АУГАА Рейхийн ЗОЛИОС

2016 оны 02 сарын 24

Дэлхийн II дайн ид дүрэлзэж байхад олон хүний аминд хүрсэн 45 настай Бруно Людке гэгчийг Германд баривчилсан байна. Тэрбээр 1924 оноос эхэлж хэдэн арван хүн хэрцгийгээр алснаа мөрдөн байцаалтын үеэр хүлээсэн аж. Гэлээ ч үүнийг нь баталж нотлолгүй Берлинээс ирсэн тушаалаар түүнийг хороочихжээ.

Өнөөдөр эргээд бодвол Бруно Людкег цагаа, газраа олж төрсөнгүй гэж хэлмээр санагдана. Орчин цагийн Германд тэр байсансан бол сэтгэл мэдрэлийн өвчтэй гэмт хэрэгтнүүдийн эмнэлэгт эмчлүүлээд хэвтэж байх байсан биз. Даанч Гитлерийн Германд ийм хүмүүстэй ёсорхдоггүй, сэжигтэн байлаа ч устгаж орхидог байсан аж.

Бруно Берлиний хаяанд жижиг угаалгын газрын эзнийд төржээ. Тэрбээр зургаан хүүхэдтэй айлын дөрөв дэх нь байв. Оюуны хомсдолтой болох нь хүүхэд байхаас нь мэдэгдсэн тул бяцхан Бруног өөрийнх нь адил ухааны хөгжил

муутай хүүхдүүдийн сургуульд оруулсан байна. Хичээлээ тараад хүү угаалгын газар ажиллаж, цэвэрлэсэн хувцас, цагаан хэрэглэлийг эздэд нь хүргэж өгнө. Ингэж явахдаа хулгай хийгээд тэр дороо баригдсан ч түүнийг шоронд хийчихсэнгүй, төрөлхийн ухаан хомсдолтой нь аварсан аж.

Адольф Гитлер тэргүүтэй нацистууд төрийн эрхэнд гараад “Үе дамжсан өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн дагуу 32 настай Бруног бусдынх нь адилаар хүчээр тусгаарлаж орхив. Аугаа их Рейхэд золигт гаргах хүн хэрэг болоогүй бол Людке өөрийн зууныг амьд мэнд өнгөрөөчих байсан болов уу.

Эзэнт улсын аюулаас хамгаалах ерөнхий газраас олон түмэнд ил тод болгосон Бруно Людкегийн хэргийн материалыг 1956 онд “Мюнхен Иллюстрирте” сэтгүүлд нийтэлжээ. “Үндэстнийхээ цэвэр” байдлыг эрхэмлэсэн нацистууд эзлэгдсэн орнуудынхаа өөр үндэсний хүмүүсийг олон зуугаар нь буудаж, хийн зууханд шатаан хороож байв.

Тэгэхдээ ари үндэстнийг сэтгэл мэдрэлийн өвчтэй болон жирийн хүнд өвчтөн герман иргэдээс цэвэрлэхдээ ихээхэн болгоомжтой хандаж байлаа. Цэвэр цусны герман хүмүүсийг устгасан хэрэгт “аугаа” Рейхийг буруутан байлгахыг хүсэхгүй байжээ.

Берлин хотын орчимд 1941 оны хавраас харгис аллага гараад байх болов. Гажиг донтны гарт хамгийн эхлээд 41 настай Кэт Мундт гэх эмэгтэй дөрөвдүгээр сард өртсөн байна. Түүнийг боож алаад, дараа нь хүчирхийлсэн байлаа. 61 настай Мина Гутреман гэгч эмэгтэй тавдугаар сард гэртээ алагдав.

Хоёр хоног өнгөрөв үү, үгүй юү Умани гэдэг айлын эр, эм хоёрын амийг хороочихлоо. Үүний дараагаар гаж донтон хэсэг чимээгүй болов. 1942 оны зургадугаар сард Терека Поль гэдэг эмэгтэйд халдлаа. Энэ залуухан эмэгтэй хоёр жижиг хүүхэдтэйгээ станцаас гэр рүүгээ явж байжээ.

Түүнийг хүүхдүүдийнх нь хашгирах дуун аврав. Гэмт хэрэгтэн айсандаа Терезагийн цүнхийг аваад зугтаж одсон байна. Наймдугаар сард бас нэг эмэгтэй цуврал аллагын золиос боллоо.

Энэ хэргүүдийг эзэнт улсын Аюулаас хамгаалах ерөнхий газар мөрдөн шалгаж, уг комиссыг Эрүүгийн цагдаагийн газрын зөвлөх СС-ийн хурандаа Тоготце удирдах болов. Рейхэд цуврал аллага гараад байх ёсгүй гэж үзэх тул хэргийг даруй илрүүлэхийг түүнээс шаардана.

Гэтэл хэрэг илрүүлэгчийн хувьд тэрбээр чадал чансаа муутай нэгэн байжээ. Даалгавар биелүүлэхгүй бол Дорнод фронт руу ачигдах аюул Тоготцег хүлээж байв. Ямар нэг юм хийчих гэж тэр хичээж байсан ч уг хэргийг маш туршлагатай мөрдөгч Хенц Франц гэгч комиссарт шилжүүллээ.

1941 онд гарсан хүн амины хэргийн бүх материалыг Франц эхлээд судалж үзээд, дараа нь түрүү үеийн илрээгүй хэргүүдийн материалтай танилцжээ. Тэгж байтал дахин шинээр аллага үйлдэх нь тэр. 1943 оны нэгдүгээр сарын 31-нд 53 настай Фрида Респер гэдэг эмэгтэйн цогцос ойгоос олдов.

                 Бруно Людке

Тэрбээр нэгдүгээр сарын 29-нд мөчир түүхээр яваад эргэж ирээгүй аж. Түүнийг хүчирхийлээд хоолойг нь боомилж егүүтгэсэн гэж тогтоов. Сэжигтнүүдийн дундаас амьтанд догшин хэрцгий ханддагаараа зартай Бруно Людкед мөрдөгч Франц анхаарлаа хандууллаа.

Мэдрэлийн согогтой Бруног орон нутгийн байцаагч нь мөрөөрөө амьтан гээд байсан ч Людкег байцааж үзэхээр Франц шийдэв. Фрида Респерийн цогцос олдсон ойгоос Людке хулгайгаар түлш бэлтгээд байдаг гэх мэдээлэл түүнийг байцаахаар дуудаж авчрах шалтгаан болжээ. Энэ явдал Бруно Людкен хувь заяаг шийдсэн байна.

Сэтгэхүйн өвчтэй хүмүүсийг Германд зайлшгүй шаардлагаар егүүтгэх ажлыг энэ Бруногоос эхлэхээр эзэнт улсын Аюулаас хамгаалах газар шийдэж тэр тухайгаа Гиммлерт дуулгав. Тэрбээр нэлээд бодолхийлснээ зөвшөөрлөө.

Олон жилийн турш илрэлгүй хуримтлагдсан бүх хэргийг нэгтгэж, мөрдөн шалгах үүргийг мөнөөх Хенц Францын удирдсан тусгай комисст өгчээ. Бруногийн хэргийг мөрдөн шалгах ажил түүхэнд “зүйрлэх юмгүй” гэсэн ангилалд багтсан гэдэг. Бруног Герман даяар авч явж, туршилт хийсэн байдаг. Комиссын гишүүд анд нөхөд шиг нь харилцаж, амттай хоол, сайн шар айргаар хооллож, ундалж байжээ.

Түүгээр ч барахгүй Бруног уйдаад байвал шоронгийн өрөөнд нь хамт хононо. Түүнд алиа хошин юм ярьж өгч, усанд оруулж, үсийг нь засуулна. Шинэ жилээр гэртээ очсон байх болно гэж Брунод нэгэн дуугаар ярина.

Ийнхүү халамжилж, сайн хоол идүүлээд байхаар Бруногийн санаа бодол ч уясан өөрчлөгдөж, хийсэн хэргүүдээ ярьж эхлэв. Тэрбээр мөрдөн шалгах комиссын гишүүдийг өөрийн анд нөхөд гэж бодож, тэдний санаанд аливааг нийцүүлэхийг хичээх болжээ.

Өөрт нь хэлсэн юмыг тэрбээр сохроор давтан ярьж, гарынх нь хээ юунаас ч олдоогүй, ганц ч хүн гэрчлээгүй байхад л энд би хүн алсан хэмээн мэдүүллээ. Хэргийн газрын ойр орчимд байхыг нь харсан хүн Бруно биш байна гэж хэлсэн олон гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт нь байдаг аж. Бруногийн хувцсан дээр цусны толбо байхгүй байна гэж шинжээчид ч үзнэ.

Хэргийн байдал харсаар байхад илт байхад ч Бруно “энэ талаар би өнөө шөнө бодоод маргааш үүнээс илүү юм хэлье” гэнэ. Тэгээд маргааш нь үнэхээр бүх нарийн ширийн юмаа ярина. Комиссар Франц ч түүнийг чиглүүлнэ.

Зарим үед Бруно өвчний ийм оноштой хүнд баймгүй ухаан, чадал гаргаж, бүгдийг, тухайлбал 15 жилийн өмнө хүн алсан өрөөнд нь ямар тавилга байсныг хүртэл эргэн санаж хэлнэ.

Хэрэв мөрдөн шалгах комиссын ажилд дүн шинжилгээ хийгээд Берлинд ирүүлсэн рапортанд нь эргэлзэж буйгаа Эрүүгийн цагдаагийн газрын дарга Гамбург Фаульхабер айж эмээлгүй илэрхийлээгүйсэн бол энэ явдал яаж төгсөх байсныг хэлэхэд түвэгтэй. Фаульхабер цагдаагийн даргын хувиар биш нэг өрөөнд хоригдож байгаа хэрэгтэн болж Брунотой ярьж үзсэн байна.

Тэгэхэд туршилт хийхээр түүнийг авчирсан Хамбург хотод ер очиж байгаагүйгээ Бруно хэлж, комиссын гишүүд сайхан хоол, шар айраг, тамхиар дайлж байсанд нь талархахдаа аллага үйлдсэн хэмээн хүлээсэн гэдгээ ч ярьжээ. Түүгээр ч барахгүй хэзээ ч, хэнийг ч алаагүй хэмээн тэрбээр нэг өрөөний “хоригдолдоо” хэлсэн аж.

Байдал ийм болсон тул Бруногийн хэргийг өндөр мэргэжлийн шинжээч, эмч, прокурорын ажилтнуудаас бүрдсэн бие даасан комисс лавшруулан шалгаж эхэлсэн байна. Мөнөөх Франц хэдэн сарын дараа фронт руу хөөгдөж, тэнд амиа алджээ.

1944 оны гуравдугаар сард Бруног шинэ комисс байцаав. Тэрбээр нэг л дуу цөөтэй, айсан, биеэ барьсан байдалтай байлаа. Төөрч будилсан мэдүүлэг өгч, ер нь л дэмий юм чалчих маягтай байв.

Хүмүүсийн урмыг хугалж буйгаа нэгэн үед ойлгоод ихэд уурлаж, гэртээ харимаар байна хэмээн хашгирч, комиссар Францыг дуудан түүнээс тусламж хүсэж байлаа. Түүнийг хэвтүүлэн, тариа хийж байж тайвшруулав.

1944 оны дөрөвдүгээр сарын 8-нд Брунод цианит кали хэмээх тариа хийв. Аугаа их Рейхэд тэр одоо хэрэггүй болжээ. Цогцсыг нь авч оршуулах гэсэн төрөл садангуудынх нь хүсэлтийг ч хүлээж авсангүй, үхсэний гэрч болгож хувцсыг нь өгсөн байна. Энэ хэрэгтэй холбоотой бүх материалыг тэр дор нь чанд нууцлав.

Мөрдөн шалгалтаар түүнд оноосон хүн амины 51 хэргийн ядаж ганцынх нь нотолгоо болох дусал цус Бруно Людкегээс олдсон уу гэх асуултын хариулт одоо хэр нь байхгүй аж.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД