“ХАЛУУН” ӨВӨЛ

2016 оны 02 сарын 19

АНУ яаравчлан Афганистаны Гильменд муж руу хэдэн цэрэг авчрав. Цэргийн энэ 200 албан хаагч Пентагоны төлөвлөснөөр өнгөрсөн тулаануудад сүрхий сульдсан Афганы армийн 215 дугаар корпусыг шинээр эмхэлж сургаж, боловсруулахад туслах ёстой аж. Тэнд чухам юу болоод, цэргүүдээ татан авч байсан америкчууд яагаад эцэс төгсгөлгүй дайнд дахин татагдан ороход хүрэв?

Афганистанд өвөл харьцангүй нам гүмхэн байсаар ирсэн юмсан. Даваа гүвээг цас бөглөж, Засгийн газрын цэрэг өргөн хүрээтэй ажиллагаа явуулахад саад болж, талибууд хүчээ дахин хуваарилж, хаврын дайралтдаа бэлтгэнэ. Гэнэт дайрч довтлох, алж хядах ажлаа тэд хийсээр ч, дайн байлдааны эрчим бүхэлдээ ихэд буурсан байдагсан.

Гэтэл энэ өвөл “Талибан” амсхийсэнгүй. Арванхоёр, нэгдүгээр сард тэд том хотууд, тэр дундаа нийслэл Кабулыг үндсэн зорилгоо болгов. Алаан хядаангүйгээр нэг долоо хоног ч өнжсөнгүй. Арванхоёрдугаар сарын 8-нд Кандагарын нисэх онгоцны буудал руу дайрч 50 хүний амь хохироов.

Гурав хоногийн дараа Кабул хотод Испанийн Консулын газар руу довтоллоо. Арванхоёрдугаар сарын 21-нд амиа золиослогч НАТО-гийн харуулын дэргэд өөрийгөө дэлбэлж, Америкийн цэргийн зургаан албан хаагчийг алав. Он гаргаад нэгдүгээр сарын 5-нд Мазари-Шарифт Энэтхэгийн консулын газар руу дайрлаа. 20-нд Оросын ЭСЯ-ны хажууд машин дэлбэлэв.

Талибууд тактикаа өөрчиллөө гэж Афганы хүчний байгууллагынхан үзэж байна. Тэд үнэхээр шинэ маягаар ажиллах болжээ. Эхлээд тухайн газрынхаа дэргэд машин дэлбэлээд гарсан нүх сүвээр нь дамжин байшин руу нэвтэрч орно.

Амиа золиослогчид ихэвчлэн автомат гар буу, гранатаар зэвсэглэж, хэдэн цаг ширүүн тулаан хийхээр тооцож бэлтгэлээ хангадаг болж. Сумаа дуустал уг байшинд байж байгаад амьд үлдсэн хүмүүс нь өөрийгөө дэлбэлнэ.

Энэ өвлийн гол тулаан өмнөд Гильменд мужид болж Афганы арми хэд хэдэн удаа ихэд ялагдав. Америкийн цэргийнхний баримтаар бол “Талибан” сүүлчийн давших ажиллагаагаараа ойрын 15 жилд хамгийн өргөн уудам газар нутгийг хяналтдаа авсан байна. Талибуудтай хийсэн тулаанд өдөрт дунджаар Афганы 20 цэрэг, цагдаа, тусгай албаны ажилтан амиа алджээ.

Талибууд энэ өвөл урьд өмнөхөөсөө илүү идэвхжсэн нь Афганы байдлыг зохицуулахаар нэгдүгээр сард эхэлсэн яриа хэлэлцээнд нөлөөлөхийг эрмэлзсэнтэй нь холбоотой аж. Энэ яриа хөөрөөний гол оролцогчид нь Афганистан, Пакистан юм. Үүнээс үзвэл талибуудад Пакистан ихээхэн нөлөөтэй байдаг бололтой.


Орчин цагийн Афганистаныг судлах төвийн шинжээч Никита Мендкович ийн дурсаж байна.

“Аль нэг талын байлдааны ажиллагаа эрчимждэг нь Афганистанд болдог аливаа яриа хэлэлцээний салшгүй хэсэг байсаар ирсэн. Урьд нь Засгийн газартай хийж байсан яриа хөөрөөний үеэр талибуудын алан хядах ажиллагаа идэвхжиж л байсан.

Одоо бол Пакистаны тагнуулын байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж болзошгүй. Пакистан нь “Талибан”-тай тагнуул туршуулын ажлын хэлхээ холбоогоо хадгалсаар байдаг бөгөөд Энэтхэгтэй шөргөөцөлдөхийн тулд бүс нутгийн геополитикийн тоглолтын хүрээнд түүнийгээ ашигладаг юм.”

Хувь хүний хүчин зүйлийг мартаж болохгүй. Саяхан “Талибан”-ы удирдагч болсон санваартан Мансурын байр суурь хэврэг байгаа. Түүнийг Омарын халааг авсныг зарламагц бүлэглэл дотор хагарал үүсэж, талибуудын зарим отрядын хооронд зэвсэгт мөргөлдөөн ч болсон байна.

“Талибан”-ы хээрийн цэргийн командлагч байсан Мухаммад Расул Афганистаны эмиратын Лалын дээд зөвлөл гэгч шинэ байгууллага бий болгож буйгаа 2014 оны арваннэгдүгээр сард зарлаж, Мансурт сэтгэл дундуур байдаг цөөн бус хүнийг туган дороо нэгтгэж, үндсэндээ хуучин холбоотнууддаа дайн зарлачихсан аж.

Талибууд Мансураар удирдуулан байлдаад амжилт олбол түүний нэр хүнд үлэмж өснө. Ингэвэл задрах аюул үгүй болж, урвагчдын зарим нь буруугаа хүлээн буцаад ирэхийг ч үгүйсгэх аргагүй.

Талибуудын эсрэг хийх тэмцлийн гол ачаа Афганы хүчнийхний нуруун дээр ирнэ. Салан задгай байдал, авлига, дэг журам муутай гээд дутагдал бэрхшээл их бий ч эд харьцангүй сайн байлдаж байгаа. Бас мэдээллийн сахилгыг мөрддөггүйгээс арми, цагдаагийн байгууллагын нууцалсан сувгийг талибууд тавтайяа сонсож байдаг.

Зэвсэг хэрэгсэл дутмаг, байлдаж байгаа анги, салбаруудынхаа хүн хүчийг тухай бүрд нь нөхдөггүй. Цэргүүдийнхээ цалинг өгөлгүй гурван сар боллоо гэх гомдол тасрахгүй. Амиа алдсан хүмүүсийн цалин, зэвсэг, байлдааны хэрэгслийг хэн нэг нь авч завших нь ердийн үзэгдэл.

Оргож босох явдал маш их, зарим анги, салбарын бүрэлдэхүүний тэн хагас нь алга болсон тохиолдол ч бий. Түүгээр ч барахгүй урвах нь олонтаа. 2015 оны арванхоёрдугаар сард Гильменд мужийн Сангин хотын дэргэд цэргийн 65 албан хаагч тээврийн хэрэгсэл, зэвсэг, хувцас хунараа аваад талибуудтай нийлсний гурав нь офицер байв.

НАТО-гийн мэргэжилтнүүдийн үнэлж буйгаар цэргүүдийн үлэмж хэсэг нь байлдах чадвар муутай, ар талын алба нь маш доголдолтой ажилладаг, удирдах хүмүүс, дарга нар хангалтгүй. Гэхдээ Афганы цэргийн анги, салбаруудын байлдах чадвар хязгаарлагдмал, Америк, Орос хийгээд Европын аль ч улсынхтай дүйцэх юмгүй ч тэдний эсрэг тулалдаж буй дайчдад нь ийм бэрхшээл бас л тулгарч байдаг.

Харин ч Афганы офицеруудыг бодвол талибуудын командлагчид АНУ-д сургууль, бэлтгэл хийгээгүй хүмүүс юм. “Яг үнэн хэрэг дээрээ бол Афганистанд маш сул хоёр арми хоорондоо байлдаж байгаа” гэж мөнөөх Мендкович үзэж байна.

Сайн сургаж, бэлтгэгдсэн тусгай зориулалтын дайчид армийнхнаасаа эрс ялгардаг. Есдүгээр сарын эцсээр талибуудад эзлэгдсэн Кундузын төлөөх тулаанд энэ дайчид өөрсдийгөө хэн болохыг харуулж чаджээ.

Учраа олохоо байсан, замбараагаа алдсан нөхцөл байдалд Афганы армийн элитийн анги, салбарууд чадварлаг, итгэлтэй ажиллаж, бараг хохирол амсалгүй сөрөг довтолгоогоо амжилтад хүргэсэн байна.

Афганы тусгай албад ч үр дүнтэй ажиллаж, талибууд аль хот руу довтлох гэж буйг тэр дор нь мэдэж, сөрөг тагнуулын үйл ажиллагаа ч идэвхтэй байв. Эндхийн уламжлал, ёс заншлыг мэдэхгүйн улмаас америкчууд нутгийн хүн амын дургүйг хүргэчихээд байхад Афганы сөрөг тагнуулчид очоод учрыг нь түвэггүй олчихно.

Афганы хүчнийхэн үйл ажиллагаандаа тухайн газар орны онцлогийг харгалзахаас аргагүй байдаг. Иргэний дайны үед орон нутгийн төрийн байгууллагын ажилтнууд нь тэндхийн овог, аймгийн удирдагч байсан бөгөөд хэдийнэ хувийн армитай болцгоочихсон байжээ.

Эдгээр отряд байнгын армийн ангиудтай нягт уялдаатай байх ёстой ч үйл ажиллагаагаа уялдуулах гэсэн оролдлого нь ихэнх тохиолдолд эх захгүй, замбараагүй явдал болж орхино. Нэгдүгээр сарын эхээр Мазари-Шарифын төлөө болсон байлдаан үүний тодорхой жишээ болжээ.

Балх Атта мужийн захирагч, цагтаа Зөвлөлтийн армитай тулалдаж явсан Мухаммед Нур М4 карабин буугаар зэвсэглэж, нарны шил зүүж, уулын цаначны малгай өмсчихөөд хувийн отрядаа захиран байлдааны талбар дээр давхиж ирээд бүх ажиллагааг удирдана гэж дөвчигнөж байв.

Афганы армид америкчууд тусалж байна. 2017 он гэхэд Афганистанд 1000 орчим хүнтэй багахан хүч үлдээнэ, тэр нь Кабулд байрлаж Америкийн иргэдийг хамгаалж, Афганы армийг сургаж бэлтгэхэд тусална гэж төлөвлөж байсан юм.

Гэтэл цэргүүдээ эргүүлэн татах боломжгүй болж, Кундуз рүү талибууд дайрсны дараа Афганы аюулаас хамгаалах хүч нөхцөл байдлыг хяналтдаа авч чадахааргүй байгааг Барак Обама анзаарчээ.

Тэгээд Америкийн цэргийг Афганистанаас гаргах хугацааг нэг жилээр сунгаж, тогтвортой байх цэргийн тоог 2017 он гэхэд 5.5 мянга болгон нэмэгдүүлж, Кабул, Баграм, Желалабад, Кандагарт дөрвөн гарнизон байрлуулахаар шийдсэн юм. Гэвч богино хугацааны энэ төлөвлөгөөг бодит байдал өөрчилж орхив.

Талибууд армийн ангиудыг бут цохин Гильменд мужийн төв Лашкаргах хот руу дөхөж ирэхэд улсынхаа өмнөд хэсгийг бүхэлд нь тэдэнд алдах аюул Кабулын эрх баригчдын өмнө тулгарлаа. Америкчууд Гильмендэд буцаж очин Пентагон хийхгүй гэж хичээсэн зүйлээ хийхээс аргагүй болж, 2014 оны хавар талибуудтай нүүр тулан байлдав.

Америкчууд нисэх онгоц, нисдэг тэргээ тулаанд оруулж, талибуудын байрлалд зогсоо зайгүй цохилт өглөө. Эцэст нь Афган, Америкийн хүчин хүрээгээ хумисаар Маржа хотыг талибуудын бүслэлтээс гаргав.

Энэ тулаанд Америкийн тусгай зориулалтын хүчний нэг цэрэг амиа алдсан нь 2014 оноос Өмнөд Афганистанд АНУ-ын зэвсэгт хүчний хүлээсэн эхний хохирол байлаа. Тэгэхдээ эцсийнх бас биш байсан юм.

“Исламын улс” хэмээх шинэ тоглогч Афганы дэвжээн дээр гарч ирснээр байдлыг улам түвэгтэй болголоо. Тэд тус улсын зүүн нутагт Нангархар мужид бэхжиж аваад Афганы Засгийн газрын цэргүүд болон талибуудтай хүчээ үзэхээр шийдэж, Гильмендийн төлөө тулаанд орж, хоёр фронт дээр байлдаж эхлэв.

Лалын энэ дайчид Афганы арми ялагдал, авлига хоёртоо хүч суларч, “Талибан”-ы дотоодод эрх мэдлийн төлөөх тэмцэл дуусаагүй хамгийн эгзэгтэй үеийг сонгож чадсан байна. Тэд Ирак, Сириэс өөрийн бүлэглэлийн дайчдыг татаж авчирсангүй, эндхийн хүмүүст найдав. Тосгон суурингаар нь хэсэж их мөнгө амлан хүмүүс элсүүлж явна.

Дайны хөлд үгүйрч хоосорсон энэ улсад ийм өгөөшийг үмхэх “амьтан” олдолгүй яах вэ. Лалын дайчид хүчээ зузаатгах бас нэг их үүсвэр нь “Талибан” хөдөлгөөн болон түүний холбоотон бүлэглэлүүдээс оргон зугтаагсад.

Талибуудын дунд байгаа байдалдаа, мөнгө хомс байгаад сэтгэл дундуур байсан, Омар ламтныг нас барсны дараа хөдөлгөөнийг удирдагчууд урам нь хугарсан хүмүүсээс бүрдсэн бүхэл бүтэн отряд энэ мөчөөс эхлэн хар тугийн дор тулалдана хэмээн цээжээ дэлдэж байна.

Ийм алхмыг “Лашкар-э-Таибы”, “Техрик-е-Талибан” болон “Узбекистаны лалын хөдөлгөөн”-ий хүмүүс олноороо хийж буй. Тэгэхдээ Афганистанаас “Исламын улс”-ын олсон хамгийн том олз нь Афганистаны Ерөнхий сайд асан “Хезб-э-Ислами” бүлэглэлийн удирдагч нэрд гарсан улстөрч Гульбеддин Хекматиар юм.

Можахид, талиб явсан хүмүүсийг “Исламын улс”-ын эгнээ рүү юу түлхэв? Хэмжээгүй их гэж хэлж болохоор мөнгөнөөс хүртэх бололцоотой болохоос аваад “цэвэр лалын” үзэл санааны төлөө нэг жил амжилттай тулалдаж буй олон улсын хөдөлгөөнд харьяалалтай болох хүртэл олон шалтгаан бий.

Афганистан дахь “Исламын улс” Сири, Ирак дахиасаа ихээхэн ялгаатай. Афганы лалын дайчид эртний түүх, соёлын дурсгалыг эвдэж сүйтгэхгүй, эндхийн ёс, уламжлалд хүндэтгэлтэй хандана.

“Исламын улс”-д дагаар орсон афган хүмүүсийн тоо одоо 1000 орчим гэж байгаа нь “Талибан”-ы 35-40 мянган дайчинтай харьцуулбал юу ч биш. Америкаас авах тусламжаа нэмэгдүүлэх бодлоор Кабулын эрх баригчид лалын хүчийг зориуд хэтрүүлж хэлж байхыг ч үгүйсгэх аргагүй, Сири, Иракаас Афганистан эрс өөр байдгийг гайхах юм биш.

Хүн амынх нь 80 хувь суннит, 19 хувь нь шийт байгаа тус улсад шашин хоорондын зөрчил тэмцэл байхгүйтэй адил. Афганчууд нэгдмэл улсад эртнээс аж төрсөөр ирсэн болхоор тэднийг хагаралдуулах боломж үндсэндээ байхгүй юм.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД