АСАДАД Ч БАС ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ БАЙЖЭЭ

2016 оны 02 сарын 25

Женев дэх НҮБ-ын ордон

Таван жил үргэлжилж буй Сирийн хямралыг зохицуулах улс төрийн арга зам хайх зорилготой яриа хэлэлцээ өнгөрсөн сарын сүүлчээр Швейцарийн Женев хотноо эхэлсэн билээ.

Үүнд эртнээс бэлтгэж, Дамаскийн элч нар хийгээд тэдэнтэй өрсөлдөгчдийг хэл амыг нь ололцуулах гэж олон улсын зуучлагчид багагүй хүчин чармайлт гаргасан ч уг хэлэлцээ ердөө хоёр өдөр үргэлжлээд хүнд хэлэх юмгүйгээр завсарласан.

Оролцогчид нь бие биенийхээ барааг ч харалгүй бусдаар үг дайсаар арай гэж хоёр өдөр өнгөрөөгөөд, хэлэлцээг энэ сарын 25 хүртэл завсарлуулж буйг НҮБ-ын тусгай элч Стаффан де Мистура зарлахаас аргагүй болсон юм.

Хоёр жилийн өмнө болсон “Женев-2” нэртэй богино хугацааны хэлэлцээ ч мөн амжилт олоогүй билээ.

“Женев-3” уулзалтаас хойш үйл явдал өрнөсөөр, нөхцөл байдал ч ихэд өөрчлөгдлөө. Өнгөрсөн бямба гаригт Сирийн Ерөнхийлөгч Башар Асад сэтгүүлчидтэй уулзав. Тэрбээр дайнд ялж, улсынхаа бүх нутаг дэвсгэрийг хяналтдаа эргүүлж авах яриа Сирид ид байх үед санал бодол, байр сууриа ийн хуваалцлаа. Одоогийн зорилт бол “Исламын улс”-ыг устгах явдал гэж тэр хэллээ.

Мөн ял шийтгэл хүлээнэ гэж айж болгоомжлолгүйгээр эх орондоо буцаж ирэхийг дүрвэгчдэд уриалав. Лалын Засгийн газрууд, юуны түрүүнд Катар, Туркийн эрх баригчдыг Сирид зөрчилдөөн өдөөсөн хэмээн Асад буруутгав. “Бүслэгдсэн долоон районд хүмүүнлэгийн тусламж хүргэхийг та саяхан зөвшөөрлөө.

Зарим эх сурвалжаас үзвэл энд 486 мянган хүн оршин суудаг юм байна. Зарим район нь бүслэлтэд гурван жил гаруй болжээ. Тэдэнд тусламж хүргэхгүй яагаад алгуурлав” хэмээн сэтгүүлч түүнээс асуухад, “Бид Сирийн аль нэг районд хориг тавиагүй. Эдгээр районд зэвсэгт бүлэглэлүүд оршин суугчдаас хүнсний зүйл болон өргөн хэрэглээний барааг нь хураан авч дайчиддаа өгсөн, мөн маш өндөр үнээр худалдсан.

Засгийн газар “Исламын улс”-ын хяналтад байгаа районуудад хүртэл тусламж хүргэхэд саад хийгээгүй. Тухайлбал, Ракка хот урьд нь бараг гурван жил “Жебхат ан-Нусра”-гийн хяналтад байсан юм. Тийш нь бид хөгшдийн тэтгэвэр, албан хаагчдын цалин, хүүхдүүдэд эм тариаг нь хүргэж өгч байгаа.

Сири хүн бүрийн төлөө хариуцлага үүрэх ёстой гэж манай Засгийн газар үздэг” гэсэн хариулт өгсөн байна. Орос, Америк хоёр эвлэрүүлнэ гэдгээ зарлалаа. Гал зогсоох, байлдааны ажиллагааг түр завсарлах дэглэмийг Сирийн засгийн газар сахихад бэлэн үү гэж асуухад “Эвлэрэлд бэлэн гэж зарлах нь хангалттай биш, бид юу хийхээс бүх юм шалтгаална” гэж хариуллаа.


Башар Асад

Алеппо хотод байдал чухам ямар байгааг тодорхойлохдоо энэ том хотын үлэмж хэсэг нь Засгийн газрын хяналтад байна. Оршин суугчдын олонх нь зэвсэгт бүлэглэлийн мэдэлд байсан районоос Засгийн газрын хяналтад байгаа районуудад ирсэн хэмээв. Одоо тус хот дахь тулааны гол зорилго нь Туркийг алан хядагчидтай холбож буй замыг хаах явдал болоод байгаа аж.

Цааш нь Асад, манай арми амжилт олоход Орос, Ираны дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэж байна. Алан хядагчдыг 80 гаруй улс дэмжиж байгаа. Эдгээр улсын зарим нь шууд мөнгөөр, зэвсэг, амьд хүчээр тусалж, нэлээд нь олон улсын уулзалт дээр алан хядагчдад дэмжлэг үзүүлж байна. Сири жижиг улс.

Алан хядагчдад дэмжлэг үзүүлээд байхаар бидэнд ч олон улсын тусламж бас хэрэгтэй болох юм гэж хэлжээ. “Оросуудын агаараас хийж буй цохилтод энгийн хүмүүс өртөж буйд Та сэтгэл зовж байна уу. Даваа гаригт эмнэлэг бөмбөгдсөнөөс 50 хүний амь сүйдлээ. АНУ үүний хариуцлагыг Орост тохож буй” гэж сэтгүүлч хэлэхэд, “Үүнийг хэн үйлдсэнийг мэдэхгүй гэж Америкийн албаны хүмүүс хэлж байсан шүү дээ.

Америкчууд ийм зөрүүтэй юм яриад байгаа юм. Оросууд иргэний объектууд руу довтолсныг нотлох юм юу ч байхгүй. Тэд өдөр бүр алан хядагчдын бааз, байрлал руу оновчтой дайралт хийж буй. Америкчууд харин манай умард нутагт олон иргэний аминд хүрсэн. Оросуудтай холбоотой хэл ам ер гараагүй байгаа” гэж Асад хариулжээ.

Сөрөг хүчний бүлэглэлүүдээс алийг нь хууль ёсны гэж үзэж хэлэлцээ хийх тухайд Асад ард түмэн, Засгийн газрын эсрэг зэвсэглэж буй бүхэн алан хядагч. Тэд зэвсгээ хаяж, улс төрийн яриа хөөрөөнд орсон цагт л хууль ёсных болно гэсэн байр суурьтай байв. Түүний хэлснээс үзвэл сөрөг хүчнийхнээс олон хүн зэвсгээ хаяж, зарим нь Засгийн газрын армийн талд ороод тулалдаж яваа аж.

Тэр ч бүү хэл босогчдын ах дүү, төрөл садан ч ийм алхам хийж буй гэнэ. Женевт Сирийн Засгийн газрын төлөөлөгчидтэй яриа хэлэлцээ хийхээр очсон хүмүүсийг Асад “алан хядагчид, хэт даврагчид” гэж үзэж байлаа. Ийм хүмүүстэй бид хэлэлцээ хийх боломжгүй учраас тэр бага хурал амжилтгүй болсон гэж тэрбээр хэлсэн байна.

Бүрэлдэхүүнд нь орох хүсэлтэй улс төрийн бүх урсгалыг багтаасан үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулахыг Асад хамгийн зөв гарц гэж үзэж буй аж. Энэ Засгийн газар Үндсэн хууль боловсруулах нөхцөл бий болгож, түүнийг бүх нийтийн санал асуулгаар шийдэх нь зүйтэй гэнэ.

Сирийн дүрвэгчид хэнээс зугтаж байгаа тухайд тэрбээр “тэд алан хядагчид л биш юм бол Засгийн газраас зугтаагүй” гэсэн байр суурьтай байна. Дүрвэсэн хүмүүсийг буцаж ирэх ёстой гэж тэр үзэж байв.

Тэгвэл дүрвэгсдийн урсгалыг зогсоохын тулд Сирийн Засгийн газар юу хийж болохыг Асад, юуны урьд Сирийн ард түмэнд тавьсан хоригоо Европ цуцлах ёстой. Цааш нь алан хядагчдыг Сири рүү илгээхээ Турк зогсоовол зохино. Эцэст нь улс орныхоо амьдралын нөхцөлийг Сирийн Засгийн газар сайжруулах нь чухал гэж үзэж буй аж.

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад тус улсад дөрөвдүгээр сарын 13-нд Парламентын сонгууль явуулах тухай 63 тоот тушаал гаргалаа. Сирийн Засгийн газрын цэргүүд хийгээд сөрөг хүчний бүлэглэлүүдийн хооронд гал зогсоохоор Орос, АНУ тохиролцсоны ард Асад ийм шийдвэр гаргав.

Эвлэрэх үйл явцыг Дамаскийн цаг тооллоор энэ сарын 27-ны 00.00 цагт эхлүүлэхээр төлөвлөөд байна. Энэ нь Москвагийнхаар 26-ны өдрийн 23.00 цаг аж. Энэ тохиролцоог АНУ-ын Төрийн Департамент баталжээ. Орос, Америкийн хамтарсан мэдэгдэл энэ сарын 22-ноос цахим сүлжээгээр олон түмэнд хүрлээ.

НҮБ-ын зуучлалаар АНУ, ОХУ, Сирийн хямралыг энхийн замаар зохицуулах, Арабын энэ БНУ-ын эрх мэдлийг шилжүүлэх нөхцөл бий болгохыг зорьж байна гэж уг мэдэгдэлд өгүүлжээ. Сирийн агаарын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс өөрсдийн үйл ажиллагааг уялдуулахаар Москва, Вашингтон хоёр төлөвлөж байна.

Гал зогсоох дэглэмийн хүрээнд Сирийн Агаарын цэргийн хүчин, Оросын агаар-сансрын хүчин Сирийн сөрөг хүчний байрлалд цохилт өгөхөө болих юм. Эвлэрэх үйл явцад хяналт тавихын тулд Москва, Вашингтон хоёр шаардлагатай гэж үзвэл мэдээлэл солилцох ажлын хэсэг байгуулах аж.

Гал зогсоохоор тохиролцсонд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн талархлаа илэрхийлэв. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар утсаар ярьж тохиролцоог ихэд сайшаав. Тэгэхдээ гал зогсоох дэглэм “Исламын улс”, “Жебхат ан-Нусра” гэх алан хядагч бүлэглэлд хамаарахгүй юм. Тэдэнд цаашид ч цохилт өгнө гэж Путин онцолсон байна.

Сирийн хямралыг зохицуулах асуудалд Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар асар их хүчин чармайлт гаргасныг тэмдэглэх ёстой.

Тэд энэ сарын 21-нд л гэхэд гурван удаа уулзсан байдаг. Сирийн Ерөнхийлөгч Башар Асад Le Pais сонины сурвалжлагчтай ярилцахдаа алан хядагч байгууллагын дайчид л сиймхийг ашиглахгүй тохиолдолд эвлэрэлд бэлэн гэж хариулсан юм.

Одоо хийх гэж буй Парламентын сонгууль тус улсад зэвсэгт зөрчилдөөн үүссэнээс хойш хоёр дахь нь юм. Сүүлчийн сонгууль 2012 онд болж, сонгогчдын 51 хувь нь түүнд оролцсон.

Сонгуульд Башар Асадын “Баас” нам ялалт байгуулж ХАА-н сайд байсан Рияд Хижаб Засгийн газраа тэргүүлэх болсон ч тэрбээр сүүлд нь босогчдын талд “урваж”, сөрөг хүчний нэгдсэн хүчийг тэргүүлэх болсон байна.

Сирид энэ сарын 21-нд цуврал аллага үйлдлээ. Хомс хотод 46, Дамаскад 80 хүний амь хохиров. Үүний хариуцлагыг хүлээхээ алан хядагч “Исламын улс” бүлэглэл мэдэгдсэн байна. Хомс хотод хоёр амиа золиослогч уг ажиллагааг хөдөлгөөн ихтэй гудамжинд үйлджээ. Энд 115 хүн шархадсан аж. Дамаскад шархадсан хүний тоо 200 хүрсэн гэж мэдээлсэн.

Эдгээр үйлдлийг хямралт байдлыг улс төрийн аргаар зохицуулах гэсэн дипломат хүчин чармайлтад саад хийх гэсэн оролдлого гэж үзэж буйгаа Сирийн эрх баригчид илэрхийлж, үүнд анхаарлаа хандуулахыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд уриалав.

Алан хядах ажиллагааг ивээн тэтгэж байгаа Саудын Араб, Катар улсын эсрэг шийдвэртэй арга хэмжээ авахыг ч Сирийн Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд шаардсан байна.

Сирийн арми энэ хооронд гар хумхиж суусангүй. Алеппогийн районд хэрэгцээт зүйлсээ дамжуулдаг гол замаа хяналтдаа эргүүлж авлаа. Энэ замын нэлээд хэсэгт “Исламын улс” дэлбэрэх төхөөрөмж тавьсныг аюулгүй болгож эхэлжээ.

Алеппо мужид сөрөг хүчний зарим аядуу бүлэглэл, Исламын хувьсгалыг хамгаалах корпусын дэмжлэгтэйгээр Сирийн арми өргөн хүрээтэй давшилтад оржээ...

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД