ЗАХИАЛАГЧ НЬ ХЭН БЭ

2016 оны 02 сарын 22

...Энэтхэгийн төрийн тэргүүний аюулгүй байдлыг сахиулагчид, тэр дундаа хувийн бие хамгаалагчдынх нь дотор сикхүүд олон байсаар ирсэн уламжлалтай аж. Тиймээс тэднийг солихыг Ерөнхий сайдын ойрын хүмүүс санал болгосоор байсан ч Индира Ганди зөвшөөрдөггүй байлаа. Ийм алхмыг дайсагнагч этгээдүүд нь Энэтхэгт сикх хүн амыг бүхэлд нь ялгаварлан гадуурхсан үйлдэл гэж үзэж, салан тусгаарлагчдад аятайхан далим болно гэдгийг туршлагатай улстөрчийн хувьд тэрбээр сайн ойлгож байв. Харамсалтай нь энэ зоримог алхам нь алдаа байсан юмсанж...

Индира Ганди бол Энэтхэгийн нийгмийн амьдралд тохиосон хосгүй үзэгдэл байсан юм. Тэрбээр “энэтхэг үндэстний эх” хэмээх хүндэт алдрыг амьддаа хүртсэн хүн. 1984 оны аравдугаар сарын 31-нд түүний амийг егүүтгэсэн нь энэ аварга орныг бүхэлд нь цочролд оруулсан билээ.

Улс төрийн сэдэлтэй бусад аллагыг бодвол Индира Гандийн амь насанд халдсан явдал олон түмний нүдэн дээр болсон тул түүнийг ХХ зууны тайлагдашгүй нууц гэж үздэггүй. Гэлээ ч бүх юм нүдэнд харагдсан шигээ тийм ч ил цагаан байсангүй. Аллага үйлдсэн хүмүүсийг хэргийн газар дээр баривчилсан ч захиалагчийн нь тухайд асуудал одоо хэр нь нууц байгаа гэж үздэг юм.

1980-аад оны эхээр Энэтхэгт сикхийн салан тусгаарлагчдын үйл ажиллагаа хурцдаж ирэв. Сикхүүд үндэстний хийгээд шашны онцгой давхаргын хувьд өөртөө засах эрхтэй болохын төлөө идэвхтэй тэмцэх болж, хожим нь Энэтхэгийн Пенжаб мужид тусгаар улс байгуулахыг хүсэх болсон байна. Амритсар хотод байх сикхүүдийн шүтээн болсон Алтан сүмийг салан тусгаарлагчид төв байраа болгов. Сүмийг улмаар зэвсгийн агуулах болгож, энд бэлтгэл сургуулилалтаа хийж байдаг болжээ.

Мэдээж Энэтхэгийн Засгийн газар үүнийг яаж анзаарахгүй байх билээ. Индира Гандийн тушаалаар армийн анги салбарууд Алтан сүмийг бүсэлж авав. Сүмийг алан хядагчдаас цэвэрлэх оролдлого аяндаа ширүүн зэвсэгт мөргөлдөөн болж хувирлаа.

Сүмийг эзэлж авах ажиллагааны эцэст олон зуун хүн амиа алдсаны дотор жирийн мөргөлчид ч орсон байна. Ариун нандин шүтээнийг нь доромжилж сүйтгэсэн эл ажиллагаанд оролцсон хүн бүрээс өшөөгөө авна хэмээн энэ үйл явдлын дараа сикхүүд тангараглажээ.

Энэтхэгийн төрийн тэргүүний аюулгүй байдлыг сахиулагчид, тэр дундаа хувийн бие хамгаалагчдынх нь дотор сикхүүд олон байсаар ирсэн уламжлалтай аж. Тэднийг солихыг Ерөнхий сайдын ойрын хүмүүс санал болгосоор байсан ч Индира Ганди зөвшөөрдөггүй байлаа.

Ийм алхмыг дайсагнагч этгээдүүд нь Энэтхэгт сикх хүн амыг бүхэлд нь ялгаварлан гадуурхсан үйлдэл гэж үзэж, салан тусгаарлагчдад аятайхан далим болно гэдгийг туршлагатай улстөрчийн хувьд тэрбээр сайн ойлгож байв. Харамсалтай нь энэ зоримог шийдвэр нь алдаа байсан юмсанж.

1984 оны аравдугаар сарын 31-ний өглөө Индира Ганди Британийн нэрд гарсан нэгэн телевизийн сурвалжлагчтай ярилцахаар төлөвлөсөн байв. Ерөнхий сайд өргөөнөөсөө гарч Английн сэтгүүлчид өөрийг нь хүлээж байсан танхимыг зорилоо.

Үүдэн дээр нь түүний хувийн нэг бие хамгаалагч, хоёр цагдаа үүрэг гүйцэтгэж байсан нь бүгд сикх үндэстэн байсан аж. Ерөнхий сайдыг хажуугаар нь өнгөрмөгц бие хамгаалагч нь түүний араас гар буугаар гурвантаа буудаж, цагдаа нар автоматаар шүршиж орхих нь тэр. Индира Ганди тэр дороо амьсгал хураав. Түүний биед 20 гаруй сум туссан байлаа.

Энэ аймшигтай гэмт хэргийн шалтгаан, сэдэл өнгөн дээрээ ил байх мэт. Гэтэл янз бүрийн таамаглал яалт ч үгүй гараад л ирсэн байна. Улс төрийн энэ аллагад Оросын КГБ (Улсыг аюулаас хамгаалах хороо) оролцсон гэх үгийг ЗХУ задарсны дараа Энэтхэгийн зарим сэтгүүлч хэлэх болжээ.

Афганистанд Зөвлөлтийн цэргүүд орсон явдалд Индира Ганди ихээхэн хүйтэн ханддаг байв. Уг явдлыг гуравдагч орнуудад ЗХУ-ын нэр хүндийг унагасан ноцтой алдаа гэж тэрбээр үзэж, цэргээ тэндээс гаргахыг Зөвлөлтийн удирдагчдад шаргуу зөвлөж байсныхаа төлөө ийм “шан” хүртсэн хэмээн таамаглана.

Америкийн Тагнуулын төв газар (ТТГ)-ын урт гарны талаар ч хүмүүс бодолгүй өнгөрөөгүй аж. Энэтхэгийн тухайн үеийн гадаад бодлого Америкийн эрх ашигт олон талаар харшилж байв. Тийм болохоор салан тусгаарлагч сикхүүдийн гараар Индира Гандийг зайлуулсан байхыг ч үгүйсгэх аргагүй юм.

Энэ халдлагад Хятадын тусгай албадын гар оролцсон гэх бодолтой хүмүүс бас байдаг. Гэхдээ 1963 онд ялагдсаныхаа өшөөг авах гэж эртнээс хүссэн үндэсний үзэлтнүүд Индира Гандийн суудлыг эзлэх магадлалтай учраас түүний эвлэрэнгүй үзэлтэй Засгийн газрыг унагаах нь хятадуудад ямар ч ашиггүй байв. Чухам ийм шалтгаанаар Индира Гандийг зайлуулахыг Пакистаны тусгай албад ч сонирхохгүй байлаа.

Энэтхэгийн өнөө цагийн судлаачид хийгээд сэтгүүлчид дараах таамаглалыг бодит байдалд арай л ойр гэж үзэх болжээ. Улс төрийн өрсөлдөгч “Жаната парти” буюу тэр үед Энэтхэгийн ардын нам гэж нэрлэж байсан улстөрийн хүчнийхэн Ерөнхий сайдын аминд халдахыг захиалсан байх магадлалтай.

Тус нам барууны баримтлалтай бөгөөд үндсэрхэг бодлого явуулдаг, Энэтхэгийн нийгэмд кастын (зэрэг зиндааг баримтлах) тогтолцоог хадгалахын төлөө тэмцдэг юм. Индира Гандийн явуулдаг Европ зүгийн хөрөнгөтний ардчилсан бодлогод тун дургүй байдгаа энэ намынхан нуудаггүй байв.

Түүнээс гадна энгийн олон түмэнд ихэд нэр хүндтэй болсон Индира Гандийг тэд нээлттэй, шударга сонгуулиар ялж ер чадахгүй байлаа. Түүнийг амь үрэгдсэний дараа л “жанатууд” өөрийн хүнийг Ерөнхий сайд болгож дөнгөсөн байна.

Эцэст нь Ерөнхий сайдыг устгасан байж болох цэвэр эрүүгийн чанартай гэмээр таамаг бас байдаг. Энэтхэгийн банкны эзэд Индира Гандийд тун дургүй байв. Түүний Засгийн газар эздэд нь багахан нөхөн төлбөр өгөөд 14 томоохон банкийг улсынх болгож орхисон байлаа. Ашиг олзны төлөөх ертөнц ийм юмыг өршөөж байгаагүй аж.

Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч Жавахарлал Неругийн гэрт Индира Ганди мэндэлжээ. Тэрбээр 1966 онд Энэтхэгийн Ерөнхий сайд, Үндэсний конгресс намын тэргүүн болсон байна. Нийгмийн чиг баримжаатай бодлого явуулж, ядууралтай тэмцэж, ЗХУ-тай харилцаагаа сайжруулжээ.

Индира Гандийг амиа алдсаны дараа Үндэсний конгресс намыг хүү Ражив Ганди нь удирдах болсон ч “Тамил-Иламыг чөлөөлөх барууд” хэмээх алан хядагч байгууллагын амиа золиослогчийн үйлдэлд өртөж 1991 оны тавдугаар сард амь үрэгдсэн билээ.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД