудсаны бурууг түүнд үүрүүлэх нь гарцаагүй. Мөн хувийн амьдралынх нь дуулиан, гадаад бодлогын ухвар мөчид алхмууд нь ч түүнд муугаар нөлөөлнө. Францын лалын шашинтнуудын дунд Олландын нэр хүнд мэдэгдэхүйц доошилж буй нь ч таагүй явдал юм.

Цагаачлагчид, тэдний үр хойч нь олон жилийн туршид янз бүрийн түвшний сонгуульд социалистуудыг дэмжиж ирсэн, 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд санал өгөхөөр ирсэн Францын лалын шашинтнуудын 93 хувь нь Олландыг дэмжсэн гэх баримт байдаг.

Гэвч өнгөрсөн гурван жилд социалистуудад нааштай хандах нь багасжээ. Ижил хүйстнийг гэрлэхийг зөвшөөрсөн хууль баталсан нь үүнд ихээхэн түлхэц болсон нь эргэлзээгүй. Яагаад гэвэл ийм юмыг лалын шашинтнууд жигшдэг билээ. Энэ бүхнээс үүдээд 2017 онд тэд Олландыг дэмжихгүй байх магадлалтай.

Хатагтай Марин Ле Пен сүүлийн жилүүдэд нэлээд ахицтай яваа. Франц дахь хоёр намын улс төрийн тогтолцоог түүний “Үндэсний фронт” бараг үгүй хийх дөхөж байна. 2015 оны арванхоёрдугаар сард болсон бүс нутгийн сүүлчийн сонгуулийн дүнгээр “Үндэсний фронт” депутатынхаа тоог 358 болгов. Уг нь 118 байжээ.

Гэлээ ч 2017 онд Елисейн ордонд хөл тавих найдлага түүнд байхгүйтэй адил. Сонгуулийн хоёр дахь шатанд орох бүх боломж Марин Ле Пенд бий ч чухам тэнд л гарцаагүй унана. Түүний цаг болоогүй байна, дүрвэгсдийн асуудал цаашдаа улам хурцдаж, эдийн засагт ахиц гарахгүй байвал 2022 онд цаг нь ирж мэднэ.

Анхан шатны санал хураалт ирэх арваннэгдүгээр сард болно. Түүнд Ален Жюппе ялбал “Бүгд найрамдахчууд”-аас ганцаараа нэр дэвшиж магадгүй. Тэгэхдээ энэ санал хураалт эрх зүйн тодорхой үр дагаваргүй учраас түүнд ялагдсан хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй байдаг.

Харин эхний шатны санал хураалтыг санаачилсан хүний хувьд түүний үр дүнг огоорч, ялагдсан хэрнээ цааш үргэлжлүүлэн сонгуульд оролцохоос Саркози татгалзах л болов уу.

Ийм нөхцөлд өндөр чансаатай яваа Жюппе барууны талыг баримтлагч сонгогчдын, тэр дундаа социалистуудын болон хэт баруунтны өргөн дэмжлэг хүлээх нь эргэлзээгүй. Тэгээд сонгуулийн хоёр дахь шатанд Франсуа Олландыг илт давуу ялж, наад зах нь таван жилийн хугацаагаар Елисейн ордны эзэн болно. Энэ бол эхний хувилбар.

Одоогоор анхан шатны сонгуулийн боломж Жюппе, Саркози хоёрын хувьд адил байна гэж үзэж буй. Намын доторх дэмжлэгээрээ Саркози илүүрхэж буй ч зөрүү нь ойртсоор байгаа. Саркозигоос ялгаатай нь Жюппе эхний шатны санал хураалтад таагүй хандаж буй. Тэгэхдээ л 2017 онд нэрээ дэвшүүлнэ гэдгээ нэг бус удаа мэдэгдсэн.

Энэ тохиолдолд баруунтнуудын дунд хагарал гарч, тэр нь сонгуулийн үр дүнд хортойгоор нөлөөлнө. Эцэст нь хоёр дахь шатанд Олланд, Ле Пен хоёр үлдэж, одоогийн Ерөнхийлөгч дахин сонгогдоно. Хоёрдугаар хувилбар ийм байж болох юм.

Эхний шатны санал хураалтад Саркози ялбал Жюппе сонгуульд цаашид оролцохоос татгалзаж, өөрийн дэмжигчдийг Саркозигийн төлөө саналаа өгөхийг уриална.

Тэгвэл хоёрдугаар шатанд Олландтай Саркози, Ле Пен хоёрын хэн нь өрсөлдөх бол? Улс төр судлаачдын үзэж буйгаар францчууд тухайлбал Европарламентын сонгуульд нэлээд чөлөөтэй ханддаг бол Ерөнхийлөгчийн сонгуульд хариуцлагатай хандана.

Үүнтэй холбоотойгоор Марин Ле Пен янз бүрийн санал асуулгын дүнтэй харьцуулбал эхний шатанд цөөн санал авч, Саркозигийн боломжийг нэмэгдүүлж болзошгүй. Ингээд хоёрдугаар шатанд түүний боломж мөн л Олландынхаас илүү гарна.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД