ЗҮҮНТНЭЭС ГАРАЛТАЙ БАРУУНТАН

2016 оны 02 сарын 18

Зүүн гараас: Ангела Меркель, Гельмут Коль

Ангела Доротея Меркель өнөө цагийн нэртэй улстөрч, дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй гэгдэх болсонтой хэн ч үл маргана. Энэ эмэгтэй ХБНГУ-ын Канцлерын өндөр албыг хашсаар дотоод, гадаад бодлогодоо асар их амжилт олжээ. Түүнийг Европын шинэ “төмөр хатагтай” ч гэх болсон байна.

Түүний намтар Хамбург хотоос эхэлдэг. Энд гадаад хэлний багш эмэгтэй, санваартан хоёрын гэр бүлд 1954 оны долдугаар сарын 17-нд Меркель төрсөн аж. Тэрбээр эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй.

1961 онд сургуульд орсон түүний хамгийн дуртай хичээл нь орос хэл, математик байв. 1973 онд Лейпцигийн Карл Марксын нэрэмжит их сургуулийн физикийн ангид орох үеэс түүний улс төрийн үзэл бодол нь төлөвшиж эхэлсэн гэж зарим нь үзсэн байдаг.

Ангела Меркель Германы Канцлераар ажиллах хувь тохиосон анхны эмэгтэй юм. Тухайн үедээ энэ албыг хашиж буй хамгийн залуу хүн гэгдэж байсан ч улстөрчийн хувьд алдар хүндийн оргил өөд өгссөн зам нь нэлээд урт, бартаа ихтэй байв. 1989 онд тэрбээр “Ардчилсан давшилт” нэртэй намд элсчээ.

Гэвч дараа жил нь Христосын ардчилсан холбоо (ХАХ) намд “урваснаар” улс төрийн шатаар урагшлах эхлэл тавигдсан гэж өөрөө үздэг байна. Удалгүй намынхаа хэвлэл мэдээллийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга нь болов.

Нам нь 1990 онд Ардын танхимыг бүрдүүлэх сонгуулийн эхний шатанд ердөө 0.9 хувийн санал авч ялагдлаа. Энэ оны аравдугаар сард хоёр Герман нэгдэв. 1990 оны арванхёрдугаар сард Бундестагийн депутатаар сонгогдов. Түүнийг тойргийн сонгогчдын 48.5 хувь нь дэмжжээ. 1991 оны эцэс болоход Меркель Христосын ардчилсан холбооны орлогч дарга болсон байлаа.

1994 онд болсон Бундестагийн сонгуулийн дараа түүнийг Хүрээлэн буй орчныг хамгаалах яамны сайдаар томилов. Энэ бол Канцлер Гельмут Колийн хийсэн ажил байлаа. Үүнээс болж “Колийн охин” гэгдэх болжээ. Дөрвөн жилийн дараах сонгуульд ХАХ, ХНХ намуудын эвсэл 50 жилийн түүхэнд хамгийн муу дүнтэй оролцож ялагдлаа. Засгийн газар бүрэн эрхийн хугацаагаа сунгаж чадсангүй.

Меркелийг ХАХ намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллуулав. Намын дарга Вольфганг Шойбле санхүүгийн хэл аманд орооцолдсоноос огцрох хүсэлт гаргаснаар 2000 оны дөрөвдүгээр сараас Меркель намаа тэргүүлэв.

2005 оны тавдугаар сард ХАХ болон Христосын нийгмийн холбоо (ХНХ) нам хамтран Ангела Меркелийн нэрийг ХБНГУ-ын Канцлерийн суудалд дэвшүүлсэн нь түүний өндөр нэр хүнд, арвин туршлагыг үнэлсэн явдал байлаа.

Уг нь 2001 онд энэ албан тушаалд өрсөлдөхөд Ангела Меркель өөрөө бэлэн байсан ч эрх мэдлийн дээд түвшинд түүнд дэмжлэг байгаагүй аж. 2005 оны арваннэгдүгээр сарын 22-нд Ангела Меркель ХБНГУ-ын Канцлераар сонгогдлоо. Тэгэхэд 51 настай байв.

Меркелийн хүүхэд нас коммунист дэглэмтэй Зүүн Германд өнгөрсөн ч өөрийгөө энэ улсын иргэн гэж төсөөлдөггүй байснаа дурссан байдаг. Тэр тусмаа эцэг Хорст Каспер нь коммунистуудтай хамтарч ажилладаг, “улаан Каспер” хочтой, охиноо пионер болох, улмаар Германы чөлөөт залуучуудын холбоонд элсэхэд нь хориглож байгаагүй аж.

Гэтэл охин нь БНАГУ-д үйлдвэрлэсэн ямарваа юм эдэлж хэрэглэх ч дургүй нэгэн байв. Хүүхэд байхдаа Меркель математикийн олимпиадад шалгаран 1968 онд Москвад очиж байжээ.

Лейпцигийн их сургуулийн гуравдугаар ангийн оюутан байхдаа Ульрих Меркельтэй Ангела танилцсан байна. Тэд гэр бүл болж таван жил хамт амьдрав. Ийнхүү “Ангела Меркель” гэх овог нэртэй болжээ. Эхний нөхрөөсөө салахад нь түүнд дурсгал болгож ямар нэг юм үлдээгээч гэж найз бүсгүйгээ зөвлөхөд “Түүний овгийг (Меркель) дурсгал болгож өөртөө үлдээсэн нь болоо юм биш үү” гэж хариулсан гэх яриа байдаг.

Үнэндээ ч 40 орчим жил Ангела Меркель хэмээн дуудуулж явна. Их сургуулиа төгсөөд Лейпцигээс Берлинд шилжин ирж 1978-1990 онд Физикийн химийн төв хүрээлэнд ажиллажээ. 1982 онд нөхрөөсөө салсан Ангела 1984 оноос химич мэргэжилтэй Йоахим Зауэртэй уулзах болсон байна.

Тэр үед Зауэр гэр бүлтэй байж. Ангела тэр хоёр 1998 онд л айл болов. Нэг сонирхолтой баримт байдаг нь гэргийгээ Канцлер болоод тангараг өргөх ёслолд нөхөр нь очоогүй нь олны анхааралд өртөхийг хүсээгүйтэй нь холбоотой байв. Ангела Меркель хүүхэд төрүүлээгүй юм. Залуудаа хүүхэд төрүүлэх аз дутсан.

Улс төрд орохдоо нас маань нэгэнт 35 хүрсэн байсан болохоор энэ талаар бодохоо больсон гэж тэрбээр нэгэнтээ хэлсэн байсан. Тэрбээр 1980-аад оны эцсээр Берлиний ханыг нураасны дараа л улс төрд эргэлтгүй хөл тавьжээ. Тэгэхдээ эхнээсээ л элдэв шүүмжлэлтэй ихээхэн тулгарч байв.

Түүнийг коммунист Германаас гаралтай “харийн этгээд” хэмээн гадуурхах хандлага ч илт байлаа. Бас улс төрийн туршлагагүй гэж ч гоочилдог байжээ. 2001 онд ХАХ, ХНХ эвслээсээ Канцлерын төлөөх өрсөлдөөнд Меркель Баварын Ерөнхий сайд Эдмунд Штойберт сайн дураараа боломж олгосон ч нөгөөх нь социал-демократ Герхард Шрёдерт ялагдсан байна. Энэ явдал Меркелийн байр суурийг үлэмж бэхжүүлэв.

2002 оны намар болсон парламентын сонгуульд Меркель ялалт байгуулж Бундестаг дахь ХАХ, ХНХ-ын эвслийг удирдах боллоо.

...Меркель Канцлер болсноор Шрёдерын үетэй харьцуулбал гадаад бодлогод, ялангуяа Герман, Оросын харилцаанд мэдэгдэхүйц өөрчлөлт орно гэж ажиглагчид хүлээж байлаа. Шрёдер нь Путиний анд байсан юм. Меркелийг сурталчилгаагаа ид өрнүүлж байхад түүнийг дэмжигчид Оростой тогтоосон онцгой харилцааг хадгалж үлдэхийг хүсэхгүй байв.

Меркель улс төрийн үзэл бодлын хувьд Америкийн талыг баримталдаг болох нь илт байлаа. 2003 онд Иракийн эсрэг дайн эхлэхийн өмнө тэрбээр Америкийг дэмжиж байв. Ангела Меркелийн “луужингийн зүү” Америк руу зааж байсан ч түүнийг Канцлер болсноос хойш Герман, Оросын харилцаанд дорвитой өөрчлөлт ороогүй юм.

2002 онд Орост айлчилж Путинтэй уулзахдаа түүнтэй түнш байхыг чухал гэж үзэж буйгаа илэрхийлж байсан нь “манж үг” биш байлаа. Меркелийн орос хэлээр ярих чадвар Путин германаар ярихаас дутахааргүй гэдэг юм билээ.

Сүүлийн үеийн баримтаас дурдвал Украины хямралыг зохицуулах үйлсэд Меркель гайхамшигтай уран чадвар гаргаж, чухам түүний санаачилгаар өнгөрсөн оны хоёрдугаар сард “Нормандын дөрвөл”-ийн уулзалт болсон юм.

Түүний зэрэгцээ Украины зүүн нутагт болж буй үйл явдлууд болон Крымийг өөртөө нэгтгэсэн дээр нь дөрөөлөн Орост хориг тавих, хоригоо сунгах тухайд чангахан дуугарчихаж бас чаддаг.

Меркелийг улсдаа өндөр эрх мэдэлтэй болсных нь дараахан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс Германд айлчилсан нь тус хоёр улсын харилцааг түүний үед улам гүнзгийрүүлж, хөгжүүлэх эхний алхам болсон гэж хэлж болно. Хоёр эмэгтэйн яриа тийм ч найрамдуу байсангүй.

Европт байгаа АНУ-ын ТТГ-ын шорон тойрсон хэл ам, Германы иргэн Халед эль-Масриг америкчууд эндүүрч баривчилсан зэргийг тэд хөндсөн байна. 2006 оны нэгдүгээр сард Германы Канцлерын хувиар Америкт анх удаа айлчлахдаа Меркель Гуантанамо дахь шоронгийн хоригдлуудын талаар Америкийн засаг захиргааны баримталж буй бодлогыг ширүүхэн шүүмжилсэн байдаг. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар ч тэрбээр бас л хатуухан байр суурьтай байсаар ирсэн.

Меркелийг Засгийн газар тэргүүлж байх үед Германы эдийн засагт нааштай өөрчлөлт олон бий болж, сэтгүүлчид “Меркелийн өгөөж” гэдэг нэр томьёо гаргаж ирсэн байдаг. Мэргэжилтнүүдийн үнэлгээгээр 2006 онд эдийн засгийн өсөлт 2.5 хувь болж, ажилгүйчүүдийн тоо урдахь онтой харьцуулбал 400 мянгаар хорогджээ.

Гэхдээ эрүүлийг хамгаалах салбарт хийх өөрчлөлт, татварын бодлого, хөдөлмөрийн зах зээлийг зохицуулах зэрэг гол гол асуудлаар эвслийн дотор санал зөрөлдөөн их байлаа. Үр дүнд нь 2006 оны намар гэхэд Засгийн газрын нэр хүнд нэлээд унав.

Цаашдаа Меркель бусад улсуудтай “хүзүү сээрээрээ” төдийлөн холбогдолгүй бие даасан гадаад бодлого явуулав. 2007 онд Меркель Далай ламтай уулзсанаас үүдэж, Буддын шашины тэргүүнийг салан тусгаарлагч гэж үздэг Хятадтай харилцаа эрс муудлаа. 2008 онд Серби, Орос, Хятадын байр суурийг сөрөн, Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрлөө.

НАТО-г дорно зүг рүү тэлж, Украин, Гүржийг түүнд элсүүлэхийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв. 2008 оны наймдугаар сард Өмнөд Осети дэх Орос-Гүржийн цэргийн сөргөлдөөний үеэр цэргээ татаж, гал зогсоож, энхийн хэлэлцээ эхлүүлэхийг талуудад уриалж байлаа. Гүржийг НАТО-д элсүүлэх гэсэн Ерөнхийлөгч Михаил Саакашвилигийн бодлогыг Меркель дэмжиж байв.

2009 оны есдүгээр сард Германд парламентын ээлжит сонгууль болж ХАХ, ХНХ 34 хувийн санал авч дахин яллаа. Мөн оны аравдугаар сард Меркель Канцлерын суудалд дахин сонгогдов.

Ирэх дөрвөн жилд эдийн засгийн хямралын үр дагаврыг гэтлэх, төрд иргэдийн итгэлийг сэргээх, байгалийн нөөц ашиглах талаар тусгай журамтай болох, иргэдэд эрх чөлөөг нь эдлүүлэх, аюулгүй байдлыг нь хангах ажлын тэнцвэрийг хадгалах гэсэн таван үндсэн зорилт тэрбээр дэвшүүлэв.

Санхүүгийн хямралд автсан Грект тусламж болгож, Германы Засгийн газар 2010 оны тавдугаар сард 22.4 тэрбум евро хуваарилсан нь Меркелийг намынхныхаа зүгээс ширүүхэн шүүмжлэл сонсоход хүргэв. Орон нутгийн намын байгууллагын зарим удирдагч түүнийг огцрохыг ч уриаллаа.

...2006 оны тавдугаар сард Европын орнуудын удирдагчид дундаа орлогоороо Меркель хоёрт орж байв. Түүний жилийн орлого 261.5 мянган евро байсан нь Британийн Ерөнхий сайд Тони Блэрийнхээс арай бага байжээ. Харин дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн дотор тэргүүлж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райсыг ухраав.

Энэ чансааг Меркель 2007, 2009, 2011, 2015 онд хадгалсан юм. Зарим хэвлэлд долоон жил дараалан энэ чансааг өнгөлсөн гэж бичсэн байдаг. Европыг интеграцчилахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж түүнд 2008 онд Их Карлын шагнал хүтээсэн бол 2010 онд Англид айлчлахад нь эрдэм шинжилгээ, судалгааны хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан гадаад улсуудын Төрийн тэргүүнүүдэд олгодог медалиа Вангийн нийгэмлэг нь зүүж өглөө.

Ангела Меркелийн Канцлерын бүрэн эрхийн хугацаа удахгүй дуусна. Дараа нь тэр гараа хумхин сууж чадахгүй, олны анхаарлаас хөндий байхыг тэвчихгүй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудал руу санаархана гэх яриа байдаг.

Энэ суудалд Европын улсуудын төлөөлөл, тэр дундаа эмэгтэй хүн суух магадлал бий гэж үздэг. Тэгээд ч Ангела Меркель Канцлерын ажлаасаа чөлөөлөгдөх, НҮБ-ын шинэ Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох ажил цаг хугацааны хувьд ойролцоо тохиох юм.

Ангела Меркель улс төрийн тавцанд амжилт олсоор ирсний нарийн учрыг хүмүүс төдийлөн мэддэггүй. Түүнийг хэтэрхий сул, санаачилга муутай удирдагч гэж өөчлөх хүмүүс цөөнгүй. Зарим нь түүнийг “өөх ч биш, булчирхай ч биш” гэх нь ч бий.

Гэтэл “хонины арьс нөмөрсөн чоно” гэж хэлэх хүн бас байдаг. Германы Парламентын Төрийн нарийн бичгийн дарга байсан Гюнтер Краузе “Эелдэг, аятайхан эмэгтэй хэрнээ эргээд харах хооронд бөгсөн дээр чинь жин тавьж орхино” гэж хэлсэн удаатай.

1982-1998 онд Канцлер байсан Гельмут Коль түүнийг улс төрд татаж оруулсан атал 1999 онд түүн рүү дайрч довтлоход Меркель шууд оролцсон байдаг. Тухайн үед ХАХ намын хүндэт дарга байсан Коль намынхаа тусын тулд ивээн тэтгэгчдээс олон сая доллар авчихсан байна.

Тэгтэл намын нарийн бичгийн дарга Ангела Меркелийн захидал “Frankfunter All¬gemeine” сонинд хэвлэгдсэнийг үзвэл Колийг ивээн тэтгэгчдээ нэрлээд өөрөө огцрохыг шаардсан байжээ.

Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гээч боллоо хэмээн олон хүн гайхаж, үнэмшихгүй байсан гэдэг. Энэ үйлдлээ Меркель олон түмний өмнө хүлээсэн ёс суртахууны үүргээ биелүүлж байна гэж тайлбарлаад намын даргаар сонгогдож байсан аж. Увайгүй байж улс төрд хождог бололтой.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД