МИНИЙ бөгсийг үнс

2016 оны 02 сарын 17

АНУ-ын НьюЙорк муж улсын Синг-Синг шоронд хэрэгтнийг цаазын сандалд суулгаад байгаа нь

Хүн төрөлхтний түүхэнд одоогоос 125 жилийн өмнө гэмт хэрэгтнийг анх удаа цахилгаан сандалд суулгаж цаазалсан аж. Хоригдлууд “шар ээж” гэж нэрлэдэг энэ “сэнтийд” 1890 оноос эхлэн АНУ-ын 4.5 мянган иргэн сууж хорвоог орхижээ.

Хачирхмаар ч гэлээ, цаазын ялыг цахилгааны тусламжтайгаар гүйцэтгэх санааг шүдний эмч хэмээх энэрэнгүй мэргэжилтэй Альберт Саутвик гэгч гаргасан байна. Тэрбээр 1881 онд цахилгаанд цохиулж амиа алдсан ажилчны үхлийн гэрч санамсаргүйгээр болжээ.

Тэгээд цаазын ялыг гүйцэтгэх хамгийн энэрэнгүй арга шалгаруулахаар АНУ-ын Засгийн газраас зарласан уралдаанд оролцохоор шийдсэн байна. Өвчтөнөө үзэхэд шүдний эмч нарын хэрэглэдэг сандалтай ижил суудлыг сонгон авч түүн дээр суусан хүнийг амьгүй болгох үйл явцын техникийн асуудлыг нь шийдэхийг мэргэжилтнүүдэд даатган үлдээжээ.

Өөрийн нээсэн тогтмол гүйдлийг хувьсах гүйдлээс илүү болохыг нотлохыг хүсэж байсан алдарт зохион бүтээгч Томас Эдисон ийм хүмүүсийн нь тоонд орсон байв. Тэрбээр хувьсах гүйдлийг илүү аюултай гэж үзэж байлаа.

Чухам ийм шалтгаанаар хувьсах гүйдэл маань цахилгаан сандлын үндэс болж, лабораторийнхоо ажилтан Гарольд Браун, Фред Питерсон нарын хамтаар Эдисон туршилтын ажилд шуурхайлан орж, 1000 вольтын хүчдэлээр нохой, муур алж үзжээ.

Тиймээс түүнийг цаазын ял гүйцэтгэх зэвсгийн эцэг хэмээн үзэж болох юм. Тэгэхдээ “шар ээж”-ийн техникийн эцсийн шийдлийг Оберен шоронгийн цахилгааны инженер Эдвин Дэвис хийсэн гэж үздэг байна.

Эцсийн хувилбараар цахилгаан сандалд хүнийг суулгаж цаазлахдаа бүсээр бэхэлдэг болгожээ. Гүйдэл зөвхөн хүний биеэр дамжиж, амьсгалах эрхтэнийг нь зогсоож, зүрхийг нь саажуулахын тулд сандлыг цахилгаан үл дамжуулах модоор хийв.

1.7 мянган вольтын хүчдэлийг 10 секундийн завсарлагатайгаар тус бүр нэг минутийн хугацаагаар хоёр удаа өгнө.

Цахилгаан сандлаар цаазлах нь эмгэнэлт жүжгийн үзэгдлийг эрхгүй санагдуулна. Ялыг гүйцэтгэхээс нэг хоногийн өмнө цаазыг цахилгаанаар гүйцэтгэх шийдвэрийг шоронгийн захиргаа гаргана. Маргааш өглөө нь хоригдлын эцсийн хүсэлтийг биелүүлж, захиалгаар нь хийсэн хоол авчирч өгнө.

Жишээ нь 30 гаруй хүний амь хороосон бэлгийн гаж донтон Тед Банди цаазлуулахынхаа өглөө шарсан мах, өндөг, төмсний нухаш, сүү, жимсний шүүс захиалж байжээ. Хооллосны дараа хоригдолд зузаан цагаан өмд, хүрэм болон биетэй материалаар хийсэн богино дотуур өмд өмсгөнө.

Техас муж улсын шоронд байдаг энэ сандал дээр 361 хоригдол сууж нөгөө ертөнц рүү явсан аж

Учир нь цахилгаанаар цохиулаад эхлэхээр хүн шээс алдаж, гэдэс цэвэрлэх ажиллагаа аяндаа явагддаг аж. Дараа нь шоронгийн үсчин хоригдлын бүх үсийг хусна. Тэгээд харгалзагчид түүнийг цааз гүйцэтгэх өрөөнд авчирна.

Цаазлах ажиллагаанд оролцох хүмүүс мөн энд ирсэн байна. Ийм хүмүүсийн тоонд цаазын ялыг гүйцэтгэх ажил хариуцсан офицер, цахилгаанчин, хоригдлыг амьсгал хураасан, эсэхийг тогтоох эмч, алуурчин багтдаг. Америкийн зарим шоронд цаазын ялыг ганцхан хүн гүйцэтгэх явдал байдаг.

Ийм тохиолдолд нууцыг хадгалах үүднээс тэр хүн өөрийг нь бусдын нүднээс далдалсан тусгай хоргонд сууна. Зарим шоронд цахилгаан өгөх товчлуурыг хэд хэдэн хүн нэгэн зэрэг дардаг.

Тэдний нэг нь л цахилгаан өгөх жинхэнэ товчлуурыг дарсан байдаг. Ялтныг буудаж хорооход ч цэргүүдэд өгсөн зэвсгийн хагас нь сумгүй байдагтай л адил гэсэн үг. Буудсан цэргүүд бүгд өөрийнх нь буу сумгүй байсан гэсэн бодолтой үлдэнэ.

Түүнээс гадна цаазын ялыг гүйцэтгэх үед мужийн захирагч, сэтгүүлчид, ялтны өмгөөлөгч байлцдаг. Түүнчлэн цаазлуулж буй хүний хүсэлтээр зарим хүнийг авчрах тохиолдол ч байдаг.

Журам ёсоор энд байгаа хүмүүс өрөөнд нь байх харилцуур утсыг чагнах ёстой. Энэ бол мужийн амбан захирагчтай шууд хол богдох утас юм. Цаазын ялыг гүйцэтгэхийг хойшлуулж байсан тохиолдол цөөнгүй.

Ийм шийдвэр чухамхүү энэ утсаар ирдэг. Хөршөө алсны учир цахилгаан сандал дээр суун хорвоог орхих байсан Жозеф Шапло яг ийм маягаар үхлийн ялаас мултарсан хоёр дахь хүн болсон байдаг.

Эцсийн мөчид мужийн амбан захирагч нь түүний амийг өршөөж бүх насаар нь шоронд хорих шийдвэр гаргасан аж.

Утас дуугарахгүй бол цаазлуулах ялтан сүүлчийн үгээ хэлэх эрхээ эдэлнэ. Тухайлбал, эхнэрээ сүхээр цавчиж алсан Уильям Кеммлер гэгч энэ эрхээ эдлэхдээ ердөө “Бурхан минь, сонинуудад миний талаар дандаа худлаа мэдээлж байсан. Үүнээс өөр хэлэх юм алга” гэж хэлсэн байдаг.

Дараа нь шоронгийн харгалзагчид хэрэгтнийг авчирч сандалд суулгаад их бие, гар, хөлийг нь уяагаар бэхэлнэ. Толгойд нь юүдэн өмсгөнө. Тэгэхгүй бол цаазлуулагчийн нүд бүлтрэх, шүлс гоожих, огиулахыг харах нь энд байгаа хүмүүст тийм ч таатай зүйл биш. Эцэст нь “цахилгаан өг” гэх командыг алуурчинд офицер өгнө.

1890 оны наймдугаар сарын 6-нд мөнөөх Уильям Кеммлер “шар ээж” дээр анх удаа суусан байна. Энэ явдал Оберен шоронд болжээ. Бүх үйлдэл дээр өгүүлсэн журмын дагуу болж, 40 хүн байлцсаны хагас нь эмч, физикчид байсан аж.

Онол, практик хоёр зөрөх нь олонтаа. Тухайлбал, анх өгсөн 1000 вольтын хүчдэл Кеммлерийг нөгөө ертөнц рүү илгээж чадсангүй.

Нүсэр модон сандал байрнаасаа хөдөлсөн ч хоригдол амьтай байсан тул хүчдэлийг хоёр дахин нэмэхэд тэсэхүйеэ бэрх өвдсөнөөс цаазлуулагч орилж, түлэгдсэн махны хиншүү хярвас өрөөгөөр дүүрсэн ч хоригдол амьтай голтой байсаар тул гурав дахь удаагаа гүйдлийн хүчийг нэмж байж ялыг гүйцэтгэжээ.

Гурав дахь удаагаа оролдоод ялтныг хороож эс чадвал амийг нь өршөөж байх хуулийг хожим нь гаргасан байна. Хоригдлыг цахилгаан сандалд суулгаж цаазалсны дараа түүний тархи нь түлэгдсэн боов шиг болж, толгойн дахь цус нь харласан, нуруу нь нүүрсжсэн байсан тухай хэвлэлээс уншсан хүмүүс дургүйцэж буйгаа захидлаар илэрхийлж “хүний амийг хууль ёсоор хороох энэрэнгүй энэ аргыг” эргэлзээтэй болгож орхижээ.

Цахилгаан сандалд суун цаазлуулсан найман эмэгтэйн эхнийх нь болох Нью-Йорк хотын оршин суугч Марта Плейс нөхрөө хардсанаас хэрэгтэн болж 1899 онд ертөнцийг орхисон аж.

Нэгэн удаа хэрэлдэж байгаад тэрбээр нөхөр рүүгээ сүх барьж дайрсан байна. Нөхөр нь тусламж хүсэхээр цагдаагийн газар руу гүйхээр нь түүнтэй хормой хотоороо орооцолдоод байсан эмэгтэйн багалзуурыг шахаад алчихжээ. Плейсийг Синг-Синг гэдэг эрэгтэйчүүдийн хориход аваачиж цаазлав.

Ганцхан энэ шоронд л цахилгаан сандал байж л дээ. Сэтгүүлчдийн үгээр бол энэ эмэгтэй ер бусын эр зоригтой байсан гэнэ. Тэрбээр цахилгаан сандал дээр шууд очиж суугаад, бүсээр бэхлүүлж, ганц ч үг хэлсэнгүй.

Нийгмийн янз бүрийн гаралтай хүмүүс цаазлуулах ял авна. Жишээлбэл, ЗХУ-ын төлөө тагнуул хийгээд цаазлуулсан Этель, Юлиус Розенберг нар сэхээтнүүд байв. Мафийн толгойлогч Луис Ленке цаазлуулж л байлаа. Нэрд гарсан нисгэгч Чарльз Линдбергийн бага насны хүүг хулгайлж, амийг нь хороосон Бруно Хауптмон гэгч ажилгүй нэгэн байж.

Орчин цагт Роберт Глисон гэгч 2013 оны нэгдүгээр сарын 16-нд цахилгаан сандалд суун амьдралаа дуусгасан сүүлчийн хүн болоод байна. Тэрбээр хүн амины хэргээр насаараа хоригдох ял авсан байсан ч буруу замаар орсон залууст сургамж болгох үүднээс түүнийг цаазалж орхисон байна.

Америкийн шүүх түүний гуйлтад чихгүй юм шиг хандсанаас энэ хүн өрөөнийхөө хоёр хоригдлыг алж, нөгөө ертөнц рүү илгээгдэх замаа өөрөө тавьсан гэдэг. Тэрбээр “миний бөгсийг үнс” гэж хэлсэн нь сүүлчийн үг нь байв.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД